Энэтхэг, Чандигар – Өнөөдөр өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг хотоос хагас цагийн зайтай орших Чандигарын Их Сургууль дээр хүрэлцэн ирэхэд түүнийг тус сургуулийн захирал, дэд захирал ба бусад хүлээн авах гишүүд тосон угтлаа. Төвөд оюутнууд “чэма чангбо” уламжлалт өргөлөө барьсны дараа их сургуулийн довжоон дээр түүнийг Энэтхэг уламжлалаар угтан авав. Үүний дараа Дээрхийн Гэгээнтэн эхлээд Дэд Захирлын өрөөнд айлчилсан бөгөөд удалгүй Дээрхийн түүнийг суулгасан цахилгаан хөдөлгүүртэй жижиг тэрэг хөдөлж голцуу оюутнуудаас бүрдсэн 4,000 гаруй хүн хүлээж буй уулзалтын танхимд хүрэлцэн ирсэн юм.
Заалны индэр дээрээс цугласан олонд гар даллан хариу мэндчилсэний дараа тус арга хэмжээг сайн ерөөлтэйгээр эхлүүлэхэд зориулан барьж буй зул асаах арга хэмжээнд Дээрхийн Гэгээнтэн оролцов. Дэд Захирал, доктор РС Бава хүрэлцэн ирсэн хүмүүст Дээрхийн Гэгээнтнийг танилцуулахдаа түүнийг хүн төрөлхтнийг өөрийн номын үндэс болгон сайн сайхан, халуун дулаан зүрх сэтгэл бол аз жаргалын жинхэнэ эх үүсвэр болохыг таниулан ойлгуулж буй дэлхийн оюун санааны удирдагч гэж дүрслэн хэлсэн юм.
Дээрхийн Гэгээнтэн суудлаасаа цугласан олонд хандан ах дүүгийн ёсоор мэндчилээд үгээ хэлэхдээ яриагаа байнга ингэж эхэлдэгээ дурьдаад өнөөдрийн 7 тэрбум хүн төрөлхтөн бүгдээрээ оюун санаа, бие махбодь ба зан авираараа адил учраас бүгдээрээ хоорондоо ахан дүүс мөн гэж боддогоо тайлбарлав.
“Бид бүгдээрээ аз жаргалтай амьдрахыг хүсдэг, бас аз жаргалтай амьдрах ч эрхтэй. Үнэхээр ч шинжлэх ухааны эрдэмтдийн ажиглан нотолсноор нийгмийн амьтдын хувьд хүмүүс бид мөн чанараасаа энэрэл нигүүлсэлтэй байдаг. Бидэнд амьдрахад нийгэм, хамт олон хэрэгтэй” гэж Дээрхийн Гэгээнтэн онцоллоо.
“Бүхий л голлох шашны урсгалууд хүний эрх ашгийг ярьдаг бөгөөд хүмүүсийн харилцаа энэрэл нигүүсэл ба хайр, халуун дулаан сэтгэл дээр суурилдаг тул энэ ч бүх шашны нийтлэг тунхаг болдог билээ. Гүн ухааны үзлүүдээрээ хоорондоо ялгарч болох ч шашин бүгд хайр энэрлийг хүргэх арга замуудыг хайн хэрэгжүүлдэг юм.”
“Амьдралын эхэнд бид өөрийн ээжийн элбэрэл хайрт тулгуурлан хүн болцгоодог. Дараа дараагийн амьдралын байр суурь, ажил мэргэжил ямар байхаас үл хамааран бид бүгд амьдралаа ингэж эхлүүлдэг бөгөөд цаашдаа ч бусдын дэмжлэг туслалцаатайгаар оршин амьдардаг. Ийм ч учраас бид хүний суурь үндсэн үнэт зүйлс болох хайр, энэрэл нигүүлсэлийг төрүүлэх, дадуулахын тулд илүү анхаарал хандуулах ёстой юм.”
“Харамсалтай нь орчин үеийн боловсрол материаллаг зорилтууд дэвшүүлээд хүний энгийн үнэт зүйлст маш бага цаг, боломжийг олгож байна. Тухайлан Энэтхэгийг авч үзвэл орчин цагийн боловсрол нь энд барууны орнуудаас нэвтэрсэн бөгөөд энэ боловсролд хөнөөлт, муу сэтгэлүүдийг хэрхэн дарж, арилгах талаар сайн ойлголт байхгүй. Харин Энэтхэгт мянга мянган жилээр “ахимса” – хүчирхийлэлгүй орших болон “каруна” – энэрэл нигүүлсэлийг мэддэг, дадуулдаг байсан шүү дээ. Хэрэв та бусдыг хайрлан, тэдний төлөө сэтгэл гаргадаг бол тэдэнд яаж хор хөнөөлийг учруулж чадах билээ? Тиймээс ч “ахимса” бол яахын аргагүй маш зохистой үйл, ёс зүй бөгөөд “каруна” бол маш зохистой сэдэл сэтгэл юм. Бурхан Багш ч эдгээр үнэт зүйлсийг дадуулсан олон гайхамшигт хүмүүсийн нэг шүү дээ.”
“Тэрээр хааны тансаг амьдралаа орхиод аглаг газруудад бясалгал бүтээлүүдийг хийсээр төгс гэгээрлийн хутгийг олсон боловч түүний оносон гэгээрэл нь тухайн үед хүлээн зөвшөөрөгдөж байсан үнэнээс маш ондоо байсан тул нэг хэсэгтээ сургааль айлдахаас түтгэлзэж байжээ. Гэхдээ удалгүй номоо гайхамшигтайгаар айлдаж эхэлсэн юм. Ер нь Төвөдүүд бид Энэтхэгийг их гүнзгий ойлголттой хүмүүсийн эх орон гэж хардаг шүү.”
“Өнөөдрийн дэлхий дээр материаллаг хөгжил хүчтэй байгаа боловч дотоод амар амгалан маш ихээр дутагдаж байна. Уур хилэн, үзэн ядах сэтгэл, атаархал ба хэт тачаадан өрсөлдөх сэтгэлийг сөргүүлэх нэг арга зам бол бусдад хүчирхийлэлийг үйлдэхгүй байх, бусдыг гэсэн энэрэл нигүүлсэлийн сэтгэлийг дадуулах явдал юм. Ийм ч учраас би энэхүү эртний Энэтхэгийн уламжлалуудыг өнөөдөр ч маш уялдаатай гэж үзэж байгаа билээ. Ухаалаг арга замаар өөрсдийн хөнөөлт, муу сэтгэл санаатайгаа тэмцэх нь ямагт уялдаатай байна шүү дээ. Эртний Энэтхэгийн эх үүсвэрүүдээс гарч буй үзэл ойлголтуудыг практик, бас шашнаас ангид үзлийн үүднээс нийцүүлэн ашиглаж чадвал уур хилэн гэх мэт хөнөөлт сэтгэлүүдээ дарж сэтгэлийн амар амгаланг бий болгож чадна.”
“Наландын уламжлалын Буддизмын боловсрол ба сургалтыг Төвөдөд анх 8-р зуунд Энэтхэгийн аугаа мастер Шантаракшита нэвтрүүлсэн билээ. Төвөдүүд бид энэ уламжлалыг энэ цагаас хойш хадгалан ирсэн бөгөөд ингэхдээ логик ба учир шалтгааны хэрэглээ, мөн сэтгэл ухамсар, сэтгэл хөдлөлийн шинж чанар, үйл ажиллагааны тухай системтэй ойлголтууд дээр нь илүү ач холбогдол өгч ирсэн юм. Жир Төвөд хүн, бас Буддистын хувьд би энэ уламжлалын шавь юм. Бид үндсэн ном судруудыг цээжлээд эдгээрт хийгдсэн Энэтхэг ба Төвөд эртний сонгодог тайлбаруудыг судлахын явцад логик ба учир шалтгааны маргаан мэтгэлцээнийг үзэж судалсан зүйлс дээрээ явуулдаг. Үүний үр дүнд оюун ухаан хурц тод болж ойлголтууд гүнзгийрдэг билээ.”
“Цагаачлалын дараа Европ, Америк болон хуучин ЗХУ-д айлчилсныхаа дараа би өнөөдрийн бидний энэ хадгалж үлдсэн мэдлэг ухаан дэлхий ертөнцөд хэрэгцээтэй, уялдаатай юм байна гэдгийг ойлгосон юм. Хэдийгээр энэ мэдлэг Энэтхэг улсаас эхтэй ч орчин үеийн Энэтхэгчүүд энэ эртний мэдлэг оюунаа орхигдуулсан мэт санагддаг. Орчин үеийн боловсрол сэтгэлийн амар амгаланг бий болгоход тохиромжтой бус, харин Энэтхэг улсын хувьд сэтгэл ухамсрын үйл ажиллагааны тухай эртний энэ гайхалтай мэдлэгээ орчин үеийн боловсролтой хослуулан сэтгэлийн амар амгаланд хүргэж чадах боловсролыг бий болгох боломжтой гэдэгт би итгэдэг.”
“Өнөөдөр 550 жилийн ой нь тохиож буй Гуру Нанак ч энэрэл нигүүлсэл, “ахимса” болон шашин хоорондын эв нэгдлийг ёслон тэмдэглэдэг нэгэн байсан билээ. Хэдийгээр тэрээр хинду шашинтан байсан ч шашин хоорондын эв зохицол, харилцан хүндлэл нь чухал гэдгийг үзүүлэхийн үүднээс Мекка руу мөргөлийн аяныг хийж байсан удаатай.”
“Сикх уламжлалыг дагагчдын дунд гуйлагчин бараг байдаггүй, бас тэд маш их хөдөлмөрч, бие биенээ харам үгүйгээр дэмжин тусладагийг би ажиглалаа. Энэ бол бид даган суралцаж болох сайн чанарууд мөн билээ.”
“Би амьдралын дийлэнх хэсгээ Энэтхэг улсад өнгөрүүлсэн бөгөөд Энэтхэгийн засгийн газрын урилгаар хамгийн удаан айлчилж буй зочин билээ. Энэтхэг улс дэлхийн сайн сайханд жинтэй хувь нэмэр оруулах боломжтой гэдэгт би итгэдэг. Хаа явсан газраа би шашинаас ангид ёс зүйн тухай ярьж яваа нь шашин шүтдэг эсэхээс үл хамааран хүмүүст сэтгэлийн амар амгалан хэзээд хэрэгтэй учраас тэр билээ. Ийм үндэслэл шалтгаанаар би өөрийгөө эртний Энэтхэгийн үзэл санааны элч төлөөлөгч болсон гэж үздэг дээ.”
Дээрхийн Гэгээнтэн шинжлэх ухааныг нухацтай сонирхон судалдагаа яриад, сүүлийн 40 жил шинжлэх ухааны эрдэмтэдтэй сансар судлал, мэдрэлийн биологи, сэтгэл судлал ба физик, тэр дотроо квант физикийн чиглэлээр ярилцлага өрнүүлж байсан туршлагаасаа хуваалцлаа. Квант физикт сүүлийн үед юмс үзэгдэл харагдаж, үзэгдэж буй шигээ оршдоггүй болон юу ч бодит биет байдлаар оршин байдаггүй гэдгийг нотолж байгаа нь Наландын үзэл онолтой тохирч байгааг тэрээр онцлон дурьдлаа.
Хөнөөлт муу сэтгэлүүд болох уур хилэн ба айдас нь мунхаг сэтгэл болон өөртөө төвлөрсөн, хувиа хичээсэн зан хандлагаас үндэстэйг Дээрхийн Гэгээнтэн өгүүлээд хэрэв бид оюун ухаанаа ухаалаг ашиглаж чадвал сэтгэлийн амар амгаланг олж хүн бүгдийн найз нөхөр болж чадна гэдгийг тодотгов. Хэдийгээр тодорхой хэмжээнд өөрийн эрх ашиг байх хэрэгтэй боловч бид үүнийгээ бусдын эрх ашгийг харгалзах замаар ухаалаг шийдэх ёстой гэдгийг тэрээр зөвлөлөө. Гуру Нанакт ийм элбэг дэлбэг байсан билиг ухаан ба халуун дулаан сэтгэл бидэнд өнөөдөр хэрэгтэй байна.
Бид 21-р зууны эхэн үед байгаа учраас тодорхой зорилготойгоор бид өөрчлөгдөхийг хүсвэл энэ зууныг илүү энх амгалантай, энэрэнгүй цаг үе болгох боломжтой гэдэгт итгэлтэй байдгаа тэрээр илэрхийллээ. Хүч хэрэглэн зөрчилдөөн, үл ойлголцлыг шийдэх нь үеээ өнгөрөөсөн арга зам бөгөөд бидний илүү том хүсэл зорилго бол зэр зэвсэг үгүй дэлхий ертөнцийг цогцлоох явдал гэдгийг таньж хүлээн зөвшөөрөх нь чухал байгааг тэрээр дурьдаад дайн дажин бол зөвхөн феодалийн засаглалын үед оршиж байсан, орчин үеийн ардчилсан ёсонд хэзээ ч нийцэж тохирохгүй зүйл гэдгийг онцлов.
Дээрхийн Гэгээнтэн өөрийн дөрвөн үүрэг зорилтоо тодорхойлон тайлбарлав: хүнийхээ хувьд хүний аз жаргалын эх үндэс болсон дотоод үнэт зүйлсийг хөхүүлэн дэмжих, лам хүний хувьд шашин хоорондын эв нэгдэл, харилцан энхээр оршихуйг урамшуулан тэтгэх, Төвөд хүний хувьд Төвөдийн онгон дархан байгаль орчныг хамгаалах хийгээд Төвөдийн ард түмний хэл, шашин, соёлыг хамгаалан авч үлдэх талаар шийдэлтэй ажиллах, эцэст нь эртний Энэтхэгийн эрдэм мэдлэгийг сэргээхэд хүчин зүтгэл гаргахыг зорьж байгаагаа тоймлов.
Тэрээр өнөөдөр, энд ирээдүйгээ гартаа атгасан, гэрэлтэй, цогтой залуу хүмүүстэй уулзахдаа маш таатай байгаагаа цугласан оюутнуудад хэлэхийн ялдамд тэднээс эерэг өөрчлөлтийг авчрах, баян ядуу хүмүүсийн хоорондын ялгааг бууруулах, мөн Гуру Нанак, бас түүний өмнө Бурхан Багш ч хичээн чармайж байсны адилаар кастын системийг халахад хүчин зүтгэл гаргаж ажиллахыг идэвхийлэн хүсээд өнөөгийн бидний ардчилсан цаг үед бид бүгд ижил тэнцүү гэдгийг цохон дурьдлаа. Мөргөл залбирал нь эргэлзээ үгүйгээр хувь хүний хувьд ач тустай боловч нийгмийн түвшинд бодит өөрчлөлтийг авчрахын тулд бодитой үйл ажиллагааг хэрэгжүүлэх ёстойг тэрээр онцлов.
Олон нийтээс Дээрхийн Гэгээнтнээс эхний ээлжинд экологи ба байгаль орчны тухай асуусан юм. “Би Төвөдөд байх үедээ экологи, байгаль орчин хичнээн чухал ач холбогдолтой болох тухай ямар ч ойлголттой байсангүй” гэж Дээрхийн Гэгээнтэн яриагаа эхлээд “Харин цагаачлалын дараа дурын усыг ундандаа хэрэглэж болохгүй, учир нь зарим нь ихээр бохирдсон байдаг гэдгийг сонсоод ихэд гайхаж билээ. Мөн Стогхольм хотын дундуур урсдаг гол маш их бохирдсон учраас загас амьдрах боломжгүй болсныг надад дуулгасныг санаж байна. Гэхдээ үүний дараа үйлдвэрлэгчид болон бусад олон нийт хамтран санаа тавьж хог хаягдлаа цэвэрлэснээр загас голдоо эргэн ирсэн байна. Үүнтэй адилаар озоны давхарга цоорсныг олж тогтоогоод шалтгаануудыг нь зогсоох арга хэмжээ авснаар цооролт эргэж нөхөгдөж эхэлсэн шүү дээ. Бид органик түлшний хэрэглээгээ зогсоож сэргээгдэх эрчим хүч рүү шилжих хэрэгтэй. Дэлхийн дулаарал улам эрчимжсээр байгаа энэ цаг үед бидний амьдралын хэв маяг дэлхийн амьдралыг өөрчлөхөд хүрч байгаа тул бид өөрсдийгөө өөрчлөх алхамуудыг хийх ёстой” гэж хариуллаа.
Боловсрол олгож буй орчны уур амьсгал, сэтгэл зүй нь боловсролын агуулга, хөтөлбөр шигээ чухал ач холбогдолтой эсэх талаар асуусан асуултанд Дээрхийн Гэгээнтэн хариулах явцдаа өөрсдийн сэтгэлдээ анхаарал тавихын чухлыг онцолж сэтгэлийн шинж төлөвийн тухай тайлбарлав. Бид төрөл бүрийн хүрэлцэхүйн мэдрэмжүүдээ сайн мэдэх боловч эерэг сайн болон хөнөөлт муу сэтгэлүүд аль аль нь сэтгэл ухамсрын түвшинд бий болдог туршлага бөгөөд эдгээрт сэтгэл оролцдог. Харин сэтгэлийг ажиглан судлаад үзвэл сэтгэл бүдүүнээс нарийн руугаа зэрэгчилсэн шинжтэй болохыг таних ба сэрүүн үедээ бид бүдүүн мэдрэмжүүдээ хамгийн сайн таньж мэдэж байдаг гэдгийг тэрээр тэмдэглэн хэлэв. Зүүдлэх үеийн сэтгэл ухамсар нь нарийн байдаг бол гүн нойрсохын үеийн сэтгэл үүнээс ч илүү нарийн байна. Эцэст нь үхэх үед хамгийн нарийн сэтгэл илэрдэг гэдгийг Дээрхийн Гэгээнтэн дурьдлаа.
Чандигарын их сургуулиас Дээрхийн Гэгээнтэнд гуулин цар бүхий Дэлхий Нийтийн Манлайлалын шагналыг Гуру Нанакын хөрөг болон оюутны бүтээсэн Дээрхийн Гэгээнтний хөргийн хамт гардууллаа.Үүний дараа түүнээс шинэ тэтгэлэгт хөтөлбөрийг дэмжиж баталгаажуулахыг хүсэв.
Өөрийн талархлын үгэндээ ДП Сингх Дээрхийн Гэгээнтнийг сая сая хүмүүсийг нэгтгэгч хүч гэж өргөмжлөөд Чандигарын Их Сургуульд гэгээн дүрээрээ морилон саатсанд нь гүн талархлаа илэрхийлэв.
Индрээс буухын өмнө Дээрхийн Гэгээнтэн Гималайн бүс нутаг болон Төвөдөөс ирсэн оюутнуудад товч урмын үгсийг хайрласан бөгөөд дараа нь өөрийн айлчлалын дурсгал болгон Академик байрны өмнө мод суулгалцлаа.
Их Сургуулийн Захирал, Дэд Захирал ба бусад Их Сургуулийн гишүүдийн хамт өдрийн зоог барьсны дараа Дээрхийн Гэгээнтнийг олон тооны оюутнууд хүндэтгэн үдэж гаргасан ба тэрээр тэндээс Пунжабын хилээр дамжин Нангалд хүрээд анх 1956 онд айлчилж байсан буудалдаа буулаа.
Маргааш Дээрхийн Гэгээнтэн Дарамсала руу буцна.