Энэтхэг, Гужарат муж, Сурат хот, 2015 оны 1 сарын 1 – Өглөө эрт Дээрхийн гэгээн Далай лам Пуне хотоос Гужаратын эрэг дэх Суратад нэг цагийн нислэгээр хүрэлцэн ирлээ. Тэрбээр очир алмазын бизнест амжилттай яваа бизнес эрхлэгч Говинд Дхолакиагийн урилгаар хүрэлцэн ирсэн юм. Дээрхийн гэгээнтнийг Суратын нисэх онгоцны буудалд хүлээн авах хорооны гишүүд угтан авч, Шри Рамкришна Экспортс компанийн шинэ байр руу хөдөллөө. Ноён Долакиа түүнд хамгийн сүүлийн үеийн технологиор очир алмаз боловсруулдаг, байгаль орчинд ээлтэй барилга болох компанийхаа шинэ байрыг үзүүлэв.
Долакиа өөрөө арван гурван настайдаа тариачин гэр бүлээ орхиж, алмаз зүсэгчээр ажиллахаар явсан түүхээ ярилаа. Тэрбээр эцэст нь өөрийн компаниа байгуулах мөрөөдлөө биелүүлсэн бөгөөд энэ амжилтаа багш Шри Донгрежи Махаражаасаа бусдад хүндэтгэлтэй хандахын үнэ цэнийг сурсантай холбон тайлбарлав. Үүний үр дүнд бусад хүмүүс эргээд өөртэй нь хамтран ажиллаж, хүндэтгэлтэй ханддагийг олж мэдсэн бөгөөд тэрбээр өөрийн компанид ажилладаг хүмүүсийг гэр бүлийнхээ гишүүд гэж үзэж байхыг хичээдэг хэмээн ярив. Дээрхийн гэгээн хариуд нь түүний энэхүү хандлага японы компаниудыг санагдуулж байгаа бөгөөд тэнд амжилтын гол түлхүүр нь ажилчид, удирдлагын хоорондох хүндэтгэл, тэгш байдал байдаг юм гэж гээд цааш нь:
“Технологигүйгээр хүн төрөлхтний ирээдүйг төсөөлөх боломжгүй ч бид хүн чанараа алдах хэмжээнд хүртэл хэт механикжихгүй байхад анхаарах хэрэгтэй.” гэлээ.
Дээрхийн гэгээн алмаз боловсруулах шат дамжлагуудаар зочилж, ажилчидтай ярилцсан агаад өөрийн хүсэлтээр ажилчдын цайны газарт тэдэнтэй хамт үдийн хоол идсэн байна.
Үдээс хойш Дээрхийн гэгээнтэн Вийр Нармад Өмнөд Гужаратын Их Сургуулийн хурлын танхимд цугларсан залуус голдуу 4000 хүнд хандан үг хэллээ.
“Эрхэм ах, эгч, дүү нар аа, энд залуус та бүхэнтэй харилцах боломж олдсонд би үнэхээр баяртай байна. Үүнд хоёр шалтгаан бий. Нэгд, би одоо хөгшин хүн бөгөөд залуучуудтай хамт байхдаа өөрийгөө ч бас залуужиж байгаа мэт мэдэрдэг. Настай хүмүүстэй хамт байхдаа би хэн нь түрүүлж явах бол, би юу эсвэл та юу гэж бодоод байдаг юм.”
“Хоёрт, өнгөрсөн бол өнгөрсөн. Бид түүнээс суралцаж болох авч өөрчилж чадахгүй. Ирээдүй харин хараахан ирээгүй байгаа тул нээлттэй бөгөөд юу тохиолдох нь баталгаагүй. Үүнийг өөрчлөх нь бидний мэдэлд байдаг хэдий ч ингэхийн тулд бид алсын хараатай байж, урт хугацааны хэтийн төлөвийг харж, хичээнгүйлэн ажиллах хэрэгтэй. Өнөөдрийн залуус та бүхэн ХХI зууныхан. Хэрэв та бүхэн энэ дэлхий дээр илүү аз жаргалтай, илүү амар амгалан амьдрах ирээдүйг бүтээхээр зорьж байгаа бол өдөр бүрийг илүү утга учиртай өнгөрүүлэхэд суралцах хэрэгтэй. Та бүхэн боловсролоор оюун ухаанаа хурцлахаас гадна сайхан сэтгэлийг хөгжүүлэх хэрэгтэй.”
Илүү өргөн өнцгөөс харж, цогц үзэл баримтлалыг хөгжүүлэхийн чухлыг тэрбээр дахин дурдав. Бодит байдлыг илүү тодорхой харахын тулд бид түүнийг нэг бус өнцгөөс харах хэрэгтэй гэж тэр хэллээ. Бид дэлхийн хүн ам нэмэгдэж, уур амьсгалын өөрчлөлтийн аюул улам бүр нэмэгдэж буй цаг үед амьдарч байна. Эдгээр нь бүх хүн төрөлхтөнд нөлөөлөх асуудлууд. Шантрахад амархан санагдаж болох юм. Гэсэн хэдий ч Дээрхийн гэгээнтэн сайхан сэтгэл бол дотоод хүч чадал, өөртөө итгэх итгэлийн эх үүсвэр болохыг олж мэдсэнээ ярив. Энэ нь таны урам зоригоо хадгалж, үнэнч шударга, ил тод амьдрахад тусална.
Дээрхийн гэгээнтэн цааш нь эртний энэтхэгийн мэдлэгт байдаг мэргэн ухааны талаар дурдлаа. Нэгд тэрбээр Энэтхэгийн агуу физикч Ража Раманнагийн Нагаржунагийн зохиол бүтээлээс орчин үеийн квант физикийн ололтуудыг урьдчилан таамагласан санаануудыг олж илрүүлсэн тухайгаа хэлэхдээ хэрхэн догдолж, бахархаж байснаа ярьсныг иш татав. Нөгөөтэйгүүр Дээрхийн гэгээнтэн эртний энэтхэгийн сэтгэл судлалд орчин үед асар их үнэ цэнэтэй мэдлэг болох оюун ухаан, сэтгэл хөдлөлийн үйл ажиллагааны талаар арвин их мэдээлэл байдгийг бахдан ярьсан юм. Тэрбээр мөн Энэтхэгийн олон зуун жилийн турш хөгжсөн ахимса, хүчирхийлэлгүй байдал, шашнаас ангид үзлийн уламжлалуудыг өндрөөр үнэлэв.
Тэрбээр өөрийн сонсогчдод хандан, хамгийн олон хүн амтай ардчилсан улсын иргэд болох энэтхэг залуус өнөөдөр Энэтхэгт төдийгүй дэлхийд дахинд хувь нэмэр оруулах боломжийг эрэлхийлэх хэрэгтэй хэмээлээ.
“Өнөөдөр бидэнд тулгарч буй олон асуудлыг бид өөрсдөө үүсгэсэн. Тиймээс шийдэл нь ч бидний гарт л байх ёстой. Гэхдээ бид бүх л хүн төрөлхтнийг харгалзан үзэх нь амин чухал юм.”
Түүнд тавьсан асуултуудын дундаас эхнийх нь шашин шүтлэгийн жинхэнэ үнэ цэнийн тухай байв. Дээрхийн гэгээнтэн хариулахдаа:
“Шашны томоохон уламжлалууд бүгд хайр, хүлцэл, энгийн байдал, сахилга батын талаар сургаалийг дамжуулдаг. Тэд хүн төрөлхтөнд тустай. Шашны уламжлалыг дагах эсэх нь таны сонголт. Харин дагаж мөрдөх бол чин сэтгэлээсээ байх нь чухал. Хүн бүхэнд хайр халамж хэрэгтэй гэдэг нь тодорхой бөгөөд бид өнөөгийн боловсролоор дамжуулан хэнийг ч хоцроолгүй хүний үнэт зүйлсийг хөгжүүлэх арга замыг олох хэрэгтэй. Бид хайр халамж, эрүүл ухаан, шинжлэх ухааны ололтуудад суурилсан шашнаас ангид хандлагыг баримтлах хэрэгтэй. Үүн дээр нэмээд бид оюун ухаан, сэтгэл хөдлөл хэрхэн ажилладгийг ойлгож авах хэрэгтэй юм.”
Өөр нэг оюутан Дээрхийн гэгээнтнийг эрдэм мэдлэгээ Буддын сургаалаас, эсвэл өөрийн туршлагаар олж авсан эсэхийг асуулаа. Тэрбээр Будда өөрийн шавь нартаа хэлсэн үгийг нь зөвхөн хэлснээр нь хүлээн авах биш харин шалгаж, судлаж, задлан шинжлэхийг уриалсныг түүнд хэлэв. Дээрхийн гэгээнтэн энэ тал дээр Нагаржуна зэрэг агуу багш нарыг даган дуурайсан хэмээлээ. Тэрбээр хэлэхдээ:
“Шинжлэх бясалгал нь сэтгэл хөдлөлөө хувиргах хамгийн үр дүнтэй арга гэж би үздэг.”
Эцэст нь нэгэн залуу эмэгтэй өнөөгийн эмэгтэй оюутнуудад зориулах ямар нэгэн зөвлөгөө байгаа эсэхийг асуулаа. Үүнд хариулахдаа тэрбээр хүн төрөлхтний түүхийн талаар, эрт дээр үед хүмүүс манлайллын талаар ямар ч ойлголтгүйгээр, зөвхөн өөрт байгаа зүйлээ хуваалцан, жижиг бүлгүүдээр амьдарч байсан тухай ярив. Гэсэн хэдий ч газар тариалан, өмч хөрөнгө хөгжиж, түүнийг хамгаалах хэрэгцээ үүсэхэд манлайллын хэрэгцээ бий болжээ. Тэр үед боловсрол гэх зүйл байхгүй, манлайллын шалгуур нь бие бялдрын хүч чадал байсан аж. Эрчүүдийн ноёрхол ийм байдлаар үүссэн байна. Боловсрол бий болсноор эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондох тэгш байдлын мэдрэмж тодорхой хэмжээгээр сэргээсэн. Гэхдээ л боловсрол дангаараа хангалттай биш. Хайр, энэрэл нигүүлслийн мэдрэмжийг өргөн хүрээнд дэмжих нь чухал байгаа энэ үед эмэгтэйчүүд бусдын хэрэгцээ, зовлон шаналалд илүү мэдрэмтгий байдгийг шинжлэх ухаан нотолсон байдаг. Тиймээс эмэгтэйчүүд манлайллын тал дээр илүү үүрэг хариуцлагатай байх шаардлагатай. Мөн бид хаана тэгш бус байдал байна түүнийг засахын төлөө ажиллах хэрэгтэй.
Суратад бизнес эрхлэхээр ирсэн 750 орчим төвөдүүдтэй уулзахдаа Дээрхийн гэгээнтэн Төвөдийн оюун санаа хүчтэй хэвээр байгааг хэлэв. Тэрбээр тэднийг ХХ зууны буддистууд байж, буддизм гэж юу болохыг ойлгохын тулд судалж, төвөд хэлээрээ бахархахыг уриаллаа. Мөн Сикёонг Доктор Лобсанг Сангайтай төвөдийн суурингуудаас залуучууд олноороо гадагш шилжин суурьших болсон, энэ нь ирээдүйд хэрхэн нөлөөлөх талаар ярилцсанаа дурдав. Түүнтэй уулзахаар ирсэнд нь талархал илэрхийлээд тэрбээр:
“Аз жаргалтай байгаарай” хэмээн үгээ төгсгөлөө.
Маргааш Дээрхийн гэгээнтэн Сурат хотод Сантокбаагийн нэрэмжит шагнал гардуулах ёслолд оролцох юм.
Англи хэлнээс орчуулсан Б.Одгэрэл