Энэтхэг, ХП, Дарамсала – Өнөө өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Лам өргөөнөөсөө Зүглаг Хан дуганы зүг алхахад үүлгүй нартай сайхан өдөр байлаа. Дуганы дотор, гадна цугларсан хүмүүстэй мэндчилж, багачуудын хацрыг илж, зарим хүмүүстэй үг солилцож, гар хүрэх боломжгүй хол суусан хүмүүсийн зүг даллаж байв.
Тэрээр дуганы дотор морилон ороод Гандан Ширээт асан Ризон ринбочэтэй хүндэтгэлтэйгээр мэндчилсний дараа сэнтийдээ заларлаа. Ингээд Тайландын лам нар Мангала буюу Их ерөөлийн судрыг пали хэлээр, дараа нь “Билгүүний Зүрхэн” судрыг хятад хэлээр уншив.
Дуганын эргэн тойронд 61 орноос 7,500 гаруй сүсэгтэн олон цугларсан байна. Эдгээрээс Тайваны олон улсын Төвөдийн Буддист Нийгэмлэгийн ивээл дор 21 байгууллагыг төлөөлж 1,127 сүсэгтнүүд хүрэлцэн иржээ. Хамгийн том бүлэг нь 850 хүний бүрэлдэхүүнтэй “Bliss and Wisdom” байгууллага байв.
Уламжлалт мөргөлийн уншлага уншиж дууссаны дараа Дээрхийн Гэгээнтэн Далай Лам айлдвараа эхэллээ.
“Тайвань болон бусад орны хятад иргэд энэ удаагийн номын айлдварт хүрэлцэн ирсэн байна. Номын айлдварын үед бид өөрсдийн дотоод сэтгэлийг засах арга замд суралцах юм. Бурханы шашин, үүн дотор Наландагийн уламжлал нь сэтгэл судлалыг учир шалтгаан, логикийн үүднээс нотлон тайлбарладаг. Учир шалтгааны үүднээс уур хилэн, хүсэл шунал, атаа хорсол зэрэг хор хөнөөлтэй сэтгэл хөдлөлийг арилгах арга замыг тайлбарлаж өгдөг бөгөөд энэ нь бидний дархлааг сайжруулах гэх мэт бие махбодид ч ач тустай байдаг.”
“Бид өвчтэй байхдаа эм ууж эдгэрдэгтэй адил сэтгэл санаа хэрхэн тавгүйтэж, хямарч байгааг олж мэдээд үүний эсрэг ерөндөг хэрэглэж сурах хэрэгтэй. Уурласан үедээ яагаад гэж асуух хэрэгтэй. Уур хилэн нь хэн нэгнийг дайсан мэт харагдуулж болзошгүй ч байдал өөрчлөгдөж болно. Өнөөдөр дайсан мэт санагдаж байгаа хүн маргааш найз болж болно. Хэн нэгэн таныг шүүмжлэхэд та уурлавал танд үр дүнгүй, харин тэсвэр тэвчээртэй, сайхан сэтгэлийн үүднээс хандвал сэтгэлээр унахгүй, хямрахгүй. Уур хилэн, бардам зан, атаархал нь сэтгэлийн амар тайван байдлыг алдагдуулдаг. Мөн таны эрүүл мэндэд муугаар нөлөөлж, найз нөхөдтэйгээ харилцах харилцаанд ч хүндрэл үүсгэнэ.”
“Бид бүгд аз жаргалтай байхыг хүсдэг тул сэтгэлийн амгалан тайван байдалд илүү анхаарах хэрэгтэй. Үүнийг хөгжүүлж, хадгалах нь зөвхөн шашин шүтлэгтэй холбоотой бус, амар амгаланд хүрэх энгийн алхам юм. Бүх шашны улажлалууд сэтгэлийн энэрэн нигүүлсэхүйг номлодог. Учир нь бид нийгмийн амьтад юм. Бидний сайн сайхан бидний амьдарч буй нийгмийн гишүүдээс хамаарна. Эхийн хайранд өссөн хүүхэд эелдэг зөөлөн хүн болж хүмүүждэг. Урьд өмнө хүмүүс гэр бүлийнхэнтэйгээ, харьцангүй цөөн бүлгээр амьдардаг байсан бол өнөөдөр бид бүгд нэг нэгнээсээ салшгүй хамааралтай болжээ. Дэлхийн долоон тэрбум хүн бүхэлдээ нэг том гэр бүл юм. Тиймээс хүн төрөлхтний эв нэгдлийг санах нь нэн чухал байна.”
“Буддын шашинд эх болсон зургаан зүйл, хамаг амьтны тусын тухай гэж номлодог. Гэвч нэг нэгнийгээ ойлгож, тусалж чадах нь ганц хүн юм. Саруул оюун ухаан байхгүй, хэл яриа байхгүй амьтанд туслах нь илүү хэцүү.”
Хор хөнөөлтэй сэтгэл хөдлөлд автваас үүний ач тус гэж үгүй, харин бусдыг хайрлах бодь сэтгэлийг хөгжүүлбэл аз жаргалд хүрнэ.
“Хэрвээ бусдын төлөө гэсэн бодь сэтгэлийг хөгжүүлбэл хамаг амьтан таны найз нөхөд байх болно. Бүгд найрсаг хандаж, дайсан үгүй болно. Эсрэгээр, зөвхөн өөрийн сайн сайхны тухай бодох аваас бүгд айж эмээх болно. Мөн эрдэнэт хүний төрлийг олж төрөх нь маш ховор бөгөөд үнэтэй юм. Учир нь бидэнд саруул оюун ухаанаараа бусдын төлөө гэсэн бодь сэтгэлийг бий болгох зорилгодоо хүрэх боломж бүрддэг.”
Дээрхийн Гэгээнтэн шашин болгон сайхан сэтгэлийг номлодог, үүнийгээ өөр өөрийн үзэл онолоор тайлбарласан байдаг тухай айлдлаа. Иудаизм, христ, лалын шашны уламжлал нь бүтээгч Эзэн-д итгэдэг, тиймээс хүн төрөлхтнийг түүний хүүхдүүд хийгээд ахан дүүс хэмээн үздэг байна. Энэтхэгийн самхя, жейн, буддын шашны уламжлалууд нь зовлон, жаргалыг цэвэр бидний өөрсдийн үйлдлээс хамааралтай гэж үзжээ. Энэхүү үзэл бодлын үндсэн дээр хүчирхийлэл үл хэрэглэх санаа гарч, хожим нь Бурхан Будда хүлээн зөвшөөрсөн юм гэв.
Бурхан Багш гол суурь болсон сургаалиудаа пали хэлээр бүх нийтэд айлджээ. Энэ уламжлалыг Шри Ланка, Мьянмар, Тайланд болон Зүүн Өмнөд Азийн бусад улс орнууд дагаж мөрддөг. Хожим нь ном сургаалийг илүү шинжлэх ухааны хэлээр буюу санскрит хэлээр айлдсан гэлээ. Мөн тэрээр буруу ойлголт үүсэхээс сэрэмжилж Их хөлгөн, Бага хөлгөн хэмээн хуваах бус, пали уламжлал, санскрит уламжлал гэхийг илүүд үздэг гэв. Пали уламжлалын лам нар винайн сургаалийг чандлан сахидаг бол санскрит уламжлалын Наландагийн лам нар Бурхан Багшийн айлдсан сургаалийг шууд хүлээн авалгүй, учир шалтгааны үүднээс нягталж судалдаг онцлогтой юм гэлээ.
Бурхан Багш өөрөө дархан хүн шижир алтыг сайтар шалгадагтай адил миний сургаалийг сайтар нягталж, судалж үзсэний дараа дагах эсэхээ шийдэх хэрэгтэй гэж айлджээ. Хутагт Нагаржуна болон түүний дараагийн олон эрдэмтэн мэргэдүүд Бурхан Багшийн айлдсан сургаалийг маш гүнзгий түвшинд үзэж, судалсны эцэст үгчилэн хүлээж авах, үгчилэн хүлээж авалгүй, тайлбартайгаар хүлээн авах гэж хоёр ангилсан байна.
Дээрхийн Гэгээнтэн амар амгалан саруул ухааныг хөгжүүлэх нь чухал бөгөөд үүний тулд шашин шүтлэгтэй байх албагүй гэдгийд онцоллоо. Сөрөг сэтгэл хөдлөлийг арилгах арга замыг сурч мэдэх нь чухал хэмээгээд нийгмийн харилцаа, сэтгэл хөдлөл, ёс зүйд суралцахүй (НХСХЁЗС) хөтөлбөрийг орчин үеийн боловсролын тогтолцоонд нэвтрүүлэхийг уриалсан гэдгээ дурдав.
Мөн тэрээр буддизм нь бодит байдлын мөн чанарын талаар гүн гүнзгий ойлголттой гэж үздэг боловч буддын шашинтнууд энэхүү мэдлэгээ бусдад туслах зорилгоор ашиглах нь чухал юм гэлээ. Гүн ухааны болон сэтгэлзүйн үзэл санааг анх шашны ном сургаальд танилцуулж, тайлбарласан ба эдгээрийг өнөө цагт шашнаас ангид, эрдэм шинжилгээний үүднээс хэрэглэж болно гэв.
Дээрхийн Гэгээнтэн Бурхан Багшийн болон түүний дараа дараагийн Энэтхэгийн эрдэмтэн мэргэдийн сургаалийн орчуулгын 300 боть Ганжуур, Данжуурын агуулгыг шинжлэх ухаан, гүн ухаан, шашны гэсэн гарчгийн дор ангилах, системжүүлэх ажил явагдаж буй, мөн энэхүү ангилалын дагуу төвөд, хятад, англи, монгол, орос болон бусад хэл рүү орчуулагдаж эхэлсэн тухай дурдлаа. Шинжлэх ухааны ботийн эмхэтгэлийг дуусгасан бөгөөд гүн ухааны талаарх номын ажил үргэлжилж байна гэв.
Дээрхийн Гэгээнтэн бурханы шашны уламжлалын хүрээнд би-үгүйн онол, юмс үзэгдлийн мөн чанарын тухай өөр өөр хандлагыг тайлбарлав.
“Сэтгэл төдийтнүүд юмс үзэгдэлд гадаад материаллаг зүйл үгүй ба сэтгэл оюунд үлдсэн ул мөр, авьяасын илрэл гэж үздэг. Мөн тэд тухайлсан үзэгдлийг таних ухамсар ба үзэгдэхүүн хоёр нь хоёрдмол бус чанартай гэнэ. Төв үзлийн онолоор юмс үзэгдэл хоосон чанартай бөгөөд түүнийг танигч оюун ухаан ч мөн адил хоосон чанартай гэж үздэг. Юмс үзэгдэл зөвхөн нэр томьёололын төдийд л оршин тогтоно гэж үздэг юм.”
“Билгүүний Зүрхэн” сударт:
“Шарипутра асуув “Язгуурын хөвгүүн хэн нэгэн Билгийн цаад чинадад хүрэхүйн гүн явдлаар явахыг хүсэгч бээр хэрхэн суралцах болой?” Жанрайсиг ”Язгуурын хөвгүүн хийгээд язгуурын охин хэн нь ч Билгийн цаад чинадад хүрэхүйн гүн явдлаар явахыг хүсэгчид үүнчлэн шинжихтүн. Таван цогцос эдгээр нь ч мөн чанараар хоосон хэмээн чин үнэнээр сайтар харагтун. Дүрс хоосон, хоосон нь ч дүрс болой” хэмээн айлдсан байна.
“Бидэнд үзэгдэж байгаа гадаад материаллаг зүйлүүд үзэгдэж байгаа шигээ тусдаа бодитоор байхгүй. Дүрс хоосон гэдэг нь бидэнд үзэгдэж байгаа шигээ бодит биш гэсэн утгыг илэрхийлж буй.”
Юмс үзэгдэл нь олон хүчин зүйлээс бүрддэг тул тэдгээр нь зөвхөн нэр, үгээр томьёологдсон хэлбэрээр оршдог. Эргэцүүлэн бодож дүн шинжилгээ хийхээр өөрийн бодит мөн чанаргүй.”
“Дүрсээс тусад хоосон үгүй, хоосноос ч тусад дүрс үгүй.”
“Сэтгэл нь биет бус, ухамсрын мөчлөг бүрийн цувраа, хэлхээ байдлаар оршино.”
“Хутагт Нагаржунайн “Билгүүний үндэс” номын 24-р бүлэгт бид яагаад сансрын хүрдэнд эргэн төрдөг талаар тайлбар өгсөн юм. 18-р бүлэгт би-үгүйн онолын тухай, 24-р бүлэгт Хутагтын Дөрвөн Үнэний тухай айлдсан билээ.”
“Буддапалита, Чандракирти нар “Билгүүний үндэс” номонд тайлбар хийсэн юм. Богд Зонхов эдгээрийг болон өөр олон сонгодог бүтээлүүдийг судалсны дараа өөрийн сургааль номоо бичсэн. Нэгэн удаа Богд Зонхов Манзушри бурхантай уулзаад зарим зүйлийг ойлгоход хэцүү байгааг айлтгасанд Манзушри бурхан түүнд товч тайлбарлаад дахин ном үзэж суралцах, ямар ямар номыг хэрхэн үзэх талаар зөвлөсөн байна. Хожим нь Буддапалитагийн төв үзлийн номыг үзээд Богд Зонхов хоосон чанарын онолыг бүрэн гүйцэд ухаарчээ.”
Дээрхийн Гэгээнтэн сүсэгтнүүдэд хандан Бурхан Будда нь багш хүн байсан, тиймээс түүний ном сургаалийг үзэж судлах нь хамгийн чухал гэв. Бурхан Багшийн сургааль Төвөдөөс өмнө Хятадад дэлгэрсэн тухай, Хятад мөргөлчин Шуанзан эх орондоо буцаж ирэхээсээ өмнө Наландагийн уламжлалыг судлаж байсан тухай дурдлаа. Иймээс Хятад, Төвөдийн буддизм нь Наландагийн уламжлалаараа адилхан ажээ. Ялгаа нь ловон Дигнага болон Дармакирти нарын учир шалтгааны ба танин мэдэхүйн онол нь төвөд хэл рүү орчуулагдаж, харин хятад хэл рүү орчуулагдаагүйд оршино.
Дээрхийн Гэгээнтэн хутагт Нагаржунайн “Эрдэнийн Эрхи” номын 1-р бүлгийг тайлбарлахаар төлөвлөсөн тухайгаа цухас дурдав. Үүнд илт өндөр буюу сайн заяаг хэрхэн олох тухай, дараа нь нирваан болон төгс гэгээрэл бурханы хутагийг хэрхэн олох гэсэн хоёр зүйлийг номлодог байна.
“Хамгийн чухал нь аз жаргалыг хэрхэн олох тухай номлож буй. Сайн үйл нь эцэстээ гэгээрэлд хүргэх болно.”
“Сэтгэлд өөрчлөлт гарна гэдэг нь хоромхон зуурын зүйл биш, хичээнгүйлэн тууштай үзэж судлаад, дадлага болгож чадвал ач тусаа өгөх нь гарцаагүй. Уншсан, сонссон зүйлээ олон дахин бодож, нягтлах хэрэгтэй, үр дүнд нь баттай итгэл үнэмшил бий болно. Баттай ойлгосон зүйлээ сэтгэлдээ дадуулваас өөрчлөлт гарах болно.”
Дээрхийн Гэгээнтэн өнөөдрийн номын айлдвараа өндөрлөөд, сүсэгтэн олонд өөр багш үргэлжлүүлэн өнөөдрийн номын айлдварын талаар тайлбар хийх ба чимээгүй суулгүй, эргэлзээтэй, ойлгоогүй зүйлүүдээ сайн асууж лавлаарай гэв.
Маргааш тэрээр номын айлдвараа үргэлжлүүлнэ.