ХХ зууны төгсгөлд дэлхий минь “жижгэрч”, дэлхийн хүн ам бараг бүгдээрээ нэгэн хамтын нийгэмлэг болж буйг бид харлаа. Улс төр, цэргийн эвслүүд олон үндэстнийг нэгтгэсэн бүлэглэлүүдийг бий болгож, аж үйлдвэрийн салбарууд, олон улсын худалдаа нь дэлхий нийтийн эдийн засгийг үүсгэн, дэлхийн хэмжээний холбоо харилцаа нь эрт үеийн алслагдмал орон зай, хэл соёл, үндэстний ялгаа, саадыг арилгаж байна. Хүн амын хэт өсөлт, байгалийн баялаг, эх үүсвэрийн хомсдол зэрэг хүнд хэцүү олон асуудал болон энэ жижигхэн гаргийн үндсэн оршихуй болсон үзэсгэлэнт амьд байгалийн төрөл хэлбэрүүд, агаар, ус, ой шугуй тэргүүтнийг устгах аюулд хүргэх байгаль орчны хямралтай нийтээрээ тулж байгаа нь юутай үнэн.
Энэ цаг үеийн хүндрэл бэрхшээлтэй тулахын тулд хүмүүн төрөлхтөн бид хамтын, бүх нийтийн үүрэг хариуцлагыг ухамсарлах хэрэгтэй болсон гэдэгт би бээр итгэдэг. Бид тус тусдаа өөр өөрийнхөө төлөө, гэр бүлийнхээ төлөө эсвэл зөвхөн улс үндэстнийхээ төлөө ажиллах бус бүх хүн төрөлхийтний төлөө хичээн зүтгэж сурах хэрэгтэй болжээ. Бүх нийтийн үүрэг хариуцлага нь хүн төрөлхтөн амьд үлдэж, цааш оршихын гол үндэс, түлхүүр болоод байна. Энэ нь дэлхий нийтийн энх тайван, байгалийн баялгийн шударга, тэнцүү хэрэглээ мөн ирээдүй үеийнхэндээ санаа тавих үүднээс хүрээлэн буй орчинтойгоо зүй зохистой хандах зэрэг бүхий л зөв үйлийн хамгийн чухал үндэс суурь нь мөн аж.

Байгаль орчны үйл ажиллагаанд тэргүүлэгчид цугласан олон улсын чуулганд өөдрөг сэтгэл, ихэд итгэл найдварыг тээж ирлээ. Энэ уулзалт хүн төрөлхтний хувьд маш чухал мөчлөг болох билээ. Энд бидний шинээр төрөн гарч ирж байгаа дэлхий нийтийн хамтын нийгэмлэг урьд өмнө байгаагүй тийм хэмжээнд хамтран ажиллах боломж бүрдэж байна. Хэдийгээр Дэлхийн чуулган зарим талаараа хүлээж буй үр дүнд хүрээгүй байж болох ч тус чуулганыг зохион байгуулж буй нь асар том амжилт юм. Тийм ч учраас энд ийм олон төрийн бус байгууллагыг харах үнэхээр сайхан байна. Сайн сайхан ирээдүйг бүтээх нь НҮБ-ын үүрэг хариуцлагад багтаж буй боловч энэ хариуцлага нь цааш улам өргөжиж буй учир ирээдүйд та бүгдийн гүйцэтгэх үүрэг амин чухал байх болно.
Төрийн бус байгууллагыг бусдад сэтгэлээсээ анхаарал халамж тавихыг хүссэн, ийм зорилго чиглэл, хүсэл тэмүүлэлтэй сайн дурынхан үндэслэн байгуулсан байдаг. Та бүгдийн энэ шийдэл эрмэлзэл нийгэм, байгаль орчны чиглэлд гарч буй ахиц дэвшил бүгдийн манлайлал юм. Энд төлөөлөл болон оролцож буй байгууллагуудад хувь хүний адилаар тодорхой ялгаатай хүсэл, хэрэгцээ байгаа нь ойлгомжтой ч хамтран нэгэн баг болж ажиллахгүй бол өнөөг хүртэл гаргасан ахиц дэвшил бүгд үнэ цэнээ алдах билээ.
Дуртай ч бай, дургүй ч бай бид бүгдээр энэ гараг дээр нэгэн хүн төрөлхтний гэр бүлд төрсөн билээ. Баян ядуу, боловсролтой боловсролгүй, нэг эсвэл өөр өөр үндэстэнд харьялагддаг, ялгаатай шашин соёлтой, ялгаатай үзэл санааг дагадаг эсэхээс үл хамааран эцэстээ бид бүгдээрээ яг л адил, нэг хүн төрөлхийтэн. Бид бүгдээрээ жаргалыг хүсэж, зовлонг огтоос хүсдэггүй шүү дээ. Түүнээс гадна жаргалтай байж, зовлонгоос ангижрах хүсэл зорилгодоо тэмүүлэх, хүрэх адил тэгш эрхтэй. Ийм утгаар амьтан бүгд ижил тэгш гэдгийг харж чадвал та бүгдэд хар аяндаа бусдад ойр дотно хандах, тэднийг энэрэн хайрлах сэтгэл төрөх юм. Бид энэ сэтгэлдээ суурилаад бүх нийтийн үүрэг хариуцлагыг жинхэнэ утгаар нь мэдрэх бөгөөд бусдыг зовлон бэрхшээлээс нь гаргах, тэдэнд туслах бодитой хүсэл ирэх нь дамжиггүй билээ.
Энэрэл нигүүлсэл нь мөн чанартаа тайван амгалан, зөөлөн байх ч бас машид хүчирхэг. Энэ нь дотоод сэтгэлийн жинхэнэ хүч, тамир тэнхээг илэрхийлнэ. Бид заавал шашин шүтэх, эсхүл ямар нэг үзэл санаанд итгэх албагүй. Шаардлагатай зүйл гэвэл бид тус бүрдээ хүний сайн сайхан чанаруудыг хөгжүүлэхэд л хангалттай.
Бүх нийтийн үүрэг хариуцлагатай байх хэрэгцээ нь орчин үеийн амьдралын нөхцөлөөс бэлхнээ харагдаж байгаа билээ. Энэ цагт дэлхийн нэг өнцөгт болсон үйл явдал аажимдаа бүх дэлхийд нөлөөлдөг болжээ. Тиймээс ч бүс нутгийн шинжтэй томоохон асуудал бүрийг эхлэх цагаас нь аваад дэлхий нийтээрээ анхаарч байх нь чухал. Бидэнд хор хөнөөлтэй үр дагавруудыг авчирч буй үндэстэн хоорондын арьс өнгөний эсхүл үзэл санааны хуваагдал, хана хэрэмд хоригддогоо өөрчлөх цаг нэгэнт болжээ. Бидний энэ шинэ харилцан хамаарал, шүтэн барилдлагын нөхцөлд бусдын эрх ашгийг харгалзаy үзэх нь өөрийн эрх ашгийг хангах хамгийн дээд арга зам гэдэг нь тодорхой билээ.
Харилцан хамаарал, шүтэн барилдлага нь байгалийн суурь үндсэн хууль юм. Олон төрөл зүйл бодгалиар зогсохгүй материаллаг үзэгдлийн хамгийн жижиг, нарийн түвшинд ч харилцан хамаарал, шүтэн барилдлагын хууль үйлчилнэ. Үзэгдэл бүр бидний энэ дэлхий, бас биднийг хүрээлэн буй далай тэнгис, үүлс, ой мод, цэцэг жимс тэргүүтэн бүгдээрээ энергийн нарийн төлөвт дулдуйдан, шүтэн баридлагатайгаар урган босдог. Зүй зохист харилцан үйлчлэлгүйгээр энэ бүгд эвдрэн устах болно.
Байгалийн энэ бодит үнэнийг бид өнгөрсөн цаг үеэс ялгаатай, орчин үеийн нөхцөл байдалд уялдуулан, илүү ихээр ойлгон ухаарч, хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Өнөөдөр бидэнд тулгарч буй олон асуудал энэ эгэл үнэнийг үл ухааран, үл тоомсорлосонтой шууд холбоотой юм. Жишээ нь, манай дэлхийн хязгаарлагдмал нөөц баялаг, түүн дотроо хөгжин буй улс орнуудын нөөц эх үүсвэрийг ашиглан хэрэглээнд төвлөрсөн нийгэм, эдийн засгийг хөхиүлэн дэмжих нь асар хохиролтой юм. Ийм байдлаараа цааш үргэлжилсээр байвал бид бүгдээрээ хамтдаа эцсийн зовлонт үр дагаврыг эдлэх нь нэн тодорхой. Бид амьдралын эмзэг турьхан матрицыг ойлгон хүндэтгэж, байгаль дэлхийдээ өөрөө өөрийгөө засан сэргээх боломжийг олгох хэрэгтэй. Бид сүүлийн 65 сая жилд тохиолдоогүй тийм их хэмжээний төрөл зүйл амьтанан, амьд байгаль устаж үгүй болох нөхцөл байдалтай тулж байгааг НҮБ-ийн Байгаль орчны хөтөлбөрөөс мэдээлсэн юм. Энэ бол үнэхээрийн аймшигтай мэдээ. Бид оюун ухаандаа хэчнээн гүн гүнзгий хямралтай нүүр тулж буйгаа сайтар ухаарч ойлгоход энэ мэдээ нөлөөлнө хэмээн бодож байна.
Харилцан хамаарал, шүтэн барилдлагыг үл ухаарсны гэм хохирол зөвхөн байгаль орчноор ч зогсохгүй хүний нийгэмд ч гарч байгаа билээ.
Бусдыг хайрлан халамжлахын оронд хувийнхаа материаллаг хэрэгцээг хангах замаар жаргалд хүрэхийн тулд бүх хичээл зүтгэлээ зориулж байна. Бид ийм хүсэл зорилгодоо бүрэн автсан учраас өөрсдөө ч мэдэлгүй хүний суурь хэрэгцээ болсон хайр энэрэл, халуун дулаан сэтгэл бас хамтрах сэтгэлийг тэтгэн хөгжүүлэхээ бүрэн орхигдуулжээ. Машид харамсалтай. Хүн гэдэг амьтан жинхэнэ утгаараа ямар мөн чанартай болохыг анхаарч, ойлгох шаардлагатай байна. Бид машин дээр үйлдвэрлэгдсэн эд зүйл биш шүү дээ. Хэрэв бид зүгээр нэг механик эд байсан бол элдэв зовлонгоосоо хагацахдаа эсхүл зүйл бүрийн хэрэгцээгээ хангахдаа машин техник ашиглахад л хангалттай. Бид иймийн биш учраас зөвхөн гадаад материаллаг хөгжил дэвшлээс бүх хэрэгцээ, аз жаргалаа хайх нь жинхэнэ алдаа болно.
Бид бүгдээрээ амар амгалан, тайван байдлыг хүсэмжлэн дээдэлдэг. Жишээ нь, хавар ирж, өдөр уртсан, наран ээж, зүлэг модод амь орон, бүх зүйл шинэ сэргэг болоход хүмүүс жаргалтай, машид амгаланг мэдэрдэг. Харин намар цагт навчис унаж, ганган цэцэгс хагдран, эргэн тойронд минь зөвхөн нүцгэн модод үлдэхэд хүн бүрийн сэтгэл баясал үгүй, гунигтай болдог. Яагаад ингэдэг вэ? Яагаад гэвэл бид сэтгэлийн гүндээ эвлэн бүтэх, хөгжин дэвжих үйл явцад дуртай бол нурж ухан, эвдэрч сүйдэх, мөхөж буй зүйлсэд дургүй байдаг юм. Өөрөөр хэлбэл эвдэрч сүйдэх нь бидний суурь чанарын эсрэг байдаг бол бүтэн босож, хөгжин буй үйл нь хүний мөн чанар үндсэн суурь аж.
Өсөлт хөгжлийг зөв зохистой болгохын тулд олон чиглэлд хүний үнэт зүйлсэд чиглэсэн зорилго, хүсэл шийдлийг шинээр тодорхойлох хэрэгтэй болж байна. Улс төрийн амьдрал нь мэдээж ёс зүйд суурилсан байх нь гарцаагүй. Тэгвэл шинжлэх ухаан, шашин хоёулаа энэ ёс суртахуунд үндэслэy, суурилж орших шаардлагатай юм. Ийм суурьгүйгээр шинжлэх ухаан бодит үр өгөөжтэй технологи, хялбар, практик ач холбогдолтой ч ёс зүйгүй технологийн ялгааг тодорхойлж чадахгүйд хүрэх юм. Хүрээлэн буй байгаль орчны гамшиг бүгд ийм төөрөгдлөөс үүдэлтэй нь машид тодорхой байна. Шашны хувьд бол бүр тусгайлан ярих шаардлагатай.
Аливаа шашны гол зорилго нь гоё ганган сүм хийд барихдаа бус харин хүлцэл тэвчээр, өгөөмөр, өрөвч сэтгэл, хайр энэрэл тэргүүт хүний эерэг зан чанаруудыг хөгжүүлэхэд оршдог. Дэлхийн шашны урсгалууд бүгдээрээ элдэв үзэл онолоос үл хамааран юун түрүүнд хувиа хичээсэн, бэртэгчин сэтгэлээ багасгаж, бусдын сайн сайхныг бодоход оршдог үндсэн үзэл номлолд суурилсан байдаг. Харамсалтай нь бид заримдаа шашны нэрийг барьж, асуудал шийдэхээсээ илүүтэй маргаан, тэмцэл үүсгэх нь бий. Шашны урсгал бүрд хүн төрөлхтөнд сэтгэл зүй, итгэл үнэмшлийн эрүүл энхийг бий болгож чадах асар их дотоод боломж чадвар, үнэ цэн буйг янз бүрийн ялгаатай уламжлалыг даган баримтлагчид бүгдээрээ ойлгож ухаарах ёстой.
Библид сэлмийг газар хагалдаг анжисны ир болгон ашиглах тухай машид сайхан шүлэг буй. Энэ нь зэр зэвсгийг хүний суурь хэрэгцээг хангадаг эд зүйл болгон хувиргаж, бэлгэдлийн утгаараа дотоод сэтгэлдээ, гадаад орчин нөхцөлдөө зэвсгээс татгалзах хандлагыг харуулсан тун сайхан эшлэл билээ. Эртний энэ илгээмжийг удирдлага болгон, бүх дэлхийг цэрэг, зэвсэггүй болгох эртний энэ санаачилгыг хэрэгжүүлж эхлэх нь нэн чухал байна.
Цэрэг, зэвсэггүй болсноор байгаль орчныг хамгаалах, ядуурлыг бууруулах, хүн төвт тогтвортой хөгжлийг тэтгэн дэмжих, санхүүжүүлэх нөөц эх үүсвэр, баялаг боломжтой болно. Үүнийг НҮБ их удалгүй бодит нөхцөл байдал болгох байх гэсэн найдвар надад буй.
Би бээр өөрийн эх нутаг Төвөд орныхоо ирээдүйг энэхүү суурин дээр үндэслэн бий болгохыг ямагт хүсэмжилж ирсэн билээ. Төвөд орон төвийг сахисан, цэрэг армигүй, зэвсэглэлийг бүрэн хорьж, хүмүүс нь байгаль орчиндоо зохицон нийцэж амьдарсан тийм улс байх боломжтой. Энэ бол зүгээр нэг мөрөөдөл биш ээ. Төвөд улсад халдан довтлохоос өмнө мянга гаруй жилийн турш бид яг л ийм арга хэлбэрээр амьдрахыг хичээж, оролдож байсан билээ. Төвөдөд дагшин байгаль, зэрлэг амьтдыг бурхны шашны зарчмын дагуу хадгалан хамгаалдаг байлаа. Бид ХVII зуунд байгаль орчныг хамгаалах хуулийг баталж байсан нь биднийг байгалиа хамгаалах хууль дүрмийг даган мөрдөхөд гардаг олон бэрхшээлтэй тулж байсан анхны улсуудын нэг болгож байгаа юм. Энд хэлэхэд бидний хүүхэд байхаасаа олж авсан итгэл үнэмшил байгалиа хамгаалах хамгийн гол уг үндэс болж байсан нь үнэн агаад үүнээс гадна сүүлийн 300 зуун жилийн турш бидэнд цэрэг арми гэж бараг байсангүй. Төвөд улс бүр VIII зуунд үндэсний бодлогоороо дайн хийхийг бүрнээ хорьсон билээ.
Ерөнхийдөө хүн төрөлхтний ирээдүйг би ихэд өөдрөгөөр харж байгаа гэдгээ илэрхийлж, энэхүү үгээ өндөрлөмөөр байна. Дэлхийдээ хандах бидний хандлага машид хурдан өөрчлөгдөж байгаа нь бас нэг итгэл найдвар төрөх эх үүсвэр болж байна. Ерөөс 10 гаруй жилийн өмнө гэхэд л бид энэ гаргийн нөөц баялагт эцэс төгсгөл үгүй мэт хэрэглэн зарцуулж байлаа. Хараа хяналтгүй хэрэглээний эдийн засаг нь байгаль орчин, нийгмийн сайн сайхан байдлын аль альд үнэхээр ноцтой хор уршигтайг бид ойлгоогүй байжээ. Харин энэ цаг үед хувь хүн хийгээд засгийн газрууд байгаль орчин, эдийн засгийн шинэ хэлбэр, засаглалыг эрэлхийлж эхлээд байна.
Тэнгэрийн од, сар тэргүүтэн нь ихэд үзэсгэлэнтэй харагдах ч тэнд бид амьдрах гэж оролдвол хэчнээн их зовлон бэрхшээлтэй байх тухайтад би бээр хошигнох их дуртай. Энэхэн цэнхэр гараг минь үнэхээрийн тав тухыг бүрнээ бүрдүүлсэн сайхан гэр орон минь билээ. Энэ гаргийн амьдрал бол бидний амьдрал бас энэ дэлхийн ирээдүй ч бидний ирээдүй. Дэлхий минь миний эхээс өөрцгүй. Үр хүүхэд нь болсон бидний хувьд дэлхийгээсээ бүрнээ хамааралтай. Хүлэмжийн хий, озоны давхаргын цоорол гэх мэт дэлхий нийтийг хамарсан гамшгийн нөхцөлд ганц байгууллага эсхүл ганц хоёр улс орны авч хэрэгжүүлэх арга хэмжээ нь хүчин мөхөстөнө. Бид бүгдээрээ хамтран ажиллахгүй л бол үүнд өөр шийдэл үл олдоно. Эх болсон дэлхий минь бидэнд бүх нийтийн үүрэг хариуцлагыг хэрхэн ухамсарлахыг зааж байна шүү дээ.
Бид сургамж авч эхэлсэн учир дараагийн зуун илүү таатай, илүү эв зохицолтой басхүү аюул гамшиг багатай зуун болно хэмээн би бээр бодож байна. Тэр үед найрамдлын үндэс болсон энэрэл нигүүлсэл нь илүү хөгжин цэцэглэх боломжтой байх болно. Би үүнд үнэхээрийн их найдаж байгаа билээ. Үүний зэрэгцээ хүн бүр дэлхийн гэр бүлээ зөв урсгалд нь ороход туслах үүрэг хариуцлагатай гэдэгт бас итгэдэг юм. Мэдээж ганц сайн сайхан хүсэл байгаад хангалттай бус. Бид үүрэг хариуцлагаа хүлээх ёстой. Хувь хүмүүсийн идэвх санаачлагаас олныг хамарсан нийтийн хөдөлгөөн үүсдэг шүү дээ.
Энэхүү арга хэмжээг санхүүжүүлэн зохион байгуулж буй НҮБ анх дэлхийн цэрэг дайны зөрчил, мөргөлдөөнөөс сэргийлэх шаардлагын эрхээр байгуулагдсаныг та бүгд мэднэ. Тэгвэл энэ байгууллагын эрхэм зорилго улам өргөжин, олон шинэ зорилт, сорилт, түүн дотроо дэлхийн болоод бидний урт хугацааны сайн сайхан, эрүүл оршихуйг сахин хамгаалах үүрэг хариуцлагыг өөртөө үүрч байгаад сэтгэл минь ихэд хөдөллөө. Ойрын хугацаанд илүү жаргалтай, илүү зохицолтой, илүү эрүүл дэлхий ертөнцийг байгуулах зорилгод хүрэхийн тулд бид бүгдээр тус тусдаа чадах бүхнээ хийх болтугай хэмээн сэтгэлээсээ хүсэж залбиръя.
Бразил улсын Рио Де Жанейро хотод 1992 оны 6 дугаар сарын 7-нд зохион байгуулагдсан НҮБ-ын Байгаль орчин, Хөгжлийн хөтөлбөрийн (UNCED) Дэлхийн Парламентын Чуулган (Global Forum)-д хэлсэн үг.










