Энэтхэг, ХП, Дарамсала - Өнөөдөр өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Лам уулзалтын өрөөнд нүүр дүүрэн инээмсэглэл тодруулсаар морилон ирлээ. Дараа нь ОХУ-аас цахимаар холбогдон оролцож буй хүмүүсийн царайг дэлгэцээр харж, инээн, гараараа дохин мэндчилээд суудалдаа залрав.
ОХУ-ын ШУА-ийн Гишүүн профессор Николай Янковский өөрийгөө танилцуулж, өнөөдрийн уулзалтыг Санкт-Петербургийн Их сургуулийн Когнитив судалгааны хүрээлэнгийн захирал, профессор Татьяна Черниговская хөтлөх байсан боловч хоолой нь сөөсөн тул түүний оронд ажиллаж, энэ уулзалтыг хөтлөн явуулахаар болсон тухайгаа тайлбарлав. Мөн тэрбээр уулзалтын гол оролцогчид нь Оросын их дээд сургуулийн оюутнууд болохыг тодрууллаа. Оюутнуудын хувьд Дээрхийн Гэгээнтэнтэй ийнхүү уулзаж байгаа нь ихэд сайхан завшаан мөний дээр, уулзалтын үр өгөөж мөн өндөр байна гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв.
Дээрхийн Гэгээнтэн,
“Хүмүүс бид бүгд ижил билээ. Бид бүгд л амар амгалан, аз жаргалд тэмүүлж, харин хэн ч зовж, шаналахыг хүсдэггүй. Бид бусад амьтад, өчүүхэн жижиг өт хорхойноос ямар ч ялгаагүй, зовлон бэрхшээлээс ангид, аз жаргалтай амьдрахыг хүсдэг. Биднийг тэднээс ялгаж байгаа зүйл бол оюун ухаан юм. Бид амар амгалан, аз жаргалыг олохын тулд оюун ухаанаа ашигладаг. Гэхдээ энэ тал дээр бид заримдаа харалган бөгөөд явцуу үзлээр ханддаг шүү дээ. Урьдын цагт Төвөдүүд бид хамаг амьтны тусын тул залбирдаг байсан л даа. Гэхдээ яг үнэндээ бол Төвөдүүддээ л санаа тавьж залбирдаг байсан. Оросууд ч мөн ялгаагүй байх.”
Хорьдугаар зуунд хоёр ч удаа дэлхийн дайн гарсан. Бид оюун ухаан, шинжлэх ухааны мэдлэгээ цэрэг армийн зорилгод ашигласан. Тэр ч байтугай бид цөмийн зэвсэг, цөмийн цэнэгт хошуугаар зэвсэглэсэн пуужин хүртэл бүтээсэн шүү дээ. Бид дор бүрнээ хувиа хичээж ирлээ. Одоо харин бид зөвхөн нэг өөрийн улс, үндэстний төлөө биш нийт хүн төрөлхтний төлөө санаа тавих цаг болжээ. Нэгэнт бид энэ гариг дээр хамтдаа амьдрах ёстойгоос хойш “бид”, “тэд” гэж өөрсдийгөө хувааж, тэр явцуу орон зайгаа хамгаалж тэмцэлдэх нь утгагүй юм. Энэ бол хуучин, хоцрогдсон сэтгэлгээ юм шүү.”
Даян дэлхийд амар амгаланг цогцлоохын тулд бид үндэстэн хоорондын хэл, соёлын ялгааг хэт дөвийлгөлгүй, түүнийг хоёрдогч зүйл гэж үзэх хэрэгтэй. Хүн төрөлхтнийг бүхэлд нь анхаарч үзэх нь зүйтэй. Урьд нь бид асуудлыг явцуу өнцгөөс хардаг байсан тул хоорондоо дайтаж, зөрчилдсөөр өдийг хүрлээ. Орос улс бол дэлхий дахинд амар амгаланг тогтооход ихээхэн хувь нэмэр оруулах боломжтой, агуу улс мөнөөсөө мөн. Өнөөдөр би та бүхэнтэй уулзаж, та бүхний асуултад хариулж байгаадаа баяртай байна.
Халимагийн их сургуулийн нэгэн оюутан цар тахлын үеэр найзуудтайгаа хамтран хүнд нөхцөл байдалд байгаа хүмүүст сайн дураараа тусалж ажилласан тухайгаа яриад, энэрэн нигүүлсэх сэтгэлийн үүднээс амь насаа эрсдэлд оруулах нь зөв эсэхийг асуув.
Үүнд Дээрхийн Гэгээнтэн,
“Чин сэтгэлээсээ энэрэл нигүүлслийг дадуулах гэдэг нь өөрийнхөө төлөө гэхээсээ илүү бусдад санаа тавьж буй хэрэг юм. Өөрийн амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулан байж өвдөж, ганцаардсан нэгэнд тусалж байгаа хүмүүсийг бишрэн бахдаж байна. Амь насаа золиослон байж бусад хүмүүст санаа тавьж байгаа нь жинхэнэ энэрэл нигүүлслийн илрэл юм. Энэтхэгээс гаралтай оюун санааны уламжлалыг, жишээ нь буддизмыг дагадаг хүмүүс үхлийн дараа дахин төрөл авна гэдэгт итгэдэг. Харин христос, муслим, еврейн шашинд бол бусдын төлөө амиа золиосолсон хүнийг Бурхан ивээнэ гэж үздэг юм” гэж хариулав.
ОХУ-ын Буриадын Их сургуулийн оюутанд “Аливаа шашин, итгэл үнэмшил нь гүн үзэл буюу билэг ухаантай хосолсон байх ёстой” гэж хэлэв. Энэ нь ямар ч сургаалыг учир шалтгааны үүднээс нягтлан шинжлэх ёстой гэсэн үг юм. Мэдлэг гүехэн хүн аливаад сохроор итгэдэг. Харин оюун ухаанаа дасгалжуулдаг хүн бол учир шалтгаанд найддаг хэмээн хариуллаа.
Санкт-Петербургийн Их сургуулийн оюутан хүн бүхний сэтгэлд нийцдэг түгээмэл гоо сайхан гэж байдаг эсэхийг асуухад Дээрхийн Гэгээнтэн “Тийм гоо сайхан бол халуун дулаан сэтгэл юм. Тэр ч байтугай амьтад ч хүний халуун дулаан сэтгэлийн илчийг мэдэрдэг. Хэрэв хүн асрал хайрын сэтгэлд дулдуйдаж аливаад хандвал, тэр сайхан бодол сэтгэл тухайн хүний царай төрхөд илэрч харагддаг. Жинхэнэ гоо сайхан гэдэг нь дотоод сэтгэлийн гоо сайхан юм.” хэмээн хариуллаа.
“Хүн төрөлхтөн техник, технологийг бүтээж ашигладаг. Хэрэв үүнийг энэрэнгүй сэдэл зорилгоор зөв зохистой ашиглавал ач тусаа өгнө. Компьютерт сэтгэл хөдлөл гэж байхгүй шүү дээ. Харин уг компьютерийг ашиглаж байгаа хүнээс шалтгаалаад сайн, муу нөлөө бий болдог. Ашиглаж буй эзэн нь өглөгч, сайхан сэтгэлтэй бол үр дагавар нь эерэг байх нь гарцаагүй. Гэтэл маргааш өдөр нь мөнөөх компьютерийг өөр нэгэн ууртай, хорон сэтгэлтэй хүн ашиглавал, бусдад хорлолтой үр дагавар гарч болох шүү дээ.”
“Хүн төрөлхтөн бидний төрөлх мөн чанар бусдыг энэрэн нигүүлсэхэд оршдог. Бид төрөхдөө л эхийн хайраар өлгийдүүлж, бусдын ач тусаар хүн болсон билээ. Шинжлэх ухааны эрдэмтэд, хүн нийгмийн амьтан учраас амьдарч буй нийгэмдээ санаа тавьдаг болохыг, мөн орчин үеийн боловсрол гадаад хүчин зүйлсэд хэт анхаарал хандуулж байгааг ажигласан байна. Бид биеийн эрүүл мэндээ хамгаалахын тулд биеийнхээ эрүүл ахуйг сахидаг шиг сэтгэлийн эрүүл ахуйгаа сахин хамгаалахын тулд сөрөг сэтгэл хөдлөлөө удирдаж энэрэнгүй сэтгэлээ хөгжүүлэх хэрэгтэй.”
Москвагийн Их Сургуулийн нэгэн залуу эмэгтэй “Хэрэв дэлхийн бүх хүн гэгээрчихвэл яах бол?” гэж асуухад Дээрхийн Гэгээнтэн Далай Лам ”Гэгээрэлд хүрнэ гэдэг нь хүний сэтгэл нүгэл хилэнцээсээ бүрэн ангижрахыг хэлнэ. Бидний сэтгэл хиргүй тунгалаг, энэрэнгүй мөн чанартай юм. Харин муу сэтгэл нь мунхагаас үүдэлтэй. Мунхагт баттай үндэслэл байхгүй тул түүнийг арилгаж сэтгэлийн тунгалаг мөн чанарыг өнгөлөн ил гаргах боломжтой юм. Энэ бол эрдэмт багш, лам нарын хийгээд миний дагаж мөрддөг сургаал, зам мөр билээ. Нэгэнт сэтгэл тунгалаг мөн чанартай тул, бид мунхагийг багасгаж, улмаар түүнээс ангижрах бүрэн боломжтой. Ингэж чадвал бид хувь заяаныхаа эзэн болно.”
Нэгэн Буриад оюутан “Эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс илүү оюун санааны сургаал, зам мөрийг сонирхдог юм шиг санагддаг. Үүний учир юунд байна вэ?” гэж асуухад Дээрхийн Гэгээнтэн “Барууны орнуудад христосын шашны хүрээнд гэлэнмаа нарын тоо эрэгтэй хуврагуудаас илүү байдаг нь ажиглагдсан. Энэ нь хүмүүс нэг нэгнээсээ ихээхэн хамааралтай амьдардаг гэдгийг эмэгтэй хүн илүү ойлгож, ухаарсан байдагтай холбоотой байж болох юм. Бурхан Багш эрэгтэй, эмэгтэй ямар ч хүнд сахил санваар авч, сүм хийдэд шавилан суух боломжийг тэгш өгсөн юм.” хэмээн хариулав.
Москва хотоос ирсэн нэгэн залуу эмэгтэй “Буддизм нь сүүлийн үед дэлхийн бусад соёл, мэдлэгийн тогтолцооны нөлөөнд хэр их орж байгаа бол?” гэж асуухад Дээрхийн Гэгээнтэн “Бурхан Багшийн пали уламжлалыг дагагч шавь нар түүний заасан сургаал номыг ямар ч эргэлзээгүйгээр дагадаг байжээ. Харин Наланда уламжлалын багш нар учир шалтгааны ухааныг ихээхэн баримтлах болсон юм. Энэ уламжлалын төлөөлөл болох Нагаржуна, Чандракирти нар маш хурц бөгөөд бусдаас бие даасан оюун ухааны арга барилтай байжээ. Ловон Чандракирти бээр аливаа юмс өөрийн зүгээс дангаараа бие даан оршдоггүй, харин бусад зүйлсээс харилцан хамааралтайгаар оршдог гэж айлдсан нь төв үзлийн маш нарийн ойлголт юм. Бусад эрдэмтэн, мэргэд энэ сургаалыг хүлээн зөвшөөрөөгүй нь угтаа юмс харагдаж байгаа шигээ оршдоггүй гэсэн ухагдахуунаас эмээж байсантай нь холбоотой.” хэмээн хариулав.
“Билиг оюун нь мунхагийн ерөндөг учраас юмсыг олон талаас нь учир шалтгааны үүднээс тунгаан бясалгах нь нэн чухал юм. Наланда уламжлалын энэхүү арга барил нь Өмнөд Энэтхэгийн дацан хийдийн лам хуврагууд орчин цагийн эрдэмтэн судлаачидтай үр дүнтэй хамтран ажиллахад тус болдог.”
Сүсэгтэн олон багш нартай цахимаар харилцаж, сургаалыг нь сонсоод даруй нэг жил өнгөрчээ. Энэ хугацаанд Далай Лам ч мөн сургаал номоо цахимаар тавьж байсан бөгөөд нэгэн залуу Халимаг эмэгтэйд “Амьд харилцаа өрнүүлэх боломжтой байвал мэдээж тэр нь давуу талуудтай. Гэхдээ, өнөө үед амьдран буй буддын шашинтнууд дунд Бурхан Багштай биечлэн уулзсан хүн нэг ч үгүй. Бурхан Багшийн үзэл санаа төвөд хэл дээр өөрийн айлдсан Ганжуурын 100 боть, Энэтхэгийн мэргэдийн 220 боть, Төвөдийн эрдэмтэн мэргэдийн туурвисан 10,000 гаруй зохиол бүтээл болон тэдгээрийг уншсан сүсэгтэн шавь нарын сэтгэлд хадгалдаж байдаг. Энэ нь тэгэхээр амьд уламжлал мөн юм.” хэмээн айлдлаа.
Санкт Петербургийн нэгэн оюутанд “Буддын үзлээр бол бүх зүйл биднээс шалтгаалдаг. Орчлон хорвоо бидний үйлийн үрээр бий болдог. Хэрэв бид нигүүлсэхүй сэтгэл болон билиг оюунаа хөгжүүлэх юм бол нисванист му сэтгэлээс ангижрах боломжтой. Сэтгэлд эхлэл болон төгсгөл гэж үгүй. Хэрэв сэтгэл мунхагаар дүүрэн байх л юм бол бид амьдралын хүрдэнд эргэлдсээр байх болно. Мунхагийг арилгахад бидний сэтгэл Бурханы хутагийг олдог.” хэмээн айлдлаа.
“Бэрхшээлтэй нүүр тулахаараа “Энэ бол миний үйлийн үр” гээд бэрхшээлд бууж өгч болохгүй. Өөрчилж болохгүй нөхцөл байдал гэж байдаг ч муу үйлийн үрийг сайн үйлийн үрээр арилгах боломжтой. Өөрчлөх боломжгүй нөхцөл байдалтай тулгарсан үедээ тэвчээртэй байх нь сайн ч зовлон зүдгүүрийг зүгээр тэвчиж суух нь зохимжгүй юм. Бид бүгдэд гэгээрэлд хүрэх боломж байдаг учраас мунхаглал, зовлон зүдгүүрийг даван туулж гэгээрэлд хүрэх нь хавьгүй дээр билээ.”
Харин Буддизм болон шинжлэх ухаан хоорондын харилцаа холбооны тал дээр Дээрхийн Гэгээнтэн, хэдий тэрээр бага балчраасаа сониуч хүүхэд байсан ч Төвөдөд амьдарч байхдаа шинжлэх ухааны эрдэмтэдтэй ямар ч харилцаа холбоогүй байсан. Харин Энэтхэг болон өөр газруудад түүнд эрдэмтэдтэй уулзаж, тэдэнтэй ярилцах боломж гарсан байна. Үүний үр дүнд шинжлэх ухааны хичээлүүд дацан хийдүүдийн сургалтын хөтөлбөрт орж, лам хуврагууд бодит ертөнцийн тухай суралцах боломжтой болсон гэдгийг тайлбарлав. Мөн шинжлэх ухааны эрдэмтэд сэтгэл болон хүний сэтгэл хөдлөлийн талаар, түүнчлэн хэрхэн сэтгэлийн амар амгалантай байх талаар суралцдаг болсон талаар дурдлаа.
Өнөөдөр дэлхийд ийм их асуудал байхад хэрхэн сэтгэлийн амар амгаланг олж амьдрах талаар Дээрхийн Гэгээнтэн дэлхийн дулаарлаас болж үүсч байгаа хүндрэлүүдийг жишээ болгон: “Хар шуурга, гал түймэр. Эдгээр гамшгууд бидний хяналтаас гарсан зүйлс байж болно. Харин нүүрс, газрын тос гэх мэт нөхөн сэргээгдэхгүй эрчим хүчний хэрэглээгээ багасгаж, сэргээгдэх эрчим хүч болох нарны, салхины эрчим хүчээ илүү хэрэглэвэл, асуудлын уг суурь болоод байгаа нүүрсхүчлийн хийн бохирдлыг багасгах боломжтой” хэмээлээ.
Хурал удирдагч Проф. Николай Янковски Дээрхийн Гэгээнтэнд асуултанд хариулсанд нь талархан түүнтэй холбогдсондоо баяртай байгаагаа илэрхийллээ.
Дээрхийн Гэгээнтэн төгсгөлд нь хуучин ЗХУ-ын зарим улсууд буддын шашинтай байсныг дурдаад,
“Бурханы номыг судлах боломж тэр болгон олддоггүй байсан хүмүүс уншлага унших, зан үйл үйлдэх төдийд өөрсдийгөө хязгаарлалгүй буддын номыг аль болох уншиж судлахыг бодох хэрэгтэй. Шинжлэх ухаантай харьцуулж судал. Наланда сургуулийн уламжлалыг сэргээ. Баярлалаа, удахгүй дахин уулзацгаая.” хэмээгээд яриагаа өндөрлөв.