Энэтхэг, ХП, Дарамсала, Тэгчин Чойлин - Өнөөдөр өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Лам өргөөнийхөө зочдын өрөөнд залран орж ирээд түүний өмнөх дэлгэцнээ харагдаж байгаа олон залуучуудад хандан 2 гараа хавсарч, инээмсэглэн мэндлэв.
Түүнд ярилцлагыг зохицуулагч Төвөдийн Буддист төвийн ажилтан хатагтай Вэние Нг мэндчилгээ дэвшүүлж, ярилцлагад Зүүн өмнөд Азийн 700 гаруй залуу оролцогчдоос гадна гурван хүндэт зочин болох Сингапурын Ази судлалын хүрээлэнгийн нэрт судлаач ноён Кишоре Махбубани, Малайзын Олон улсын Исламын их сургуулийн дэд декан, профессор Имтиаз Ахмед Шаукат Юсуф, Малайзын Олон улсын Исламын их сургуулийн багш, профессор, зохиолч Камар Ония Камарузаман нар оролцож байгааг танилцуулав.
Хатагтай Нг ярилцлагыг эхлэн "Корона вирусын дэгдэлт дэлхий даяар өөрчлөлт авчирч, түгшүүр, айдас төрүүлж байна" гэж тэмдэглэв. “Олон хүмүүс ажилгүйдэлтэй тулгарч байна. Дэлхий ертөнц улам илүү нэгдмэл, харилцан хамааралтай боллоо. Өнөөдөр энэхүү виртуал ярилцлагад Зүүн өмнөд Азийн 8 орны 700 гаруй залуучууд оролцож байна. Бид танд нилээд хэдэн асуултууд тавина гэж бодож байгаа бөгөөд юуны өмнө танаас “Өнөөдрийн залуучуудад ямар зөвлөгөө өгөх вэ?” гэж асуухыг хүсч байна.”
Дээрхийн Гэгээнтэн, "Баярлалаа. Энэхүү бололцоог бий болгосон зохион байгуулагчдын хүчин чармайлтанд талархал илэрхийлье" гэлээ. Юуны түрүүнд, 7 тэрбум хүмүүс бид бүгдээрээ адил гэсэн санааг хуваалцах гэсэн юм. Буддын шашны үүднээс авч үзвэл хамаг амьтад аз жаргалтай байхыг, зовлонгоос ангид байхыг хүсдэг. Хүн төрөлхтөн хэдийгээр ухаантай ч оюун ухаан маань хорт муу сэтгэлтэй хослосон тохиолдолд үр дүн нь хор хөнөөлтэй байх болно. Бид шинжлэх ухаан, технологийг хөгжүүлдэг ч түүнийг дайн, сүйрэлд зориулан улам аймшигтай зэр зэвсэг бий болгож байна. Харин бусад амьтад үүнийг хийж чадахгүй.”
"Бидний гайхамшигт тархи хорт сэтгэл хөдлөлийн эрхшээлд автсанаар бид өөртөө асуудал үүсгэдэг. Бидэнд тэдгээр хорт сэтгэлийг багасгах чадвар бий тул асуудлыг зогсоох үүрэгтэй.”
“Зарим эрдэмтэд энэрэнгүй байх нь хүний үндсэн шинж чанар гэдэг. Бид нийгмийн амьтад бөгөөд нийгмийн мэдрэмжтэй байдаг. Бид төрсөн цагаасаа бусдын төлөө санаа тавихын чухлыг сайн мэдэрдэг бөгөөд энэрэнгүй үзлийг идэвхитэй бясалгснаар эрч хүчийг ч олдог юм.”
"Миний хэд хэдэн үүрэг хариуцлагын эхнийх нь хүмүүсийн энэрэнгүй үзэл бол хүний үндсэн шинж чанарын нэг мөн гэдгийг хүндэтгэх, бусдад санаа тавихыг дэмжих явдал юм. Өнөөгийн ертөнцөд хүмүүс хэт их талцаж байна. ‘Бид’ ба ‘тэд’ хэмээн бодох нь зөрчилдөөнд хүргэдэг. Хүн төрөлхтөн нэгдмэл гэдгийг бид өөрсдөддөө үргэлж сануулж байх хэрэгтэй. Хэрэв ингэж чадвал дайн буюу цус урсгах явдал ор үндэслэлгүй болох юм.”
“Та өөрийгөө алс хол хязгаарт төөрчихсөн байна гэж төсөөлөөд үзээрэй. Гэнэт тэртээ тэнгэрийн хаяанаас хэн нэгэн таныг чиглэн ирж байна гэж бодоорой. Та түүний арьсны өнгө, гарал угсаа, шашин шүтлэгийн талаар огт тоохгүй, зөвхөн тэр хүнтэй уулзах баяр хөөрөөр дүүрэх болно. Үндсэндээ хүн бүрийн мөн чанар нь ижил байдаг. Бид адил байдлаар төрж, адилхан насан эцэслэдэг. Биднийг зохицол, нэгдмэл байдал нэгтгэдэг гэдгийг санаж байх хэрэгтэй. Үүнийг бусдад сануулах нь миний эхний үүрэг юм.”
“Хоёрдугаарт, би шашин хоорондын эв нэгдлийг сурталчлах үүрэг хүлээсэн. Бид бүхний дагадаг шашны уламжлалууд олон мянган жилийн туршид хөгжиж ирэхдээ бүгд хайр, уучлалын талаарх сургаалыг түгээсэн юм. Мөн янз бүрийн философийн үзэл санааг агуулдаг. Зарим нь бүтээгч Эзэнд итгэдэг бол зарим нь нөхцөл шалтгаан, үйлийн үрийн хариуцлагыг онцолдог. Далайгаас үүссэн хамгийн эртний организм нь хувьслын явцад хүний гайхамшигт тархи бий болсныг тодорхойлжээ.”
“Шашны уламжлалууд хайр, эв зохицлын ач холбогдлын талаар нийтлэг сургаалыг түгээдэг учраас өөр хоорондоо эв найрамдалтай байх боломжтой. Энэтхэгт дэлхийн шашны голлох уламжлалууд зэрэгцэн оршиж байгааг бид харж байна. Дэлхийн хоёр дахь олон хүн амтай улс шашин хоорондын эв нэгдэл биелэх боломжтой зүйл гэдгийг харуулж буй бодит жишээ юм.”
“Гуравдугаарт, би Төвөд хүн бөгөөд надад Төвөдийн ард түмэн итгэл найдвар хүлээлгэсэн билээ. Төвөдийн тухайд, миний хамгийн гол санаа зовж буй асуудлын нэг бол төвөд хэлийг хадгалах явдал. Энэ хэл рүү Буддын шашны 300 гаруй боть сургааль санскрит ба пали эх сурвалжуудаас орчуулсан юм. Бид тэдгээр мэдлэг сургаалыг судалж, баясалгаж ирлээ. Наландагийн уламжлалаас гаралтай энэхүү мэдлэгийг VIII зуунд ловон Шантаракшита Төвөдөд дэлгэрүүлсэн бөгөөд үүнийг би хүн төрөлхтний соёлын үнэт өвийн нэг гэж үздэг. Үүний логик ба философийн үзэл санаа нь шашны уламжлалаар үл хязгаарлагдах бөгөөд түүнийг бодитой, эрдэм шинжилгээний үүднээс авч судлах боломжтой.”
"Би бас Төвөдийн байгаль орчны талаар санаа зовнидог. Азийн хэд хэдэн том голууд Төвөдийн өндөрлөгөөс эх авч урсан Энэтхэг, Пакистан, Бангладеш, Вьетнам, Хятад гэх мэт олон улсыг усаар хангадаг. Өнөө үед дэлхийн дулаарал ноцтой байдалд хүрч байгаа тул Төвөдийн экологийг хамгаалах нь нэн чухал юм."
Дээрхийн Гэгээнтэн эртний Энэтхэгээс үүсэлтэй Төвд нутагт хадгалагдаж ирсэн бурханы шашны эрдэм мэдлэгийг өнөө үед Энэтхэг оронд сонирхон судалж дэлгэрүүлэхэд түүний дөрөв дэх үүрэг хариуцлага оршино гэв. Энэ нь залуу хүмүүст дараа дараагийн төрөлдөө сайн төрлийг олоход хэрэгтэй гэхээсээ илүүтэйгээр залуу байгаа дээрээ их зүйл сурч, оуюн ухаанаа хурцлан хөгжүүлэхэд нь нэмэртэй гэсэн юм. Тэрээр мөн эртний Энэтхэгийн ахимса (хүч үл хэрэглэх зарчим) болон каруна (энэрэнгүй үзэл санаа) уламжлалыг сайшаав. Хүчирхийлэлгүй байх нь өнөөгийн ертөнцөд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг болохыг цохон тэмдэглэв. Мөн Далай Лам эртний Энэтхэгийн оюун ухаан, сэтгэл хөдлөлийн талаарх судалгаа, эрдэм номыг материаллаг хөгжлийн давуу талуудтай хослуулан нэгтгэж болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.
“Эрхэм залуу ахан дүүс та бүгд эдгээр дөрвөн үүргийн талаар эргэцүүлэн бодоод хэрэгтэй зүйл байна гэж үзвэл бусадтайгаа хуваалцан түгээгээрэй. Орчин үед хэт олон хүмүүс зөвхөн материаллаг зорилгыг эрхэмлэдэг. Тэд мэдрэхүйн таашаал авах гэж хичээдэг хэрнээ дотоод сэтгэлтэйгээ танилцан харьцах явдалд тоомсоргүй хандаж байна. Дотоод үнэт зүйлдээ илүү их анхаарал хандуулснаар сэтгэлийн амар амгаланд илүү түргэн хүрнэ.”
Эхний асуулт Тайланд оролцогчоос байлаа. Тэрээр өөрийгөө хийгээд бусдыг энэрэн хайрлах тухай асуув.
“Биднийг төрөхөд ээжүүд маань энэрэн хайрладаг. Энэ нь бидэнд төрөлхийн заяасан хэвийн үзэгдэл, шашны бясалгал номлолтой ямар ч холбоогүй,” гэж Дээрхийн Гэгээнтэн хариулав. “Энэ сайхан сэтгэлгүйгээр бид амьд үлдэхгүй байх байсан. Тиймээс бидний амьдрал бусдын сайхан сэтгэл, энэрэлээс эхэлдэг. Үхэх цагт гэр бүл, найз нөхөд маань хүрээлэн байхад бид тайтгарал авдаг, ямарч алт мөнгө байгаад нэмэргүй юм. Энэ нь бидэнд хайрлан энэрэх сэтгэл ямар чухал болохыг харуулж буй.”
Хонконгоос нэгэн залуу өөрийгөө гэмтээж, амиа хорлох оролдлого хийхэд хүргэдэг цахим орчны сэтгэл зүйн дарамт үзүүлэх, гадуурхах асуудлыг хэрхэн даван туулах вэ гэж асуув. Дээрхийн Гэгээнтэн хүн төрөлхтний хувьд бид ухаалаг, оюунлаг бөгөөд байдлыг үнэлж дүгнээд, шаардлагатай гэснээ сонгох боломж бидэнд байдаг. Бурхан Багш ч мөн өөрийн шавь нартаа: ”Мэргэн хүн шижир алтыг шатааж, үрж, зүсэж байж шалгадагтай адил, биккү та нар мөн миний үгийг намайг хүндэлж биш харин шалгасны дараа л хүлээж авах хэрэгтэй.” гэж айлдсаныг онцлов. Тэрээр Наланда уламжлалыг дагаж яваа бурханы шашинтан хүний хувьд “яагаад” гэдгийг үргэлж асууж байх нь тустай байдаг гэлээ.
Дээрхийн Гэгээнтэн залуучуудад өөрсдийн оюун ухаанаа ашиглан тухайн нөхцөл байдлыг судлаж байхыг зөвлөлөө. Энэ нь зөв чиглэлд илүү итгэлтэй явах боломжийг олгоно гэв. “Би 85 настай” гэж тэрээр хэлээд, “14, 15 насандаа би эрх чөлөөгөө алдсан. 24 настайдаа эх орноо алдсан. 1959 оноос хойш Төвөдөд амьдрал, байдал зовлон зүдгүүрээр дүүрэн, хэцүү цаг үе байсан боловч бэрхшээлтэй хүнд нөхцлийн үед би энэ талаар юу хийхээ шийдэхээсээ өмнө нухацтай сайн бодож байсан тул надад харамсах зүйл байдаггүй. Төвөд, Энэтхэг улсууд өнгөрсөн үеэс нягт холбоотой. Энэтхэг ардчилсан улс учраас 60 жилийн турш энд олж авсан эрх чөлөөг эдэлсээр ирлээ.”
Малайз залуу ажил нь зогсож ажилгүй болсон, энэ нь түүний муу үйлийн үртэй холбоотой эсэхийг асуув. Дээрхийн Гэгээнтэн түүнийг залуу хүн байна, маш их ирээдүй хүлээж буй тул итгэл найдвараа алдахгүй байх хэрэгтэй гэж зөвлөв. Мөн өөртөө итгэх итгэлээ хадгалах нь бэрхшээлийг давахад илүү хялбар байдаг юм гэж хариулсан юм.
Сингапураас нэгэн залуу эмэгтэй одоо цагт болон ойрын ирээдүйд залуучуудад шашин хэр чухал вэ гэж асуухад Дээрхийн Гэгээнтэн, шашинтай эсэхээс үл хамааран хэрэв та инээмсэглэж байвал бусад хүмүүс баяртай байдаг. Сайхан сэтгэлтэй байна гэдэг нь илүү чухал. Орчин үеийн боловсролын дутагдлыг залуучууд дотоод сэтгэлдээ хандаж үнэт зүйлсээ хөгжүүлэх, хор хөнөөлтэй, муу сэтгэлээ хэрхэн даван тулж сэтгэлийн амар амгаланг олж сурах замаар нөхөх боломжтой гэж хариуллаа.
Вьетнам улсаас залуу эмэгтэй бид хэзээ нэгэн цагт үхэх нь үнэн тул үхлээс айх айдсаа хэрхэн даван туулах талаар асуулаа. Дээрхийн Гэгээнтэн, “Бурхан Будда хийгээд түүний дараа төрсөн бүх эрдэмтэн мэргэд, гэгээнтнүүд насан эцэс болсон. Бид бүгдээрээ нас эцэслэнэ, тиймээс амьдралаа утга учираар дүүргэж, дэмий үрэхгүй байх нь чухал юм. Ирэх долоо хоногт нас барлаа гэж бодоход, энэ хугацаанд та хайртай хүмүүстэйгээ, найз нөхөдтэйгээ харилцахдаа хүний хамгийн сайн чанарыг харуулах боломжтой бөгөөд насан эцэс болоход харамсах зүйлгүйгээр энэ ертөнцийг орхих болно.” гэсэн юм.
Индонези залуу эмэгтэй сэтгэлийн амар амгаланд хэрхэн хүрэх талаар илүү ихийг мэдэхийг хүссэн бөгөөд орчин үеийн боловсролд оюун ухаан, дотоод сэтгэлийн амар амгаланг олох арга замын талаар төдийлөн байхгүй байна гэв. Дээрхийн Гэгээнтэн материаллаг хөгжлийн ашиг тустай ололтыг сэтгэл судлалын мэдлэг боловсролтой хослуулахыг зөвлөв. Бидний бие өвдөхөд бид анагаах арга хэмжээ авдаг. Үүнтэй адил сэтгэл тавгүйтсэн үед сэтгэлийн амар амгаланг олж авахын тулд сэтгэл судлалын мэдлэг боловсрол бидэнд хэрэгтэй.
“Ази хүмүүс бид нэгэн үзүүрт сэтгэл төвлөрлийн бясалгал болон юмсын гүнд нэвтрэн шижлэх бясалгалаар бясалгал хийдэг уламжлалтай. Хэрэв та мэдрэхүйн анхаарлыг сарниулалгүйгээр зөвхөн сэтгэл төвлөрөл дээр бясалгаж чадвал маш их үр дүнтэй, тустай байх болно. Нэгэн үзүүрт сэтгэл төвлөрөл нь сэтгэлийн хүчийг нэмэгдүүлдэг ба дараа нь юмсын гүнд нэврэн шинжлэх бясалгалд ашиглаж болно.”
“Квантын физик нь үзэгдэх байдал болон бодит байдал, мөн чанарыг ялгаж өгдөг. Бидний сэтгэл хөдлөл нь ихэнхдээ үзэгдэх байдалд өнгөц ханддагтай холбоотой. Тиймээс юмс үзэгдлийн мөн чанарыг олж гүнзгий ойлголттой болсноор хор хөнөөлтэй, сөрөг сэтгэл хөдлөлийг даван туулж чадна. Бүх материаллаг зүйлс бөөмсөөс бүрддэг гэдгийг ойлгох нь түүнд шунаж хорогдох үндсийг сулруулдаг. ‘Шунята’ буюу хоосон чанарын тухай ойлголт нь квантын физикийн аливаа юмс үзэгдэл бидэнд үзэгдэж байгаа шигээ байдаггүй гэсэн тайлбартай нийцдэг юм.”
Сингапураас нэгэн залуу эмэгтэй шашны хэт туйлшралтай тулгарсан нийгэмд эв нэгдлийг хэрхэн дэмжих талаар асуув. Дээрхийн Гэгээнтэн одоо байгаа боловсролын тогтолцоо материаллаг хөгжилд гол анхаарлаа хандуулж байгаа нь харамсалтай гэж давтан хэлэв.
“Ухамсар, сэтгэл судлалын мэдлэг олгох талын боломж маш хомс байна. Хэрэв арьсны өнгө, үндэс угсаа, шашин хоорондын ялгаа өмнө гарч ирвэл шашин нь хуваагдах шалтгаан болж болно. Буддын шашин ч гэсэн дотроо санскрит болон пали уламжлал, судрын болон тарнийн ёс, шар, улаан малгайтны ёс гэх мэт ялгаатай ба үүнээс үүдэлтэй “миний итгэл үнэмшил”, “миний шашин шүтлэг” гэж зууралдах явдал гардаг. Заримдаа шашны ялгаа нь эрх мэдэл бүхий хүмүүсийн гарт булхай хийх улс төрийн хэрэгсэл болдог. Үүний оронд хүн төрөлхтний нэгдмэл байдалд анхаарлаа төвлөрүүлэх ба аливаа шашныг дагаж мөрдөх нь хувь хүний сонголтын асуудал гэдгийг санах хэрэгтэй.”
“Хүн төрөлхтөн бид бүгд ахан дүүс. Бид бүгд хамтдаа амьдрах учир хүмүүсийн харилцаа холбоо том үүрэг гүйцэтгэдэг. Жишээлбэл, Ладак хотод лалын шашинтнууд, буддистууд болон христийн шашинтнууд хоорондоо найзууд байдаг бол бараг бүгд лалын шашинтнууд байдаг Арабын улс орнуудад цөөн тооны хүмүүс бусад шашин шүтэгчидтэй танил байдаг. Миний санал болгосноор Ладак дахь найзууд маань Дели хотод лалын шашитнуудын чуулган хуралдуулж Иран улсаас төлөөлөгчид ирсэн. Жил бүр ийм уулзалт зохион байгуулвал сайхан байна.”
Дээрхийн Гэгээнтэн Индонези улсаас оролцож буй залууд хандан хүн бүр өөрийгөө хайрладаг тул хүн бүр ямар нэгэн хэмжээгээр өөрийгөө боддог. Гэсэн хэдий ч хүн бүр нийгмээс хамаардаг ба өөрсдийгөө харж хандах хамгийн сайн арга бол бид бусдад анхаарал халамж тавих явдал юм. Тариаланчид газар нутгаа сэтгэлийн мэдрэмжээр бус амьжиргаа нь үүнээс хамаардаг тул арчилж торддог. Үүнтэй адил бидний аз жаргал бусдаас хамаардаг.”
Бурханы шашингүй хүн бурханы ном судлахын ач тусыг мэдэхийг хүссэн сингапур залууд Дээрхийн Гэгээнтэн Наланда улажлалын логик болон сэтгэл судлалыг оюуны түвшинд хэрэгжүүлж болно. Жишээлбэл, тэдгээрийн арга барилыг оюун ухаанаа илүү хурц болгоход ашиглаж болно гэж хариулав.
Дээрхийн Гэгээнтэн Малайзаас ирсэн дараагийн асуултанд бидний оюун ухаан болон сэтгэл хөдлөл нь ямар нэгэн машин, механизмын үйл ажиллагааны үр дүнд үүсдэггүй. Боловсрол нь бидний оюун ухаан, сэтгэлийн дотоод ертөнцийн талаарх мэдлэгийг өгөх ёстой гэв.
“Өмнө нь эрдэмтэн мэргэжилтнүүд зөвхөн тархины үйл ажиллагааг чухал гэж үзэн судалдаг байсан. Гэсэн хэдий ч 20-р зууны эцэс гэхэд тэдний олонх нь үүнээс илүү зүйл бий гэдгийг хүлээн зөвшөөрсөн юм. Мэдрэл судлаач Ричи Дэвидсон бясалгал хийж байсан туршлагатай хүмүүсийн тархинд дахь өөрчлөлтийг ажигласан туршилт хийсэн байна. Нейропластик шинж чанарыг нээж олсноор бясалгалын үр дүнд ухамсар нь тархинд өөрчлөлт үзүүлэх нөлөөтэйг харуулжээ. Үүний үр дүнд илүү олон хүмүүс ухамсар судлах энэ өргөн сэдэв рүү анхаарлаа хандуулж байна.”
“Бясалгал нь оюун ухаанаа хэрхэн ашиглахыг зааж өгдөг. Бид янз бүрийн сэдвүүд дээр анхаарлаа төвлөрүүлэн дүн шинжилгээ хийж сурах боломжтой бөгөөд энэ нь үнэхээр их ач тустай юм. Хөнөөлт муу сэтгэл хөдлөл мунхагаас үүдэлтэй байдаг тул юмсын бодит мөн чанарыг илүү гүнзгий түвшинд ойлгож авах нь тэдгээр муу сэтгэлүүдийг арилгахад тустай. Сургуулиудад бясалгалын аргыг нэвтрүүлэх нь их ач холбогдолтой бөгөөд хүүхдэд анхаарлаа төвлөрүүлэн дүн шинжилгээ хийх чадвар машид хэрэгтэй байна.”
“Би өдөр бүр задлан шинжлэх бясалгал хийдэг бөгөөд энэ нь хэрэгтэй, үр дүнтэй ч байдаг. Жишээлбэл, би өдөр бүр Нагаржуна хутагтын “Билгүүний Үндэс”- ийг уншиж, уншсан зүйлээ эргэцүүлэн боддог юм. Би долоо, найман настайдаа сонгодог ном зохиолуудыг цээжилж буддын гүн ухааны чиглэлээр сурч эхэлсэн билээ. Одоо би 85 настай, гэхдээ боломжийн хэрээр уншиж, судалсаар байна. Та эхлээд уншаад, уншсан зүйлийнхээ утга санааг эргэцүүлэн бодож баттай сайн ойлголттой болсны дараа бясалгаж дадуулах хэрэгтэй.”
“Олон жилийн туршид бусдыг эрхэмлэх, мөн бие даан орших зүйл үгүйн талаар бодож бясалгасан нь миний сэтгэлийг өөрчилсөн юм.”
Багш нарын нэг нь шашны уламжлал хоорондын харилцан ойлголцол дутмаг байдаг гэж хэлэхэд Дээрхийн Гэгээнтэн төлөөлөгчдийн дунд яриа хэлэлцээ хийх боломж бүрдүүлэх талаар санал болгов. Өөр нэг багш хүмүүс ядуурлыг арилгах нөөц, бололцоотой хэрнээ яагаад үүнийг хийхгүй байгаа талаар асуув. Дээрхийн Гэгээнтэн, “Баян, ядуугийн ялгааны асуудал үнэхээр ноцтой. Африкт ядууралтай байна, Энэтхэгт хөрөнгөлөг саятангууд байдаг ч маш олон хүн ядуу байна. Илүү боломжтой нэг нь сул дорой хүмүүст олон талын боломж өгөх тал дээр анхаарах хэрэгтэй.” гэлээ.
Эцэст нь нэгэн малайз залуу эмэгтэй дэлхийг илүү аз жаргалтай газар болгоход залуучууд ямар үүрэг гүйцэтгэж болохыг асуув. Дээрхийн Гэгээнтэн хэлэхдээ одоо байгаа боловсролын тогтолцоо хангалтгүй байгаагаас үл хамааран залуучууд дотоод сэтгэлийн үнэ цэнэдээ илүү анхаарлаа хандуулж, хор хөнөөлтэй сэтгэл хөдлөлтэйгээ тэмцэх аргыг хэрэгжүүлсэнээр сэтгэлийн амар амгаланг олж чадна гэв.
Зохицуулагч хатагтай Вэние Нг Дээрхийн Гэгээнтэнд талархалаа илэрхийлж, эрүүл энх байхыг хүсэв. Дээрхийн Гэгээнтэн төгсгөлд нь бурханы шашинтан хүний хувьд бие, хэл, сэтгэлээ бусдын сайн сайхны төлөө зориулдаг ба туслахад үргэлж бэлэн байна гэж хэллээ. “Одоо орчин үеийн технологийн ачаар би байгаа газраасаа холбогдон өөрийн туршлагаасаа хуваалцаж болдог болсон байна. Баярлалаа. Дараа дахин уулзая.”