Энэтхэг, ХП, Дарамсала – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам өнөө өглөө Германы Бранденбург муж дахь оюун ухааны нээлттэй лаборатори гэгдэх “Эйнштейн форум” сангийн гишүүдтэй хамтран хэлэлцүүлэгт оролцлоо. Шинэ чиглэлээр судалгааны ажил хийх хүсэлтэй шилдэг залуу сэтгэгчид жил бүр энэхүү форумын үеэр нэгдэж, уулздаг уламжлалтай. Залуу сэтгэгчид Потсдам, Берлиний их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудад нэвтрэх боломж бүхий Капут тосгон дахь Эйнштейний зуслангийн байранд амьдарч болох ажээ.
Дээрхийн Гэгээнтнийг өнөөдөр угтан авч буйдаа “Эйнштейн форум”-ын захирал, профессор Сюзан Нейман хичнээн хүндэтгэлтэй, баяртай байгаагаа илэрхийлэв. Хатагтай Нейман үг хэлэхдээ Дээрхийн Гэгээнтнийг Эйнштейний байшинд урьж чадаагүйд харамсаж буйгаа илэрхийлээд “Буддизм ба шинжлэх ухаан”-ны хамтын ажиллагаанд онцгой ач холбогдол өгч Эйнштейний эшлэлийг уншсан юм. Тэрээр “шинжлэх ухаан ба шашин”, “улс төр ба нийгмийн шударга ёс”-ны талаархи Эйнштейний хэлэлцүүлгийг сэргээж, идэвхижүүлэх зорилгоор энэхүү форумыг 27 жилийн өмнөөс зохион байгуулж эхэлснээ дурдав. Мөн Энэтхэг улсаас Эйнштейний форумыг зохион байгуулаахаар ирсэн Шям Вуппулури, хэлэлцүүлгийн модератор Эмбер Карпентерт тэрээр талархал илэрхийллээ.
“Өнөөдөр бид шууд нүүр тулж уулзаагүй ч хоорондоо цахим сүлжээгээр харилцан ярилцах боломжтой боллоо. Бүх шашин энэрэнгүй сэтгэлийг олон нийтэд таниулахыг зорьж, өгөөмөр зөөлөн сэтгэл, тэвчээр, амгалан тайван сэтгэлийн тухай сургадаг.” хэмээн Дээрхийн Гэгээнтэн яриагаа эхлэв.
“Олон шашинд хүмүүс Бүтээгч Эзэнд итгэдэг бөгөөд Эзэний хүүхдүүд болохынхоо хувьд бүх хүмүүс ахан дүүс мөн гэх ойлголт бий. Түүнчлэн Энэтхэгт хайр энэрлийг хүний хамгийн үнэ цэнэтэй чанар гэж үздэг теист бус уламжлалууд ч байдаг.”
“Орчин үеийн эрдэмтэд хүн төрөлхтнийг нийгэмдээ анхаарал хандуулж, санаа тавьдаг нийгмийн амьтад гэдгийг мэдлээ. Бидний амьд үлдэх эсэх нь бусдын аз жаргалаас хамаарна. Тиймээс бусдыг халамжлан тэтгэх нь эргээд өөрсдийнхөө сайн сайхны тулд хийж буй хамгийн зөв үйл хэрэг юм.”
“Ийм учраас эрдэмтэд оюун санааны амар амгаланг хөгжүүлэхийн тулд юу хийх хэрэгтэй талаар судалсаар байна. Хүний дотоод сэтгэл дэх уур, шунал, мунхаг гэх мэт хөнөөлт сэтгэл хөдлөл нь бидний сэтгэлийн амар амгаланг бусниулдаг болохыг тэд ойлгож байна. Уур уцаартай болоход таны дотоод тайван байдал алга болно. Тэгвэл уур хилэнгийн ерөндөг нь энэрэнгүй сайхан сэтгэл юм.”
“Энэтхэг улс олон мянган жилийн турш хүчирхийлэл үл үйлдэх, бусдад хор хөнөөл учруулахыг цээрлэдэг ахимса уламжлалтай. Энэ нь бусдын сайн сайхны төлөө санаа тавих буюу ‘каруна’ энэрэнгүй сэтгэлээс үүдэлтэй билээ.”
“Буддын шашны уламжлал ёсоор бид сүсэг бишрэлд тулгуурлаж бус, учир шалтгааны үүднээс энэрэнгүй сэтгэлийг төлөвшүүлж, сэтгэлийн амар амгаланг бий болгодог. Бурхан Багш, “Та бүхэн миний сургаалыг дархан хүн алт шалгаж байгаа мэт сайтар нягтлан шалгаарай” хэмээн нэгэнтээ сургасан тул бид түүний сургаалыг шууд дагалгүй түүний зөвлөснийг дагаж мөрддөг юм. Үүний үр дүнд эхлээд Энэтхэгт, дараа нь Төвөдийн буддын шашинтнууд логик сэтгэлгээ, нягтлан шинжлэх ухааны арга барилыг чухалчилсаар ирсэн бөгөөд энэ нь шинжлэх ухаанч хандлагатай нийцдэг билээ.”
“Бурхан Багш янз бүрийн цаг үед, янз бүрийн газар нутагт адил бус сэтгэлгээтэй хүмүүст сургаал номлолоо айлдаж байсан тул бид түүний заасан зүйлийг заавал шалгаж үзэх ёстой. Хутагт Нагаржунайн дараа Наланда их сургуулийн агуу багш, сэтгэгчид Бурхан Багшийн зарим сургаалыг илүү ойлгомжтой тайлбарлаж өгсөн юм.”
“Төвөдийн хаан Тисрон Дэзэн VIII зуунд Наланда их сургуулийн шилдэг эрдэмтэн Шантаракшита-г Төвөдөд урьснаас хойш бид логик арга барилыг хэрэгжүүлж эхэлсэн юм. Бид түүний туурвисан бүтээлүүдээс гадна Энэтхэгийн агуу логик сэтгэгчид болох Дигнага, Дармакирти нарын бүтээлүүдийг орчуулж, сайтар судалсан билээ.”
“Бид олон жил эрдэмтэдтэй хэлэлцүүлэг өрнүүлэхдээ логик сэтгэлгээг үндэс болгосон. Буддын шашны үзэл, онолуудад квант физикийн нээлтүүдтэй давхцах зүйлс бий. Нөгөөтэйгүүр, эрдэмтэд оюун ухаан, сэтгэл хөдлөлийн талаарх судалгаанд анхаарал хандуулж эхэллээ.”
“Бид өнөөдөр дэлхий ертөнц дээр уур, шунал, айдас гэх мэт сөрөг сэтгэл хөдлөлөөс үүдэлтэй маш олон асуудалтай тулгарч байна. Зэр зэвсэг, түүний дотор бидний ур ухаанаа ашиглан бүтээсэн цөмийн зэвсэг улс орны энх тайван байдалд заналхийлж байна. Гэсэн хэдий ч олон хүмүүс цөмийн зэвсгийг устгах, цөмийн зэвсгээс ангид байх алхамуудыг дэмжсээр байна. Хувь хүн дотоод сэтгэлдээ амар амгаланг олоогүй цагт хэрхэн энх тайван дэлхий ертөнцийг бүтээх билээ. Бид бүгд хүний нийгэмд харьяалагддаг бөгөөд үүнд хувь нэмрээ оруулан, хамтдаа амьдарч сурах ёстой.”
Дээрхийн Гэгээнтэн үзэгчдийн асуултанд хариулахдаа дотоод амар амгаланг олохын чухлыг дахин хөндөв. Тэрээр оюун санааны амар амгаланд хүрэх арга замыг төлөвшүүлэх нь бидний боловсролын системийн нэг хэсэг байх ёстой гэдгийг онцлон айлдлаа. Мөн хүн бүр бие бялдрын эрүүл ахуйн дүрмийг дагаж мөрддөгтэй адил сэтгэл хөдлөлийн эрүүл ахуйг дагаж мөрдөх ёстой гэж тэмдэглэв. Энэрэнгүй сэтгэл нь уур бухимдал, айдсыг бууруулах үр ашигтай бөгөөд оновчтой арга гэдгийг тайлбарлалаа.
Тэрээр 18 жилийн турш Хятадын шоронд хоригдож байсан өөрийн таньдаг нэгэн төвөд ламын түүхийг дурдав. Хожим түүнтэй уулзан хуучилж байх үед мөнөөх лам хэд хэдэн удаа аюулд орсон гэдгийг сонсоод Дээрхийн Гэгээнтэн түүний амь насанд нь аюул тулгарчээ хэмээн боджээ. Гэтэл “Би зарим үед Хятадын шоронгийн хуягуудыг өрөвдөх сэтгэлээ алдах аюулд орсон.” гэжээ. Түүнийг сэтгэлийн амар амгалангаа гайхалтайгаар хадгалж сурсан нэгэн болохыг Дээрхийн Гэгээнтэн ийнхүү онцолсон юм.
“Эрдэмтэд энэрэнгүй сэтгэл хүний үндсэн мөн чанар болохыг нотоллоо. Бид төрсөн цагаасаа л сайхан сэтгэлийг мэдэрдэг. Сэтгэлийн амар амгалангаа хадгалж сурах нь өгөөмөр, зөөлөн сэтгэлийг төлөвшүүлэх гол хүчин зүйл юм.”
Сэтгэл оюуны үндсэн мөн чанар нь гэгээн тунгалаг учир бид бүгд бурханлаг чанартай болохыг Дээрхийн Гэгээнтэн тайлбарлав. Энэ нь хөнөөлт сэтгэл хөдлөлөө дарж, оюун санаагаа ариусгах боломжтой гэсэн санааг илэрхийлж байна. Мөн тэрээр бидний аливаа үйлдэл сайн, муугаас үл шалтгаалан ямар сэдлээр үйлдэгдсэн гэдгээс шалтгаалж адил бус үр дагавар боловсрохыг тайлбарлав. Хэрэв сэдэл нь эерэг бөгөөд энэрэнгүй сэтгэлийн үүднээс байвал тухайн үйлдлээс гарах үр дагавар нь тааламжтай байх болно.
“Уурлах үедээ бид тухайн зүйлийг туйлын сөргөөр хардаг. Гэсэн хэдий ч аливаа юмс бүхэн харагдаж байгаа шигээ бие даан оршдоггүйг эргэцүүлэн бодсоноор уур бухимдлаас ангижирч болно. Мөн өнөөдрийн дайсан маргаашийн найз болох нь ч бий. ‘Дайсан’ хэмээн үзэх нь бидний оюун санааны төсөөлөл юм.”
Энэрэнгүй сэтгэлийг хөгжүүлэх, юу ч харагдаж буй шигээ бие даан оршдоггүй гэсэн чин үнэнийг ойлгох нь бидний хөнөөлт сэтгэл хөдлөлөө багасгаж, даван туулах, улмаар сэтгэлийн амар амгаланд хүрэх чухал хүчин зүйлс болохыг Дээрхийн Гэгээнтэн тэмдэглэв. Үүнийг буддын шашинд арга ухаан, билиг билгүүний нэгдэл хэмээн нэрлэдэг.
Тэрээр оюун ухаан ба сэтгэл хөдлөлийн талаар хэдэн арван жилийн турш эрдэмтэдтэй хэлэлцүүлэг өрнүүлж байна. Үүний зэрэгцээ, энэ чиглэлийн шинжлэх ухааны судалгаа хийх сургалтын төвүүд Өмнөд Энэтхэгийн Төвөдийн дацан хийдүүдэд байгуулагдав.
Дээрхийн Гэгээнтэн, “Буддын шашны зарим ном зохиолд хавтгай дэлхийн тухай өгүүлэхдээ нар, сарыг дэлхийтэй ижил хэмжээтэй, ижил зайтай гэж үзсэн нь алдаатай байсныг шинжлэх ухаанаар баталсан. Буддын шашны эрдэмтдийн дунд Чандракирти зарим үзэл онолыг хүчтэй шүүмжилсэн бөгөөд би өөрийгөө түүний шавь хэмээн үздэг.”
Үйлийн үрийг шинжлэх ухаантай хэрхэн холбох талаар асуухад Дээрхийн Гэгээнтэн юуны түрүүнд үйлийн үр гэдэг нь үйлдэл, үйлдэл нь хором бүрийн өөрчлөлтийн субьект гэдгийг ойлгох хэрэгтэй гэлээ. Гэсэн хэдий ч бие, хэл, сэтгэлээр үйлдсэн аливаа үйлдэл оюун санаанд маш удаан хугацаанд хадгалагдах ул мөрөө үлдээдэг. Тэрээр зөв, сайн үйлүүдийн хуримтлагдсан үр эцэстээ бурханы хутагийг олох үндэс болдог хэмээн тайлбарлав.
Зөрчил, тэмцэлтэй нийгэмд ерөнхий боловсролын түвшинд сэтгэлийн амар амгаланд хүрэх арга замыг сурагчдад зааж сургахын ач холбогдлыг Дээрхийн Гэгээнтэн онцлов. Үүнд сэтгэл хөдлөл, уур бухимдлаа удирдах, айдсаа даван туулах арга барил орно. Тэрээр өрсөлдөөн нь оролцогчид бүгд өмнөө амжилтанд хүрэх зорилго тавьсан тохиолдолд ашигтай байж болох ч ялагч, ялагдагчтай холбоотой тохиолдолд саад тотгор учруулдаг болохыг ажиглажээ. Мөн хүний нэгдмэл шинжийг хүлээн зөвшөөрөх нь чухал бөгөөд бид бүгд ахан дүүсийн хувиар хамтдаа аж төрөх нь зүйтэй гэдгийг дахин хэллээ.
“Энэтхэгийн гэгээнтэн Шантидева, “Бидний дайсан бидний хамгийн сайн багш мөн” хэмээн сургасан. Дайсантайгаа эелдэг харьцана гэдэг нь цэвэр сайхан сэтгэл юм. Мөн бид найз нөхөддөө ч энэрэнгүй сэтгэлээр ханддаг нь тэднийг гэх сэтгэлийн хүлээстэй холбоотой. Энэрэнгүй сэтгэлийг шашин бүрт номлодог тул дэлхий нийтийн үнэт зүйл хэмээн үзэх цаг иржээ.”
“Ловон Шантидевагийн “Бодьсадвын явалд орохуй” номын зургадугаар бүлэгт уур хилэнгийн сөрөг нөлөө, түүнийг хэрхэн даван туулах талаар тайлбарласан байдаг. Наймдугаар бүлэгт амин хувиа хичээх үзлийн хор уршгийг авч үздэг. Энэрэнгүй сэтгэл аз жаргалд хүрэхэд маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Эдгээр хоёр бүлэгт буддын шашинтай эсэхээс үл хамааран хэн бүхэнд тустай зөвлөгөө бий.”
“Энэ номыг үзсэнээс хойш миний сэтгэлгээ асар их өөрчлөгдсөн юм. Өдгөө би боломж гарах бүртээ энэ номыг уншдаг.”
Хүн амын тоо улам бүр нэмэгдэхэд дэлхийн хүнс, усны нөөц хомсдох эрсдэл дагуулах тухай Дээрхийн Гэгээнтэн тэмдэглэв. Дэлхийн дулаарал нэмэгдэх ба усны эх үүсвэр эрс багасахад ноцтой аюул учирч болзошгүй бөгөөд эдгээр бэрхшээлүүдийг илүү өргөн өнцгөөс, бодитоор үнэлэх шаардлагатайг тэрээр онцоллоо. Хүн амын тоог хязгаарлах үр дүнтэй арга нь гэрлээгүй лам эсвэл гэлэнмаа болох явдал юм хэмээн хошигнов.
Профессор Сюзан Нейман Дээрхийн Гэгээнтэнд Эйнштейний форумын өмнөөс өнөөдөр бидэнтэй хамт байсанд талархал илэрхийлээд яриагаа өндөрлөв. Тэрээр энэхүү ярилцлагыг зохион байгуулсан Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффис, зохион байгуулагчид болон техникийн багт талархал илэрхийлэв. Мөн тэрбээр харилцан яриаг 13 хэл дээр нэгэн зэрэг орчуулсан орчуулагчдын багт талархал илэрхийллээ.
Алберт Эйнштейнийг хүндлэн биширдэг тул түүнтэй холбоотой байгууллагатай хамтран ажилласан нь түүний хувьд нэр төрийн хэрэг болсныг Дээрхийн Гэгээнтэн уламжиллаа.