Энэтхэг, ХП, Дарамсала – Оюун ухаан ба Амьдрал хүрээлэнгийн захирал Сьюзан Бауэр-Ву хоёр дахь өдрийн хэлэлцүүлэгт оролцохоор морилон ирсэн Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд талархал илэрхийлээд, Өмнөд Африкаас ирсэн Пумла Гободо-Мадикизелагийн нигүүлсэл, харилцан холбоо, хувьслын тухай хэлэлцүүлгийг үргэлжлүүлэхээ мэдээллээ.
“Африк бол маш том тив. Урьд нь европынхны эзэмшилд байсан ч, одоо асар их боломж бүхий газар. Өнөөдөр бидэнтэй Африк тивийн төлөөлөл хамт байгаад баяртай байна” хэмээн Дээрхийн Гэгээнтэн хэлэв.
Хурлыг даргалагч Аарон Стерн Пумла Гободо-Мадикизелаг нийгмийн шинжлэх ухааны эрдэмтэн, клиникийн сэтгэл зүйч, Туту хамба ламын анд нөхөр, Өмнөд Африкийн Үнэн ба Эвлэрлийн Хорооны идэвхтэн хэмээн танилцууллаа. Хороонд ажилласан туршлага нь түүний ‘Тэр шөнө нэгэн хүмүүн нас нөгчсөн: Өмнөд Африкийн Өршөөлийн түүх’ номны гол үндэс болсон байна.
“Энд ирэх боломж олгож, энэ цаг мөчид бидэнтэй хамт байгаа та бүхэнд баярлалаа” хэмээн тэрээр яриагаа эхэллээ. “Хамба лам Тутгийн мэндчилгээг уламжилъя. Би түүнтэй болон эхнэртэй нь өнгөрсөн Даваа гарагт уулзсан бөгөөд намайг ийшээ явах гэж байгааг сонсоод тэд маш их баяртай байсан. Энэрэл нигүүлслийг удиртгал болгон амьдарч байгаа түүнд болон танд талархахын ялдамд та бүхэн миний хувьд зам заагч гэрэл гэгээ гэдгийг хэлэхийг хүсч байна.”
“Үнэн ба Эвлэрлийн хорооны ажилтай уялдуулан ‘убунту’ ба өршөөлийн тухай ярихыг надаас хүссэн юм. ‘Убунту’-гийн үүднээс тайлбарлахад нэг хувь хүний тухай ойлголт нь хуурамч таамаглал дээр тогтдог. Харин хүний субъектив чанар харилцан хамааралтай, бусадтай нягт холбоотой байдаг. Тухайн хүн бусадтай харьцаж байж хувь хүн болон төлөвшдөг. Хувь хүн хүн болж төрсний олон чанар бусдаас үргэлж хамаарч байдаг.
“Арьсны өнгөөр ялгаварлах дэглэмийн дараах үед хагарлыг хамтын ажиллагаа болгох үүднээс ‘убунту’-г Үндсэн хуульд тусгалаа олоосой гэж Нелсон Мандела хүсч байлаа. Гэмт хэрэг хийсэн хүмүүсээс өшөө авах тухай ойлголтыг өөрчлөх ажлыг өрнүүлснээр энэ нь Үнэн ба Эвлэрлийн хорооны ажилд тусгалаа олсон юм.”
“Апартейд дэглэмийн үед цагдаагийнханд хүүхдүүдээ хөнөөлгөсөн эхчүүдийн тухай би ярья. Цагдаагийнхны ятгалгаар нэгэн хар арьст хүү бусдыгаа заасан газар дагуулж ирсэн бөгөөд тэнд бүгд алагдсан байна. Залуу хүү уучлалт гуйсан ч ээж нар маш ууртай байв. “Яаж чи өөрийнхнийгөө худалдаж чадаж байнаа?” хэмээн тэд асууж байлаа.”
“Залуу хүү тэдний асуултад хариулахдаа эх хүний сэтгэлийн хөвчийг хөндсөн байна. Нэгэн ээж уярч, “ Манай хүүхдүүд амьд байсан бол чиний насан дээр байх байж” хэмээн хэлснээр тэдний хандлага өөрчлөгджээ. Тэд хүүг өөрийн хүү мэт харах боломж бий болсон. Хэдий өөрт нь хүнд байсан ч, гэм хор хүргэсэн хүнээ өөрөөр харж болдгийн жишээ бол энэ юм.”
“Би өөрийн ажилдаа өршөөх гэж юу болох, цаашлаад засч залруулах гэж юу болох тухай ойлгохыг хичээсэн. Сайн үйлс дэлгэрүүлэхийн тулд бид бие биендээ элгэмсэг хандах ёстой.”
“Зөв цагт хэлсэн зөв үг хүчтэй гэдэг үнэн” хэмээн Дээрхийн Гэгээнтэн нэмж хэлэв. “Бодьсатвагийн уламжлалд бид эх болсон зургаан зүйл, хамаг амьтан гэж үзсэнээр бүгдийг өөрт хамаатуулж байдаг. ‘Эцэг болсон хамаг амьтан’ хэмээвэл яах байсан нь сонин ч, эхийн хайр халамж лугаа чухал сэтгэгдэл төрүүлэхгүй байсан биз ээ.”
“Залуу хүүтэй холбогдсон эхчүүдийн бас нэг чанарыг та надад санууллаа” хэмээн Гободо-Мадикизела нэмж хэлэв. “Хүүгийн ээжид одоо ямар байгаа бол гэсэн мэдрэмж төрөх үед ээж нарын сэтгэлийн холбоо хүүг өөрөөр харах боломжийг олгосон хэмээн тэд дараа нь ярьж байсан юм. Бие махбодийн холбоо байдаг гэдгийг би бас ойлгосон. Бид энэ биеийг олж, энэ ертөнцөдд ирсэн, энэ биеийнхээ тусламжтай энэ ертөнцтэй холбогдоно.Ээжтэйгээ холбогдох бие махбодийн холбоос бидний амьдралд чухал нөлөөтэй.”
‘Убунту ’ гэх ухагдахуунд агуулагдаж байгаа үүрэг хариуцлагын талаар илүү дэлгэрэнгүй ярьж өгөхийг түүнээс Аарон Стерн хүслээ. “Тийм ээ, энэ маш чухал. Бид бусдын өмнө үүрэг хариуцлага хүлээдэг. Бусдыг мангас мэт бодох хэрэггүй. Бид буруу замаар явсан хүмүүсийг хүнлэг бусаар нь дуудан зааглах бус, харин эргээд хүний нийгэмд хөл тавихад нь туслах үүрэгтэй” хэмээн тэр хариулав.
‘Убунту’ гэх ойлголт зөвхөн Өмнөд Африкт байдаг уу гэсэн Дээрхийн Гэгээнтний асуултад, нийт Африк тивд түгсэн ойлголт хэмээн Гободо-Мадикизела хариуллаа. Руандад ижил төстэй нэр томьёо байдаг аж. Үндсэн ухагдахуун нь бусад хүмүүсийг ч мөн хүн гэж хүлээн зөвшөөрөх явдал. Үзэн ядах улс төр хэрэгжиж байгаа үед энэ үгийг үл ойшоодог. Олон түмнийг нэгтгэхийн тулд хүчин чармайлт гаргах ёстой гэсэн утга энэ ухагдахуунд оршдог.
Өнөөдөр дэлхий дээр амьдарч байгаа 7 тэрбум хүн бие бялдар, оюун ухаан, сэтгэл санааны хувьд бүгд ижил гэдгийг Дээрхийн Гэгээнтэн цохон тэмдэглэлээ.
“Өнгөрсөн үед хүмүүс зөвхөн орон нутагтайгаа холбоотой байдаг байсан бол XXI зуунд технологи, дэлхий нийтийн эдийн засаг, уур амьсгалын өөрчлөлт зэргээс улбаалан үндэстний хил хязгаарын ач холбогдол багасч байна. Өнөө үед 7 тэрбум хүн бүгд ‘бидний’ салшгүй нэг хэсэг болсон. Өөрийн эрх ашгаас өөр зүйлд анхаарал хандуулахгүй байвал зовлонд дөрлөгдөх ба бусдын төлөө санаа сэтгэл тавих аваас бүгд аз жаргалтай болно.”
“Шашин, үндэстэн ястан, арьсны өнгө өөр байх нь хоёрдугаар зэргийн ялгаа. Биднийг төрөхөд дээрх ялгаанууд ямар ч ач холбогдолгүй байдаг. Ээжүүд биднийг нэг л янзаар асарч, бид нэг л янзаар үхэцгээдэг. Бид бүгд аз жаргалыг хүсч, зовлонгоос ангижрах замыг эрэлхийлдэг. Амар амгалан, аз жаргалтай амьдралаар амьдрах эрх бид бүгдэд бий.”
“Хүч үл хэрэглэх тухай Энэтхэгийн уламжлал нь үүнтэй холбоотой. Боловсролоор дамжуулан бид сэтгэлгээгээ өөрчилж чадна. Явцуу сэтгэлгээнээсээ ангижирч, нүдээ нээх боломжтой. Аливаа шашин хайр, өршөөл, хүлээцтэй байдал, хувийн сахилга батыг номлодог учраас шашин үүнд туслах боломжтой. Гэхдээ шашны нэрийн өмнөөс хүн ардыг хөнөөж байгаа явдал нь шашин бас тохиромжгүй, дээр нь аюултай байх нөхцлийг бүрдүүлж байна.”
“Шинжлэх ухааны нотолгоо чухал ач холбогдолтойгоос гадна үр нөлөөтэй. Өнөөдрийнх шиг ийм уулзалтууд бидэнд тус нэмэр болж чадна. Илүү аз жаргалтай дэлхий ертөнцийг цогцлоох нийтлэг зорилго бидэнд бий. Хэрвээ бид сэтгэл хөдлөлийн талаар илүү гүнзгий мэдлэгтэй болвол аливааг өөрт хамаатуулах, бусдыг үзэн ядах нь бодит амьдралын талаарх буруу төсөөллөөс үүсдгийг ойлгож чадна гэдэгт би итгэдэг. Бид сэтгэлээ эерэг ба сөрөг гэдгээр нь дэнсэлж, үнэлж чадна. Сэтгэл хөдлөлөө хянахын тулд бид оюун ухаанаа дайчлах хэрэгтэй.”
Хүний өөрчлөлт хувьслын сэдвээр нийтийн хэлэлцүүлэг дараа нь явагджээ. Өөрчлөлт явагдах үед саруул ухааны нөлөөн дор өөрийн ойр тойрныхноо хайрлах бидний хайр өөрчлөгдөх ёстой хэмээн Пумла Гободо-Мадикизела хэллээ. Олон түмний эрх ашгийн үүднээс бид харилцаа холбоогоо эргэж харах ёстой. Энэ үзэгдлийг хэрхэн илүү бат бөх болгох талаар Ричи Дэвидсон асуув.
“Гол хүчин зүйл бол таньж мэдэх ба хэвшүүлэх явдал” хэмээн Дээрхийн Гэгээнтэн хариуллаа. “Энэтхэгийн уламжлалт арга бий. Эхлээд сонссон, эсвэл уншсан зүйлээ ойлгож ухаарна. Дараа нь түүнийгээ тунгаан бодож, дүн шинжилгээ хийснээр итгэл үнэмшил төрнө. Энэхүү итгэл үнэмшлээ өөртөө батжуулснаар жинхэнэ мэдлэг туршлага бий болно.”
Засч залруулах тухай ярихдаа энэ л санааг хэлэхийг хүссэн гэдгээ Гободо-Мадикизела хүлээн зөвшөөрөв. Руандад хүмүүс хуучин дайсан гэж бодож байсан хүмүүстэйгээ харьцсанаар ямар үр өгөөж гарах талаар бодох болсон тухайгаа ярилаа. Хөршүүд нь хайртай хүмүүсийг нь хөнөөсөн ч, өчигдрөөс маргааш илүү гэж итгэх нь тустай гэж хүмүүс үзэх болсон байна.
Дайсан хэмээн бодож байсан нэгнийг өөртэйгөө адилхан хүн гэж хүлээн зөвшөөрөх аваас таны дотор өөрчлөлт бий болно гэдгийг Дээрхийн Гэгээнтэн тэмдэглэн хэллээ. Эртний Энэтхэгийн хүч үл хэрэглэх зарчим буюу ‘ahimsa’, нигүүлсэл буюу ‘karuna’ –гийн тухай ойлголтууд нь дээр дурдсан сэтгэлгээнд томоохон хувь нэмэр оруулна гэдгийг тэрээр давтан сануулав. Бусдад явагдаж байгаа өөрчлөлтийн жишээг ажиглах, гэрчлэхийн ач холбогдлыг Гободо- Мадикизела хэллээ.
Хүмүүс Самдон ринбочэгийн санаа бодлыг сонсохыг хүслээ.
“Махатма Гандид тохиолдсон нэгэн явдлыг би эргэн саналаа. Тэрээр Лондонд болсон хоёр дахь дугуй ширээний уулзалтад оролцож байсан бөгөөд христийн шашны нэгэн номлогч Библээс эш татан, бид хөршөө хайрладаг шигээ дайснаа хайрлах ёстой хэмээн хэлжээ. Ганди хариу үг дуугараагүй тул номлогч үгээ давтан хэлсэн байна. Хариулахаас өөр аргагүй байдалд хүрсэн Ганди “Хамгийн хэцүү нь надад дайсан байдаггүй” гэжээ. Агуу их нигүүлсэл бол аль нэг хэсэг хүмүүст санаа тавих бус, харин хайр энэрлийг хамаг амьтанд хүртээх явдал юм.”
Бүх хүн аз жаргалтай амьдрахыг хүсдэг учраас өөрийнхөө төлөө гэх сэтгэл нь бусдын төлөө гэх сэтгэлийн үндэс болдог гэдгийг Дээрхийн Гэгээнтэн тэмдэглэн хэллээ.
Гободо-Мадикизелагийн ярьсан эмэгтэйчүүд тийм их зовлон амссан хэрнээ амьдралын баяр баясгаланг дараа нь хэрхэн амсаж чадсан талаар танхимаас нэг нь асуув. Зовлонгийн дундаас гэрэл гэгээ олж харах нэг арга нь бусадтай эв санааны нэгдэлтэй байж, нийгмийн сайн сайхны төлөө санаа тавих явдал хэмээн тэр хариуллаа. Ёс зүйтэй нийгэм байгуулах хүсэлтэй л бол бусадтай эвтэй найртай байж, шударга ёсны төлөө баттай зогсох ёстой.
Бусад ч өөртэй чинь адил эрх тэгш гэдгийг бүрэн хүлээн зөвшөөрөх шаардлага байгааг Дээрхийн Гэгээнтэн сануулаад эртний сургаалиас эш татав.
Өчүүхэн төдий ч зовлонг хэн ч үл хүснэ
Өөрт байгаа жаргалдаа сэтгэл үл ханана
Өөрийн бие болон бусдын биед ялгаа үгүй
Тиймээс бусдын жаргалд даган баясахтун
Миний тусалсан хэн нэгэн,
Миний итгэсэн хэн нэгэн
Надад асар их хор хөнөөл хийлээ ч
Номын их анд хэмээн харсугай
“Уур хилэн, хардалт, атархал бидний сэтгэлийг бусниулж байдаг. Тэдгээр сэтгэлийн сөрөг хандлагын ерөндөг нь тэсвэр тэвчээрийг өөртөө суулгах явдал юм. Өөртөө үүнийг хэвшүүлэх боломжийг хэн бидэнд олгох вэ? Бидний дайснаа хэмээн нэрлээд байгаа тэр хүн. Тиймээс тэр хүнийг бид багшаа хэмээн үзэх ёстой” хэмээн тэрээр тэмдэглэн хэллээ.
Нигүүлсэхүйг төлөвшүүлснээр тархинд ямар эерэг өөрчлөлт гардгийг, мөн уур хилэн ямар үр дагавар авчирдгийг Дээрхийн Гэгээнтэн мэдэхийг хүсч буйгаа илэрхийлэв. Энэ талаарх нотолгоо улам их олдсоор байгааг Ричи Дэвидсон хэллээ. Нигүүлсэхүйн бясалгал нь үрэвслийг, ялангуяа тархинд илрэх үрэвслийг намдааж байгаа нь саяхнаас тодорхой болоод байгаа ажээ.
Дээр дурдагдсан залуу хүүг Үнэн ба Эвлэрлийн хороонд хандахад юу түлхсэн талаар гэвш Нгаван Самтен Пумла Гободо- Мадикизелагаас асуулаа. Харууссандаа юу, энэрэн нигүүлссэндээ юу?
“Аль аль нь байх,”хэмээн тэр хариулав. “Хийсэн зүйлээ эргэж хараад ‘Би засч залруулах ёстой ’ гэж бодсон байх хэмээн би бодож байна. Ичиж айсан хүн бусадтай ойртож чаддаггүй. Хийсэн хэргийнхээ үр дагаврыг хүлээн зөвшөөрснөөр бусадтай харьцаж чадна. Үүнийг л би засч залруулах гэж нэрлээд байгаа юм.”
Хэлэлцүүлгийн төгсгөлд Сьюзан Бауэр-Ву нэмж үг хэлэх эсэхийг нь Дээрхийн Гэгээнтнээс асуулаа.
“Алгаа. Гэхдээ ийм төрлийн уулзалт маш ач тустай гэдгийг хэлмээр байна. Өнөө өглөө би Оюун ухаан ба Амьдрал хүрээлэнгийн удирдлагуудтай уулзахдаа бидний ажил явцуу хүрээгээр хязгаарлагдах ёсгүй гэдгийг сануулсан. Бид нийт хүн төрөлхтний төлөө санаа зовж байна. Орос, Япон, Хятад, Вьетнам, Солонгос зэрэг орны хүмүүс сэтгэлээ төлөвшүүлэх арга замын талаар зарим төсөөлөлтэй байдаг. Тэдгээр орны төлөөллийг бид энэ хэлэлцүүлэгтээ урьж, тэд ч мөн бидний хийж байгаа ажлыг ойлгох болно. Бидний эцсийн зорилго бол хүн төрөлхтөнд туслах явдал юм” хэмээн Дээрхийн Гэгээнтэн айлдав.