Энэтхэг, ХП, Дарамсала – Өнөөдөр Дээрхийн Гэгээнтэн Далай Лам анх удаа өөрийн өмнөө хуврагууд ба сүсэгтнүүдийг байлцуулалгүй цахим сүлжээ ашиглан номын айлдвараа дэлхий даяар дамжууллаа. Энэтхэг дэх Төвөдийн суурингуудад амьдардаг лам хуврагууд болон энгийн сүсэгтэн, мөн бусад алс холын олон орны үзэгчид Дээрхийн Гэгээнтнийг тод сайн харж, сонсож, түүнийг эрч хүчтэй, эрүүл сайн байгаад машид их баяртай байв.
“Өнөөдөр бид нар энэ гайхалтай технологийг ашиглан харилцах боломжтой боллоо” гэж Дээрхийн Гэгээнтэн яриагаа эхэлсэн юм. “Олон найз нөхөд маань номын айлдвар хүссэн ч коронавирусын цар тахлын хязгаарлалтын улмаас биеэрээ хүрэлцэн ирэх боломжгүй байна.”
“Өнөөдөр номлох “Эрдэнийн Эрхи” энэ ном нь Хутагт Нагаржунайн “Учир шалтгааны чуулган” хэмээх зургаан боть номын нэг бөгөөд бид эртнээс нааш суралцаж судалсаар ирсэн юм. Одоо унших эхний хэсэгт дээд, сайн төрлийг олохын уг шалтгаан болдог 16 хүчин зүйлсийг гаргасан бөгөөд шүлгийн төгсгөл хэсэгт:
Хамаг амтьдыг амь шигээ хайрлаж
Өөрөөсөө ч илүү тэднийг хайрлах болтугай
Надад тэдний нүгэл хилэнц боловсорч
Миний буян бүгд тэдэнд боловсрох болтугай гэж гардаг.
Энд ерөөхүйн бодь сэтгэлийг өгүүлснийг би маргааш ярих болно.”
“Амьтан бүгд, бүр хорхой шавьж хүртэл зөвхөн жаргалыг хүсч, зовлонг үл хүсэх талаасаа адилхан. Энэ бол маргаангүй үнэн шүү дээ. Бид өөрсдийн биеийн мэдрэмж, мэдрэхүйн таашаал дээр төвлөрдөг боловч сэтгэлийн амар амгаланг төрүүлэхгүй л бол бид байнга аз жаргалтай байж чадахгүй. Материаллаг хөгжил бидний биед таатай нөхцлийг бүрдүүлдэг. Гэтэл сэтгэлийн амар амгаланг аль нэг үйлдвэрийн газарт бүтээчихдэг зүйл биш, бид дотроосоо л үүнийг олох шаардлагатай.”
“Би энэ дэлхий дээр амьдарч буй долоон тэрбум хүний нэг. Хүмүүс сэтгэлийн амар амгалантай бол илүү аз жаргалтай байж чадна гэдэгт би итгэдэг. Өнөө цагт орчин үеийн эрдэмтэд хүний аз жаргалыг ихээр судлах болжээ. Харин эртний Энэтхэгт хүний ухамсар оюун ба сэтгэл хөдлөлийн тухай маш баялаг ойлголттой байсан ба буддизм үүний нэг хэсэг юм. Энэтхэгийн эртний уламжлалд хайр ба энэрэл нигүүлсэлийн тухай тайлбарласнаас гадна төвлөрөх болон шинжлэх бясалгалыг гүн гүнзгий хөгжүүлсэн байна. Мэдээж эдгээр мэдлэгүүдийг зөвхөн шашны хүрээнд хадгалах нь утгагүй, бид бүгдээрээ үзэж судлаад өдөр тутмын амьдралдаа хэвшүүлэх боломжтой юм.”
Дээрхийн Гэгээнтэн өөрийн гурван үүргийн тухай тодруулан ярьлаа. Юуны түрүүнд хүн төрөлхтний нэг учраас хүмүүсийг илүү аз жаргалтай байлгах, хүний үнэт зүйлсүүдийг нэгтгэснээр сэтгэлийн амар амгаланг олох нь хичнээн чухал болохыг тэдэнд ойлгуулахын төлөө зорьж байгаагаа тайлбарлав. Хоёрдугаарт, буддын хуврага хүний хувьд дэлхийн олон шашин өөр хоорондоо эв нэгдэл, хамтран найрсагаар оршихыг дэмжиж, үүний төлөө хичээдэг гэдгээ мэдэгдэв. Харин гуравдугаарт Төвөд хүний хувьд хэдийгээр улс төрийн албан тушаалаа орхиж үүрэг хариуцлагаа сонгуулиар сонгогдсон удирдлагад шилжүүлсэн боловч Төвөд хэл ба соёлыг хадгалан авч үлдэх, мөн Төвөдийн байгалийг хамгаалах чиглэлээр зорилт тавин ажиллаж буй гэдгээ тайлбарлалаа.
7-р зууны үед Соронзонгомбо хааны зарлигаар шинэ төвөд үсэг зохиогдож, улмаар номт хамба Шантаракшита Төвөдийн Тисрон Дэзин хаанд буддизмын ном судруудыг голчлон санскрит хэлнээс төвөд хэл рүү орчуулахыг зөвлөсөн тухай Дээрхийн Гэгээнтэн дурьдав. Санскрит хэл дээрх ном зохиолыг орчуулах явцад шинэ нэр томъёонууд олноор тодорхойлогдон гарснаар төвөд хэл машид баяжсан байна.
Наланда уламжлалын шилдэг хуврагуудын нэг Шантаракшита гүн ухаанд суралцахын зэрэгцээ учир шалтгаан ба логикт суурилахыг чухалчилдаг байсны үр дүнд мэдлэгийн цар хүрээг илтэд тодорхой, баталгаатай зүйлсийг ойлгохоос даван гаргаж, далд шинж чанартай боловч ухамсараар бодож, шинжлэн ойлгох боломжтой зүйлс рүү тэлж чаджээ. Мэдлэгийн гурав дахь ангилал нь бүхэлдээ далд шинж төлөвтэй бөгөөд эдгээрийг зөвхөн учир шалтгаан ба логикт суурилсан итгэлийг бий болгосон эх үүсвэрийн баталгаа, нотолгоогоор дамжуулан ойлгох боломжтой. Ийнхүү мэдлэгийн гурван түвшин болох бодит, ялимгүй далд ухагдахуун, машид далд ухагдахууныг судлах арга зам Төвөдөд дэлгэрсэн юм.
Энэ учир шалтгаан ба логикт суурилсан хандлага нь түүнийг орчин үеийн шинжлэх ухааны эрдэмтэдтэй үр дүнтэй яриа өрнүүлэхэд тусалсан гэдгийг Дээрхийн Гэгээнтэн өгүүлээд, тиймээс Ганжуур ба Данжуурт агуулагдаж буй мэдлэгүүд, түүн дотроос хүний ухамсар ба сэтгэл хөдлөлийн тухай гүнзгий ойлголтуудыг танин мэдэхийн үүднээс төвөд хэлийг хадгалан авч үлдэх үүрэг хариуцлага байгаа гэдгийг онцлов.
Эртний Энэтхэгийн мэдлэг дээр суурилан хүчирхийлэл үл хэрэглэх ёсыг орчин үеийн нөхцөл байдалд хэрхэн ашиглаж болохыг Махатма Ганди харуулсан хэмээн Дээрхийн Гэгээнтэн цохон дурьдав. Мөн Авидарма номлолд ган гачигт автаж, зэр зэвсгээр хөөцөлдсөн дэлхийн ирээдүйн нэгэн үеийг дүрсэлсэн байдгийг өгүүлсэн бөгөөд материаллаг хөгжлийн нөлөөгөөр илүү аюултай, үхэл хөнөөл учруулах зэр зэвсгийг зохион бий болгож эхэлснийг тодотгов. Зарим хүмүүс үүгээрээ бахархаж эдгээр зэвсгийн үйлдвэрлэл ба арилжаан дээр бизнес хийж байна.
“Нөгөө талаас өөр олон хүмүүс зэр зэвсгийг хураах, устгах хөдөлгөөнийг идэвхтэй санаачлан ажиллаж байна. Илүү хүчирхэг зэвсэгтэй болсноор хүн төрөлхтний асуудлууд шийдэгдэхгүй гэдгийг тэд ойлгох ёстой. Шунал хүсэл ба уур хилэнгээс үүдэлтэй асуудлуудыг хүч хэрэглэх замаар арилгах боломжгүй. Зэр зэвсэг, хүч хэрэглээд хэн ч бүрэн ялалтанд хүрэхгүй ба “дайснаа” бүрэн устгаж чадахгүй. Нэгэнт бид хамтран амьдрах учраас өөр хоорондоо ярилцах замаар асуудлаа шийдэх ёстой. Гадаад зэр зэвсгээ устгахын тулд бид дотоод сэтгэлийн “зэвсэглэлээ” арилгах шаардлагатай болно.”
“Хүүхэд төрөөд амьдарч, өсөж торних эсэх нь эцэг, эхийн хайр халамжаас хамааралтай. Хүүхдүүд том болсон хойноо нийгэмд хамт олноосоо хамааралтайгаар оршино. Учир нь бид нийгмийн амьтад юм. Өнгөрсөн үед хүмүүс цөөн бүлгээр тус тусдаа амьдарч болж байсан бол өнөөдөр эдийн засгийн хувьд бүгд харилцан хамааралтай болсон. Бид бүгдээрээ нэгдэн хамтарч байж даван туулах байгаль цаг уурын өөрчлөлт гэх мэт хүчир бэрхшээлүүд бидэнд тулгараад байна. Тиймээс бид дэлхийн хэмжээнд сэтгэж, хамтран ажиллах хэрэгтэй.”
“Цаг агаарын өөрчлөлтийн тал дээр энэ бүгд бодитоор нүүрлээд байгааг бид ил тод харж байна. Анх намайг Дарамсалад ирэх үед өдгөөгөөс хавьгүй их цас ордог байлаа. Афганистаны дээгүүр нисэж байхад урьд нь нуур цөөрмийн ул мөр болсон хатаж хуурайшсан газруудыг олноор харж болохоор байна.”
“Олон асуудлууд бидний сөрөг сэтгэл хөдлөлөөс улбаатай. Бид өөрсдийн гэр бүл найз нөхдөд ойр дотно хандаж өөр бусдыг харь, бүр бусдыг дайсан ч гэж үздэг. Ингэснээрээ бид хоорондоо шүтэн барилдаж буюу харилцан хамааралтай гэдгээ умартдаг билээ. Шантидэва гэгээн:
Ертөнцөд эдэлж буй зовлон бүхэн амин хувиа хичээснээс үүдэлтэй
Ертөнцөд эдэлж буй жаргал бүхэн бусдын тусыг бодсоноос гарна.
Олон зүйлийг ярих хэрэг юун
Гэгээрсэн бурхадууд бусдын тусыг хийсэн
Эгэл нялхасууд амин хувиа хичээсний ялгааг хар
Өөрийн жаргалыг бусдын зовлонгоор сольж чадахгүй бол
Бурханы хутагийг бүү хэл орчлонд ч жаргалыг олж чадахгүй
“Үйлдэл ба сөрөг сэтгэл хөдлөлүүд нь сэтгэлийн хуурмаг төсөөлөл ба атгагаас гардагийг Нагаржуна тодорхой өгүүлжээ.
Үйл хийгээд нисванисыг арилгахуй цагт амгалантай
Үйл хийгээд нисванис атгагаас үүднэ
Тэдгээр атгагийг хоосон чанараар арилгана гэж айлдсан байна.”
“Нэгэнтээ бид жаргалыг хайж зовлонгоос ангижрахыг хүсдэгээрээ адилхан учраас сэтгэлийн амар амгаланг хөгжүүлж, хөнөөлт хорт сэтгэлүүдээсээ салахад илүү анхаарал тавих нь чухал юм.”
Дээрхийн Гэгээнтэн төвөд хэлнээс англи хэл рүү шилжлээ.
“Би энэ улсад цагаачлан ирсэн үе маань нэг талаасаа ихэд гунигтай үйл явдал байлаа. Гэхдээ нөгөө талаасаа надад өргөн боломж бололцоо бий болсон юм. Би шашны тэргүүд, эрдэмтэд болон өөр олон чиглэлийн сонирхолтой хүмүүстэй уулзах боломж бүрдсэн билээ. Хэрэв Потала ордондоо байсан бол хэзээ ч ийм боломж гарахгүй байсан болов уу.”
“Дээр хэлснээр би хүмүүсийг илүү их аз жаргалтай болгох үүргийг өөртөө авсан бөгөөд бас тэднийг нийт хүн төрөлхтний төлөө гэсэн сайхан сэтгэлтэй болгохын төлөө зорьдог. Мөн буддын хуврага хүний хувьд шашин хоорондын эв нэгдэл маш чухал гэдэгт би итгэдэг, учир нь бидний шашны уламжлал бүгдэд байдаг түгээмэл хүсэл зорилго бол энэрэл хайр ба хувийн сахилга дэг журам юм. Энд Энэтхэг улсад бүхий л шашны уламжлалууд харилцан энх амгалантайгаар оршин байгааг бид харж байна. Шашны уламжлалууд хоорондын эв зохицол бүрдсэнээр илүү аз жаргалтай, амар амгалантай дэлхий ертөнцийг бий болгоход жинтэй хувь нэмэр оруулна гэж би боддог.”
“Би зургаан сая төвөд хүмүүсийн итгэл найдварыг хүлээсэн төвөд хүн. Улс төрийн хариуцлагын хувьд би ажлаа шилжүүлсэн ч Төвөдөд бараг мянга гаруй жил хадгалагдсан Бурхан Багшийн бүрэн бүтэн сургааль номлолыг авч үлдээх хариуцлагыг өөртөө хүлээсэн хэвээр байна. Пали уламжлалыг дагадаг орнуудад миний олон найзууд бий. Ерөнхийдөө би илүү их судлан шинжлэх, логик хандлагаар ойлголтоо авах тал дээр буддистуудыг урамшуулан дэмждэг нь Бурхан Багшийн өөрийн зөвлөмжөөс улбаатай билээ. ‘Мэргэн нэгэн алтыг түлж, зүсэж бас үрж шалгадгийн адилаар хуврагууд та нар зөвхөн намайг хүндлэх сэтгэлийн үүднээс бус харин шалгаж үзсэнийхээ дараа сургаалийг маань хүлээн авагтун’.”
“Төвөдөд бид Наландын уламжлалыг хадгалж чадсан бөгөөд Шантаракшита гэгээний ачаар Энэтхэгийн буддизмын ном судрыг төвөд хэл рүү орчуулсан нь өнөөдөр хадгалан хамгаалах ёстой үнэт мэдлэгийн өв болоод байна.”
“Төвөдийг “дэлхийн дээвэр” гэж зарим хүмүүс нэрлэдэг. Эндээс Азийн хамгийн том гол мөрөн эхээ авч олон тэрбум хүнийг усаар хангаж байгаа билээ. Тиймээс энэ чухал асуудалд анхаарал хандуулж Төвөдийн байгаль орчинг хамгаалах үүрэг хариуцлагыг би ухамсарлан хүлээн авсан юм.”
Эргээд Төвөд хэл рүү шилжээд Дээрхийн Гэгээнтэн “Эрдэнийн эрхи”-ээс цааш үргэлжлүүлэн уншиж эхэллээ. Тэрээр Нагаржуна хутагтын гол шавь нарын нэг Арьяндэв гэгээнй айлдвараас эш татав.
Буяны бус үйлийг эхэнд буцаахтун,
Завсарт нь “би” г хорь
Эцэст нь үзэл ба бүхнийг буцаахтун.
Үүнийг мэдвээс мэргэн болой
“Эрдэнийн эрхи”-ийн эхний бадагт дээдийн номыг хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэх тухай дурьджээ. Ийм амьдралыг бүрдүүлэхэд уг шалтгаануудыг бүтээх хэрэгтэй бөгөөд “буян бус” буюу нүглийн үйлүүдийг тэвчих ёстой юм. Үүнд сэрэмжлэх ёстой арван гурван үйлийг оруулах бөгөөд эдгээр нь арван хар нүгэл буюу биеийн гурав - амь таслах, хулгай хийх ба зүй бус хурьцал, хэлний дөрөв - худал ярих, хов жив, хатуу үг ба чалчих, сэтгэлийн гурав - шунахай сэтгэл, хорт сэтгэл ба буруу үзэл эдгээр бөгөөд дээр нь гурван нэмэлт үйл болох архи уух, буруу аргаар амьдрах болон бусдад хорлолыг үйлдэх зэргийг оруулна. Хэвшүүлэх ёстой гурван үйл нь хүндэтгэлтэйгээр өглөг өгөх, сайн нэгнийг дээдлэх, мөн энэрэл хайр орно.”
Ядуу хүмүүст өглөг өгөхдөө тэдэнд хүндэтгэлтэй хандах ёстой гэдгийг Дээрхийн Гэгээнтэн онцлов.
Арьяндэв гэгээний шүлгийн хоёрдугаар мөрөнд гарч буй “Завсарт нь ‘би’-г хорь” гэдэг дээр Дээрхийн Гэгээнтэн өөр нэгэн шүлгийг Чандракирти гэгээний “Төвд орохуй” зохиолоос эш татан тайлбарласан юм.
Мөн Дээрхийн Гэгээнтэн “Билгүүний Зүрхэн” судраас хоосон чанарын дөрвөлсөн эшлэлийг татав.
“Дүрс хоосон, хоосон ч дүрс болой. Хоосноос тусад дүрс гэж үгүй, дүрсээс ч тусад хоосон гэж үгүй.”
Тарнийн номыг дадлага болгох үест юмс үзэгдэл бүгдийг хоосон чанарын агаарт шингээж, мөн чанартай оршдог зүйлс үгүй гэдгийг бясалгах замаар юмс үзэгдэл бүгдийг ариусгадаг гэдгийг Дээрхийн Гэгээнтэн нэмж тайлбарлав. Ийм шинжлэлийн үед бие ба сэтгэл дээр суурилсан “би”-г хайгаад олохгүй билээ.
Өнөөдрийн айлдвараа дуусгахын өмнө Дээрхийн Гэгээнтэн уур амьсгалын хямрал ба дэлхийн дулаарал нь арав арван жилээр улам нэмэгдэж байгааг сануулаад бид үүнийг шийдэх шаардлагатай гэдгийг дахин тодотгов.
“Ийм хэлбэрээр ном номлож байгаа нь миний хувьд анхны тохиолдол боллоо. Цаашдаа үүнийгээ өргөжүүлэн, асуултууд хүлээн авах замаар илүү харилцаатай болгоно гэж найдаж байна. Биеийн хувьд бид одоогоор тусдаа байх ёстой, тиймээс ийм байдлаар бид хэлэлцүүлгээ явуулах боломжтой байна. Бүгдэд нь баярлалаа, баяртай, маргааш уулзъя.”
Ингээд энэ өдрийн номын айлдвар өндөрлөв.