Энэтхэг, ХП, Дарамсала – Өнөөдөр өглөө Латви дахь Төвөдийн нийгэмлэгийн тэргүүн Жэнис Мартинс Скужа Дээрхийн Гэгээнтнийг Балтийн тэнгисийн орнуудын байгууллага, иргэдийн зөвлөлөөс зохион байгуулж буй цахим уулзалтад оролцож байгаад нь талархан мэндчилгээ дэвшүүллээ.
Хариуд нь Дээрхийн Гэгээнтэн “Би Балтийн тэнгисийн орнуудад хэд хэдэн удаа очиж байсан юм. Саяхан Оросын сүсэгтнүүдэд ном номлохоор би Латвид очсон билээ. Орос улсад номын айлдвар сонсох хүсэлтэй маш олон хүн байдаг ч тэд Энэтхэгт тэр бүр ирэх боломжгүй байдаг тухай Делид болсон оросын сүсэгтнүүдэд зориулсан номын айлдварын үеэр нэгэн хүн хэлсэн билээ. Үүнийг сонсоод Латвид номын айлдвар зохион байгуулсанаар Оросын сүсэгтнүүд хүрэлцэн ирэхэд илүү дөхөмтэй болсон юм. Латвийн ард иргэд, албаны хүмүүс энэ санааг дэмжиж, бидэнд тусалж, чин сэтгэлээсээ хандаж байгаал гүн талархал илэрхийлье.”
Дээрхийн Гэгээнтэн,
Нийтээр мөрдөх ёс зүй ба хувь хүний ёс суртахууныг өөр өөр шашны уламжлалын үүднээс авч үзвэл, ёс зүй нь шашны сүсэг бишрэлээс үүдэн гарсан байдаг. Гэхдээ бид шашнаас ангид ёс зүйг бас авч үзэх хэрэгтэй. Энэ нь нийт хүн төрөлхтөнд хамаатай. Энэ дэлхий дээр амьдарч байгаа долоон тэрбум хүн бүгд уг мөн чанартаа ижил бөгөөд хамтдаа зэрэгцэн аж төрөх учиртай юм.”
Өнгөрснийг эргээд харахад, хүмүүс бид дайн дажин дэгдээж, хүчирхийлэл үйлдэж иржээ. Хамгийн харамсалтай нь маш их хөрөнгө мөнгийг зэр зэвсэг үйлдвэрлэхэд зарцуулсан шүү дээ. Гэтэл хүн төрөлхтөн бид нийгмийн амьтад юм. Аливаа хүн тухайн амьдарч буй бүлэг, нийгмээсээ хамаардаг бөгөөд нийгмийнхээ бусад гишүүдэд санаа тавих төрөлх хандлагатай байдаг болохыг эрдэмтэн, судлаачид онцлон тайлбарлаж байна. Бидний аз жаргал бусдаас эхтэй билээ.”
“Заримдаа бид дэлхийн нийт хүн төрөлхтний төлөө санаа тавихаа умартаж, “бид”, “тэд” гэсэн явцуу бүлэгт өөрсдийгөө хуваан талцах нь бий. Үүний үр дүнд дайн, бие биеийнхээ амь насанд хүрэх нөхцөл бүрддэг билээ. Гэтэл өнөө цагт хүн төрөлхтөн ийнхүү “тэд”, “бид” гэж талцах тухай бодох ч үндэслэл байхгүй юм. Долоон тэрбум хүмүүн бид бүгд хамтдаа аж төрөхийн сацуу бие биедээ тусламжийн гараа сунгах учиртай. Энэ өнцгөөс харвал ёс зүй гэдэг нь нийт хүн төрөлхтний сайн сайхны төлөө яг одоо, яг энд санаа тавихыг хэлж байгаа юм. Шашны үүднээс бүхнийг Бүтээгч эзэн тэнгэр, эсвэл Бурхан Багш гэх зэрэг итгэл үнэмшлийн талаар би энд яриагүй. Хүн төрөлхтөн бид бүгдээрээ ахан дүүс юм. Энэ бол бусдад халуун дулаан сэтгэлээр хандаж байх тухай ярьж буй хэрэг билээ.”
“Өнөө үед ерөнхий асуудал бэрхшээлүүдээс гадна дэлхийн дулаарал гэх мэт бүх нийтэд сөргөөр нөлөөлж байгаа сорилтуудтай бид нүүр тулж байна. Ийм нөхцөлд бид хамтдаа аз жаргалтай, амар амгалан амьдарч сурах нь чухал юм. Би нарийн боловсронгуй, илүү хүчтэй зэвсэн үйлдвэрлэх хэрэг байхгүй. Харин энх тайвнаар зэрэгцэн оршиж, долоон тэрбум хүн нэгдмэл, нэг нийгмийнх гэдгийг ухамсарлах хэрэгтэй байна.”
“Латви, Литва, Эстони гэх Балтийн тэнгисийн орнуудын ах дүүс та нар маань хүн төрөлхтнийг ахан дүүс мэт эв нэгдэлтэй байлгах энэ үйл хэрэгт томоохон хувь нэмэр оруулж чадна гэдэгт би итгэлтэй байна. Бага балчир наснаасаа би гадаад улс орнуудын талаар зурагт номноос уншиж мэдэж авсан бөгөөд томоохон гүрнүүд Балтийн тэнгисийн орнуудыг хэрхэн дарлаж байсан тухай ойлголттой болж байлаа. Одоо харин нөхцөл байдал өөрчлөгдөж, энэ орнуудад зочлох боломжтой болсон байна."
Хүн төрөлхтнийг нэгэн гэр бүл гэж үзэх үзэлд суурилсан ёс зүй бол амар амгалангийн эх ундарга мөн юм. Дайн хоцрогдсон. Зэр зэвсэг агсах санаархал ч бас хоцрогдсон, мөнгөний гарз. Даян дэлхийд амар амгаланг тогтооход том гүрнүүдээс илүү жижиг орнууд чухал үүрэг гүйцэтгэх боломжтой гэдэгт би итгэдэг юм шүү.”
Балтийн тэнгисийн гурван орны үзэгчдийн асуултад хариулахдаа Дээрхийн Гэгээнтэн цар тахлын улмаас шаналж буй ахан дүүст санаа зовниж буйгаа илэрхийлээд, цар тахлын үед эмч, асрагч, сувилагч нар тэдгээр өвчтнүүдийг эмчлэхэд бүх чадлаа зориулж буйд гүнээ талархан, биширч буйгаа хэллээ. Тэрээр бурханы шашны хувраг хүний хувьд өдөр бүр, эл өвчнөөр шаналан зовж буй хүмүүсийг үтэр түргэн илааршиж, аюулт тахал өвчин эцэс болохын тухайтад залбирч байдаг гэлээ. Тэр дундаа Ногоон Дарь Эх бурханд залбирч, зүрхэн тарнийг нь урин уншиж байгаа аж.
Хувь хүн өөрийгөө хэрхэн хөгжүүлж, өөрчилж сурах талаарх асуултад Дээрхийн Гэгээнтэн хариулахдаа, “Хүний тархи онцгой уян хатан чанартай. Бид өөрсдийн тархийг ‘бид’, ‘тэд’ хэмээн хагалан бутаргасан үзэлд ашиглаж болохгүй. Боловсролын хөтөлбөрүүд нь хүний үндсэн үнэт зүйлс, хүн төрөлхтний нийтийн сайн сайхны төлөө санаа тавих үзлийг илүү хөгжүүлдэг чиглэсэн байх ёстой юм” хэмээн хариулав.
“Орчин үеийн боловсролын агуулга ерөнхийдөө материаллаг зорилгод чиглэдэг. Гэхдээ бид оюун санаа ба сэтгэлийн хөдөлгөөний талаарх эртний Энэтхэгийн мэдлэгээс суралцаж болно шүү дээ. Энд хүчирхийллээс ангид байх, энэрэнгүй сэтгэлийн талаарх ойлголтууд багтсан байдаг. Энэ хоёрыг өнөөгийн боловсролд эргэн нэвтрүүлэх боломжтой.”
“Өнөө цагт шинжлэх ухааны олон эрдэмтэн сэтгэцийн эрүүл мэндийн талаар судалж, сэтгэлийн амар амгаланд хүрэх арга замыг сонирхож болжээ. Үүнд сэтгэл хөдлөлийн эрүүл ахуйгаа сахин хамгаалах тухай ойлголт орно. Биеийн эрүүл мэнд сэтгэлийн эрүүл мэндээс маш их хамааралтай юм. Уур, айдас гэх мэт сөрөг сэтгэл хөдлөлөө хэрхэн удирдаж сурах мэдлэг ч бас багтана. Цаашлаад, сөрөг сэтгэл хөдлөлийг сайхан сэтгэл, энэрэнгүй сэтгэлээр дарах, удирдах арга ухааныг сургадаг юм.
Дээрхийн Гэгээнтэн “Өнгөрсөн хугацаанд олон улс оронд цэргийн зэвсэгт хүчин ноёрхож байсан билээ. Харин өнөөдөр жинхэнэ утгаараа ардчилал хөгжиж, нийгмийн сайн сайхны төлөө анхаарал хандуулах болсноор нөхцөл байдал өөрчлөгдөж, дэвшил гарсаар байна. Хүмүүс баян, ядуугийн ялгааг багасгахыг хүсэж байна. Хувь хүмүүс бусдын болон нийгмийн сайн сайхны төлөө хариуцлага хүлээх нь нэмэгдэж байгаа нь сайшаалтай” гэлээ.
“Хүмүүс тодорхой үйлдэл хийх шийдвэр гаргахдаа бусдын өгөх тушаал, зааврыг хүлээхээсээ илүүтэй өөрсдийн мэдрэмж, туршлагад тулгуурладаг. Мэдрэмж бол оюун санааны нэг бүрэлдэхүүн хэсэг юм. Эртний Энэтхэгийн Наланда уламжлалд хадгалагдан үлдсэн мэдлэгт оюун санаа, сэтгэл хөдлөлийн тогтолцооны талаар нарийн тайлбарласан байдаг. Хувь хүмүүсийг сэтгэлийн амар амгаланд хөтөлж, тайван дөлгөөн хүн болгож төлөвшүүлэх тухай хэд хэдэн сайн ном бий. Бид тэдгээр номнуудыг судлах хэрэгтэй.”
“Өнөө цагт хүн бүр ухаалаг утастай болсноор мэдээлэл авах сурвалж нь асар их нэмэгдэж байна. Хэдий тийм боловч мушгин гуйвуулсан мэдээлэл болон хариуцлагагүй яриа ямар хортой болохыг анхаарах хэрэгтэй. Хүмүүс боловсролтой болж, буруу зөвийг ялган тунгаах чадвартай болохын хэрээр буруу, мушгин гуйвуулсан мэдээлэл тараадаг хүмүүс илчлэгдэж, нэр төр нь унах юм. Агуу гэгдэх үндэстнүүд ч бас худал мэдээ тарааж байгаа нь харагддаг шүү дээ.”
“Хүссэн хүсээгүй бид энэ гараг дээр зэрэгцэн амьдрахаас өөр аргагүй тул шашин шүтлэг, арьс өнгөний ялгааг хойш тавьж, бид бүгд хүн төрөлхтөн гэдэг нэг л гэр бүлд харьяалагдана гэдгийг ухаарах нь зүйтэй. Хүн төрөлхтөн гэдэг талаас нь бүх хүнийг тэгшид авч үзэх юм бол хүмүүс хоорондын баян, ядуугийн ялгааг бууруулах, бүрмөсөн арилгах шаардлага аяндаа гарч ирнэ.”
“Би өөдрөг хүн. Бүх зүйл сайн талруугаа хандан өөрчлөгдөж байгаа гэдэгт итгэдэг.”
Христосын болон буддын шашны байр суурь XXI зуунд ямар байх талаар асуусан асуултад Дээрхийн Гэгээнтэн хуучны улиг болсон сэтгэлгээнд хэт найдах хэрэггүй гэдгийг тэмдэглэв. Мөн тэрбээр ном сургаал тайлбарлахдаа аль болох урьдын мэргэдийн айлдсан үгийг тэр хэвээр нь давтахаас зайлсхийж, аливаа сургаалыг шинжлэх ухаанч байдлаар, учир шалтгааны үүднээс тайлбарлахыг оролддог тухайгаа өгүүлэв. Энэ нь асрал, хайрын тухай гол санааг гажуудуулдаггүй. Христын шашинтнуудын хувьд Ертөнцийн Эзэн, бүтээгч нь энэрэл нигүүлсэгч эцэг бөгөөд өөрийн хүүхдүүд буюу нийт хүн төрөлхтнийг ахан дүүс мэт байлгахыг хүсдэг шүү дээ.
Мөн Дээрхийн Гэгээнтэн Төвөдийн уламжлалт шашинд маш олон утга учиргүй зан үйл байсаар байгааг мөн дурдаад, хэдийгээр дэлхий дээрх шашнуудын суурь гүн ухааны үзлүүд өөр хоорондоо адилгүй боловч бүгд асрал, хайрыг хөгжүүлэхэд голлон төвлөрдөг гэдгийг ахин дахин сануулав. Асрал энэрэлийн тухай ойлголт байгаа цагт өршөөл, уучлал аяндаа төрдөг. Сайхан сэтгэлээс аз жаргалтай хувь хүн, гэр бүл, нийгэм бий болдог. Сайхан сэтгэлийг хөгжүүлэх сургалтыг ерөнхий боловсролын хөтөлбөрт оруулж болох юм гэлээ.
Бэрхшээл, сорилтыг хэрхэн даван туулах талаар асуусан хүнд Дээрхийн Гэгээнтэн өөрийн туршлагаасаа хуваалцав. Тэрээр асуудал, бэрхшээл тулгарах үед эртний Энэтхэгийн ловон Шантидевагийн зөвлөгөөг дагадаг гэлээ. Эхлээд тухайн асуудлыг шинжилж, шийдвэрлэх боломжтой эсэхийг нь тодорхойлно. Шийдэл байгаа бол түүнийг дагана. Харин шийдвэрлэх боломжгүй, ямар ч гарцгүй тохиол бол зөнд нь орхиж, тухайн нөхцөл байдлыг байгаагаар нь хүлээн авсан нь дээр гэж үздэг ажээ.
Хүний амьдралын жинхэнэ зорилго юу вэ гэсэн асуултанд хариулахдаа Дээрхийн Гэгээнтэн хүний аз жаргалтай, эрүүл саруул амьдралын гол хүчин зүйл нь сэтгэлийн амар амгаланг олох явдал мөн хэмээн онцлов. Уур хилэн, айдас зэрэг сэтгэлийн хөдөлгөөн сэтгэлийн амар тайван байдлыг үгүй хийдэг бол энэрэл нигүүлсэл, бусдад санаа тавих нь сэтгэлийн амар амгаланг бэхжүүлдэг. Иймд уурыг хэрхэн дарж, энэрэн нигүүлсэх сэтгэлийг хэрхэн хөгжүүлэх талаар судлах нь чухал. Үүний тулд оюун ухаанаа ашиглах хэрэгтэй. Энэ бүхэнд биднийг хөтлөх зөвлөгөө нь эртний судар номд агуулагдаж байна. Гэсэн ч тэдгээр зөвлөгөөг бодит амьдрал дээр, шашнаас ангид байдлаар хэрэглэж болно хэмээн тайлбарлалаа.
Лавти улсын парламентийн гишүүн бөгөөд парламент дахь Төвөдийг дэмжих бүлгийн дарга ноён Үлдис Бүдрикис Дээрхийн Гэгээнтэнд итгэл найдвар ба сэтгэлийн амар амгалангийн талаар сургаал айлдсанд нь талархал илэрхийлэв. Мөн Латви улсын Төвөдийн нийгэмлэгийн нэрийн өмнөөс Дээрхийн Гэгээнтэнд хандаж хэлсэн үгэндээ “Латви болон Балтийн тэнгисийн орнуудад Төвөдийн ард түмэн хэрхэн эрх чөлөөгөө алдаж, шаналж байгааг ойлгож, санаа тавьдаг хүмүүс олон бий. Төвөдийг жинхэнэ автономит улс болгох талаарх яриа хэлэлцээрийг нээхэд дэмжлэг үзүүлэх болно. Энх тайвны хонхыг цохиж, энэ дэлхийг сайн сайхан болгохын төлөө хичээн зүтгэж байгаад тань ихэд талархаж явдаг.” хэмээн онцлов.
Хариуд нь Дээрхийн Гэгээнтэн ийнхүү тайлбар өгүүлэв:
“Хэдий би улс төрийн үүрэг хариуцлагаас чөлөөлөгдсөн боловч, Төвөдийн соёл буюу Буддын соёлыг хадгалж, хамгаалах үүрэг маань хэвээр байгаа. Долдугаар зуунд Төвөдийн хаан бичиг үсэг зохиолгохдоо тухайн үед ойр харилцаатай байсан Хятадын цагаан толгойг бус, эртний Энэтхэгийн деванагарын үсгийг үндэс болгосон байдаг. Тэр цагаас хойш нэгэн зууны дараа, тухайн үедийн Төвөдийн хаан Энэтхэгээс гүн ухаантан, учир шалтгааны ухаанд нэвтэрсэн эрдэмтэн Шантаракшитаг урьж ирүүлснээр, төвөдүүд буддын гүн ухаантай танилцсан юм.”
“Төвөдийн Буддын шашны нэг онцлог нь учир шалтгаанд ихээхэн анхаардагт оршдог. Энэ бол маш олон талыг хамарсан уламжлал бөгөөд үүн дотор хүн төрөлхтний суурь үнэт зүйлс ч багтсан байдаг.”
“Мөн би Төвөдийн байгаль орчныг хадгалж хамгаалах үүргийг өөртөө хүлээсэн. Төвөдийн өндөрлөгөөс Азийн томоохон гол мөрнүүд эх авч, сая сая хүнийг ундаалдаг тул Төвөдийн байгаль орчин, үүн дотор ойн санг хамгаалах нь нэн чухал асуудал билээ.”
Төвөдүүд бид 1974 оноос хойш тусгаар тогтнохыг эрэлхийлэхээсээ илүү БНХАУ-ын бүрэлдэхүүнд байх хүсэлтэй байгаагаа илэрхийлсээр ирсэн юм. Тэд бидэнд нутаг орноо хөгжүүлэх санхүүжилт өгч, харин бид Буддын ном сургаалаа зааж өгч болох шүү дээ. Хамгийн гол нь бидэнд бүрэн дүүрэн автономит эрх олгох хэрэгтэй гэж бид хүсч буй.”
“Бидэнтэй нөхөрлөж буй та бүхэнд талархал илэрхийлье. Баярлалаа.”