Энэтхэг, ХП, Дарамсала – Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг өрөөнд залран орж ирэхэд Монголын лам хуврагууд Билгүүний Зүрхэн судрыг уншиж байсан бөгөөд дараа нь Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуган дахь Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын сэнтийн өмнө түүнд зориулан мандал өргөлөө.
Нээлтийн үгэндээ хамба лам Чойжамц нийт Монголын сүсэгтнүүд, мөн лам хуврагуудын өмнөөс Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд мэндчилгээ дэвшүүлэв. Мөн тэрээр III Далай Лам Содномжамцын үеэс Богд Зонховын шашин Монгол оронд дэлгэрч эхэлснийг тэмдэглэн хэллээ. XIV Далай Лам ч 1979 он анх Монгол оронд морилсон тэр цагаас хойш Монгол оронд дээдийн номыг дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсаар байгааг дурдав. Дээрхийн Гэгээнтний анхны айлчлалыг тухайн үеийн ахмад хуврагууд машид сэтгэл догдлон хүлээн авч байсныг мөн дурдлаа.
Мөн Монголын лам хуврагууд Энэтхэгт суралцах боломжтой болж, эхнээсээ гэвш лхаарамба болон нууц тарнийн өндөр эрдмийн цол хамгаалж эхэлснийг тэмдэглэн хэлэв. Тэрээр төгсгөлд нь Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд урт удаан наслаж, дээдийн номын хүрдийг эргүүлэхүйн ерөөл өргөлөө.
“Бид бүгдийн байнга уншдаг “Дүшидийн орны зуун бурхад - Ганданлхавжа” номонд Богд Зонхов нэр алдрын төлөө дээдийн номд суралцахыг хэрхэн тэвчсэн тухай гардаг шүү дээ. Бид дээдийн номд суралцахдаа ертөнцийн найман хүсэлд хөтлөгдөж болохгүй. Бурхан Багш гэгээрлийн зам мөрөөр замнасан урт хугацаанд эдгээр найман хүслийг огоот тэвчиж ирсэн билээ.”
“Богд Зонхов тухайн үеийн олон том дацанд шавилан сууж ертөнцийн нэр алдар гэх мэтээс бүрэн татгалзаж, дээдийн номд чинхүү суралцсан юм. Дараа нь тэрээр Олха нутагт очиж нүгэл хилэнцээ арилгах, буян хураах үйлд шамдсан байна. Дараа нь Ладэн ууланд хоосон чанарын бясалгалд төвлөрөн суух үедээ нэгэн шөнө Хутагт Нагаржуна өөрийн онцгой 5 шавийн хамт заларч буйгаар зүүдлэсэн байна. Тэдгээр таван шавийн дотроос ловон Буддапалита урагш залран ирж өөрийн нэрээр нэрлэгдсэн Буддапалита шастираар Богд Зонховын тэргүүнд адис хүртээж байна хэмээн зүүдлэжээ. Дараа өдөр нь Богд Зонхов тэрхүү шастирыг уншиж суухдаа бусдаас хамааралгүй, бие даан оршдог нэгээхэн ч зүй үгүй хэмээх шүтэн барилдлагын утгыг бүрэн гүйцэд таньсан байна. Ийнхүү түүний хоосон чанарын талаарх бүх эргэлзээ арилжээ.”
Тэрээр төв үзлийг сайтар болгоосон нь түүний бичсэн “Учир шалтгааны далай”, “Таалалын тайлбар”, “Их бодь мөрийн зэрэг дэх үлэмж үзэхүй”, “Бага бодь мөрийн зэрэг дэх үлэмж үзэхүй”, “Сайтар номлолын шим” хэмээхчойрын таван ботиос илт харагддаг.”
Дээрхийн Гэгээнтэн, хэрэв юмс өөрийн мөн чанараар оршдог хэмээн итгэвээс учир шалтгааны дөрвөн логиктой зөрчилдөнө гэдгийг онцгойлон тайлбарлаад энэ тухай ловон Чандракиртигийн “Төвд орохуй” номын 6-р бүлэгт байдгийг эш татав.
Тэдгээр нь, хоосон чанарыг таньсан хутагтын билиг оюун нь оршихуйг үгүй хийхэд хүрнэ, харьцангуй үнэн нь учир шалтгаант оюуны дүн шинжилгээнд олдоход хүрнэ, үнэмлэхүй үнэн мөн чанартаа төрөхгүй гэх, мөн Бурхан Багшийн айлдсан “юмс, үзэгдэл нь өөрөө оршин тогтнох боломжгүй” хэмээн айлдсан нь буруудахад хүрнэ.
Дээрхийн Гэгээнтэн эдгээрийг өдөр бүр бодож бясалгадаг ажээ.
Богд Зонхов “Их бодь мөрийн зэрэг”-т хутагтын дөрвөн үнэнийг Бурхан Багшийн бүхий л айлдварын үндсэн суурь болдог, тиймээс бүх дадлагыг Хутагтын дөрвөн үнэнтэй холбох хэрэгтэй гэж айлдсан байна.
Дээрхийн Гэгээнтэн энэ удаагийн номын айлдварт “Мөрийн гурван эрхэм”, “Наландын 17 бандида нарын соёрхол” номуудыг тайлбарлахаа мэдэгдээд эхлээд Наландын 17 бандида нарын соёрхолыг тайлбарлахын өмнө түүхийн талаар ойлголт өгөх зорилгоор уг номын төгсгөлийн хэсгээс эхэнд нь товч тайлбарлав.
Тэрээр хэрхэн энэ номыг зохион болсон түүхээс уншаад энэ номыг зохиохыг ихэд дэмжсэн Түлшиг ринбочэг дурслаа.
Амьтанд туслахыг зорьсон, нигүүлсэнгүйгээс мэндэлсэн
Авралын дээд, тэвчих ба онохуйг олсон, тэнгэрийн тэнгэр
Шүтэн оршихуйн сургаалаар амьтдыг татан зохиосон
Чадагчийн Эрхэт Өгүүлэхүйн Наран (Бурхан Багш)-д оройгоороо мөргөе.
Эхний шүлэг нь Бурхан Багшид ийнхүү мөргөл үйлдсэн байна.
Мунхагийг арилгаснаар бүхий л зовлонг арилгах боломжтой гэдгийг тэрээр онцоллоо. Учир нь биед биеийн мэдрэхүй түгдэгтэй адил мунхаг нь нисваанис бүгдэд түгдэг болохыг тайлбарлаад хутагт Арьяадевагийн номноос эш татав.
Хоёр дугаар бадагт “Ухааны зургаан чуулган”-ыг бичсэн хутагт Нагаржунайг магтжээ. Дээрхийн Гэгээнтэн “Билгүүний үндэс” судраас хэдэн бадаг эш татав.
Шүтэн барилдлагат бүхэн
Хоосон чанартай
Шүтэн барилдаж гарахуй нь
Төвд орохуйн мөр болой
Шүтэн барилдахгүй нэг ч зүйл үгүй
Тиймээс, хоосон чанаргүй нэг ч зүйл үгүй
Гуравдугаар бадагт хутагт Нагаржунайн гол шавь хутагт Аръяадеваг магтсан бөгөөд түүний Дөрвөн Зуут номонд,
Эхэнд буян бусыг буцаахтун
Завсарт нь “би”-д баригчийг буцаа
Эцэст нь буруу үзэл бүрийг буцаа
Эдгээрийг мэдэгч нь мэргэн болой гэж айлдсаныг эш татлаа.
Дөрөвдүгээр бадагт Буддапалитаг дурдсан бол тав дугаар бадагт зарим онолыг хүлээн авах боломжгүй шавь нарт тустай онолыг нотолсон эрдэмт Бхававивекаг магтжээ. Зургаадугаар бадагт “Тодорхой зул” болон “Төвд орохуй”, “Үгийг тодруулагч” зэрэг ном зохиол туурвисан их эрдэмтэн Чандракиртиг магтсан байна.
“Бодьсадвын явдалд орохуй” номыг зохиосон Шантидева гэгээнийг долдугаар бадагт дурджээ.
Энэхүү номын дэлгэрэлт нь төв Төвөдөд буурсан учраас тэрээр уг номын дамжлагыг Хүннү Лама ринбочэгээс онцгойлон хүртэж авснаа дурсан ярьлаа. Тэр цагаас хойш номын нэг хувийг биедээ байнга хадгалж, боломж гарах бүрт унших болсон бөгөөд ялангуяа зургаа, долдугаар бүлгийг илүү уншдаг тухайгаа Дээрхийн Гэгээнтэн айлдав.
Наймдугаар бадагт ловон Шантаракшитад магтаал өргөсөн байна. Төвөдөд Бурхан Багшийн сургаалыг учир шалтгаантай хослуулан судлах арга замыг нэвтрүүлсэн учир Төвөдүүд түүнд талархах хэрэгтэйг онцлов. Үүний дараа буруу бясалгалд автах аюулыг анхааруулсан түүний шавь Камалашилаг магтсан байна.
Дараагийн бадгуудад Асанга, Васубанду, “Шалгадагийн тайлбар”-ыг бичсэн Дигнага нарыг магтжээ. Үүний дараа Дармакирти, Вимуктисена, Харибадра, Гунапрабха, Шакяапрабха болон Адиша богд нарт соёрхол тавьжээ.
Номын айлдварын дараа Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын зүгээс хандив өгсөн Ачлалт хүүхдүүд ТББ-ын хүмүүс өөрсдийн ажлаа танилцууллаа. Энэ үеэд Дээрхийн Гэгээнтэн бусдад туслах шаардлагатай болохыг тайлбарласан юм.
“Хүн эхээс ганцаараа төрдөг ч орь ганцаараа явсаар нэгэн насыг барна гэж үгүй шүү дээ. Бид төрсөн цагаасаа өөрийн эх болон ах дүү олон хүмүүстэй хамт амьдарч эхэлдэг. Ийнхүү бид бусдаас хамааран амьдардаг тул бусаддаа аль болох анхаарал, энэрэл хайрыг хандуулах тусам аз жаргалтай байх болно. Үүний оронд амин хувиа хичээх аваас ухаангүй тэнэг байдалд л хүрдэг. Өргөн хүрээнд бодож үзвэл бусад бүхий л хүмүүстэй бид ямар нэгэн байдлаар холбоотой байгаа нь тодорхой байна. Эдийн засаг талаасаа ч дэлхийн улс орнууд бүгд уялдаа холбоотой болж ирсэн. Үүн дээр хүрээлэн буй байгаль орчны асуудал дэлхийн хүн бүрт хамааралтай тул бидний жаргал, зовлон адилхан болсоор буй.”
“Ийм үед нэг нэгэндээ анхаарал хандуулах, ялангуяа ядуу тарчиг хүмүүс болон өвчтэй хүмүүст туслалцаа үзүүлэх нь маш чухал билээ. Дэлхий дээр хүмүүнлэгийн сайн аян зохион байгуулдаг олон байгууллагууд бий. Эдгээр байгууллагын хийж буй сайн үйл хэрэгт үнэхээр даган баясах хэрэгтэй юм. Бид итгэл алдарч, ядарч доройтсон хүмүүст онцгой анхаарч тусладаг эдгээр байгууллагын зэрэгцээ хувь хүн ч эдгээр хүмүүст аль чадахаараа туслах хэрэгтэй. Энэ бол маш чухал юм шүү. Мөн ахмад хүмүүст туслах нь зүйтэй. Ахмадын асрамжын газрыг үйл ажиллагааг дэмжих хэрэгтэй.”
Эрдэнэт хотын оршин суугч, уурхайн ажилчид Дээрхийн Гэгээнтнээс байгаль, орчноо хэрхэн хамгаалах, уул уурхайн олборлолтын талаар зөвлөгөө хүслээ. Тэрээр хариулахдаа байгалийн нөөц, баялаг олборлон эх дэлхийд малталт хийх явдал эртний түүхтэй боловч хэтрүүлбэл байгалийн тэнцвэр алдагдах аюултай гэлээ.
“Сүүлийн үед жишээлбэл нүүрс түлэх нь байгаль орчинд аюул учруулж байгаа нь илэрхий байна. Бидэнд өөр сонголтууд бий. Бид нарны энерги, салхин сэнсээр эрчим хүч үйлдвэрлэж байгаль орчноо хамгаалах боломжтой.”
Сайн сайхны төлөө хийсэн зүйл нь бусдын дургүйцлийг төрүүлвэл хэрхэх тухай асуухад Дээрхийн Гэгээнтэн даруу байж, өөрийгөө дөвийлгөхгүй, бусдад ялах боломж олгож сур гэлээ.
Энэрэнгүй сэтгэлт, үнэнээр явагчид хохирч байхад шударга бус, хүчирхийлэгчид амжилт гаргаж харагдах юм, энэ тохиолдолд хэрхэх вэг гэсэн асуултанд Дээрхийн Гэгээнтэн: “Энэ асуултын хамгийн гол үг нь “харагдах” юм шүү. Бодит үнэндээ тэрхүү хүчирхийлэл үйлдэж буй нэгэн дотроо аз жаргалгүй байгаа. Нөхөрсөг, эелдэг бус харилцаа таныг зовоох бол шударга, эелдэг харилцаагаа хүмүүс танд итгэж, та сэтгэл тайван, хангалуун байх болно.” хэмээн хариуллаа.
Өөрийн уулзаж байсан бусад орны иргэдтэй Монголчуудыг хэрхэн харьцуулж буй талаарх асуултанд Дээрхийн Гэгээнтэн юуны түрүүнд Монголчуудыг буддын шашинтай ард түмэн мөн хэмээлээ. Судалгаа, эргэцүүлэл, бясалгалд гүн нэвтэрсэн хэдий ч маш даруу, сайхан сэтгэлт эрдэмтэн, мэргэд Монгол оронд олон байсан. Одоо шинжлэх ухааны эрдэмтэд, тархи судлаачид оюун ухаан хэрхэн ажилладаг талаарх Буддын шашны сургаал, номлолд онцгой анхаарал хандуулж буй энэ үед Монголчууд өөрсдийн мэдлэг боловсролоо тэдэнтэй хуваалцах боломжтой гэлээ.
Дээрхийн Гэгээнтэн эцэст нь бид бүгд тэсэн үлдэхийг хүсдэг учраас бүх хүн төрөлхтний сайн сайхныг бүрдүүлэхэд “Шашнаас ангид ёс зүй” хэрэгтэйг тайлбарлалаа. Иймээс сайхан амьдрахын тулд ёс суртахуунтай байх нь хүний үндсэн үүрэг мөн хэмээн сэтгэж амьдрах хэрэгтэй гэв.
“Бид бүгд хамтдаа эв, нэгдэлтэй оршин тогтнохын тулд ёс зүйтэй байж өөрсдийн бодол, зан авираа удирдан чиглүүлэх хэрэгтэй. Бидэнд хайр, энэрэнгүй сэтгэл нэн шаардлагатай байна. Дэлхийн хэмжээнд баян, хоосны ялгаа, түүний хоорондох зай улам их нэмэгдсэнээр олон асуудлын эхлэл тавигдсаар байгаа учир бид хөрөнгийн илүү тэгш хуваарилалтыг бий болгох арга замыг эрэлхийлэх нь зүйтэй.”
Хурлын зохион байгуулагч Дээрхийн Гэгээнтэнд талархал илэрхийлээд бурханы ном хийгээд хамаг амьтны тусын тулд урт удаан наслахыг хүсэн ерөөв. Тэрээр энэхүү айлдвар өндөрлөж буйг мэдэгдэв. Дээрхийн Гэгээнтэн маргааш “Мөрийн гурван эрхэм” номын айлдвар айлдахаа зарлан удахгүй уулзахын ерөөл тавьж гараа даллалаа.