Энэтхэг, ХП, Дармасала - Өнөө өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг суудалдаазаларсны дараа Баулдер хотын Колорадогийн их сургуулийн ректор Филип П. ДиСтефано их дээд сургуулиудын орчинд энэрэн нигүүлсэхүй, хүний үнэ цэнийг хэрхэн эрхэмлэх талаарх ярилцлагад урилаа. Тэрээр эдгээр чанарууд хэчнээн чухал болохыг тэмдэглэн хэлээд, ирээдүй эдгээрээс хамаарах болно гэв. Дээрхийн Гэгээнтнийг 2016 онд, Баулдер дахь сүүлийн айлчлалын үед Кроун институтын эхлэл суурийг тавьжээ. Өнөөдөр энэхүү салбар дундын хүрээлэн нь эрүүл мэнд, харилцаа, нийгэмд анхаарлаа хандуулан ажиллаж байна. Ректор Филип П. ДиСтефано: "Энэ удаагийн айлдварт сууж буй хүмүүст хандан багш, эцэг, эх эсвэл бие даасан ажиглагч хэн ч байсан энд яригдах Далай Ламын мэргэн ухаан танд урам зориг өгнө гэдэгт найдаж байна." гэлээ.
Сона Димиджян хэлэхдээ түүний хамт олон энэрэн нигүүлсэхүйн дадал зуршлыг заах арга барилынхаа үндэс болгож, аюулгүй, хүртээмжтэй, шударга сургуулиудыг бий болгох гүнзгийрүүлсэн хөтөлбөр бий болгохыг хүсч байсныг мэдэгдэв. Тэд сурган хүмүүжүүлэгчид болон мэргэжилтнүүдтэй хамтран "Өөртөө болон өөрийн сургуульдаа энэрэл, хүний үнэ цэнийг эрхэмлэх байдлыг төлөвшүүлэх нь" нэртэй хөтөлбөрийг бүтэн жилийн хугацаанд зохиож, энэрэнгүй сэтгэлийг боловсролын үндсэн чиглэлд нэвтрүүлэхийг хичээжээ. Тэрээр Дээрхийн Гэгээнтнийг боловсролын систем дэх энэрэл нигүүлслийн ач холбогдлын талаар ярихыг урилаа.
Дээрхийн Гэгээнтэн “Баярлалаа.” хэмээгээд яриагаа эхлэв.
“Та надад дотоод сэтгэлийн үнэт зүйлсийн талаар ярих боломж олгосон нь миний хувьд их нэр төрийн хэрэг юм. Энэ нь маш энгийн зүйл бөгөөд манай гариг дээрх амьдардаг бүхий л зүйлс, цэцэг, мод зэрэг бидний ойлголтоор ухамсаргүй зүйлсүүд ч амар амгаланг эрхэмлэдэг гэж би боддог. Өдөр бүр нэг ургамлыг зэмлэх, өөр нэгэн адил ургамалд эелдэг хандах аваас тэд өөр өөрөөр ургадаг гэж нэгэн Орос хүн хэлж байсан. Энгийнээр хэлэхэд, хэрэв бид ургамлыг арчлах юм бол тэд сайн ургадаг. Хэрэв бид тэднийг үл тоомсорловол тэд үхдэг.”
“Манай гараг дээрх бүх хөхөгчин амьтад амьдрахыг хүсдэг бөгөөд амар амгалан байх нь амьд үлдэхэд маш чухал зүйл билээ. Бодит байдал дээр биднийг төрсөн даруйд ээжүүд маань асарч тордон, хайр энэрэлээр ханддаг. Хэрэв тийм байгаагүй бол бид амьд үлдэхгүй байсан билээ. Аажмаар бид өсч томрох тусам гэр бүлийнхээ гишүүдтэй энэрэнгүй харилцааг хөгжүүлдэг бөгөөд энэ нь цаг хугацаа өнгөрөхөд нийгмийн бусад гишүүд рүү чиглэн өргөждөг.”
“Өнгөрсөн үед уур хилэн, үзэн ядалтаас үүдэлтэй хүчирхийлэл, хүний амь насыг хөнөөх явдал их гарч байсан юм. Зарим хүмүүс уур хилэнг ямар нэгэн нөхцөлд эрч хүч авчирдаг гэж боддог ч энэ нь зөвхөн богино хугацаанд үр дүнтэй. Амьдралын язгуур үндэс нь амар амгалан учраас өнөө үед хүн төрөлхтөн энхтайвныг хүсч байна. Илүү амар тайван ертөнцийг хөгжүүлэхийн тулд бид бас өөрсдийн дотоод сэтгэлээ ажиглах ёстой. Хэрэв бидний оюун санаа тайван байвал хямралын үед гарт маань зэвсэг байсан ч бид түүнийг ашиглахыг зорихгүй.”
“Эцсийн дүндээ сэтгэлийн амар амгалангийн үндэс бол энэрэл хайр юм. Би өдөр бүр сэрмэгцээ асрал хайр, энэрэл нигүүлслийн тухай бясалгадаг бөгөөд энэ нь надад амар амгалан, тайвшралыг авчирдаг. Энэ нь зүгээр нэг сэтгэлийн зовнилгүй байх асуудал биш харин сэтгэлээ хайр, энэрэл нигүүлслээр жолоодох явдал юм. Сэтгэлийн амар амгалан бол зөвхөн шашны ухагдахуун биш бөгөөд энэ нь хүн төрөлхтний оршин тогтнох үндэс суурь болдог. Бидэнд төвөг учруулдаг хүмүүс ч гэсэн адилхан хүн бөгөөд бидний энэрэл нигүүлслийг хүртэх ёстой.”
“Хэдийгээр уур нь эрч хүчийг авчирдаг мэт санагдаж болох ч хэрэв бид анхааралтай ажиглавал дотоод сэтгэлийн амар амгалан нь бидэнд жинхэнэ дотоод хүч чадлыг авчирдаг гэдгийг олж харах болно. Уур уцаар авчирдаг эрч хүч нь богино хугацааных төдийгүй өөрөө өөрийгөө сүйтгэх чадалтай байдаг.”
“Миний туршлагаас үзэхэд энэрэл нигүүлсэлийн дадлага нь маш их ач тустай. Хүн бүр амар тайван амьдрахыг хүсдэг бөгөөд энэ хүслийг биелүүлэх гол хүчин зүйл нь энэрэнгүй сайхан сэтгэл юм. Та өөрийн сайн сайхны төлөө санаа тавих эсвэл бусдын сайн сайхны төлөө санаа тавих нь ялгаагүй бөгөөд үүний үндэс суурь нь сайхан сэтгэлтэй байх явдал билээ. Үүний нэгэн адил, та ойрын болон урт хугацаанд өөрийн сайн сайханы төлөө санаа зовж байгаа бол та чин сэтгэлээсээ энэрэнгүй сайхан сэтгэлийг хөгжүүлэх хэрэгтэй. Ингэж чадвал та богино хугацаанд амар амгаланг мэдрэх болно. Урт хугацааны ашиг тус нь бие махбодийн сайн сайхан байдал, сайн эрүүл мэндээр илэрдэг.”
“Хувь хүний болон нийгмийн сайн сайхны төлөө хэн нэгэн хүн сайхан сэтгэлийг идэвхтэй хөгжүүлбэл эргэн тойрныхоо уур амьсгалыг өөрчилдөг гэдгийг бид мэддэг. Тиймээс бид энэрэнгүй сэтгэл буюу сайхан сэтгэлийг аз жаргалын эх үүсвэр гэж хэлж болно.”
Ихэнх тохиолдолд өглөө бүр доорх шүлгийг унших үед миний өрөөнд залаатай байдаг Бурхан Багшийн дүр надад бодитоор уншиж өгч буй мэт санагддаг.
Ертөнцийн зовлон юу буй тэр бүхэн өөрийгөө жаргаах хүслээс төрнө. Ертөнцийн амгалан юу буй тэр бүгд бусдыг жаргаах хүслээс төрнө.
Олныг номлохын хэрэг юун? Нялхас өөрийнхөө л тусыг үйлдэх ба бурхад бусдын тусыг зохиохуй. Энэ хоёрын ялгааг шинжсүгэй.
Хамаг уйтгар, алжаасыг арилгагч бодь сэтгэлийн морийг унаад амгалангаас амгаланд зорчихуйд саруул ухаантан хэн бээр бэрхшээх вэ?
“Хэрэв та сайхан сэтгэлийг хөгжүүлбэл богино хугацаанд сэтгэл амгалан бөгөөд илүү их дархлаатай болно. Нөгөөтэйгүүр, хэрэв таны сэтгэл санаа цочирдож, хямарвал та хоолноосоо ч таашаал авч чадахгүйд хүрнэ. Хэрэв та үнэхээр ууртай байгаа бол танд өгсөн хоолтой тавагийг ч хага шидэж магадгүй юм.”
Дээрхийн Гэгээнтэн цааш нь өгүүлэхдээ амьтад хүртэл сайхан сэтгэлийг үнэлдэг гэв. Хэрэв та нохойд эелдэг хандвал тэр сүүлээ хөдөлгөдөг, хэрэв түүнийг загнавал сүүлээ хавчина. Тэрээр, бид багазалуу байхдаа хайр энэрлээр дүүрэн байх нь чухал боловч өсч томрох тусам бид үүнд бага анхаарч байна гэдгийг онцлов.
“Энэ бол алдаа юм. Эцсийн эцэст боловсролын зорилго нь бидний сэтгэлийн амар амгаланд хувь нэмэр оруулах явдал байх ёстой. Тиймээс бид халуун дулаан сайхан сэтгэлд илүү анхаарлаа хандуулах ёстой.”
“Бид хамтдаа амьдрах ёстой нийгмийн амьтад мөн. Энэ бол бодит байдал. Долоон тэрбум хүн төрөлхтөн бид бүгд ахан дүүс шиг амьдрах учиртай. Хэрэв бид зөвхөн улс төр, мөнгө санхүү, зэр зэвсгийн талаар бодох аваас өөрсдийн асуудлыг бид хэзээ ч шийдэж чадахгүй.”
Дээрхийн Гэгээнтэн төгсгөлд нь, "Тийм учраас би халуун дулаан сайхан сэтгэлийг өдөр тутмын амьдралд түгээн дэлгэрүүлэхэд бүхнээ зориулдаг. Энэ бол бидний анхаарах ёстой зүйл юм.” хэмээн тайлбарлалаа.
Сона Димиджян асуулт асуух нэлээд хэдэн багш, сурган хүмүүжүүлэгчдийг танилцуулав. Дээрхийн Гэгээнтэн асуулт эхлэхийн өмнө зөв хандлагыг оюун санааны тэргүүнд байлгах хэрэгтэйг нотлон хэлэв. Жишээлбэл, тэсвэр тэвчээр нь энэрэл нигүүлсэлээс үүдэлтэй боловч бэрхшээл тулгарсан үед л хамаатай, үр дүнтэй байдаг гэдгийг онцлов. Бүх зүйл сайхан байхад бид тэвчээртэй байх шаардлагагүй. Энэ нь зөвхөн өвчтэй үед эм уухтай адил гэв.
Тэрээр бусдын зовлонг ойлгох нь биднийг энэрэнгүй болгодог хэмээгээд зовлонг хүч хэрэглэж, зэвсэг хэрэглэснээр даван туулах боломжгүй, бид энэрэнгүй сэтгэлийг төлөвшүүлэх ёстой бөгөөд энэхүү дотоод амар амгалангийн эх сурвалж нь илүү амар тайван дэлхий ертөнц рүү хөтлөх болно хэмээн тайлбарласан юм.
Дээрхийн Гэгээнтэн оюутан сурагчид хичээлдээ шамдан суралцахын зэрэгцээ хүнийхээ хувьд энэрэнгүй сайхан сэтгэлтэй байхыг сургамжлан захив. Багш нь энэрэнгүй хандлагатай байж, үүрэг хариуцлагаа ухамсарлан оюутан сурагчдынхаа алс ирээдүйн төлөө санаа зовдог бол тэд эерэг хариу үйлдэл үзүүлэх болно. Гэвч хэрэв багш нь ийм санаа зовох зүйлгүй, зөвхөн цалингаа олоход л санаа зовж байгаа гэж бол оюутнууд хичээл тарахад ангиасаа хурдан гарахыг л бодно гэлээ.
Дээрхийн Гэгээнтэн, “Хүүхэд байхаас л хичээл заасан багш маань надад маш их эелдэг ханддаг байсан. Үүний үр дүнд би түүнтэй илүү их цагийг өнгөрөөхийг хүсдэг байсан юм. Ийм халуун дулаан, сайхан сэтгэл нь биднийг аз жаргалтай, аюулгүй байдлыг мэдрэхэд гол үүрэг гүйцэтгэдэг.” хэмээн дурсан ярив.
“Хэрэв Далай Ламыг их алдартай хүн гэж үзвэл энэ нь зөвхөн миний нүүрэнд үргэлж инээмсэглэл тодорч байдагтай холбоотой. Энэ бүгд миний цаг үргэлж сайхан сэтгэлийг эрхэмлэж ирсний дүр дүн билээ.”
Дээрхийн Гэгээнтэн багш, сурган хүмүүжүүлэгчид зөвхөн сургалтын хөтөлбөрийн дагуу хичээл заах бус, шавь нарынхаа сайн сайхны төлөө чин сэтгэлээсээ санаа тавьсан цагт тэдний хооронд ойр дотно харилцаа бий болно гэдгийг дахин хэлэв. Багш хүн бусдын сайн сайхны төлөө чин сэтгэлээсээ зүтгэдэг бол шавь нартаа нэр хүндтэй байх нь дамжиггүй.
“Шударга ёс, энэрэл нигүүлслийн хувьд, урьд нь дотоод сэтгэлийн үнэ цэнийн талаар бага ярьдаг, харин хүч хэрэглэхэд илүү найдлага тавьдаг байсан. Гэвч өнөө үед дэлхий дахин өөрчлөгдөж, сайхан сэтгэлийн үүрэг илүү шаардлагатай байна. Хандлага нь илүү бодитой, илүү төлөвшсөн байна. Сэтгэлийн амар амгаланд хүрэхийн чухалыг тодорхой ойлгож байна. Мөн энэрэнгүй байх нь хүний үндсэн мөн чанар гэдгийг ихэд ухамсарлаж байна. Энэрэнгүй санааг илүү төлөвшүүлэх нь илүү их үнэн ба шударга байдалд хүргэдэг.”
Дээрхийн Гэгээнтэн сургуулийг бүхэлд нь энэрэнгүй болгох асуудалд хандахдаа, өнөөгийн боловсрол систем нь материаллаг зорилго агуулж буй тул сайхан сэтгэлийг заах хөтөлбөрийг зайлшгүй багтаах хэрэгтэй гэдгийг давтан тайлбарлалаа. Энэрэн нигүүлсэх сэтгэл нь сэтгэлийн амар амгаланг өгдөг бөгөөд ийм дотоод сэтгэлийн амар амгалан нь багш, сурагчдын эрүүл мэнд, сайн сайханд тусалдаг. Тэрээр боловсролын системээр дамжуулж сайхан сэтгэл дээр үндэслэсэн шинэ хандлагыг авчрах боломжтой гэдэгт бат итгэлтэй байгаагаа мэдэгдсэн юм.
“Энэрэн нигүүлсэх сэтгэл нь эр зориг, шийдэмгий байдлын үндэс суурь мөн. Зовлонг шууд, хурдан хугацаанд даван туулах боломжгүй тул эдгээр чанарууд шаардлагатай. Бид бодитой байх ёстой. Бид зовлонгийн шалтгааныг хайж, үндсээр нь арилгах ёстой. Бид оюун ухаан, өөртөө итгэлтэй байснаар хийж чадах боломжит зүйл юм.”
Дээрхийн Гэгээнтэн хүүхдийг энэрэн нигүүлсэхүйд сургах нь хамгийн чухал зүйл боловч мэдлэг, оюун ухааныг сайхан сэтгэлтэй хослуулах хэрэгтэй гэж дурдав.
Сона Димиджян Дээрхийн Гэгээнтний ярилцлагад хувь нэмэр оруулсанд нь талархал илэрхийлээд, “Энэрэл нигүүлслийн хүрээлэн”-ийн гүйцэтгэх захирал Стивен Батлераас хаалтын үг хэлэхийг хүслээ. Тэрээр мөн Дээрхийн Гэгээнтэнд энэрэнгүй байх хүний үндсэн чанар нь бидний амьдрал болон дэлхий ертөнцийг өөрчлөх хүчтэй гэсэн түүний айлдварт талархал илэрхийлэв. Тэрээр Дээрхийн Гэгээнтнийг урт удаан наслахыг хүсээд бид бүгдээрээ энэрэл нигүүлслийг илүү эелдэг, илүү халамжтай хүн төрөлхтний үр үндэс болгон төлөвшүүлэхийн төлөө бүх хүч чадлаа дайчлан ажиллахыг хүсч байгаагаа илэрхийлэв.
Төгсгөлд нь Дээрхийн Гэгээнтэн хүн төрөлхтөн илүү аз жаргалтай байхын тулд өнөөгийн боловсролыг сайхан сэтгэлтэй хослуулах ёстой гэлээ.
“Үүний тулд хүмүүст эрүүл, амар тайван сэтгэлийг төлөвшүүлэх явдал юм. Айдас нь уур хилэнг төрүүлж, уур нь сэтгэлийн амар амгаланг үгүй болгодог. Бид хэдий чинээ энэрэнгүй байна тэр хэмжээгээр айдас багасч, дотоод хүч чадал, өөртөө итгэх итгэл төдий чинээ их байх болно.”
Дээрхийн Гэгээнтэн, “Өнөөдрийн ярилцлагад оролцсон, сонссон хүмүүс бидний ярилцсан ямарваа зүйлс үндэслэлтэй гэж үзэж байгаа бол тунгаан бодож, энэ талаар ойлголттой болж, өөрийн гэр бүл, найз нөхөдтэйгээ хуваалцаарай” гэв.
Тэрээр "Баярлалаа. Дараа уулзая." Хэмээгээд айлдвараа өндөрлөлөө.