Төвөд орныг цөмийн зэвсгийн үйлдвэрлэл, цацраг идэвхт бодисын хог хаягдалд зориулан ашиглаж болохгүй. Төвөдүүд бид бүх төрөл зүйлийн амьтдад хүндэтгэлтэй хандаж ирсэн билээ. Бидний энэ дотоод чанар хүн хийгээд адгуусан амьтад гэж ялгал үгүйгээр хамаг амьтдад аливаа гэм хор учруулахыг хориглодог бурхны шашны үзэл, итгэл үнэмшлээр улам гүнзгийрэн батажжээ. Хятадын эзлэн түрэмгийллээс өмнө Төвөд орон үзэсгэлэн төгөлдөр, онгон зэрлэг, өөрийн өвөрмөц байгаль орчин бүхий орон байлаа.

Харамсалтай нь сүүлийн хэдэн арван жилийн турш төвөдийн онгон байгаль эвдэрч, араатан амьтад устаж үгүй болсон бөгөөд олон бүс мужийн ой шугуй нөхөн сэргэхийн аргагүй хохирлыг учруулжээ. Байгаль орчинд учруулсан хохирол гамшгийн түвшинд хүрсэн бөгөөд Төвөд орон нам дор, чийглэг газартай харьцуулахад өндөрлөг, хуурай учир эргээд сэргэх үйл явц хамаагүй удаан байх болно. Тиймээс Хятадын зүгээс төвөд нутгийн байгаль орчинд ёс зүйгүй, хүний санаатай хор хохиро, устгалыг даруй зогсоож, нөхөн сэргээхэд хүчин зүтгэл гарган, багахан үлдсэн онгон дагшин нутгийг хадгалан хамгаалах шаардлагатай байна.
Үүний тулд юун түрүүнд цөмийн зэвсгийн үйлдвэрлэлийг зогсоохоос гадна хамгийн чухал нь цацраг идэвхт бодист хог хаягдлыг тус бүс нутагт бүрэн хориглох хэрэгтэй. Хятад улс цацраг идэвхт бодист хог хаягдлаа энд булаад зогсохгүй бусад улс орон ч цөмийн хог хаягдлаа төлбөр мөнгөөр энд булшлах боломжийг олгох санаатай байна. Ийм үйлдлээс гарах аюул гамшиг нь машид тодорхой бөгөөд манай үеийнхнээс гадна ирээдүй үеийнхэнд ч аюул заналхийлэл үүсэж байна. Цаашлаад энэхүү үйлдлээс бүс нутгийн хэмжээнд гарцаагүй үүсэх асуудлууд дэлхий нийтийн хэмжээний гамшиг болон хувирахад ойрхон билээ. Хэдийгээр хүн амын нягтаршил багатай, өргөн уудам нутагт гарцтай байж болох ч технологийн хувьд хязгаарлагдмал бөгөөд энэ хог хаягдлыг Хятад улсад шилжүүлэх нь асуудлыг зөвхөн богино хугацаанд л аргацаах юм.
Хэрэвзээ би бээр сонгуульд санал өгдөг байсан бол байгаль орчны асуудлыг дэвшүүлдэг ногоон намыг ихэд дэмжих байсан байх. Сүүлийн үед гарч буй хамгийн эерэг үйл явц нь байгаль, хүрээлэн буй орчны ач холбогдлыг ойлгон үнэлэх хандлага өсөн нэмэгдэж байгаа явдал билээ. Энд ямар нэг шашинлаг ч юм уу, ариун дагшин, онцгой эсвэл тусгай яриа үгүй. Эх дэлхийдээ санаа тавина гэдэг нь өөрийн орон гэртээ санаа тавихтай л адил. Бид өөрсдөө байгалиас гаралтай учраас байгалийнхаа эсрэг үйл үйлдэх нь утга учиргүй юм. Тиймээс ч байгаль орчны асуудал нь ямар нэг шашны эсвэл тусгай ёс зүй, ёс суртахууны тухай асуудал биш гэдгийг би бээр хэлсээр байгаа, хэлэх ч болно. Шашны эсвэл ёс зүйн гэж яривал энэ нь тансаглал бөгөөд бид үүнгүйгээр амьдарч чадна. Харин оршихуйн үндэс болсон байгалийнхаа эсрэг байсаар байвал хүмүүн төрөлхтөн амьд үлдэх боломжгүй билээ.
Бид үүнийг хүлээн зөвшөөрөх ёстой. Байгалийн тэнцвэрийг алдуулбал хүн төрөлхтөн өөрсдөө л зовж шаналах болно. Энэ үеийнхэн ирээдүй үедээ анхаарал тавих ёстой. Цэвэр байгальд амьдарна гэдэг хүний үндсэн эрхийн нэг. Тиймээс бид хүлээж авсан газар дэлхийгээ ядаж өмнөх шиг нь эрүүл цэвэр, болж өгвөл илүү эрүүл болгож хүлээлгэн өгөх нь ирээдүй үеийнхнийхээ өмнө хүлээсэн хариуцлага юм. Энэ бүгд сонсогдож байгаа шигээ тийм ч нарийн төвөгтэй асуудал биш ээ. Хүмүүний хийж хэрэгжүүлж чадах зүйлс хязгаарлагдмал байж болох ч бүх нийтийн үүрэг хариуцлагын хүрээнд асар өргөн цар хүрээтэй ажил, төслүүдийг хэрэгжүүлэх боломжтой. Гэхдээ бага гэлтгүй хувь хүмүүс тус тусдаа чадах бүгдээ хийх хэрэгтэй. Өрөөнөөс гарахдаа гэрлээ унтраах нь жижиг зүйл байж болох ч гэрлээ заавал унтраах нь бүх нийтийн үүрэг хариуцлагыг ухамсарласан сэтгэлийн илрэл юм.
Үүнийг ярих явцад үйлийн үрийн зарчим бидний өдөр тутмын амьдралд маш хэрэгтэй гэдгийг бурхны шашны хувраг хүний хувьд хэлмээр байна. Сэдэл, түүний үр нөлөө хоорондын уялдаа холбоонд итгэлтэй болвол таны үйл өөрт болон бусдад ямар нөлөө үзүүлж болох тухайд илүү анхааралтай, болгоомжтой ханддаг болно.
Хэдийгээр Төвөд оронд минь гунигтай, хүнд хэцүү үйл явдал өрнөсөөр байгаа ч дэлхийд олон сайн зүйлс тохиож байгааг би харж байна. Тэр дундаа нийгмийн хэрэглээний төгсгөл ирж буй гэдэг итгэл үнэмшил нь хүн төрөлхтөн бид энэ дэлхийн нөөц баялагт ариг гамтай, хадгалж хамгаалж хандах ёстой хэмээх сэтгэлийг төрүүлж буй нь надад машид урам өгч байна. Энэ сэтгэл нь ихэд чухал юм. Хүмүүс бид нэгэн утгаараа энэ дэлхийн үр хүүхдүүд билээ. Саяхныг хүртэл эх дэлхий минь хүүхэд биднийхээ томоогүй зан төлөвийг уучилж ирсэн бол цаашид тэвчихгүй гэдгээ ч сануулж эхлээд байна.
Ирээдүйн нэгэн өдөр байгаль орчин, хүмүүн төрөлхтөнд санаа тавих тухай өөрийн энэхэн илгээмжээ хятадын ард түмэнд хүргэх боломжтой болно гэдэгт би бээр ихэд итгэж, залбирч байгаа билээ. Бурхны шашин бол хятадын ард түмний уламжлалт шашны нэг байсан тул тэдэнд практик хэлбэрээр үүнийг хүргэж чадах буй за хэмээн сэтгэж байна. Сүүлийн Банчин ламын өмнөх дүр Дүйнхор бурхны авшгийг Бээжинд хүртээж байсан түүхтэй учир хэрэвзээ би бээр ийм номын үйлийг тэнд дахин тавибал шинэ содон зүйл болохгүй болов уу. Бурхны шашны хуврагийн хувьд миний сэтгэл бүх хүн төрөлхтөн, цаашлаад зовж шаналан буй амьтан бүгдийг хамрах ёстой.
Бидний зовлон бүгд мунхгийн эрхээр илэрч буй билээ. Хүмүүс өөрсдийн аз жаргал, хүсэл таачаалыг олохын тулд бусдад өвдөлт шаналал учруулдаг. Тэгтэл жинхэнэ аз жаргал дотоод амар амгалан, хангалуун сэтгэлээс ирдэг бөгөөд харин үүнийг бүтээхийн тулд бусдын төлөө хэмээсэн сэтгэл, хайр, энэрэл нигүүлслийг төрүүлж, уур хилэн, хувиа хичээсэн байдал, хүсэл шунал тэргүүтээс ангижрах шаардлагатай билээ.
Зарим хүмүүст энэ нь хэт гэнэн санагдаж байж болох ч тэдэнд “Дэлхийн хаа ч төрсөн бай уг үндэстээ бид бүгдээрээ хүн төрөлхийтэн гэдэг утгаараа адил, хүн бүр жаргалыг хүсэж, зовлонг үл хүсдэг” хэмээдгийг минь байнга сануулан хэлэхийг хүслээ. Бидэнд адил хэрэгцээ, адил зовлон бэрхшээл буй. Цаашлаад хүн бүр эрх чөлөөтэй байж, хувь хүнийхээ хувьд өөрсдийн хувь заяагаа тодорхойлон амьдрах эрхтэй. Энэ бол хүний мөн чанар билээ. Зүүн Европоос Африк хүртэл дэлхийн өнцөг булан бүрд олон агуу өөрчлөлт гарч буй нь үүний тодорхой илэрхийлэл болно.
Үүний зэрэгцээгээр өнөөдөр бидэнд тулгарч буй цус асгаруулсан мөргөлдөөн, байгаль орчны сүйтгэл, ядуурал, өлсгөлөн гэх мэт асуудлууд нь үндсэндээ хүмүүс бидний өөрсдийн бүтээж буй бэрхшээлүүд юм. Эдгээрийг шийдэж болно. Гэвч үүнд зөвхөн хүмүүсийн хичээл чармайлт, харилцан ойлголцол, мөн ахан дүүсийн дотно дулаан сэтгэл хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, бид сайхан сэтгэл, нөхцөл байдлыг таньж сэхээрсэн сэтгэл хоёрт суурилан бие биедээ болоод энэ дэлхийдээ чиглэсэн бүх нийтийн үүрэг хариуцлагыг ухамсарлан төрүүлэх шаардлагатай юм.
Хэдийгээр хайр, халуун дулаан сэтгэл, энэрэн нигүүлсэхүйг төрүүлэхэд миний сүсэглэн дагадаг бурхны шашин үнэхээр ашиг тустайг мэдэх боловч энэ сэтгэлийг заавал шашин гэлгүйгээр хүн бүр төрүүлэх боломжтой. Бас бүх шашны урсгал сайн сайхан олон чанарыг хөгжүүлэн хүн төрөлхтөнд аз жаргал, баяр баяслыг авчрах ижил зорилготой гэдэгт би бээр итгэдэг билээ. Арга хэлбэр нь ялгаатай байж болох ч зорьсон үр дүн нь ижил юм.
Бидний амьдралд шинжлэх ухааны гүйцэтгэх үүрэг улам бүр өсөн нэмэгдэж байгаа энэ цаг үед шашин хийгээд сэтгэлийн итгэл үнэмшил нь бидэнд хүний мөн чанарын тухайтад сануулахад илүү чухал үүрэг гүйцэтгэх болно. Угтаа бол энэ хоёрын хооронд аливаа зөрчил үгүй, аль аль нь нэг нэгэндээ чухал үнэ цэнийг бий болгоно. Шинжлэх ухаан хийгээд Бурхан багшийн сургаал номлол хамтдаа юмс үзэгдэл бүгдээрээ уг үндсээрээ уялдаа холбоо бүхий нэгдмэл болохыг хэлж, сургаж байгаа билээ.
Төгсгөлд нь надад асар их урам зориг өгч, шийдмэг сэтгэлийг төрүүлдэг богинохон залбирлыг уншигч та бүгдтэйгээ хуваалцахыг хүсэж байна.
Огторгуй хэдий хүртэл оршоод
Амьтад тэр хүртэл ажрахуй
Алин боловч тэр хүртэл би бээр оршоод
Амьтдын зовлонг арилгах болтугай.
“Цөллөгт ч эрх чөлөө буй: Бүх нийтийн үүрэг хариуцлага болоод халуун сэтгэл – Төвөдийн тэргүүн Дээрхийн гэгээн Далай ламын намтар” /Freedom in Exile: The Autobiography of The Dalai Lama by HH Dalai Lama/ номоос эшлэв. Ходдер, Стаутон, Нэгдсэн Вант улс (280-299).
Орчуулсан Г.Лутаа










