Энэтхэг, Шинэ Дели – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам өнөөдөр одоогоос 40 жилийн өмнө Лама Түвтэн Еши болон Зопа ринбочэ нар үүсгэн байгуулсан Дели хот дахь Түшита Махаяана бясалгалын төвийн 40 жилийн ойд оролцохоор хүрэлцэн ирлээ. Үйл ажиллагаа Дели хотын төвд орших гэгээн Колумбын нэрэмжит дунд сургуульд зохион байгуулагдаж буй тул Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын айлдварыг сонсохоор Дели хотын 5000 гаруй сурагч хүүхдүүд цугласан байв.
Түшита төвийн захирал доктор Ренүка Синх болон гэгээн Колумбын дунд сургуулийн захирал, эцэг Е.Л. Миранда нар Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг угтан авлаа. Түшита төвийн дэмжигч гишүүдтэй богино уулзалтын үеэр тэрээр Лама Еши болон Зопа ринбочэ нар Бурхан Багшийн айлдварыг дэлхий дахинд таниулахад үнэтэй хувь нэмэр оруулсан хэмээн тэмдэглэн хэлэв.
“Өдгөө XXI зууны буддистууд гагц сүсэг бишрэлээс илүү мэдлэг, учир шалтгаанд шүтдэг байх хэрэгтэй. Бурхан Багш өөрийн шавь нарт түүний үгийг шууд хүлээн авах бус шалгаж нягталж үзэх хэрэгтэй гэж айлдсан юм. Бурхан Багш хүн болон юмс үзэгдэл бүгдийн орших ахуй нь хоосон гэдгийг айлдсан бөгөөд шавь нарт үүнийг судалж мэдэхийг уриалсан байна.”
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам цугларсан олны зүг гар даллан мэндлээд индэрт зассан суудалдаа суув. Гэгээн Колумбын нэрэмжит дунд сургуулийн хүүхдүүд дуу, бүжгийн үзүүлбэр үзүүлсний дараа Ренүка Синх түүнийг цугласан сурагч хүүхдүүдэд танилцууллаа. Дараа нь НҮБ-ын Хүүхдийн эрхийн төлөөх конвенцийн 20 жилийн ой тохиож байгааг мэдэгдсэн бөгөөд ядуу хүүхдүүдийг халамжилж, боловсрол олгодог Пратек ТББ-ын сурагч хүүхдүүд хүүхдийн эрхийн сэдэвт үзүүлбэр үзүүлэв.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам дараа нь нэг жилийн өдөр бүрт тохируулсан тэмүүлэл, урам зоригийг бадраах сургааль бүхий “Өдөр тутмын тэмүүлэл” хэмээх номын нээлт хийлээ. Энэ номыг Ренүка Синх Дээрхийн Гэгээнтний айлдваруудаас түүвэрлэн авсан байна.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам цугласан олонд хандан “Хөгшин залуу, эрэгтэй эмэгтэй ахан дүүс нар аа!” хэмээн мэндлээд залуу хүүхдүүдтэй уулзаж байгаадаа туйлын баяртай байгаагаа мэдэгдэв. Тэрээр удахгүй 85 насанд хүрэх гэж буй боловч залуу хүмүүстэй уулзах бүрт өөрийгөө залуу болсон мэт мэдэрдэг гэв.
“Цаг хугацаа үргэлж явж байна. Үүнийг зогсоох юу ч байхгүй. Тиймээс цаг хугацааг сайтар ашиглаж чадаж байгаа эсэхээ өөрсдөөсөө асуугаарай. Өнгөрснийг бид яаж ч чадахгүй, харин ямар ирээдүй ирэх нь өнөөгийн бидний хийж буй үйл хэргээс шалтгаална. Бид илүү аз жаргалтай ирээдүйг бий болгож чадна, мөн золгүй ирээдүй ч биднээс шалтгаална. XXI зууны залуучуудад бүх боломж бий. Хүн төрөлхтөн бид дайн тулаан гэх мэт өөрсдийн бий болгосон маш их зовлонг үзэж тууллаа. Үүнийг бид өөрсдөө бий болгосон учир үүнийг үгүй хийх боломж бас бидэнд бий.”
“Дайн тулаан, хүчирхийлэл нь уур хилэн, амин хувиа хичээсэн өчүүхэн бодлоос үүдэлтэй байдаг. Хэрэв бид хүн төрөлхтөн нэг гэдгийг илүү сайн ухаарч чадсан бол “бид” ба “тэд” гэж хуваагдахгүй, нэг нэгнээ дээрэлхэх, егүүтгэх явдал гарахгүй байсан юм.”
“Хүн төрөлхтөн нийгмийн амьтад бөгөөд харилцан хамааралтай нийгмээс шалтгаалан амьд үлдэж чадна. Хуучин цагт хүмүүс зөвхөн өөрийн гэр бүл, өөрийн нутагт анхаарал хандуулдаг байсан бол эдүгээ нэгэн нийгэмд харьяалагдан амьдарч байна.”
“Бурханы шашинтнууд эх болсон зургаан зүйлийн хамаг амьтдын төлөө залбирдаг. Жүүд, христ, муслимын шашинтнууд бүхнийг бүтээгч Эзэн тэнгэрийг хүлээн зөвшөөрдөг ба хүн төрөлхтөн нэгэн эцгийн хүүхдүүд тул нэг нэгнээ ахан дүүс гэж үздэг. Бид нэг нэгэнтэйгээ зэрэгцэн амьдрах шаардлагатай. Самхяагийн зарим уламжлал, мөн жейн болон буддын уламжлалд бүтээгч Эзэн тэнгэрийг хүлээн зөвшөөрдөггүй ч хүч үл хэрэглэх – ахимса болон энэрэнгүй – карунаг чухалчилан номлодог. Үүнийг дадлага болгож чадвал хүн аяндаа илүү амар тайван, илүү энэрэнгүй болно.”
“Хүч үл хэрэглэх болон энэрэнгүй сайхан сэтгэлийг шашнаас ангид байр сууринаас хөгжүүлэх нь өнөөгийн дэлхийд нэн чухал болсон нь тодорхой байна. Эдгээрийн үнэт чанар бидний амьдралд чухал юм. Үүнд анхаарал хандуулж буй хүмүүс залбирал, зан үйл төдийхнөөр эдгээрийн үнэт чанарыг олж чадахгүй, харин мэдлэг боловсролоор олох болно. Өнөөгийн боловсролын тогтолцоо нь материаллаг зорилгод чиглэжээ. Үүнийг сэтгэл оюунаа хэрхэн дадлагжуулах, сөрөг муу сэтгэл хөдлөлийг хэрхэн дарах арга ухаантай хослуулах хэрэгтэй.”
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам өөрийн үндсэн дөрвөн үүргийн талаар танилцууллаа. Боловсролоор дамжуулан энэрэл хайрыг хөгжүүлэх, мөн шашин болгон бусдад анхаарал хандуулахыг номлодог тул шашин хоорондын эв зохицлыг хөгжүүлэх, Төвөдийн эмзэг байгаль, түүнийг амьд хадгалан авч үлдэх, эцэст нь оюун ухаан хийгээд сэтгэл хөдлөлийн талаарх эртний Энэтхэгийн мэдлэг ухааныг ахин сэргээх үүргүүдийн талаар тайлбарлав.
Тэрээр Наланда уламжлалд хэрхэн суралцдаг тухай тайлбарласан юм. Эхлээд сонгодог ном зохиолуудыг цээжилнэ, дараа нь үг тус бүрээр нь нягталж, тайлбарласан ном зохиолыг үзэж судлах ба эцэст нь олж авсан ойлголтоор бусадтай мэтгэлцдэг байна. Төвөдөд дэлгэрсэн Наландагийн уламжлал ийм зарчим дээр үндэслэдэг тул дотоод сэтгэл оюуны талаарх шинжлэх ухаанч судалгаа нь өнөөгийн дэлхийд чухал шаардлагатай болж буй ажээ.
Мөн Дээрхийн Гэгээнтэн цааш нь ярихдаа бид хувийн ашиг сонирхолд хөтлөгддөг, гэвч үүнийг тэнэг ахархан бодлоор бус мэргэн ухаанаар гүйцэлдүүлэх хэрэгтэй гэж зөвлөв. Учир нь бидний амьдрал бусдаас хамааралтай, иймийн тул бусдад анхаарал хандуулах нь өөрт ашигтай гэв.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Түшита төвд эртний гаадамбын их багш Бодовын шавь, гэвш Ланри Танбагийн зохиосон “Оюун судлахуйн найман шүлэг” номыг товч тайлбарлав. Гэвш Ланри Танба бодь сэтгэлийг дадлагжуулсан гайхамшигт багш байжээ. Эхний мөр нь би цаг үргэлж хамаг амьтдад сайн сайхныг хүсье гэсэн утгатай байв. Дээрхийн Гэгээнтэн энэ хэсэгт “би” гэж яг юу вэ, хаана байна вэ гэдгийг асууж үзэх хэрэгтэй гэлээ.
Хоёр дахь мөр нь бусдыг бүхнээс дээр тавьж сайныг хүсэх тухай байлаа. Энэ нь өөрийгөө бусдаас дээгүүр тавьдаг амин хувиа хичээхийг арилгахад тустай гэв. Дараагийн гурван шүлэгт бидний сэтгэл хөдлөлийн аль аль нь сөрөг үр дагавар авчирдаг болон аль нь эерэг үр дүнг өгдөг тухай гаргажээ. Дөрөв дэх шүлэгт энэрэнгүй сэтгэлийг хэрхэн төрүүлэх тухай өгүүлэх бөгөөд ялангуяа бидний дайсан бидэнд энэрэнгүй сэтгэлийг төрүүлэхийн шалгуур болдог тухай өгүүлсэн байна.
‘Ялагдлыг өөртөө авч, ялалтыг бусдад өгөх болтугай’ гэсэн ба мөн ‘Эх болсон хамаг амьтдад өөрийн аз жаргалаа өгч, тэдний өвчин зовлон бүгдийг өөр дээрээ авах болтугай’ гэсэн утга бүхий 6, 7-р бүлгүүдэд өгөх, авахуйн увидсыг гаргасан байна. 2008 онд Лхас хотод Төвөдүүд жагсаал цуглаан зохион байгуулахад удахгүй тэдэнд ирэх аюулыг өөр дээрээ хүлээн авч буйгаар Дээрхийн Гэгээнтэн бодож бясалгажээ. Тэрээр Хятадын удирдлагуудын уур хилэнг өөр дээрээ авч, өөрт буй аз жаргал, энэрэл хайрыг тэдэнд өгч байна хэмээн бясалгасан байна. Энэ нь бодит байдалд дорвитой нөлөөлөхгүй ч өөрийн дотоод сэтгэлийн амар амгаланг алдахгүй байхад ихэд тустай гэдгийг онцолсон юм.
Сүүлийн шүлэгт ‘Юмс үзэгдэл бүгдийг хоосонд харах болтугай’ гэсэн байна. Энэ хэсэгт шүтэн барилдлагын онолоор юмс үзэгдэл бүхэн өөрсдийн үзэгдэж буйтай адил орших боломжгүй гэдгийг үзүүлжээ. Аливаа юмс бүхэн өөрийн талаасаа орших боломжгүй гэв.
Асуулт хариулт явагдах үед Ренүка хүмүүсийн ирүүлсэн асуултыг уншиж танилцуулж Дээрхийн Гэгээнтэн товч хариулж байлаа.
А. Энэрэнгүй, саруул билиг оюун хоёрын аль нь түрүүлж төрөх вэ?
Х. Саруул билиг оюуныг төрүүлэхэд хугацаа шаардагдах ч энэ нь даруй энэрэнгүй сэтгэлийг төрүүлэх боломж бүрдүүлдэг.
А. Та өөрийгөө юу гэж хардаг вэ?
Х. Төвөдийн Амду мужийн хүн.
A. Шалтгалтанд санаа зовохыг хэрхэн зохицуулах вэ?
Х. Эхэндээ би шалтгалт өгөх үедээ бага зэрэг айдаг байсан. Би 13 жил шалгалт өгсөн. Аажимдаа шалгалт ойртох тусам улам бүр хичээн шамддаг болсон тул төдийлөн санаа зовохоо больсон.
A. Академик түвшинд сэтгэлийн аз жаргалд хэрхэн хүрэх вэ?
Х. Юуны түрүүнд бусдад туслаж чадах эсэхээ сайтар бодож үзэх хэрэгтэй. Үймээн гарах үед хүн гэдэг үүднээсээ та яг юу бодож байсан бэ? Х. Хүн бүхэн аз жаргалтай амьдрахыг хүсдэг, тиймээс яг юу нь биднийг аз жаргалтай болгож, юу бидний аз жаргалыг сүйтгэж байгааг бодох нь зүйтэй.
A. Сурагч хүүхдүүдийн сэтгэл хямралын уг шалтгаан нь юу гэж бодож байна вэ?
Х. Амиа хичээх, мөн сэтгэл оюун болон сэтгэл хөдлөлийн талаар ойлголтгүйн улмаас сэтгэл хямрал үүснэ.
A. Залуучууд хуучин уламжлалыг сонгох уу, орчин үеийн соёлыг сонгох уу?
Х. Хослуулахыг хичээх нь зүйтэй. Орчин үеийн боловсролыг эртний Энэтхэгийн оюун ухаан, сэтгэл хөдлөлийн мэдлэгтэй хослуул.
A. Өнөөгийн залуу хүүхдүүдэд баясалгал хэр их чухал вэ?
Х. Энэ их чухал. Хамгийн эхлээд ангидаа чимээгүй суух, дараа нь сэтгэлийн тухай бодож бясалгах хэрэгтэй.
A. Яагаад “Гүрү” чухал вэ?
Х. Богд Зонхов “Бодь мөрийн зэрэг” номонд багш болох гэж буй хүн эхлээд өөрийн сэтгэлийг зассан байх ёстой гэж айлдсан. Мөн “Судрын аймгийн чимэг” номонд багш хүн арван эрдэмтэй байх ёстой гэж заасан ба тэдгээрээс энэрэнгүй бөгөөд шавийн төлөө хичээнгүй байх нь хамгаас чухал гэж үздэг.
A. Та Төвөдөөс хэрхэн дүрвэсэн бэ?
Х. Энэ бол их урт түүх. Би Хятадтай зохицох гэж есөн жил оролдсон. Би 1954 онд Хятадад очиж, намын удирдлагууд болон Мао даргатай уулзсан юм. Эцэст нь Хятадад хүний болон хэвлэлийн эрх чөлөө байхгүй гэдгийг мэдсэн. 1959 оны 3 дугаар сарын 10-17 хооронд бослогийг намжаахыг оролдож байсан ч Төвөдийн зүүн нутагт Төвөдүүдийг хүчирхийлэн дарсан хэрэг гарав. Үүнтэй адил зүйл ч Лхас хотод болж буй шинж тэмдэг гарч эхэлсэн байлаа. Энэ болон бусад хүчин зүйлүүд явах цаг болсныг харуулсан юм.
A. Уй гашууг хэрхэн хүлээн авах вэ?
Х. Бурхан Багш таалал төгссөн, хутагт Нагаржуна ч таалал төгссөн. Энэ бол жам ёс.
A. Үндэсний үзэлтэй байх нь зүйтэй юу?
Х. Эхлээд энэ нь өөрийн өчүүхэн бодлоос хамааралтай байна уу гэдгийг шалгах хэрэгтэй. Хэрэв ийм бол энэ нь маш муу. Харин бусдын төлөө гэх өргөн хүрээний сэтгэлтэй байвал сайн хэрэг.
Гэгээн Колумбын сургуулийн захирал, Эцэг Е.Л Миранда Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд талархал илэрхийллээ. Тэрээр сургуульд сурч буй хүүхдүүд боловсрол эзэмшин Махамта болон Эзэн-ий хүсэл мөрөөдлийг биелүүлэх болтугай хэмээн ерөөв.