Өнөө өглөө Дээрхийн гэгээн Далай ламын хөтөлбөр Цагаан ордонд айлчилж, Ерөнхийлөгч Барак Обаматай уулзсанаар эхлэв. Дээрхийн гэгээнийг Цагаан ордонд ирэхэд АНУ-ын Засгийн газрын Протоколын дарга Элчин сайд Каприсиа Маршалл угтан авч, Газрын зургийн өрөөнд хүргэж өглөө. Дээрхийн гэгээнийг тусгай элч Лоди Жари, төлөөлөгч Лувсан Няндаг Заюл, нарийн бичгийн дарга Дэнзэн Н. Даглха нар дагалджээ. Уулзалтад Ерөнхийлөгч Обамаг Ерөнхийлөгчийн зөвлөх Валери Жарретт, Азийг хариуцсан ахлах захирал Жефф Бадер нар дагалдан ирсэн байна.
Дээрхийн гэгээн болон Ерөнхийлөгч 11:20 орчмоос 12:30 хүртэл хугацаанд уулзжээ. Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга мэдэгдэлдээ "Ерөнхийлөгч Далай лам-ын ‘Дундад замын бодлого’, хүчирхийллээс зайлсхийх зарчимд тууштай зогсох байр суурь, Хятадын засгийн газартай яриа хэлцэл хийх эрмэлзлийг сайшаалаа" гэжээ. Дээрхийн гэгээн Цагаан ордны хэвлэлийн албанд товч үг хэлж, Ерөнхийлөгчтэй ярилцсан зүйлсийнхээ талаар дэлгэрэнгүй ярьсан бана. Дээрхийн гэгээн хамгийн агуу ардчилсан орны Ерөнхийлөгчтэй уулзах нь нэр төрийн хэрэг байлаа хэмээгээд, бага наснаасаа л Америкийг цэргийн хүчин чадавх гэхээсээ илүүтэй хүн төрөлхтний үнэт зүйлс, хүний бүтээлч сэтгэлгээг эрхэмлэх тал дээр агуу хэмээн биширдэг байснаа ярив. Дээрхийн гэгээн Ерөнхийлөгч Обамад хүн төрөлхтний үнэт зүйлс, шашны эв зохицлыг дэмжих, Төвөдийн асуудлыг шийдвэрлэх гэсэн гурван үүрэг амлалтынхаа талаар танилцуулсан тухайгаа хэвлэлд ярилаа. Эмэгтэйчүүд биологийн хувьд бусдын өвдөлт, шаналалд илүү мэдрэмтгий байдаг гэдэгтэй Ерөнхийлөгч санал нэгдсэн. Би эмэгтэйчүүд илүү ихээр манлайлах үүрэг гүйцэтгэдэг болоосой гэж хүсч байгаагаа хэлсэн. Хоёр дахь амлалтын талаар тэрбээр хүмүүс өөрийн шашин шүтлэгийг шүтэхийн зэрэгцээ бусад хүмүүсийн шашны уламжлалыг хүндэтгэх хэрэгтэй гэж санаагаа илэрхийлжээ.
Зураг. Дээрхийн гэгээн Далай лам Вашингтон хотноо Цагаан ордноос гарч байна. Далай лам АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматай анх удаа уулзсаныхаа дараа сэтгүүлчдэд товч ярилцлага өглөө. 2010 оны 2 дугаар сарын 18. (Зургийг Марк Вилсон/Getty Images)
Төвөдийн асуудлаарх гурав дахь амлалтын хувьд Дээрхийн гэгээн 2001 оноос хойш Төвөдийн засгийн газрыг сонгуулиар сонгогдсон удирдагч тэргүүлж байгааг тайлбарлалаа. Тэрбээр сонгогдсон удирдагчийг өөрийн "дарга" хэмээн голдуу танилцуулдаг бол сүсэг бишрэлийн хувьд өөрөө түүний дарга нь байдаг хэмээн хошигнов.
Дээрхийн гэгээн Ерөнхийлөгч өөрөө Төвөдийн асуудлын талаар сонирхон лавласан хэмээн цохоод, "Дундад Замын Бодлого"-доо бүрэн итгэл үнэмшилтэй байгаагаа дахин давтлаа. Тэрбээр Ерөнхийлөгчийг уг асуудлыг сонирхож байгаад нь талархлаа илэрхийлсэн байна. Сонгуулиас өмнө ч гэсэн Ерөнхийлөгч энэ талаар санаа зовниж байгаагаа харуулж байсан бол сонгуулийн дараа ч мөн адил бөгөөд өнгөрсөн жил Бээжинд хийсэн айлчлалынхаа үеэр түүнийгээ харуулсан хэмээн Дээрхийн гэгээн нэмж хэлэв.
Үдээс хойш Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтонтой уулзахаар Төрийн департамент руу явах замдаа Дээрхийн гэгээн олон тооны төвөд хүмүүс түүнийг угтахаар цугласан зочид буудлын гадаа түр зогслоо. Тэдний ихэнх нь Вашингтон Ди Си болон Нью-Йорк дахь Төвөд иргэдийн нийгэмлэгээс өнөөдөр Цагаан ордонд зохион байгуулахаар төлөвлөсөн угталтын арга хэмжээнд оролцохоор Нью-Йоркоос иржээ. Дээрхийн гэгээн өмнө нь гарч ирэхэд тэд сэтгэл хөдлөлөө харуулан цурхиран уйлж, Дээрхийн гэгээний урт наслахын төлөө залбирч байв.
Төрийн департамент дахь уулзалтад Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтоны хамт Төрийн нарийн бичгийн даргын орлогч бөгөөд Төвөдийн асуудал хариуцсан тусгай зохицуулагч Мария Отеро, Төрийн нарийн бичгийн даргын Зүүн Ази, Номхон далайн асуудал хариуцсан туслах Курт Кэмпбелл, Төрийн нарийн бичгийн орлогч даргын туслах Дэвид Шиар нар байлцлаа.
Төрийн департаментаас буцаж ирээд Дээрхийн гэгээн зочид буудлын гадаа цугласан хэвлэлийнхэнд хандан үг хэлж, зарим асуултад нь хариулав.
Дээрхийн гэгээн Ерөнхийлөгч Обама өөрийнх нь баримталж буй бодлогыг дэмжиж байгаа талаар яриад, засаг захиргааны зүгээс үүнийг хэрхэн хэрэгжүүлэх бол гэсэн асуултад “үүнийг цаг хугацаа харуулна, хэн ч урьдчилан таамаглаж чадахгүй" гэж хариулсан байна.
Өнөөдрийн уулзалтад Хятадаас ямар хариу үйлдэл хүлээж байгааг нь асуухад Дээрхийн гэгээн зарим нэг сөрөг хариу үйлдэл, шүүмжлэл, зэмлэл байна гэдэгт бараг л итгэлтэй байгаагаа хэллээ.
Дээрхийн гэгээн Хятадын удирдлагад хандаж, ямарваа асуудал нэг бүрийг илүү цогц байдлаар авч үзээсэй гэж хүсч байгаагаа илэрхийлэв. Тэгж чадвал бодит байдлын талаар илүү бүрэн цогц мэдлэгтэй болно. Аливаа асуудлыг зөвхөн нэг талаас нь харснаар бодит байдлыг бүхэлд нь харах боломжгүй болох бөгөөд ингэснээр баримталж буй арга барил ч бодитой бус болно гэж Дээрхийн гэгээн хэллээ. Тэрбээр үүнийг Хятадын зарим нэг бодлого зарим хүний хувьд хүүхдийн гэмээр санагддаг учраас хэлж байгаагаа онцлов.
Төвөдөд өөрчлөгдөж байгаа зүйл бараг байхгүй байхад жилээс жилд энд буцаж ирэхдээ сэтгэл дундуур байдаг уу гэсэн асуултад Дээрхийн гэгээн надад тэгж санагддагүй ээ гэж хариулаад, “Бидэнд үнэн, үндсэн эрх, боломжийн хэмжээний эрх байгаа нь чухал. Тиймээс нэг хүний амьдралын хугацаа хүрэлцэнэ үү үгүй юу хамаагүй зорилгынхоо төлөө оролдоод үзэх нь зүйтэй.” хэмээн нэмж хэллээ.
Энэ асуудал нь зөвхөн Төвөдүүд төдийгүй бүх л Ази тив, ялангуяа сая сая Хятад залуусын хувьд үр өгөөжөө өгөх үнэ цэнэтэй зүйл бөгөөд 50 жил өнгөрөхөд бид хэзээ ч итгэл найдвараа алдаагүй байна хэмээв.
АНУ-Хятадын харилцааны талаар ярилцсан эсэхийг асуухад Дээрхийн гэгээн тийм гэж хариулаад, дэлхий нийт Хятадтай хэрхэн харилцвал зохистой талаар өөрийн үндсэн байр суурийг ярив. Мөн АНУ Хятадад нэн тааламжтай түнш улсын статус олгох эсэх талаар хэлэлцэж байх үед түүнийг дэмжиж байснаа хэллээ.
Дэлхийн улс орнууд Хятадтай эдийн засгийн харилцаагаа хөгжүүлэхийн зэрэгцээ Хятад улсыг дэлхийн ардчиллын урсгалд татан оруулах үүрэгтэй. Хятадын удирдлага дахь хатуу чиг шугамыг баримтлагчид ардчилал гэдэг нэр томьёог сөргөөр ойлгож, барууны хэв маягийн ардчилал Азид тохирохгүй байж магадгүй хэмээн тайлбар тавьдаг. Энэтхэг, Япон хоёр ардчиллыг маш амжилттай хэрэгжүүлж байна хэмээн Дээрхийн гэгээн ярив.
Дээрхийн гэгээн Хятад улсын туйлын зорилго бол их гүрэн болох явдал бөгөөд их гүрэн болохын тулд ёс суртахууны нэр хүнд маш чухал нөхцөл юм хэмээн нэмэв. Хуучны Зөвлөлт Холбоот Улс шиг цэргийн хүчээр их гүрэн болох нь айдас, үл итгэлцэл, таагүй байдлыг илүүтэй авчирсан байдаг. Харин нөгөө талаас нээлттэй нийгэмтэй, ардчилсан, бие даасан шүүх засаглалтай АНУ шиг их гүрэн илүү их итгэлцэл, таатай байдлыг үүсгэдэг. Хятад улс эцсийн дүндээ аз жаргал, сэтгэл ханамж, амар амгаланг бүрдүүлсэн их гүрэн болох хэрэгтэй. Үүний тулд ил тод байдал, чөлөөт хэвлэл зайлшгүй чухал гэдгийг Дээрхийн гэгээн онцлов.
Дээрхийн гэгээн цааш нь хятад найзууд, профессорууд, эрдэмтэдтэй уулзах бүртээ Хятад улс нээлттэй нийгэм байгуулах хэрэгтэй талаар ярилцдаг бөгөөд түүний дараа итгэлцэл бий болно хэмээлээ. Мөн хамгийн их хүн амтай хоёр улс болох Энэтхэг, Хятадын хооронд жинхэнэ нөхөрлөл үүсгэх хэрэгтэй бөгөөд жинхэнэ нөхөрлөл зөвхөн харилцан итгэлцэл дээр үндэслэнэ гэсэн байна.
Дээрхийн гэгээн Ерөнхийлөгчтэй мөн Америкийн нийгмийн хөгжлийн талаар ярилцжээ. Ерөнхийлөгч Линкольн боолчлолыг халсан бол Мартин Лютер Кинг боолчлолын эсрэг тэмцсэн. Одоо цагаан арьстан бус хүн АНУ-ын ерөнхийлөгч болоод байгаа нь гайхамшигтай хэрэг гэж тэрбээр хэллээ. Дээрхийн гэгээн Ерөнхийлөгч Обамагийн сонгуульд ялсан мэдээг Энэтхэгийн Пуне хотод Гандичуудын уулзалтад оролцож байх үедээ сонссон тухайгаа дурсаад, хүн бүр алга ташиж байсан нь Обамагийн сонгогдсон нь зөвхөн АНУ төдийгүй дэлхий дахинд нөлөөлснийг илтгэж байсан хэмээжээ.
Түүний улс төрийн аялалд Энэтхэг улс хамт байгаа эсэхийг асуухад Дээрхийх гэгээн “Энэтхэг улс бол миний гэр орон” гэж хариулав.
Үүний дараа Дээрхийн гэгээн Энэтхэгийн Элчин сайд Меера Шанкар, Төрийн нарийн бичгийн даргын орлогч асан Паула Добриански, Төрийн нарийн бичгийн даргын орлогч бөгөөд Төвөдийн асуудал хариуцсан тусгай зохицуулагч Мария Отеро болон хэсэг Төвөд иргэдтэй уулзлаа.
Орой нь Дээрхийн гэгээн Аспен Институтээс зохион байгуулсан Төвөдийн цагаан сарын хүлээн авалтад оролцов.
Их хурлын дарга Нэнси Пелоси өнөөдөр Ерөнхийлөгч Обамаг Дээрхийн гэгээнтэй уулзсаныг сайшаасан мэдэгдэл гаргажээ. Мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Олон улсын Төвөдийн төлөөх аян (International Campaign for Tibet)-аас World Journal болон Washington Chinese News хэмээх Хятад хэлээр гардаг хоёр сонинд зар нийтэлж, энэхүү уулзалтыг америкийн ард түмэн Дээрхийн гэгээнийг хүндэтгэн биширч буйн бэлэг тэмдэг хэмээн хүлээн авч байна. Уг зард:
"Олон улсын Төвөдийн төлөөх аян Ерөнхийлөгч Барак Обама, Дээрхийн гэгээн Далай лам нарын өнөөдөр Цагаан ордонд болсон уулзалтыг талархан хүлээн авч байна. Энэхүү уулзалт нь Америкийн ард түмэн Дээрхийн гэгээн Далай ламд хүндэтгэл үзүүлж, дэмжиж буйг харуулж байна. Дээрхийн гэгээнийг дэлхий дахины энх тайван, эв эеийн төлөө тууштай зүтгэж, Төвөдийн асуудлыг Хятадын үндсэн хуулийн хүрээнд энхийн замаар шийдвэрлэхийн төлөө хүчин чармайлт гаргаж байгааг нь биширдэг билээ. Тэрбээр Төвөд, Хятадын ард түмний нөхөрлөлийг тасралтгүй дэмжиж ирсэн.”
“Төвөд болон Хятадын цагаан сарын баярыг тохиолдуулан Дээрхийн гэгээн Далай лам болон Хятад, Төвөд ахан дүүстээ чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье."
Цагаан ордон болон Төрийн департамент өнөөдөр Дээрхийн гэгээнтэй хийсэн уулзалтуудын албан ёсны гэрэл зургуудыг нийтэлсэн байна.
Орчуулсан Б.Одгэрэл