Энэтхэг, Дарамсала, Тэгчинчойлин – Өнөөдөр өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын өргөөнд хоёр бүлэг Энэтхэгчүүд дараалан бараалхсан юм. Эхний бүлгийн гишүүд нь Санкиса буюу Энэтхэгийн Залуу Буддистуудын Холбооны гишүүд болох, 13 мужаас ирсэн оюутан, багш, эмч ба инженерүүд болон тэдний найз нөхөд байсан бол хоёрдугаар бүлэг нь Энэтхэгийн Олон Нийтийн Харилцаа Холбооны Институтын оюутнууд, багш ажилтнуудаас бүрдсэн байсан бөгөөд тэд Дарамсала дахь Төвөдийн суурингуудтай танилцаж байгаа ажээ.
Дээрхийн Гэгээнтэн түүний нэн тэргүүний үүрэг бол бодь сэтгэл болон бусдыг гэсэн энэрэл нигүүлсэлийн сэтгэлийг хүмүүст ойлгуулан таниулах, дэмжин сурталчлах явдал гэж үздэгээ онцолсноор яриагаа эхлэв.
“Бид амьтан бүгдийг өөрийн төрсөн эх мэт энэрэн хайрлах ёстой гэж үздэг. Магадгүй өөр гараг ертөнцөд бидний холбогдож чадаагүй тоолшгүй олон амьтад байгаа болов уу. Энэ дэлхий дээр ч олон амьтад, шувууд, шавьж өт хорхой гэх мэт хэлгүй учраас бид харьцаж туслахад хэцүү олон амьтад байна. Тиймээс бид юуны түрүүнд өөрсдийн ижил төрөл болсон хүн төрөлхтний төлөө бүтээж чадах зүйлсээ хийх хэрэгтэй. Учир нь бид тэдэнтэйгээ адил оюун ухаан, бие махбодьтой төрж адил зан төлөвийг гаргадаг, өөрөөр хэлбэл бид хоорондоо шууд харилцах бүрэн боломжтой шүү дээ. Энэрэл хайрыг хөгжүүлэн дадуулснаар хүмүүст сэтгэлийн амар амгалан бий болдог бөгөөд тэд аз жаргалтай болдог нь үнэн юм.”
“Бид сэтгэл санаагаар унасан, уур хилэнтэй, эсвэл айдас дүүрэн байх үедээ сэтгэлийн амгалангаа алддаг. Мөнгө, алдар нэр ба эрх мэдэл сэтгэлийн амар амгаланг өгч чадахгүй, харин энэрэл нигүүлсэлийг анхаарсанаар амгалан ирдэг жамтай. Бага хүүхдүүд хамтдаа хөгжилдөн тоглохдоо бие биенийхээ итгэл сүжиг, үндэс угсаа ба арьс өнгөнд анхаарал хандуулдаггүй шүү дээ. Бидэнд яг л ийм сэтгэлийн хандлага хэрэгтэй байгаа юм.”
“Харамсалтай нь орчин үеийн боловсрол бидэнд өөрсдийн хорт муу сэтгэлүүдээ дарж сэтгэлийн амар амгаланг олох талаар тун бага мэдээлэл өгдөг юм. Гэтэл нөгөө талд бараг 3,000 жил гаруй хугацаанд “ахимса” буюу бусдад хор хөнөөл хүргэхээс татгалзах үзэл, мөн “каруна” буюу бусдыг энэрэн нигүүлсэх сэтгэл Энэтхэгт цэцэглэн хөгжиж байсан шүү дээ. Ийм сэтгэлийн дадуулгууд Бурхан Багшаас ч өмнө байсан юм шүү.”
“Анх Төвөдүүд нүүдэлчин, бас дайнч хүмүүс байсан боловч Буддизмтай золгосноор илүү энх тайван, амар амгалантай ард түмэн болсон билээ. 7-р зуунд Төвөдийн хаан Энэтхэгийн жишээн дээр суурилан Төвөд бичгийг гаргахаар шийдсэн бол 8-р зуунд өөр нэгэн хаан хэдийгээр Хятадуудтай ойр харьцаатай байсан ч Буддизмыг Энэтхэгээс оруулж ирэхээр шийдсэн байдаг.”
“Тэрээр Наландын Их Сургуулийн их эрдэмтэн, гүн ухаанч ба логикч, бас хувраг Шантаракшитаг урьснаар түүний зөвлөмжөөр Энэтхэгийн Буддизмын судар номуудыг төвөд хэл рүү орчуулах ажил эхэлсэн бөгөөд өнөөдөр бид бурханы шашны 300 гаруй боть судар номын цуглуулгатай болжээ. Эдгээрийн 100 боть нь Бурхан Багшийн өөрийн зарлиг сургаалиудыг багтаасан бол үлдсэн 200 боть нь дараа дараагийн үеийн Энэтхэгийн мастеруудын тайлбар зохиолуудыг багтаадаг юм. Орчуулгын явцад төвөд хэл маш ихээр баяжиж өнөөдөр Буддизмын үзэл онолыг хамгийн нарийн сайн тайлбарлан илэрхийлдэг хэл болжээ.”
“Пали уламжлалыг дагагчид нь Бурхан Багшийн сургааль айлдвар үнэн гэдэгт итгэн найдаж сүжиглэдэг. Харин Төвөдүүд, бидний адил Наландын уламжлалыг дагагчид учир шалтгаан ба логикт суурилан итгэл сүжгээ одуулдаг юм. Бид яагаад гэж асуудаг, яагаад Бурхан Багш үүнийг айлдав?, Тэр үүгээрээ юуг илэрхийлэв? Хятадын буддизмын уламжлал логик болон шинжлэлд анхаарал бараг хандуулдаггүй. Хятадын олон бүтээлчид төвлөрөл болон бодол үгүй бясалгалыг зөвлөдөг билээ. Шантаракшита энэ үзэл болон түүний логик ба шинжлэлд суурилсан хандлага хоёрын хооронд зөрчил гарахыг тухайн үед мэдэж байсан ажээ.”
“Тэрээр хамгийн ойрын шавь Камалашилаг Төвөдөд урьж Хятадын лам нартай ном хаялцуулахыг Төвөдийн хаанд зөвлөжээ. Хятадын үзлийг номын мэтгэлцээнээр ялсны дараа Камалашила номыг судлан суралцах болон шинжлэх бясалгалыг хөгжүүлэн дадуулахыг онцлон зөвлөсөн байдаг. Энэ хандлагын үр дүнд ч сансар судлал, мэдрэлийн биологи, физик болон сэтгэл судлал зэрэг сэдвүүдээр орчин үеийн шинжлэх ухааны эрдэмтэдтэй үр дүнтэй хэлэлцүүлгийг явуулах итгэл, чадамж бидэнд бий болсон шүү дээ.”
Дээрхийн Гэгээнтэн хүний суурь үндсэн үнэт зүйлсийг таниулан сурталчлах, шашин хоорондын эв найрамдлыг хөхүүлэн дэмжих, мөн Төвөдийн ард түмний эрдэм, соёлыг хамгаалан хадгалж үлдээх чиглэлүүдээр өөртөө үүрэг хүлээн ажиллаж байгаагаа тодруулав. Тэрээр 15-р зууны Төвөдийн мастерын хэлснийг эш татан цастын оронд Энэтхэгийн гэрэл гэгээ хүрэхээс өмнө Төвөд орон харанхуй байсныг тэмдэглэн хэллээ. Мөн тэрээр Наландын уламжлалыг Төвөдүүд хадгалан авч ирсэн нь бидний жинхэнэ бахархал мөн гэдгийг нэмж онцолсон юм.
Эрт цагт Энэтхэг улс хүний сэтгэл ухамсарын ажиллагааны тухай гүн мэдлэг ойлголтыг хөгжүүлж чадсан олон гайхамшигтай эрдэмтэн мэргэд, гүн ухаанч нарыг төрүүлснийг Дээрхийн Гэгээнтэн дурьдаад эдгээр мэдлэг нь өнөөдөр дэлхий дахинд маш чухал ач холбогдолтой байгааг онцоллоо. Энэтхэг улс энэ эртний мэдлэгийг орчин үеийн боловсролтой холбох боломжтой, бас чадвартай ганц орон гэдэгт итгэдэг учраас энэ чиглэлийн сонирхолыг төрүүлэхийг хичээн ажиллаж байгаагаа тэрээр мөн тодруулсан юм.
Оролцогчдын асуултанд хариулахдаа Дээрхийн Гэгээнтэн шашин хоорондын эвсэг оршихуйд “ахимса” болон “каруна”-гийн оруулах хувь нэмрийг онцгойлов. Бусдад хор хөнөөл учруулахгүй байх суурь хүсэл эрмэлзэл байвал хэдийгээр санал зөрөлдөөн гарч болох ч хүчирхийлэл гарахгүй байх болно.
Хувиа хичээн зөвхөн өөр дээрээ төвлөрснөөр сэтгэлийн дарамт ба хямрал үүсэх шалтгаан болдог гэдгийг Дээрхийн Гэгээнтэн зөвлөөд үүний эсрэг үр дүнтэй арга нь бүхий л хүн төрөлхтнийг анхаарсан энэрэл хайрын сэтгэлийг төрүүлэн хөгжүүлэх явдал гэдгийг тодотгов. Хүн төрөлхтөн нэг гэдгийг ухаарснаар хүн бүрийн суурь үндсэн ижил чанаруудыг хүлээн зөвшөөрөхөд хүрэх юм. Энд Дээрхийн Гэгээнтэн Бурхан Багш кастын системийн эсрэг байсныг сануулав.
“Өнөөдөр технологийн тусламжтайгаар бүх дэлхий нэг болжээ.”
Төвөдийн соёлыг дэлхий дахинтай хуваалцах тухай асуултын хариуд Дээрхийн Гэгээнтэн 1959 оноос өмнө Төвөдийн Буддизмыг ламайзм буюу жинхэнэ бурханы шашны уламжлал биш гэсэн ярьдаг байсан хүмүүс байсан гэдгийг дурьдаад харин өнөөдөр энэхүү уламжлалыг Наландын уламжлалын бодит залгамжлагч, орчин үеийн эрдэмтдийн сонирхолыг хүртэл татсан систем гэж зүй зохистойгоор хүлээн зөвшөөрч хүндлэх болсныг хэллээ.
Түүний дараагийн дүрийн тухай тодруулсан асуултанд Дээрхийн Гэгээнтэн өмнөх нь нэг сэтгүүлч энэ тухай асуухад нүдний шилээ авч байгаад түүн рүү эгцлэн харж “Энэ их яаралтай гэж та бодож байна уу?” гэж эргүүлэн асууснаа дурсаад зарим нэг Хятадын хатуу үзэлтнүүд энэ асуултын хариултыг мэдэхийг их хүсэж байгаа байх, гэхдээ тэд ахиад 30, эсвэл бүр 40 жил хүлээх хэрэгтэй болно гэдгийг тэмдэглэн хэллээ.
“Далай Ламын ирээдүй миний гарт бий. Би үхэхээсээ өмнө гэрээслэл үлдээнэ. Тэгээд дараа нь би аль нэг Буддист уламжлалтай газар дахин мэндлэх нь магадтай. Гэхдээ бүүр тэртээ 1969 онд ч би хэлж байснаар XV Далай Лам байх эсэхийг Төвөдийн ард түмэн л шийднэ. Гэхдээ энэ тийм чухал биш. Бурхан Багш дахин мэндлээгүй, гэвч түүний сургааль номлол өнөөг хүртэл оршсоор л байна. Мөн Наландын мастерууд дахин мэндлээгүй боловч тэдний зохиол бүтээлүүд үлджээ. Миний хувьд бичсэн ном, номын айлдварын бичлэгүүд үлдэж хоцрох болно. Баярлалаа.”