Байгаль орчны өөрчлөлтийн тухай шинжлэх ухааны таамгуудыг эгэл хүмүүс бүрэн ойлгож, хүлээн авах нь хэцүү байдаг. Бид агаарын температур, далайн түвшин нэмэгдэх, хорт хавдар, хүн амын огцом өсөлт хийгээд шавхагдан буй байгалийн нөөц баялаг, мөхөж устсан амьтдын тухай олонтоо сонсдог билээ. Хүний буруутай үйл ажиллагаанаас болж дэлхийн хаа сайгүй байгаль орчны өөрөө өөртөө хамааран оршдог эко системийн гол хүчин зүйлс устан үгүй болох аюул үүсжээ.
Энэ аюулт нөхцөл байдал нь тус тусдаа хүчтэй нөлөө үзүүлж чадах учраас бүгд нэгдвэл дэлхийд олон олон өөрчлөлтийг гаргах боломжтой. Энэ зуунд гэхэд л дэлхийн хүн ам 3 дахин өссөн бөгөөд дараагийн зуунд дахин энэ хэмжээнд өсөх хүлээлт бий. Дэлхийн эдийн засаг 5-10 дахин өсөхийн хамт эрчим хүчний хэт их хэрэглээ үүсэж, нүүрс хүчлийн хийн ялгаруулалт нэмэгдсэнээр ой модны хэмжээ цаашид улам л багасах таамаг бий. Энэ бүгд бидний болон үр хүүхдүүдийн минь амьдралын хугацаанд тохионо гэдгийг төсөөлөхөд ч бэрх. Хүн төрөлхтний түүхэнд урьд хожид үзэгдээгүй гачлан зовлон, байгаль орчны гамшиг учрах нөхцөл бүрнээ бүрдэж байгааг төлөвлөн тооцох цаг нэгэнт иржээ.
Хэдий тийм ч сайн мэдээ буй. Бид нийтээрээ энэ гараг дээр амьд оршин үлдэхийн тулд хамтдаа шинэ арга замыг эрэлхийлэх зайлшгүй нөхцөл байдал үүсэж байна. Энэ зуунд бид хангалттай их дайн дажин, ядуурал зүдүүрэл, байгалийн бохирдол, гамшиг зовлонг тууллаа. Бурхны шашны үзэл онолын дагуу бол ийм зүйлс үнэнийг үл ухаарсан мунхрал, түүний эрхээр гардаг амин хувиа хичээсэн сэтгэл, үйлдлээс улбаатай бөгөөд бид хамаг амьтан хийгээд юмс үзэгдлийн үндсэн, нийтлэг харилцан хамаарлыг олж харахгүй байгаа нь үнэн. Дэлхий минь хүн төрөлхтний маш олон буруу зан үйлдлийн үр дагаварт гарах асар их хорт, сөрөг нөлөө, үр дагавруудын тухай сануулан, илтэд тодорхой шинж тэмдгүүдийг харуулсаар байгаа юм.
Ийм гамшигт үр дагавартай үйлдлүүдийг зогсоохын тулд бид өөр хоорондоо нягт харилцан хамаарал, шүтэн баридлагыг ямагт санаж, үүнд суралцах хэрэгтэй болжээ. Амьтан бүгд өвчин шаналлаас зайлсхийж, жаргалыг хүсдэг учраас бүгд суурь сэтгэл мэдрэмжээрээ ижил юм. Үүнийг ухаарсны үндсэнд илүү сайн санаа сэдэл, зорилгод суурилан, энэхэн дэлхийдээ болоод хүмүүс бие биедээ тустай, зөв үйлүүдийг эхлэх боломжтой. Ийм ч учраас бүх нийтийн үүрэг хариуцлагыг чин сэтгэлээсээ төрүүлэн хөгжүүлэхийн ач холбогдлыг би бээр байнга ярихыг хичээдэг билээ. Бид юмсын мөн чанарыг таньсан билиг билгүүнд суурилж, бусдыг хэмээсэн энэрэл нигүүлслээр өдөөгдвөл бидний үйл үйлдэл өөрийн биед энэхэн зуураа тус болоод зогсохгүй хамаг амьтанд тустай, өгөөжтэй байх болно. Үнэнийг ухаараагүй үеийн алдаануудаа ойлгоод, түүнээсээ суралцаж чадвал шинэ үеийн асуудлуудаа ухаалаг, зөвөөр шийдэх нөхцөл боломж бүрнээ гарч ирэх юм.
Бид энэ ойлголт хийгээд хандлагаа байгаль орчныг хамгаалан хадгалахад чиглүүлэх шаардлагатай. Зарчмын хувьд хэрэв та тусалж чадах бол туслах хэрэгтэй. Харин туслах боломжгүй бол зүгээр л гэм хор учруулахгүй байх хэрэгтэй хэмээн би бээр боддог юм. Тэгвэл энэ зарчим олон төрөл, машид өвөрмөц экосистемүүдийн хоорондын харилцан шүтэлцлийг таньж мэдээгүй өнөөгийн энэ нөхцөлд машид тохиромжтой, практик арга зам байж чадна. Дэлхий минь бидний орон гэр, бидний ижий учир хүндлэл хайраа өгч, санаа тавьж байх нь зүйн хэрэг билээ. Өнөө цагт үүнийг ойлгож ухаарахад амар хялбар болжээ.
Бид өөрсдөдөө, энэхэн дэлхийн нэгж хэсэг бүрд, энэ гаргийн амьдрал бүрд бас ирээдүй үеийнхэндээ санаа тавихын тулд бидэнд мэдлэг, мэдээлэл ихэд хэрэгтэй. Тийм учраас байгаль, хүрээлэн буй орчныхоо тухай мэддэг байх нь хүн бүрд чухал ач холбогдолтой байх болно. Шинжлэх ухааны нээлт, технологийн ахиц дэвшил нь орчин үеийн ахуй амьдралын чанарыг сайжруулна. Гэхдээ үүнээс илүү чухал нь насны ялгал үгүйгээр нийтээрээ эх дэлхийнхээ онгон байгаль дэлхий, хүн төрөлхтний түүхэн уламжлалын тухай танин мэдэж, үнэ цэн, үр өгөөжийг нь ойлгон үнэлж сурах, үүний тулд энгийн мэдлэг мэдээллүүдийг олж авч байх явдал юм. Бид бусдыг ойлгон үнэлж сураад, өөрийн мэдлэгтээ суурилан мэдээгүй, харалган шийдвэр гаргахаас сэргийлж чадвал энэ дэлхийдээ жинхэнэ утгаар нь санаа тавьж чадна.
Бид байгаль орчны тухай мэдлэг боловсролд суралцсанаар амьдралаа тэнцвэртэй авч явах чадамжтай болно. Хувиа хичээсэн хүсэл шунал хийгээд эд материалын тав тух нь урт хугацааны сэтгэл ханамжийг буй болгож чадахгүй гэдэгтэй шашин бүр санал нийлдэг. Тэгж болдог байсан ч эх дэлхий минь энэ олон хүний хэрэгцээг урт хугацаанд хангах боломжгүй юм. Үүний оронд сэтгэлийн амар амгаланг олох арга замыг дадуулах нь хамаагүй амар билээ. Бид энэ дэлхийдээ эзэн сууж, эдлэн хэрэглэхийн тулд замдаа таарсан гоо сайхан бүгдийг устгахын оронд хамтран амьдарч, хамтаар сэтгэл гарган санаа тавьж, арчилж хамгаалах чадвар, боломж бий.
Бид эртний уламжлалаас байгаль, хүний нийгэм хоёр хэрэн тэнцвэртэйгээр зохицон оршиж чадах сургамж, мэдлэгийг олж авах боломжтой юм. Жишээлбэл, төвөдүүд Хималайн өндөрлөг уулсад зохицон амьдрах онцгой чадвартай. Ийм амьдралын хэв маяг аажимдаа энэ бүс нутгийн эмзэг байгалийн тэнцвэрийг эвдэлгүй, хадгалан хамгаалдаг иргэншлийн урт хугацааны түүхэн туршлага болон хөгжсөн байдаг. Төвөд хүмүүс зэрлэг ан амьтдыг эрх чөлөөний бэлгэ тэмдэг хэмээн үзэж, хүндлэн дээдлэх эртний уламжлалтай байлаа. Байгалийг гүн гүнзгий шүтэн дээдлэх ёс төвөдийн соёл урлаг, уламжлалт зан үйл, ёслолд маш элбэг байдаг. Материаллаг ахиц хөгжил хязгаарлагдмал байсан боловч шашин, итгэл үнэмшил хүчтэй байжээ. Аливаа төрөл зүйл амьтад байгаль орчны гэнэтийн өөрчлөлтөд зохицох чадвар муутай байдгийн адилаар хүн төрөлхтөн ч цаашид хурдацтай өөрчлөлтийн явцад амьд оршин үлдэхийн тулд өөрсдийн түүх соёл, уламжлалдаа тусгайлан анхаарал хандуулах шаардлагатай юм. Тиймээс ард түмний амьдралын арга зам, туршлагуудад суралцаж, тэдний соёл уламжлалуудыг хадгалан авч үлдэх нь байгаль орчиндоо санаа тавьж сурахын бас нэг чухал хэсэг болох билээ.
Халуун дулаан сэтгэлтэй байхын үнэ цэн, ачийг би бээр байнга таниулан ярихыг хичээдэг юм. Ийм сэтгэл зүрхтэй байгаад билиг билгүүнийг хослуулбал танд зөв сэдэл зорилго бий болох бөгөөд улмаар юу хийх ёстойгоо зөнгөөрөө мэдэж, үйлдэж чадна. Хүмүүс бие биедээ жинхэнэ энэрэл нигүүлслийн сэтгэлээр хандахад суралцвал бид энэ хүн төрөлхийтэн хийгээд эх дэлхийн байгаль орчноо одоо ч хамгаалан халамжлах чадамжтай. Ирээдүйд тохиож болзошгүй хүнд хэцүү, дааж давшгүй байгалийн нөхцөл байдалд зохицон оршихыг оролдохоос энэ нь хамаагүй амар, хялбар шийдэл байх билээ.
Ойртон шинжилбээс хүний ухамсар, зүрх сэтгэл болоод байгаль орчны хооронд тусгаарлах аргагүй гүн уялдаа холбоо байгааг таних болно. Энэ утгаараа энх тайван хийгээд хамтран оршин амьдрахад хамгийн дээд боломж, нөхцөл болдог харилцан ойлголцол, хайр энэрлийг төрүүлэхэд байгаль орчны мэдлэг боловсрол үнэхээр тустай байж чадна.
“БОХА-ийн сэтгүүл (EPA Journal): Үндэсний болоод дэлхий нийтийн байгаль орчны хандлага чиглэлийн тухай сэтгүүл”-ээс нийтлэв. АНУ-ын Байгаль орчныг хамгаалах агентлагийн хэвлэл. Вашингтон ДС, 1991 оны 9/10-р сар, 17 дугаар хэсэг, Дугаар 4.










