Энэтхэг. ХП. Дарамсала - ХБНГУ дахь “Төвөдийн санаачилга” холбооны гүйцэтгэх захирал Тэнзин Цёхбауэр өнөөдрийн уулзалтыг нээж, Дээрхийн гэгээнтэн Далай Ламыг ‘Дэлхийн энх тайвныг бэхжүүлэхэд Төвөдийн соёлын оруулах хувь нэмэр” сэдэвт уулзалтад урин заллаа. Тэрээр цааш нь энэ уулзалтад Герман, Швейцарь, Австри улсууд дахь Төвөдийг дэмжигчид болон төвөд үндэстэн тавь гаруй хүн оролцож буйг, мөн маш олон хүн дэлхий даяар цахимаар үзэж буйг дуулгаад Герман анд нөхөдтэйгөө энэ уулзалтыг хийж байгаадаа ихэд баяртай байгаагаа нэмж тэмдэглэв.
“Би хүүхэд байхаасаа л Герман улсад ихэд талтай байлаа. Германчууд Дэлхийн I, II дайнд аль алинд нь ялагдсаныг ч мэддэг байв. Төвөдөд Петер Ауфшнайтер, Хенрих Харрер гэх Германы хоёр зочин ирж билээ. Ауфшнайтертай би ойр харилцаж байгаагүй, харин Харрертай найз нөхөд болсон юм. Тэрээр надад англи хэл заасан анхны хүн билээ. Хожим түүний англи хэл тийм ч сайн байгаагүй мэдсэн. Тэгэхээр миний хазгай муруй англи хэл тэр үеэс эхлэлтэй гэсэн үг.”
“Өмнө хэлж байсанчлан Герман улс Дэлхийн II дайнд ялагдаж, Япон улс цөмийн дайралтад өртөж мөн ялагдсан. Дараа нь энэ хоёр улсад энх тайвны төлөөх хөдөлгөөнүүд маш хүчтэй өрнөж эхэлсэн шүү дээ. Герман болон Японы ард түмэн жинхэнэ энх тайвныг тогтоохыг чин сэтгэлээсээ эрмэлзэж, энэ үйлсэд ихээхэн хувь нэмэр оруулсан билээ.”
“Төвөдийн соёлын тухайд гэвэл, бид энгийн аж ахуй эрхэлж амьдардаг нүүдэлчид байлаа. Хожим VII зуунд Төвөдийн хаан Соронзонгомбо Хятадын гүнжтэй ураг барилдсан юм. Тэрбээр төвөдүүд өөрийн гэсэн бичиг үсэгтэй болох ёстой гэж үзжээ. Гэхдээ Хятадын загварыг дагах бус, тухайн үеийн Энэтхэгийн цагаан толгойг баримталж, диванагарын бичигт тулгуурлан төвөд цагаан толгойг зохиолгосон юм.”
“Харин VIII зуунд тухайн үеийн Төвөдийн хаан Тисрон Дэзэн Төвөдөд буддын шашныг дэлгэрүүлэхийг хүсэж, мөн л Хятадаас бус Энэтхэгээс дэмжлэг авах болжээ. Тэр үед Наландын их сургууль маш их нэрд гарсан сургууль байв. Тисрон Дэзэн хаан Наландын их сургуулийн алдартай номч, ловон Шантаракшитаг Төвөдөд залсан байна. Ловон Шантаракшита Төвөдөд залран ирснийхээ дараа төвөдүүд өөрсдийн бичиг үсэгтэй учраас бурханы шашны судар зохиолуудыг төвөд хэл рүү орчуулах нь зөв гэж зөвлөжээ. Үүний үр дүнд Төвөд, Энэтхэгийн эрдэмтэн мэргэд хамтран ажиллаж, Бурхан Багшийн айлдсан сургаалын зуун боть, Энэтхэгийн номт мэргэдийн зохиосон хоёр зуун боть судар бичгийг төвөд хэлэнд орчуулсан байна. Эндээс Төвөдийн соёлын өв бүрдэж эхэлсэн юм.”
“Бид энэтхэгчүүдийг багшаа гэж үздэг. Заримдаа би анх шавь нь байсан улс аажимдаа багш нь болоо юу даа гэж хошигнодог юм. Бид тэднээс сурч авсан эрдэм номоо машид анхааран судалсаар ирсэн тул өнөө цагт хамгийн цогц, дэлгэрэнгүй уламжлал бидэнд хадгалагдаж үлджээ. Бид Наландагийн уламжлалыг дагахын хамт Бурхан Багшийн өөрийнх нь захиснаар сургаал номыг нэн тэргүүнд шалгаж, нягталж байж хүлээн авах нь зүйтэй гэсэн зөвлөгөөг нь хэрэгжүүлж, буддын сургаалыг машид нарийн нягтлан судалсан билээ. Бид номыг судлахын хажуугаар Хятадын жишээгээр бясалгалыг ч бас хийж байв.”
“Төвөдүүд бид үндсэн судруудыг цээжилдэг, би ч бас багаасаа тэгж цээжилдэг байлаа. Гэхдээ хамгийн гол нь бид уншиж буй юмныхаа утгыг учир шалтгааны үүднээс нарийн тунгаах аргыг баримталдаг юм. Ингэхдээ Төвөдийн ном хаялцах уламжлалыг бий болгосон Чаба Чожи Сэнгээгийн үндэслэсэн аргачлалыг бид дагадаг юм.”
“Өмнө хэлж байсанчлан буддын шашны мэргэдтэй уулзах бүр надад төвөдүүд бид буддын шашныг хамгийн нарийн дэлгэрэнгүй, цогц байдлаар нь хадгалж үлдсэн юм байна гэх итгэл улам бат төрдөг билээ. Бид ном үзэхийн хажуугаар төвөлөрлийн болон нягтлан судлах бясалгалыг дадуулдаг. Бид дан ганц сайхан сэтгэл ба энэрэл нигүүлслийг хөгжүүлээд зогсохгүй оюун ухаанаа ашиглаж, аливааг учир шалтгааны үүднээс судалж үздэг.”
“Төвөдүүд бид ийнхүү энэрэл, нигүүлсэл хийгээд сэтгэлийн амар амгаланг хэрхэн хөгжүүлж болох талаар тайлбарлах чадвартай байгаа нь даян дэлхийн энх амгаланд хувь нэмрээ оруулж чадна гэсэн үг. Ямар нэгэн шашин сонирхдоггүй хүн ч дотоод сэтгэлдээ амар амгаланг хүсдэг. Хэрэв тэд хүний сэтгэл үймцэж, сарнисны улмаас олон янзын зовлон, бэрхшээлтэй тулдаг гэдгийг ойлгож авбал үр өгөөжийг нь хүртэх нь зайлшгүй.”
“Хүмүүс бид хорвоод төрсөн даруйдаа эхийн хайранд өлгийдүүлэн байж торнидог. Энэ хайр үгүй байсан бол бид өдий зэрэгтэй эсэн мэнд байх боломжгүй юм. Аливаа хүн эхийн энэрэл хайраар тэтгэгдэж, хожим өсөж том болоод бусдад сайхан сэтгэлээр ханддаг тул бидний энэрэл хайрын үндсийг эх минь суулгаж өгдөг. Гэвч орчин үеийн боловсролын системд эерэг сэтгэл хөдлөл нь дотоод амгалан, биеийн эрүүл мэндийг бэхжүүлэхэд хичнээн хувь нэмэр оруулдаг талаар маш бага анхаарч судалж байна. Уур хилэн хэрхэн сэтгэлийг үймүүлж, бидний амьдарч буй нийгмийг хагалан, бутаргадаг болохыг ч сайн ойлгуулж өгдөггүй. Сэтгэлийн амар амгаланд хүрэх тухай асуудал хэн бүхний сонирхлыг татдаг бөгөөд үүнийг хэрэгжүүлэх олон янзын арга аргачлал Төвөдийн соёлд бат хадгалагдан үлдсэн юм.”
Дээрхийн Гэгээнтэн хүмүүсийн тавьсан асуултад хариуллаа. Зарим асуултыг төвөд хэлээр, заримыг нь герман, англи хэлээр асуув. Тэдгээр асуултын нэг хэсэг нь төвөдүүдийн энэ соёлыг уугуул нутагт нь хэрхэн хадгалж болох тухай байлаа.
Тэрбээр, “Төвөдийг анх эзлэх үедээ Хятадын удирдагч нар хүчтэй үзэл сурталд автсан байсан” хэмээгээд Мао даргатай уулзсан тухайгаа дурсав. Тэгэхэд Мао дарга Дээрхийн Гэгээнтний шинжлэх ухаанч сэтгэлгээг магтан сайшаасны зэрэгцээ түүнийг өдсөн янзаар “Шашин бол хүмүүсийг мунхруулагч хар тамхи” гэж хэлж байсан ажээ. Тэр цагаа хойш хятадуудын хандлага өөрчлөгдөж, буддын шашныг сонирхдог хятад хүмүүсийн тоо өссөн байна.
Мөн боловсролын салбарт ажилладаг хятад найзууд нь түүнд Энэтхэгт байдаг төвөдийн судлаач, эрдэмтдийн эртний Ганжуур, Данжуур судруудаас эшлэн эмхэтгэн боловсруулж хэвлүүлсэн “Энэтхэгийн буддын сонгодог бүтээлүүд дэх шинжлэх ухаан ба философи” гэдэг хоёр боть бүтээлийг Хятадын их сургуулийн багш нар Төвөдийн буддизм нь учир шалтгаанд суурилсан арга замыг баримталдаг Наландагийн уламжлалд хамаардаг гэдгийг олж мэдээд ихэд гайхсан тухай ярьжээ.
Эдүгээ Төвөдийн буддын шашныг Хятад төдийгүй дэлхий дахинд ихээхэн анхааран сонирхох болсон гэлээ. Дээрхийн Гэгээнтэн Төвөдийн буддын шашин ийнхүү дэлхий нийтийн анхаарлыг татах болсон түүхийг тодруулж өгүүлэв. Тэрбээр анх Энэтхэгт дүрвэж очсон даруйдаа төвөд хүүхдүүдэд зориулсан төвөд сургуулиудыг байгуулж өгөхийг тус улсын эрх баригчдаас хүсжээ. Энэ хүсэлтийг нь Ж.Неру бүрэн дэмжиж, сургуулиудыг байгуулсан байна. Мөн шашны боловсрол олгох хийд, дацангуудыг ч сэргээн барьсан байна. Үүний ачаар өнөөдөр мянга мянган лам хувраг номоо тууштай судалж байгаа аж. Хийд, дацанд шавилах хүсэлтэй төвөд залууст эхлээд эх хэлээ сайтар эзэмшсэн байх шаардлага тавьдаг. Ингэснээр тэд буддын сургаал номыг сайтар үзэж судалж, улмаар Төвөдийн уламжлалыг өвлөн хадгалж чадна гэж үздэгээ хэлэв.
Энх тайвныг бэхжүүлэх тухайд Далай Лам шашны бус үзлийг баримталдаг гэв. Түүний хувьд хувь хүн, гэр бүл, нийгэм, хамт олныг аз жаргалтай байлгах гол хүчин зүйл нь сэтгэлийн амар амгаланг олох явдал ажээ. Сэтгэлийн амар амгалан нь энэрэл нигүүлсэлд үндэслэдэг гэв.
Төвөдийн буддын шашин сэргэж, цэцэглэх эсэх асуултад хариулахдаа Дээрхийн Гэгээнтэн Хятад орон түүхэндээ буддын шашинтай орон байсан гэдгийг дурдаад, сүүлийн үед тус улсад буддизмын гүн ухаан, учир шалтгаан, сэтгэл судлалыг судлах сонирхол сэргэж буйг тэмдэглэлээ. Мөн эрдэмтэд буддын гүн ухаан, үзэл баримтлалуудыг квантын физиктэй харьцуулж судалж, ажиглаж байгааг анхаарах нь чухлыг сануулав.
Хятадын Коммунист намын тэргүүлж буй Засгийн эрх мэдэл, хүч нэмэгдэж байгаатай холбоотой асуултыг Дээрхийн Гэгээнтэн нарийн төвөгтэй асуудал гэж үзэв. Түүний бодлоор Хятад улс хэдий хүчтэй боллоо ч хэзээд энэ дэлхийн нэг хэсэг байхаас хойш бусад улс оронтой энх тайвнаар зэрэгцэн орших ёстой. Ялангуяа Энэтхэг, Хятад гэх энэ хоёр улс зэрэгцэн оршихоос өөр арга үгүй. Тайваний асуудал улс төрийн үүднээс маш төвөгтэй байж болох ч, энэ арал дээр Хятадын соёлын өв цэврээрээ хадгалагдаж буй нь гарцаагүй бодитой баримт мөн гэдгийг нэмж хэллээ. Юмс зарим талаараа өөрчлөгдөж, хүмүүс урьд урьдынхаас илүү нээлттэй бөгөөд бодитой ханддаг болж байна гэж дурдав.
Хүмүүс уур амьсгалын өөрчлөлт болон ковидийн цар тахал зэрэг ноцтой асуудлуудын талаарх үнэн бодитой мэдээллийг хэрхэн олж авч болох тухай асуултад Дээрхийн гэгээнтэн “Урьд нь хүмүүс ихэнхдээ бусдаас тусгаарлагдаж амьдардаг байсан тул чухам юу нь үнэн болохыг мэдэхэд бэрх байдаг байсан. Орчин үед гар утас, интернэт бидэнд мэдээллийн хязгааргүй олон эх сурвалжийг нээж өглөө. Тэгэхээр мэдээллийн үнэн бодит байдлыг бид няхуур шалгах хэрэгтэй. Уур амьсгалын өөрчлөлтийн тухайд хэрэв бид ямар нэг зүйл хийхгүй бол дэлхий дахинд усны эх үүсвэр ихээхэн багасна. Төвөдөд байдаг гол мөрнүүд хатаж ширгэвэл тэндхийн газар нутаг Афганистаны цөл адил болох аюултай гэсэн сэрэмжлүүлэг ч бий.” гэлээ.
Энэ асуудал хаяанд тулж ирээгүй, хаа холын мэт санагдаж байгаа ч Хойд ба Урд туйлын мөсөн давхарга хурдтай хайлж байна. Үүнтэй холбоотой Төвөдийн гол мөрний асуудал ч мөн адил хэмжээнд ноцтой аюул дагуулж буй нь илт байна. Дэлхийн асуудлыг шийдэхэд мөн л дэлхий нийтээрээ оролцох ёстой. Урь нь бид өөр өөрсдийнхөө өмнө тулсан асуудалдаа л анхаардаг байсан бол одоо бид дэлхий нийтийн хэрэгцээг бодож үзэх цаг болжээ” хэмээн хариулав.
Үер, ой, хээрийн түймрийн аюултай тулж, зовж байгаа хүмүүст санаа тавьж, аль чадахын хэрээр туслах хэрэгтэй, тэднийг мартаж орхиогүй гэдгээ, хүн төрөлхтөн уг мөн чанараараа нэгдмэл, харилцан хамааралтай гэдгийг ойлгуулах нь чухлыг дурдав.
Төвөдийн соёлыг хэрхэн хадгалж хамгаалах тухай асуултыг дахин сөхөж, үүнийг сонирхон судлах нь тэргүүний бодитой алхам юм гэв. Энэ нь аль нэг зан үйлийг хадгалж, үлдээхийн тухай асуудал төдий бус, хүн төрөлхтөнд хэрэгтэй мэдлэг ухаан, уламжлалыг өвлүүлэх тухай юм гээд хамгийн чухал нь сэтгэлийн амар амгаланг олсноор хүмүүс даян дэлхийн энх тайвныг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулах чадвартай болно гэдгийг санууллаа.
Хатагтай Тэнзин Цёхбауэр Дээрхийн Гэгээнтэнд сургаалаа айлдсанд нь талархал дэвшүүлээд, өнөөдрийн ярилцлагад оролцож, сонсож, асуулт асуусан хүмүүст, уулзалтыг орчуулсан орчуулагч нарт мөн талархсанаа илэрхийллээ. Тэрбээр ХБНГУ дахь “Төвөдийн санаачилга” холбооны тэргүүн Вольфганг Градерийг уулзалтыг хааж үг хэлэхийг урилаа.
Ноён Вольфганг Дээрхийн Гэгээнтэнтэй Дармсалад 2018 онд уулзсанаа дурдаад, цар тахлын улмаас дахин биечлэх уулзах боломжгүй байгаад харамсаж буйгаа илэрхийлэв. Мөн тэрбээр Дээрхийн Гэгээнтэнд өнөөдрийн уулзалтад цаг гаргаж оролцож буйд нь талархаад, эрүүл саруул байж урт наслахыг хүсэн ерөөлөө. Уулзалтыг цахимаар үзэж буй нийт хүнд хандаж Төвөдийн төлөө, хүний эрх, дэлхийн энх тайвны төлөө хичээл зүтгэл гаргахыг уриалснаар уулзалт өндөрлөв.