Энэтхэг, ХП, Дарамсала – Өнөөдөр өглөө Лама Зопа ринбочэ Непалын нийслэл Катманду хотоос цахим сүлжээгээр дамжуулан Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын амар мэндийг айлтгахада Дээрхийн Гэгээнтэн “Төв үзлийн дуулал – Эхээ танихуй” номын тайлбарыг Ринбочэ Их Хөлгөний Уламжлалыг Хадгалах Төвийн (ИХУХТ) өмнөөс өөрт нь хүсэлт тавьсныг баяртайгаар хүлээн авсанаа дуулгав.
“Үзлийн дуулал гэдгээр шүтэн барилдлагыг гаргасан юм. Бидний үзэл бол шүтэн барилдлага, харин явдал мөр нь бусдад хор хөнөөл учруулахгүй байх гэдгийг би байнга хэлдэг. Энэ хоёр санаа хоёулаа дэлхийн энх тайван, амар амгалантай шууд хамаарч зохицох юм. Бурхан Багшийн сургаалуудын тухайд гэвэл Бурхан Багш төгс гэгээрлийн хутгийг олсоныхоо дараа:
Гүн бөгөөд амгалантай, цацралаас хагацсан, гэгээн гэрэл хуран эс үйлдсэн
Рашаан мэт Дээдийн номыг би олов.
Гэвч үүнийг номловоос хэн бээр ч үл ойлгох тул
Аглагт чимээгүй оршиё
гэж өөртөө сануулсан гэдэг билээ.”
“Бид үүнээс “Гүн бөгөөд амгалантай” гэдэг үгс нь Хутагтын өрвөн үнэнийг номлосон түүний номын анхны хүрдийг хэлж байгаа гэдгийг ойлгож болно. “Цацралаас хагацсан” гэдгээр хоёрдугаар номын хүрдний билиг барамидын сургаалуудыг тодруулж буй юм. “Гэгээн гэрэл” гэдэг нь гуравдугаар номын хүрдний сургаал, тэр дотроо бурханы мөн чанар ба “Датхагатагарба судар”-ын номлолуудтай уялдаж байгаа юм.”
“Эхний номын хүрдний үед Бурхан Багш зовлон нь үнэн, зовлонгийн шалтгаан нь үнэн, гэгээрэл буюу хорихуй нь үнэн, мөн гэгээрэлд хүрэх зам мөр ч үнэн болохыг айлдаад эдгээрийн мөн чанарын тухайд зовлонг танин мэдэх, түүний шалтгааныг арилгах, мөн зам мөрийг дадуулснаар гэгээрлийг олох хэрэгтэйг сургасан билээ. Арилгах ёстой шалтгаан бол үйл ба нисванис юм. Жинхэнэ гэгээрэлд хүрч болох эсэхийг мэдэхийн тулд зовлонгоос ангижрах боломжтой эсэхийг бид нягтлан шинжлэх ёстой.”
Үүнтэй холбоотойгоор Дээрхийн Гэгээнтэн “Төвд орохуй” зохиолын зургаадугаар бүлгийн төгсгөл хэсгээс эш татав:
Билиг билгүүний туяагаар гэрэлтсэн
Бодьсадва нар алганы хээгээ машид тодорхой үзэхийн адил
Ямар мэт гурван ертөнц нь бүхэлдээ анхнаасаа төрсөн үгүйг харах учраас
Үнэний хүчээр гэгээрлийн замд одно.
Дээрхийн Гэгээнтэн мөн Арьяндэвийн “Дөрвөн зуут”-аас нэмж эш татлаа.
Биед биеийн эрхтэн түгэх мэт
Нисванис бүгдэд мунхаг түгнэ
Мунхагийг арилгаваас
Нисванис бүгдээс ангижрах болой.
Шүтэн барилдлагыг ойлгосноор мунхагийг арилгах боломжтой гэдгийг тэрээр тэмдэглэн хэлээд бодьсадвийн тухай өгүүлсэн Чандракиртийн бадгаас цааш уншив:
Хэдийгээр түүний сэтгэл цаг үргэлжид хорихуйд орших авч
Авралгүй амьтдад энэрэл нигүүлслийг төрүүлээд цааш ахихдаа
Шарвага хийгээд брадигабудда бүгдийг билиг билгүүнийхээ сүрээр дармуй.
“Төвд орохуй” зохиолынхоо эхэнд Чандракирти бодийн сэтгэлд магтаал өргөсөн байна:
Бурхад нь бодьсадва нугуудаас төрмүй.
Нигүүлсэхүйн сэтгэл ба хоёр үгүй билиг билгүүн, бас бодь сэтгэл
Эдгээр бүгд бодьсадва нарын уг шалтгаан болмуй.
Нигүүлсэхүйн сэтгэл нь зөвхөн Бурханы хутагийн үр хэмээн
Нэгэнтээ хүлээн зөвшөөрөгдсөн тул
Нэн тэргүүнд нигүүлсэхүйн сэтгэлд магтаалыг өргөмүй.
Бурханы хутагийг бодь сэтгэл ба билиг билгүүний нэгдлээр олдог болохыг Дээрхийн Гэгээнтэн тодруулаад энэ хоёрын нэгдлээр гэм түйтгэр бүгд, тодруулж хэлбэл нисванисын түйтгэр болон мэдэгдхүүний түйтгэр бүгдийг арилгадаг болохыг тайлбарлав. Үүнийг Чандракирти “Төвд орохуй”-н зургаадугаар бүлгийн төгсгөлийн шүлэгт ийнхүү айлдсан байна:
Хунгийн хаан шувуудын сүргээ тэргүүлэн дүүлэх мэт
Янагуух болон үнэмлэхүйн үнэний өргөн цагаан жигүүрүүдээ бүрнээ дэлгэж
Билиг билгүүний үлэмжит салхины хүчийг хөлөглөн
Бодьсадва нар алс тэртээх амгалан гэгээрлийн эрэгт хүрнэ.
Хэрэв юмс үзэгдэл бодитой, өөрийн мөн чанартай, өөрийн эрхээр оршдог байсан бол дөрвөн логикийн алдаа гарах байсныг тодорхой өгүүлсэн чухал ач холбогдолтой гурван бадгийг (6.34-6) Дээрхийн Гэгээнтэн цааш тайлбарлалаа. Эдгээр нь нэгд, хутагтуудын хоосон чанарын тэгш агуулахуйн билгүүн нь юмс үзэгдлийг устгагч болно, хоёрт, харьцангуй үнэний түвшинд юмс үзэгдэл ухааны нягтлалд олдох болно, гуравт, үнэмлэхүй үнэний түвшинд юмс үзэгдэл төрөх үгүй нь буруудах болно, дөрөвт, юмс үзэгдэл бүгд хоосон чанартай гэж зарлигласан нь худал болно.
Энэ гурван шүлэг нь агуулгын хувьд маш хүчирхэг учраас өөртөө давтан давтан уншиж утгыг нь байнга бодож санадаг гэдгээ Дээрхийн Гэгээнтэн тодруулаад “би”-ийн мөн чанарыг санахын тулд Нагаржунайн “Билгүүний үндэс” зохиолд буй:
(Бие-сэтгэлийн) Нэгдэл бус, нэгдлээс тусдаа ч бус,
Нэгдэл нь түүнд оршдоггүй, өөрөө ч нэгдэлд оршдоггүй
Ялж Төгс Нөгчсөн бурхан нь нэгдлийн “эзэн” бус,
Тэгэхээр Ялж Төгс Нөгчсөн өөр юу байх вэ?
шүлгийг өөр дээрээ тавьж боддогийг хэлэв:
Би нэгдэлтэй нэг бус, нэгдлээс тусдаа ч бус,
Нэгдэл надад оршдоггүй, би ч нэгдэлд оршдоггүй.
Би нэгдлийн “эзэн” бус.
Тэгэхээр би өөр юу байх вэ?
“Ийм байдлаар та өөрийгөө хайж үзээд өөрийн “би” хэмээгчийг олохгүй бол “би” гэдэг нь үнэндээ нэрийтгэл төдий оршдог болохыг мэдэж болно. Хоосон чанар гэдэг бол үнэмлэхүй “би”-ийн үгүйсгэл билээ.”
Гүнзгий үзлийг номлох чадамжийг олсон багш нараар заалган, сайтар сонсож Төв үзлийн ойлголтуудыг олж аваад тэдний заасныг ахин дахин бодож, санаж, бясалгаж байх нь машид чухал болохыг Дээрхийн Гэгээнтэн хөндлөө. Мөн үүн дээрээ нэмээд Төв үзлийн үндсэн Энэтхэг эх сурвалж зохиолууд болох Нагаржунайн “Төв үзлийн билгүүний үндэс”, Чандракиртийн “Төв үзэлд орохуй” болон түүний өөрийн тайлбар, мөн “Үгийг тодруулагч”, бас Арьяндэвийн “Дөрвөн зуут” зэрэг ном судруудыг судлах нь чухал гэдгийг сануулав.
“Богд Зонхов “Шүтэн барилдлагын магтаал”-даа:
Эгнэшгүй багш түүнийг даган хувраг болоод
Эрхэм бурханы зарлигийг сайтар судалсан
Ирмүүн ёогын явдалд хичээгч нэгэн аяга тахимлага
Их арш түүнээ ийнхүү бишир вээ
гэж өгүүлсэн нь миний туулж өнгөрүүлсэн түүхтэй таардаг. Би Лхасын зуу бурханы өмнө гэцэл сахил хүртэж, сүүлд нь гэлэн сахилыг өөрийн ёнзин багш Лин ринбочэгээс хүртэж байсан билээ. Би билиг барамидын судрууд болон Нагаржунайн “Төв үзлийн билгүүний үндэс” номд хийсэн Богд Зонховын тайлбар зохиол, мөн “Төв үзэлд орохуй” зохиолын тайлбар болох “Төв үзлийн тааллыг тодруулахуй”, бас Их болон дунд бодь мөрийн зэргийн үлэмж үзэхүйн хэсгүүдийг сайтар судалсан бөгөөд судруудын магад болон татах утгуудыг ялгасан “Сайтар номлолын шим” зохиолыг ч мөн үзэж судалсан юм.”
“Тиймээс би энэ насандаа хорихуй буюу гэгээрэлтэй адил төстэй эрдэмийг олж авч чадна гэдэгтээ итгэлтэй байдаг. Төв үзлийн тухайд би тайлбаруудыг сонсон хүлээн авч, санаж бодож тунгаагаад зогсоогүй бүр зүүдэндээ ч үүнийгээ дадуулдаг. Хэдийгээр би самадийн төвлөрлийн бясалгалыг бүрэн олоогүй байж болох ч үлэмж үзэхүйн гүнзгий туршлагыг олж авч чадсан гэж боддог.”
“Тэгэхээр “Эхээ танихуй” гэх мэт эдгээр зохиолууд нь бидний бясалгаж шинжилж байх ёстой үзлийн тухай сануулж байдаг юм. Энд бас нэмж уншвал зохистой ном бол Банчин Лувсанчойжанцангийн “Билиг билгүүн ба мунхаг хоорондын мэтгэлцээн” хэмээх зохиол билээ.”
“Би үзлийн дууллын тайлбарыг өөрийн багш Лин ринбочэ болон Брайбун хийдийн гэвш Дэмба Дэнзин багшаас хүртэж байсаан.”
Дээрхийн Гэгээнтэн “Эхээ танихуй”-г шүлэг шүлгээр нь түргэн уншихдаа хааяа зогсон тайлбарууд хийж байлаа. “Энд эх гэж хэлсэн нь хоосон чанарыг хэлж байгаа юм. Мунхагийн эрхээр, буруу таньсаны дагуу юмс үзэгдэл оршдоггүй учир бодит байдлыг танин мэдэх боломж бидэнд бий. Хоёрдмол үзэгдэл ургадаг нь бид буруу таньсан юмс үзэгдэлдээ уягдсан байдагтай холбоотой. Энд мөн эцэг гэж гарч буй нь шинжлэн таних зүйлээ хэлсэн байна.”
Наймдугаар бадагт үнэнийг танилгүй аялдан дагадаг занг илэрхийлсэн байгааг Дээрхийн Гэгээнтэн дурьдаад есдүгээр бадагт Зөөлөн Цогтын Зүрхэн гэдэг нь Богд Зонховаг хэлж байгааг онцлов. “Хэрэв та бүгд Богд Зонховын Төв үзлийн таван зохиолыг үзэж судлах юм бол зовлонгийн үнэнг таниад түүнээс айх айдасгүй болно шүү гэж Гирбон ринбочэ айлдсан байдаг. Бид өөрсдийн дотоод хоосон чанарыг олох шаардлагатай. Нэр дохионд шунасан зарим мэргэд эвэртэн туурайтныг үгүйсгэхэд идэвхийлэх боловч өдөр тутмын үзэгдлийг бодитой гэж харсан хэвээр байна.”
“Бусад зарим мэргэдүүд юмс үзэгдэлд тодорхой нэгэн оршихуй заавал байх ёстой, өөрөөр бол шалган таних ухаан ба шалгах зүйлийн тухай ч ярих боломжгүй болно гэдэг. Гэхдээ юмс оршдог нь тодорхой шүү дээ, зөвхөн үзэгдэж харагдаж буй шигээ бус билээ.”
Дээрхийн Гэгээнтэн энд Богд Зонховын “Мөрийн гурван эрхэм” зохиолдоо өөрийн ажиглан шинжлэлээ хэрхэн тодруулсаныг эш татан тайлбарлав:
“Бас бус үзэгдэхээр буй гэж баримтлахыг арилах ба хоосноор үгүй хэмээн баримтлахыг арилна”.
Арван гуравдугаар бадагт Зүйлчлэгч нарын үзлээс эхлээд өөрийн дамжлагат Төв үзэл хүртэлх буддын гүн ухааны үзэл онолын урсгалууд шүтэн барилдлагыг бүрэн гүйцэд тодорхойлж чадаагүйг гаргасан байна. Үүний дараагийн шүлэгт Төвөдийн бурханы шашны ялгаатай уламжлалууд нь тунгалаг тодорхой, өөрийгөө танигч ухамсар ба хоосон чанарын хоорондын нэгдлийг зөвхөн судрын тайлбараар бус, дандарт тайлбарладаг гэгээн гэрлийн сэтгэлийн талаас нь илэрхийлсэн болохыг өгүүлжээ. Эдгээр уламжлалуудын илэрхийлсэн ялгаатай нэр томьёонууд нь бүгд нарийн гэгээн гэрлийн сэтгэлийг л тодорхойлсон юм.
Дээрхийн Гэгээнтэн Төв үзлийн дууллын үлдсэн шүлгүүдийг уншиж дуусгасны дараа Лин ринбочэ багшаасаа хүлээн авсан тайлбарт эшийн дамжлагыг өгч дууссанаа мэдэгдлээ. Түүний номонд Банчин Лувсанчойжанцангийн “Билиг билгүүн ба мунхаг хоорондын мэтгэлцээн”зохиолын бадгууд байсныг тэрээр үргэлжлүүлэн уншлаа.
Нэгдлүүдийг ажиглан “би”-г шинжлэх үедээ
Ноттойгоор шалгагч ухамсарын хүчээр энэ “би” гэгч нь
Үзэгдэх байдал нь үнэн мэт боловч
Үзэгдлийн орон нь хоосон болохыг таньснаар та
Үнэнхүү оршигчийн буруу үзлийг зөвхөн тэр үед эвдэж чадмуй, өөрөөр бол үгүй.
Нэгдлүүдийг ажиглан “би...” гэж бодох үедээ
“Би” үгүйг танин барих орны хувьд бодитой оршсон “би” нь
Нэхэл үгүй үгүйсгэл буюу хоосон чанартай төдийг
Барьсан энэ ухаарлаа алдалгүйгээр илүү тодруулан хадгалснаар
Сэтгэлийн сулрал хийгээд хөөрлөөс ангид оршиж, бодит оршихуйн “би”-г та эвдэмүй.
Нэгдлүүдийн ажиглалт төгсөж “би үгүй”-н туршлага төрснөөр
Нарийн энэ үзэлд та ур чадварыг олмуй.
Үүний хүчээр тодорхой тогтсон “би”-д барих сэтгэл хийгээд
Үнэнд “би”-г харсан хуурамч мэдрэмжийг та дармуй.
Үнэхээр ийнхүү чадагч нь өдрийн од мэт ховор бөлгөө.
Үүний дараа удахгүй Төвөдийн цагаан сар гарах гэж байгаа учраас энэ боломжийг ашиглан бодь сэтгэлийг төрүүлэх бодьсадвын санваарыг хүртээх зан үйлийг үйлдэхээр шийдсэнээ Дээрхийн Гэгээнтэн дуулгаад бүхий л Төвөдийн ард түмэн, Ладакын ард иргэд, Гималайн бүс нутгийн ард түмэн болон Монголчуудад цагаан сарын мэндчилгээ дэвшүүлэв. Тэрээр бүгдэд нь хандан улирч буй жилдээ сонсож, санаж, бясалгахыг хэрхэн сайтар үйлдсэнээ эргэн нягталж үзээд ирэх шинэ жилдээ улам илүү амжилт гаргана гэсэн сэтгэлийн шийдлийг гаргаарай гэж зөвлөв.
Дээрхийн Гэгээнтэн Төвөд нутагтаа буй Төвөдийн ард иргэд Жанрайсиг бурхандаа машид итгэл сүжигтэй байгааг цахимаар болон зурагтаар үзсэнээ дурьдаад бас тэдний өөрт нь итгэх итгэл сүжиг тэдэнд сэтгэлийн амар амгаланг авчирдагийг сайн мэднэ гэж тэмдэглэн хэлэв. Тэрээр дахин Төвөдөд байгаа ард иргэддээ сар шинийн мэндийг хүргэлээ.
“Өнөөдөр бидний авч үлдэж хадгалж чадсан энэхүү уламжлалд шинжлэх ухааны эрдэмтэд ч хүндэтгэлтэй хандаж байна” гэж Дээрхийн Гэгээнтэн Төвөдийн уугуул иргэддээ хандсан яриагаа цааш үргэлжлүүлэв. “Төвөдөд байгаа та бүгд, бас цагаачлан гарсан бид ч өөрсдийн хэл, соёл, шашнаа хадгалан авч үлдэх ёстой. Өнөө цагт цагаачлалын сургуулуудад сурч буй сурагчид ч сэтгэл ухамсарын тухай болон учир шалтгааны арга ухаанд суралцаж байна. Бидний дахин байгуулсан сүм хийдүүд ч олон мянган гэвш нарыг бэлдэн гаргалаа. Хэдийгээр бидний зарим хэсэг Хятадын засаглал дор амьдарч байгаа боловч бид хадгалж чадсан эрдэм мэдлэгээ Хятадын ард түмэнтэй ч хуваалцах боломжтой гэдгийг санаж байх хэрэгтэй. Үүнийг энэ цагаан сарыг тохиолдуулан та бүгдэд хэлье гэж хүсэж байсан юм.”
Дараа Дээрхийн Гэгээнтэн бодьсадвын санваарын зан үйлийг эхлүүлэх явцдаа бодь сэтгэлийн гайхамшигт шинж чанаруудыг Шантидэва хэрхэн тодорхойлсон байдгийг сануулав.
Өөрийн жаргалыг бусдад өгч,
Бусдын зовлонг өөртөө авалгүйгээр
Үлэмжийн дээд гэгээрэл байтугай
Өнгөт орчлонгийн жаргал хулжина.
Уйтгар алжаас бүхнийг үргээх
Бодь сэтгэлийн ажнайг хөлөглөөд,
Улам жаргал нэмэх аянаас
Ухаантан хэн бээр залхах билээ.
Тэрээр зан үйлээ гүйцээсний дараа энэхүү санваар нь нийт хүмүүст, түүн дотроо сэтгэлийн хатуужлаа алдаагүй Төвөдийн уугуул ард иргэдэд зориулсан цагаан сарын бэлэг байсныг онцлов.
Дэлхийн өнцөг булан бүрээс оролцож буй хүмүүсийн асуултанд хариулах явцдаа Дээрхийн Гэгээнтэн өөртөө хүлээсэн нэг үүрэг бол дэлхий дахинд энх тайвныг авчрах, шашин хоорондын эв зохицлыг дэмжих явдал гэдгийг онцлон хэллээ. Зарим хүмүүс бүхнийг бүтээгч, энэрэл хайраар дүүрэн ертөнцийн Эзэнд итгэдэг. Гэхдээ шашин бүгдийн эцсийн илгээмж бол бусдад туслах явдал юм. Бурханы шашинд ч өөр үзэл онол бүхий урсгалууд байгаа боловч бусдад хорлол хөнөөл учруулахгүй, аль болох туслахыг эрмэлздэг нь адил юм.
Хүнд өвчтэй болон насан эцэслэж буй хүмүүсийн хувьд сэтгэлээ хямраалгүй амар тайван байх нь маш чухал гэдгийг Дээрхийн Гэгээнтэн зөвлөв. Тиймээс эдгээр хүмүүсийг асарч байгаа хүмүүс сэтгэлийг нь амгалан байлгахыг хичээх хэрэгтэй. Хэрэв өвчтэй хүн сүсэг бишрэлтэй бол түүнийг тайвшруулахад илүү амар байх болно.
Дээрхийн Гэгээнтэн ковид цар тахлын улмаас урьдынх шигээ уулзаж, харилцаж чадахгүй байгаа хүмүүст энэ нөхцөл байдал нь амаргүй байгаа гэдгийг хүлээн зөвшөөрөөд ийм тусгаарлалтын үед уншиж, сурч судлах их боломж гардагийг сануулж бясалгал бүтээл хийхийг хүссэн олон хүмүүс аглагт ганцаар амьдардагийг онцлон айлдлаа.
Гэнэтийн гэгээрэл ба аажмаар гэгээрэлд хүрэх хандлагуудын ялгааг мэдэхийг хүссэн асуултанд хариулт болгон Дээрхийн Гэгээнтэн Их мутарлага ба Их Төгсгөлийг дадуулагчдын хувьд гадаад юмс үзэгдлийн бус харин өөрсдийн сэтгэлийн хоосон чанар дээр илүү төвлөрдөг болохыг тайлбарлав. Их Төгсгөл нь “ригба” буюу цэвэр тунгалаг ухамсарыг илэрхийлдэг бөгөөд бүтээлч нь энэхүү ухамсрыг буруу үзлүүдээр хиртүүлэхгүй байхыг хичээдэг юм. Сэтгэлийн гэгээн гэрлийн мөн чанар, сэтгэлийн тунгалаг бөгөөд өөрийгөө танигч ухамсар болон гурван үзэгдлийг арилгасны дараа тодрох гэгээн гэрлийн сэтгэл гэх мэт нь бүгдээрээ сэтгэлийн хоосон чанарыг онохыг зорьсон арга замууд юм.
“Таван зэргэмжийг тодруулагч зул”-д түйтгэрлэгч арилснаар гэгээн гэрлийн сэтгэл ил гарахыг айлдсан байна. Замбараагүй бодлын гүйдэл ч зогсоно. 80 атгаг ба хий эрчим ч мөн хураагдана. Бүх үзэгдлүүд замхран арилна. Энэ нь гэлүгва, сажава, нинмава болон гаржүдба зэрэг бүх уламжлалуудад адил юм.”
Бас нэгэн асуултын хариуд Дээрхийн Гэгээнтэн бид “би”-г хүчтэй боддог бөгөөд миний бие, миний үг яриа гэдэг боловч үнэхээр тэр “би” гэдэг эзэн төлөөлөл чухам хаана оршин байна гэж хайж үзвэл энэ нь зөвхөн нэр, томъёолол төдий болохыг олж мэднэ. Энэ нь бидний бодож, төсөөлж байдаг шиг оршдоггүй. Гэвч энэ нь огт байхгүй гэсэн үг бус, өөрийн бодит мөн чанартайгаар бие даан оршдоггүй гэсэн үг билээ.
Бид бусдыг “бид” ба “тэд” гэж хардаг зуршилтай холбоотой элдэв олон туйлшрал байсаар байгааг Дээрхийн Гэгээнтэн хүлээн зөвшөөрөв. Хүүхдүүд ийм ялгаа гаргадаггүй. Харин сургуульд сурч эхэлснээр ийм явдал бий болж эхэлдэг. Хүн бүр аз жаргалыг хүсэж зовлонгоос зугтдаг нь адил гэдгийг Дээрхийн Гэгээнтэн чухалчлаад дэлхийн эдийн засаг нь хил хязгаар үгүй, уур амьсгалын хямрал хүн бүрт адил нөлөөлж буй учраас бид бүгдээрээ нийт хүн төрөлхтний тухай ярьж эхлэх ёстой гэдгийг цохон тэмдэглэв. Тэрээр гишүүн улсууд нь өөр өөрсдийн дайсагналыг хойш тавиад хамтын сайн сайхны төлөө нэгдэж чадсан Европын Холбооны шийдвэр зоригийг биширдэгээ илэрхийлсэн юм.
Нарийн мөнх бус буюу юмс үзэгдлүүд мөч хором тутамд байнга өөрчлөгдөж байдгийг ухаарснаар хоосон чанарыг илүү сайн ойлгож чадах эсэхийг асуулаа. Энэ нь хоосон чанарыг онож ухаарахад тустай ч хангалттай бус гэлээ.
Зопа ринбочэ төвөд хэлээр Их Хөлгөний Уламжлалыг Хадгалах Төвийн өмнөөс өнөөдрийн болон бусад олон олон жилийн туршид айлдсан номын сургаал айлдваруудад гүнээ талархаж байгаагаа Дээрхийн Гэгээнтэнд илэрхийлсэний дараа зориулга ерөөл, мандал өргөв.
Дээрхийн Гэгээнтэн хариуд нь мөн талархал илэрхийллээ.
“Зопа ринбочэ бид нэг нэгнээ олон жилийн туршид мэднэ. Бид итгэлтэй анд нөхдүүд юм. Та болон таны багш Лама Түвдэн Еши бусдад туслахын тулд дэлхийн олон оронд номын төвүүдийг нээсэн билээ. Ринбочэ, та өөрийн чадах бүгдийг хийсэн учраас би таньд их талархаж байна. Энэ хичээл зүтгэлээ хэвээр хадгалахыг таниас хүсье. Та их зүйлийг бүтээж, амжуулж чадсан шүү. Баярлалаа, таньд амар амгаланг хүсье.”