Энэтхэг, ХП, Дарамсала – Өнөө өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Лам өөрийн өргөөндөө Төвөдийг Дэмжих Бүлгүүдийн 42 орны 180 төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Тэрээр Тан улсын үеийн хятадын баримт бичигт Төвөд, Хятад, Монгол улсуудыг бие даасан улс гэж дурдсан байдаг ба Төвөдийг Хятадын нэг хэсэг байсан тухай түүхэн лавлагаа байхгүй байна гэж айлдав.
Дээрхийн Гэгээнтэн Европын Холбооны үндсэн зорилго, үзэл санааг биширдэг, Төвөдийг Хятадтай ийм нэгдлийн нэг хэсэг болгохыг хүсч байна гэв. Төвөдийн тусгаар тогтнолыг шаардах нь зөвхөн хоёр сая хүн амтай Гадаад Төвөдийн асуудал болж мэдэх юм. Гэтэл нөгөө талаар, Төвөдийн бүх бүс нутгийг нэгтгэх боломжтой. Учир нь, Хятадын үндсэн хуулинд ийм бүс нутгийн бие даасан байдлыг, Төвөдийн соёлыг хадгалах эрхийг хүлээн зөвшөөрсөн байдаг ба үүнд зургаагаас долоон сая иргэд хамрагдана гэдгийг тэмдэглэн хэллээ.
“Төвөд нь буддизмын гүн гүнзгий мэдлэгээр баялаг соёлтой, эртний түүхтэй. Төвөдүүд Бурхан Багшийн сургаалын, магадгүй хамгийн өргөн дэлгэр, гүн мэдлэгийг хадгалан үлдээж чадсан юм. Хятадын их дээд сургуулийн профессорууд бидний энд хэвлүүлсэн Ганжуур, Данжуурын шинжлэх ухааны, гүн ухааны агуулгын нэгтгэсэн номыг уншаад Наландын уламжлалтай Төвөдийн буддизмын жинхэнэ үүсэл болон шинжлэх ухааны шинж чанарыг хүлээн зөршөөрсөн гэж мэдээлсэн юм. Энэ нь бидэнд итгэл найдварыг төрүүлж байна.”
“70 гаруй жилийн турш Төвөдийн ард түмний эр зориг нь мохсонгүй. Баялаг соёлын өв, үнэ цэнээрээ бахархдаг учир зорилготой, шийдэмгий байдлаа цаашид ч мөн авч явах болно. Энэхүү шийдэмгий байдлыг хараад Хятадын удирдагчдын зарим гишүүд Төвөдөд явуулж буй бодлогоо зохицохгүй гэж үзэж, үүнд илүү бодитоор хандах шаардалагатай байгааг хүлээн зөвшөөрч эхэлсэн талаар би сонссон юм. Ийм нөхцөл байдалд дэлхийн өнцөг булан бүрээс биднийг дэмжсэн дуу хоолой чухал бөгөөд тустай байна. Зургаан сая төвөд ард түмний нэрийн өмнөөс та бүгдийн сайхан сэтгэл, дэмжлэгт талархаж байгаагаа илэрхийлье.”
Дээрхийн Гэгээнтэн өргөөнөөсөө Зуглаг Хан дуганы зүг алхахад цэлмэг тэнгэрт нар тусаж, хүрээлэн буй уулсын орой дээр цасан малгай цайрч байлаа. Тэрээр дуганы эргэн тойронд цугларсан сүсэгтэн олонтой мэндчилж, даллаж байв. Номын айлдварт 6000 гаруй хүн цугларсан бөгөөд тэдний 2000 гаруй нь дэлхийн 60 орноос иржээ. Дуган дотор гол төлөв Өмнөд Солонгосоос ирсэн хүүмүүс байв.
Дээрхийн Гэгээнтнийг сэнтийдээ заларсны дараа Тайланд лам нар Мангала буюу Их ерөөлийн судрыг пали хэлээр уншив. Тэдний араас “Билгүүний Зүрхэн” судрыг солонгосын лам хуврагууд солонгос хэлээр уншлаа.
“Солонгосын буддистууд та бүхэн номын айлдвар сонсохоор дахин хүрэлцэн ирсэн байна. Энэ удаа энгийн хэрнээ амаргүй “Билгүүний Зүрхэн” судрын тайлбарлана. Бидэнд номын айлдвар явуулах гурван хоног байгаа тул өнөөдөр бурханы шашны сургаал номлолын ерөнхий утгыг тайлбарлана. “Билгүүний Зүрхэн” судрын тайлбарыг амжвал эхлэнэ. Маргааш “Мөрийн Гурван Эрхэм” номыг товч тайлбарлана.”
“Бид XXI зуунд амьдарч байна. Хүн төрөлхтөн асар их материаллаг хөгжил дэвшилд хүрсэн энэ цаг үед бидэнд сүсэг бишрэл хэрэгтэй эсэх, ямар ач холбогдолтой вэ гэж асуух хэрэгтэй. Зарим шашны уламжлал нь асрал энэрлийг түгээн дэлгэрүүлэхдээ бүтээгч Эзэн тэнгэрийг тайлбарладаг. Үүнийг шүтэгчид бүх оршихуйг бүтээгч Эзэн бүтээсэн гэж үздэг, тиймээс бид бүгд түүний хүүхдүүд мөн, гэтэл яагаад нэг нэгнийгээ хөнөөж, нэг нэгнийхээ эсрэг тэмцээд байна вэ?”
“Энэтхэгийн самхя, жейн, буддын шашны уламжлалууд нь бүтээгч Эзэн байдгийг хүлээн зөвшөөрдөггүй. Үүний оронд бидэнд тохиох зовлон, жаргалыг бидний өөрсдийн үйлдлээс хамааралтай гэж үздэг. Тиймээс бидэнд тохиолдох бүх зүйл бидний гарт байна гэж номлодог. Зарим нь бидний бие махбодь, ухамсараас салангид “би” хэмээх байдаг гэж үздэг бөгөөд энэхүү “би” хэмээгч нь эхлэл гэж байхгүй, төгсгөл гэж байхгүй, төрлөөс төрөлд дамждаг гэж үздэг. Харин бурханы шашинтнууднарийн ухамсар төрлөөс төрөлд дамждаг гэж үздэг.”
“Бид биеийн зовлон жаргалыг мэдэрдэг, энэ нь сэтгэлтэй холбоотой, сэтгэл дээр тулдаг юм. Үүнийг үл мэдэх хүмүүс дотоод сэтгэл дээр төдийлөн анхаардаггүй. Эртний Энэтхэгийн уламжлал ёсонд дотоод сэтгэлийг маш нарийвчлан судалсан билээ. Энэ тухай шашны ном сургаалуудад бичсэн байдаг ч, энэхүү мэдлэгийг зөвхөн шашны орчинд бус шашнаас ангид, академик түвшинд судалж болно.”
“Хэрэв та бүгд зовлонгоос зайлсхийхийг хүсч байвал түүний уг үндэс, шалтгааныг олж мэдээд, тэдгээрийг арилгах боломжтой эсэхийг шалгаж, шинжлэх хэрэгтэй. Үүнтэй адил, аз жаргалын үр шалтгааныг олж мэдсэн үед, үр тариа газарт суулган үр өгөөжөө өгтөл нь усалж, бордоогоор үржүүлдэг шиг нөхцөл шалтгааныг бүрдүүлэн хөгжүүлэх, дэлгэрүүлэх хэрэгтэй.”
“Бурхан Багш шавь нартаа хандан түүний ном сургаалыг дан ганц сүсэг бишрэлээр бус сайтар шалгаж, шинжлэж байхыг зөвлөдөг байжээ. Уг болон шалтгааны үүднээс батлагдахгүй байвал дахин судал хэмээн айлддаг байв. Буддизмд учир шалтгаан, логик, гүн ухааны гүн гүнзгий хандлагыг ашигладаг тул бурханы шашны оюутан, лам хуврагууд орчин үеийн эрдэмтэдтэй үр дүнтэй харилцан яриа өрнүүлж чаддаг юм. Олон эрдэмтэд бурханы шашны юмс үзэгдлийн хоорондын харилцан хамаарлын ойлголт, үзлийг өндрөөр үнэлдэг, зарим нь сэтгэл судлал, сэтгэл хөдлөлийн талаарх ойлголтуудтай танилцаад мөн их өндөр сэтгэгдэлтэй үлддэг юм.”
Дээрхийн Гэгээнтэн сэтгэлийн түвшний ялгаануудын талаар тайлбарлалаа. Бид унтах, зүүдлэх үед мэдрэхүйн ердийн оюун ухаанаас ангид гол сэтгэл илэрдэг гэв. Бидний сэтгэлийн тав тухыг алдагдуулдаг зүйл нь сэтгэл оюуны шаналал. Уур хилэн, хүсэл шунал гэх нисваанист муу сэтгэлүүд нь биднэнд болон бусдад зовлон учруулж байдаг. Сэтгэл амгалан тайван байвал бид амгалан болдог тул дотоод сэтгэлийн талаар судалж, тавгүйтэх, уурлаж уцаарлах гэх мэт муу сэтгэлүүдийг арилгах ерөндөгийг хэрэглэж сурах нь зүйтэй юм.
“Техник технологийн хөгжил дэвшил өндөрт хүрсэн үед бид амьдарч байна, гэсэн хэдий ч дотоод сэтгэлдээ бид өөрсдөө л өөрчлөлтийг хийж чадна. Үүнийг шашнаас ангид орчинд суралцаж судлах бүрэн боломтой. Энэтхэгийн эртний үнэт “ахимса” болон “каруна” зэрэг хүч үл хэрэглэх, энэрэн нигүүлсэхүйн уламжлалууд нь өнөөдөр ч мөн адил чухал ач холбогдолтой. Энэрэл нигүүлсэл нь сэтгэлийн амар амгаланг авчирдаг. Уур хилэн, хүсэл шунал нь айдас, сэжиг зэргийг төрүүлдэг. Бидний хувьд нийгмийн амьтад учраас энэрэнгүй сэтгэлийн хариу үйлдэл нь жам ёсны зүйл юм.”
“Бурхан Багш би-үгүйн онолыг айлдахдаа аливаа зүйл нь бие даан оршдоггүй гэдгийг харуулсан билээ. Бид “би” гэдгээ хэт их үнэлсэнээр буруу бодлуудыг бэхжүүлдэг. Мөн эд зүйлсийн гадаад үзэмж сайн чанар, гоо сайханд нь хорогдож, шунадаг. Төв үзлийн онолоор аливаа зүйл бие даан оршдоггүй, бие даан оршиж буй мэт боловч, уг мөн чанараараа бүтээгүй гэж үздэг. Энэ нь квант физикийн ойлголтуудтай таардаг юм.”
“Хутагт Нагаржуна “Билгүүний Үндэс” номондоо,
Үйл болон нисванисыг арилгавал гэгээрэлд хүрнэ
Үйл болон нисванис нь төөрөлдсөн ойлголтоос үүсч
Тэдгээр нь буруу үзлээс бий болно
Тэгээд буруу үзэл нь хоосон чанараар няцаагдана.
“Тэрээр сэтгэлийн мунхаг, үйл хийгээд нисваанист муу сэтгэлүүдийг хоосон чанарын ойлголтоор арилгана гэж бичжээ. Эртний Энэтхэгийн сэтгэл судлалын арга ухааны гүнзгий мэдлэгийг орчин үеийн боловсролтой хослуулж чадвал туйлын их хэрэгтэй байж болох юм. Бусдыг энэрэх үзэл нь “би” гэсэн амин хувиа хичээх үзлийг дардагтай адил, аливаа юмс үзэгдэл бидэнд харагдаж байгаа шигээ бие даан оршдоггүй гэсэн үзэл нь сэтгэлд төрөх буруу бодлуудыг арилгадаг. Эдгээрийг хослуулан дадуулж чадваас сэтгэлд дорвитой, хүчтэй өөрчлөлт гарна.”
Дээрхийн Гэгээнтэн “Билгүүний Зүрхэн” судрыг авав. Бурхан Багш гурван удаа номын хүрдийг эргүүлсэн бөгөөд эхний удаа номын хүрдийг эргүүлэхдээ Пали уламжлалын сургаалыг Гурван сав аймгийн номын айлдвар дотор лам хуврагуудын чандлан сахих винайн сургаалыг айлдсан гэж тайлбарлав.
“Бурхан Багш Ражгирт хоёр дахь номын хүрдийг эргүүлэхдээ билиг барамидын сургаал айлджээ. Үүнийг дотор нь дэлгэрэнгүй, дунд, хураангүй гэж хуваадаг. Товчдоо “А” гэдэг үсгэнд хураагддаг, энэ нь няцааж буй үг юм. “Билгүүний Зүрхэн” судрыг 25-т (мөрийн тоогоор нь) гэж нэрлэдэг. Данжуурт “Билгүүний Зүрхэн” судрын тайлбар нэлээд хэд байдаг, үүн дотор Зинамитрагийн “Хутагт билгийн цаад чинадад хүрэхүйн зүрхэн” гэж бий.”
Дээрхийн Гэгээнтэн “хутагт” гэдэг нь илүү гарах, эгэл бодьгалаас хэтэрч гарсан, илтэд болгоосон гэсэн утгатай гэж хэлэв. Энэ эрдмийг олохын тулд ном сонсоод, баттай ойлголт аваад, дадуулж бясалгал хийснээр энэхүү түвшинд хүрнэ гэв. Мөн сэтгэл оюуны төвлөрөл, сэтгэлийн тогтвортой байдалд хүргэх самади болон юмс үзэгдлийн мөн чанарыг таних саруул билиг оюуныг төрүүлдэг випашяна бясалгал хийх хэрэгтэй гэлээ.
“Мөн бид арга, билгийг хэрхэн олж авах талаар ярилцана. Аргын тал нь бусдын тусын тулд Бурханы хутагт хүрнэ гэсэн энэрэнгүй, бодь сэтгэлийг төрүүлэх явдал юм. Билиг билгүүн гэдэг нь юмсын мөн чанарыг таниж мэдсэн билиг оюуныг хэлж байна. Буяны чуулганаар Бурханы хутагийн дүрст лагшинг олж авдаг бол, билгүүний чуулганаар номын лагшинг олж авдаг.”
“Бурхан Багш анхдугаар номын хүрдийг эргүүлэхдээ гэгээрлийн зам мөрийн үндэс суурийг тавьсан. Хоёрдугаар номын хүрдийн үед гэгээрэлд хүрэх зам мөрд ахиц дэвшил гаргах билиг барамидын сургаал айлдсан бөгөөд үүнийг Наланда уламжлалын эрдэмтэд голлож судалдаг. Гуравдугаар номын хүрдийн үед маш нарийн дотоод сэтгэлийн, гэгээн гэрлийн сургаал айлдсан юм.”
“Бурхан Багш төгс гэгээрэл бурханы хутагийг олсны дараа – “Гүн бөгөөд амгалан, цацралаас хагацсан, гэгээн гэрэл, хуран эс үйлдсэн – рашаан мэт номыг би оллоо. Гэвч үүнийг бусдад номлох аваас хэн ч үл ойлгох тул аглагт чимээгүй сууя” хэмээн айлджээ. Энэ сургаал нь хожим Бурхан Багш ямар ямар ном айлдах гэж буйг товчлон харуулж буй хэмээн ойлгож болно. Учир нь “гүн бөгөөд амгалан” гэдэгт анхдугаар номын хүрд, “цацралаас хагацсан” гэдэг нь хоёрдугаар номын хүрдийг, “гэгээн гэрэл” гэдэгт гуравдугаар номын хүрдийн утгыг агуулж бүй.”
Дээрхийн Гэгээнтэн “Билгүүний Зүрхэн” судрын эхний мөрүүдийг уншаад: “Би бээр ийн хэмээн сонссон нэгэн цагт… Тэр цагт Ялж Төгс Нөгцсөн – Бурхан Багш юмсын “гүн үзэгдэл” хэмээх самадид тэгш оршив.” Үүнээс “үзэгдэл” гэдэг нь юмс бүхэн хоосон чанартай боловч шүтэн барилдаж бий болсон гэдэг ойлголтыг гаргаж байна, “гүн” гэдэг нь эцсийн мөн чанар буюу хоосон чанарыг хэлж байна. Хэдийгээр юмс үзэгдэл нь мөн чанараараа хоосон ч, шүтэн барилдаж бий болсон гэдэг ойлголт билээ.”
Бодь сэтгэлт хараад “таван цогцсыг ч мөн чанараар хоосон хэмээн харав”, энэ нь бодьгалын би-үгүй төдийгүй юмс үзэгдэл бүхэн мөн хоосон чанартай гэдгийг илэрхийлж байна.
Дээрхийн Гэгээнтэн өнөөдрийн номын айлдварыг энэ хүрээд өндөрлөж, маргааш үргэлжлүүлнэ гэв. Тэрээр нэмэлтээр Самдон ринбочэ өнөөдрийн номоор талаар тайлбар өгнө, асуулт гарвал ичиж зоволгүйгээр асуугаарай гэлээ.