Энэтхэг, ХП, Дармасала – Өнөөдөр өглөө дийлэнх нь 1979 онд Ахмадабад хотод Менежментийн дээд сургуулийг төгссөн энэтхэг хүмүүсийн баг иргэний ёс суртахууны талаархи Дарамсала хотод болох бага хуралд оролцох, мөн Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд бараалахаар хүрэлцэн ирлээ. Тэд бизнесийн хөтөлбөрт орсон дэлхий дахины бизнесийн ёс зүй сэдвийн хүрээнд Төвөдийг судлахаар ирсэн Цукербергийн институтын бизнесийн удирдагчидтай нэгдэв.
Дээрхийн Гэгээнтэн тэдэнтэй ах, дүү нартайгаа мэндчилж байгаа шигээ мэндчилж, бид хүнийхээ хувьд бүгд адил гэдэгт онцгойлон анхаарах нь хичнээн чухал болохыг тайлбарласан юм.
“21-р зуунд дэлхий дээр 7 тэрбум хүн амьдарч байгаа бөгөөд улс орон бүр тухайн орныг жолоодогч нарт бус, харин тэнд амьдардаг хүмүүст харьяалагддаг. Бид нийгмийн амьтад учраас хүний үндсэн мөн чанар нь энэрэнгүй билээ. Нийгэм бол бидний оршин тогтнох үндэс суурь бөгөөд өнөө үед технологи нь хүн төрөлхтнийг нэгдмэл болоход тусалсаар байна.”
Дээрхийн Гэгээнтэн айлдахдаа эртний Энэтхэгийн ахимса – хүч үл хэрэглэх ба каруна – энэрэл нигүүлсэл хэмээх уламжлалуудыг магтан сайшаагаад эдгээр нь өнөө үед ч хамаатай хэвээр байгааг онцолсон юм. Байнгын амар тайван байх сэтгэлийг хөгжүүлэх ба бодит байдлыг ойлгох оюун ухааныг хөгжүүлэх энэхүү уламжлал нь оюун ухааны талаарх гүн гүнзгий ойлголт, мөн муу сэтгэл хөдлөлийг зогсоох арга замуудыг бий болгосон гэлээ.
Түүний ажигласнаар урьд өмнө сургалтын төвүүд ихэвчлэн шашны байгууллагуудтай холбоотой байв. Материаллаг зорилготой орчин үеийн боловсрол нь дотоод үнэт зүйлс, оюун ухаанд бага анхаарал хандуулж байна. Шашин нь сэтгэлийн амар амгаланд хэрхэн хүрэхийг заадаг боловч олон газарт шашны нөлөө буурсан байгаа ажээ.
“Би Европын Холбооны зорилго чиглэл, нийтийн сайн сайхныг онцлон анхаардагт нь ихээхэн хүндэтгэлтэй ханддаг. Европын Холбооны гишүүн орнуудын дунд энх тайван 70 гаруй жилийн туршид оршин тогтнож ирсэнээс харвал хүмүүс төлөвшиж байна гэж үзэж болохоор байна.”
“Цаг уурын өөрчлөлт бол хүн төрөлхтний өмнө тулгараад буй тулгамдсан асуудал билээ. 1960 оноос хойш миний амьдарч байгаа Дарамсала хотод цас орох нь илт багасч байна. Эрдэмтэд байгаль орчинд хүмүүс сөргөөр нөлөөлж байгаад, мөн үүний үр дагаварт ноцтой санаа зовж байна. Грета Тунберг охин хүмүүсийг арга хэмжээ авахыг уриалж байгаа нь гайхалтай юм. Саяхан байгаль экологийн талаархи уулзалтад оролцож байсан нэгэн хүн "Хэрэв бид ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол дэлхийн ихэнх хэсэг нь 80 жилийн дотор цөл болно" гэж надад хэллээ. Уур амьсгалын өөрчлөлтийн сорилт нь нийт хүн төрөлхтний сайн сайхны тухай бодох шаардлагатайг тодорхой харуулсан сануулга юм.”
“Бидний амьдралын зорилго бол аз жаргалтай, баяр баясгалантай байх явдал. Аз жаргалтай байхад сэтгэлийн амар амгалан нэн чухал бөгөөд үүнийг олж авахын тулд бид сэтгэл хэрхэн ажилладаг талаар сайн ойлголттой байх хэрэгтэй. Энэ ойлголт дээр үндэслэн муу сэтгэлийг хазаарлан зогсооход суралцах ёстой юм. Юмс үзэгдэл бүгд харагдаж байгаа шигээ дан ганц өөрсдийн зүгээс бие даан орших боломжгүй гэх бодит байдлын талаарх тодорхой ойлголттой байх нь ихэд тустай. Квантын физикийн талаас хийсэн ажиглалт үүнийг баталдаг.”
Дээрхийн Гэгээнтэн оролцогчдын хэд хэдэн асуултанд хариулах үеэр дайсагнасан хүмүүстэй хэрхэн харьцах талаар тайлбарлахдаа бидэнд тэсвэр тэвчээрийг заадаг тул бид дайснуудаа багш гэж үзэж болно хэмээн айлдлаа. Тэрээр найз нөхөд, садан төрлөө энэрэн хайрлах сэтгэл нь минийх гэх сэдэлтэй холбоотой бол дайснаа энэрэх сэтгэл нь жинхэнэ энэрэл нигүүсэл юм гэлээ.
Тэрээр дэлхий нийтийн энх тайван нь сэтгэлийн амар амгалангийн талаарх иргэний ойлголт олсон хувь хүмүүсээс хамаарна гэсэн үзэл бодлоо давтан өгүүлэв.
Дээрхийн Гэгээнтэн төгсгөлд нь 'хүсэл' гэдгийг тайлбарлахдаа бодит ба бодит бус хүслийг ялгах хэрэгтэйг онцлоод сайн хүн байх хүсэл нь эерэг хүсэл мөн хэмээн нэмж айлдсан юм.