-Далай лам: Ерөнхийдөө хүмүүсийн санаа санаачлага, идэвх, шинийг бүтээх чадвар, ур чадвар тэргүүт чанаруудыг зөв зохистой хөгжүүлэх, дэмжих болоод ашиглахад хууль зүйн орчин гол нөхцөлдүүлэгч хүчин зүйл болох ёстой гэж боддог.
-Фабиен: Ардчиллын систем нь хууль зүйн орчинг нөхцөлдүүлэн хөгжүүлэхэд тусалж байгаа гэж та боддог уу?
-Далай лам: Тийм ээ. Ардчилсан улс орнуудад хууль зүйн орчин нь ингэж ажиллах ёстой бөгөөд үндсэндээ ингэж ажилладаг гэж бодож байна. Тэгэхдээ энэ хуулиуд нь бурхны шашны үндсэн зарчим болох харилцан хамаарал, шүтэн барилдлагын үзэлтэй тодорхой хэмжээнд зөрчилддөгийг хэлэх нь зүйтэй. Учир нь энд байгаль орчин хийгээд адгуусан амьтдын “ардчилсан эрх”-ийг орхигдуулжээ. Ихэнх хуулийн систем нь зөвхөн хүн төрөлхийтний эрх, хэм хэмжээг тодорхойлчхоод, энэ дэлхийд бидэнтэй хамт оршиж буй адгуусан амьтад, амьд төрөл зүйлүүдийн эрхийг огтоос авч үздэггүй. Хүний эрх, үнэт зүйлсийг хамгаалдаг, хүний ур чадвар, чадамжуудыг зөв зохистой ашиглах нөхцөл, хэмжээг заадаг хуулиуд нь үйлийн үр, уг шалтгаан хийгээд үр дагаврын зарчимтай зөрчилдөхгүй. Нэмж хэлэхэд шалтгаан үр дагавар гэдгээр барууны орнуудад хэвшсэн ижил уг шалтгаанаас ижил үр дагавар гарна гэдэг үзлийг бус харин уг шалтгаанаас гарсан олон үр дагавар, нөлөөлөл бүрийг харгалзан авч үздэг бурхны шашны зарчмыг илэрхийлсэн юм шүү.

Жишээлбэл улс орон бүгдийн хуулийн системд амь таслахыг хориглодог боловч бодит байдал дээр эрх мэдэлтэй, “хүчтэй” хүмүүсийн хувьд хуулийн зарчим болоод түүний амьдрал дээрх хэрэглээ эрс ялгаатай байгаа юм. Бодит байдал дээр хүчтэй хүмүүс аллагыг яг л худал ярихтай адил багахан зүйлд үзэж, үйлдэж байна. Улс төрчдийн хувьд жижиг худал хориотой ч том худал хүлээн зөвшөөрөгддөг. Бурхны шашинтны хувьд энэ нь илтэд зөрчилдөөн болно. Амь таслах, аллагын хувьд ч нөхцөл байдал адил байгаа юм. Цөхөрсөн нэгэн хэн нэгний амийг таслахад түүнийг аллага гэж тодорхойлно. Мэдээж амь таслах нь буруу. Гэтэл мянга мянган хүнийг алсан юм уу, эсвэл алах тушаал өгсөн хэн нэгэн баатар болж хувирна. Энэ бол үнэхээр гутамшигтай, гунигтай зүйл.
Дийлэнх шашны урсгалууд амь таслах, хүчин, хулгай хийхийг цээрлэдэг. Шашны зарчим нь хүний төрөлх хандлага, мэдрэмжид суурилдаг гэж бодож байна. Энэ зарчмын үндсэн үүрэг нь хүн төрөлхийтөнд суурь хүн чанаруудыг төрүүлэн хөгжүүлэхэд түлхэц, дэмжлэг өгөхөд оршиж байгаа юм. Тиймээс ч ихэнх хууль дүрэм нь эерэг үйлийн үрийн зарчимтай зохицож нийцсэн байх нь ойлгомжтой билээ. Гэхдээ шашны болоод шашнаас ангид хууль зүйн системийг харилцан хамаарал, шүтэн барилдлагын зарчмуудтай уялдан нийцүүлэхийн тулд бид эдгээрийн хамрах хүрээг өргөжүүлж, байгаль орчин, адгуусан амьтдыг хамгаалах нөхцөлүүдийг тусгах шаардлагатай юм. Ийм хэлбэрээр бид бурхны шашны шүтэн барилдлагын үзлийг өргөн цар хүрээтэй, олон талт хууль зүйн системийг бий болгоход ашиглаж чадна.
Ямартаа ч миний уулзсан байгалийн нөөц баялаг, эх үүсвэрийг судалдаг эрдэмтэн мэргэд бүгдээр “баян чинээлэг” хийгээд “ядуу хоосон”-ы хоорондын зөрөөг заавал бууруулах ёстой гэж үздэг гэнэ. Өнөөдөр дэлхий дээр 5,5 тэрбум хүн амьдарч байна. Хойд зүгийн улс орнуудын хүн амын одоо, амьдралын түвшинд урьд зүгийнхний амьдралын түвшинг хүргэвэл энэ нь дэлхийн нөөц баялагт хэрхэн нөлөөлөх вэ? Ийм нөхцөлийг даах нөөц эх үүсвэр байхгүй. Хятад гэхэд л дангаараа 1,2 тэрбум хүн амтай. Тэгвэл тэнд гэр бүл бүр 2 машинтай болвол хүрээлэн буй орчинд үзүүлэх гэм хохирлыг төсөөлөх аргагүй болно шүү дээ. Энэтхэгт 900 сая хүн амьдарч байна.
ҮНБ-ийг жил бүр өсгөдөг барууны үзэл баримтлалыг өөрчлөх шаардлагатай, бүр тун яаралтай шүү. Энэ зарчим нь өөрөө бүх байгалийн хийгээд логикийн хуультай шууд зөрчилдөж байгаа юм.
-Фабиен: Барууны орнуудын ард иргэд ч бас цөөн машинтай байх ёстой гэж та бодож байна уу?
-Далай лам: Мэдээж хэрэг. Эдгээр улс орны хүмүүс ханаж цадах сэтгэлийг үүтгэж, бусад хүмүүсийг боддог, харгалздаг болох ёстой. Ер нь болбол бүхий л зүйлсийг ижил тэгш хэлбэрээр шийдэж байх хэрэгтэй. Үүний хажуугаар төрөлтийг хянах, хязгаарлах асуудлыг ч авч үзэх шаардлагатай байна. Өмнөдийн улс орнууд хүн амын өсөлтөө хумих ёстой.
-Фабиен: Төрөлтийг үр дүнтэй хянах эсэх нь голчлон амьдралын стандартаас хамаардаг. Статистикиас харахад илүү олон эмэгтэй боловсрол эзэмших боломжтой байх тусмаа төрөлт буурдаг тал бий. Тиймээс боловсрол нь хүн амын огцом өсөлтийг хязгаарлах хамгийн сайн арга зам байж мэдэх юм.
-Далай лам: Энэ чинь их сайн хэрэг байна. Гэхдээ ямар боловсрол? Үнэнийг хэлэхэд өмнөдийн орнуудын ард иргэд юуг хамгийн түрүүнд хийх ёстой вэ гэвэл орчин үеийн барууны орны амьдрал, эдийн засгийн ойлголтын хортой, сөрөг үр дагавруудыг олж харах хэрэгтэй байна. Бид ямагт өсөн нэмэгдэж байдаг ҮНБ-ний үнэ цэнийн тухай алдаатай итгэл үнэмшлээ засаж залруулах шаардлагатай. Хэдийгээр барууны оронд зарим үйлдвэрүүд, салбарууд байгаль орчныг хамгаалах шинэ арга замуудыг олж хэрэгжүүлж буй боловч тэд дэлхийн байгаль орчинд асар их хор хохирол учруулсаар байгаа билээ. Үүнээс дүгнээд хэлэхэд дэлхий нийтийн хэмжээнд аваад үзвэл барууны буюу хойд зүгийн орнуудын бий болгож, бүтээж буй баялаг нь учруулж буй хохиролтойгоо харьцуулахад хангалттай бус байна.
Энэ зууны эхээр бүгд байгалийн нөөц баялаг хэмжээ хязгааргүй, хүн төрөлхийтний хүсэл зоргоор хэрэглэн зарцуулах боломжтой хэмээн гэнэн томоогүй бодож байлаа. Тэгвэл өнөөдөр улс төрийн намуудад ч байгаль хамгааллын үзэл санаа, зарчим нөлөөлж байна. Энэ бүх өөрчлөлтүүд нь бид хүн төрөлхийтнийхөө хувьд олж авсан туршлагаас эхтэй билээ. Энэ нь хүний эрхийн зарчим хэрхэн боловсорч хөгжсөнтэй адил бөгөөд энэ өөрчлөлт, үзэл санааг өнөөдөр дэлхий даяар хүлээн зөвшөөрөх болжээ. Ийм ахиц дэвшил надад ирээдүйг өөдрөг харах итгэлийг өгдөг юм.
-Фабиен: Нэг хүн дэлхийг өөрчилж чадна гэж та боддог уу?
-Далай лам: Тийм ээ.
-Фабиен: Тэгвэл ийм нөхцөлд хувь хүн өөрийгөө өөрчлөн сайжрахыг оролдох нь хамгийн сайн арга болох юм байна.
-Далай лам: Их энгийн ч байж мэднэ. Эхлээд бид энэхэн байгалийнхаа нэгээхэн хэсэг гэдгээ ухаарах хэрэгтэй. Хэдийгээр хүмүүн төрөлхтөн цөмийн зэвсэгтэй, шинжлэх ухааны мэдлэг, технологитой байж болох ч том зургаараа байгаль дэлхий хүнээс ямагт илүү хүчирхэг байх болно. Хэрэв нарны илч буурвал эсвэл дэлхийн цаг уур хэдхэн хэмээр өөрчлөгдөхөд л бид маш хүнд байдалд орно шүү дээ. Хэдийгээр бид байгалийн нэгээхэн хэсэг боловч оюун ухаанаа ашиглан зарим зүйлсийг тодорхой хэмжээнд хянаж, өөрчлөх чадвартай билээ. Дэлхий дээрх сүүн тэжээлтэн мянга мянган амьтны дотроос хүмүүн төрөлхтөн бидэнд л байгалийг тодорхой түвшинд жинтэй өөрчлөх чадвар заяажээ. Тиймээс ч бидэнд давхар хариуцлага бий. Оюунлаг амьтан гэдэг утгаараа ёс зүйн хувьд бид дэлхийгээ харж хандах үүрэгтэй. Энэ дэлхийн бусад оршин суугчид болох шавж хорхой тэргүүт олон төрөл зүйлийн амьтдад дэлхийг аврах, хамгаалах арга хэрэгсэл үгүй. Бидний бас нэгэн хариуцлага бол хүмүүсийн буруу зан үйлээс болж ноцтой эвдэрч доройтсон байгаль орчноо сэргээн засах явдал юм. Бид энэ гаргийг түмэн шидийн химийн бодис хийгээд цөмийн хог хаягдлаар бохирдуулж, нөөц баялгаа аминчхан сэтгэлээр шавхан барагдуулж байна. Тиймээс хүн төрөлхтөн зүрх сэтгэлийнхээ дуудлагаар энэ дэлхийгээ нөхөн сэргээж, харж хамгаалах ажлыг хэрэгжүүлэх ёстой юм.
Мэдээж хэрэг “хүн төрөлхтөн” эсвэл “нийгэмч хамт олон” гэдэг үгсийг хэрэглэхдээ бие хүнээс ч энэ санал санаачилга гарах ёстой гэдэг утгыг давхар илэрхийлж байгаа. Энэ асуудалд төр засгаасаа эсвэл бүр ертөнцийн эзнээсээ ч аливаа нэг чиглэл туслалцаа харж, хүсэж суух нь буруу юм.
Ямартаа ч би ер нь их өөдрөг байгаа шүү. Жишээ нь, байгаль орчны асуудлыг аваад үзье. Хүрээлэн буй орчныг хамгаалах зорилготой эрдэмтэд болоод байгууллага холбоод дэлхий нийтийн дулаарал, агаар, усны бохирдол гэх мэт өргөн цар хүрээтэй гамшиг нүүрлээд байгааг дахин дахин мэдээлсний үр дүнд дэлхий нийтийн хэмжээнд энэ асуудлуудад анхаарал хандуулж эхлээд байна. Аж үйлдвэрийн салбар, эдийн засгийг өөрчлөлгүйгээр бохирдлоос сэргийлэх боломжтой шинэ технологиуд бий болж эхэллээ. Саяхан Стокхольм хотод хийсэн айлчлалынхаа үеэр хотоор урсах голд загас жараахай бараг үгүй болоод арван жил болсон ч буцаад голдоо ирж байгаа тухай найз нар минь хэлсэн юм. Загас голдоо буцаж ирсэн нь голын хөндий дагуух үйлдвэрүүд орчныхоо байгаль, амьтдыг хамгаалахад идэвхтэй хүчин зүтгэл гаргасны үр дүн гэж тайлбарлаж байлаа. Өөрөөр хэлбэл тэд өөрсдийн үйлдвэрлэлийн салбараа хохироолгүйгээр нөхцөл байдлаа сайжруулж чадсан байгаа юм. Бас саяхан Германы аж үйлдвэрийн төв Рор бүсэд зочлох үед нэгэн том компани бохирдлыг бууруулж, хаягдал материалыг дахин боловсруулах олон олон арга замыг нэвтрүүлэн хэрэгжүүлж байгаагаа кино болгон үзүүлж билээ. Тэд өөрсдийн бүтцийг өөрчлөлгүйгээр байгаль орчинд учруулах хохирлыг маш бага болгон бууруулж чадсан байсан.
Мэдээллийг зөв зохистой хэлбэрээр өргөн цар хүрээнд түгээснээр байгаль орчинд тавих анхаарлаа нэмэгдүүлэх боломжтой. Хүмүүс нөхцөл байдал үнэндээ ямар ноцтой хэмжээнд хүрсэн бас эх дэлхийнхээ тусын тулд юу хийх ёстойг аажим аажмаар ухаарч, ойлгож хүлээж авч эхэлнэ. Зарим нэг зочид буудалд цахилгаан, усыг дэмий үрэлгүй гамтай хэрэглэх тухай анхааруулга тавьдаг болсныг анзаарсан юм. Энэ бол сайн эхлэл. Үүний адилаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хүн бусдын тусын тулд ямарваа үйл хийх нь чухал болохыг танилцуулан түгээж байх хэрэгтэй байна. Үүнийг сонин сэтгүүл, кино, радио, ТВ-ээр дахин дахин үзүүлж хэлэлцэж байх ёстой. Ийм нөхцөл боломжтой цаг үе нь ч ирчихсэн байна. Эрүүл мэнд, шинжлэх ухааны салбарууд бусдын тусыг бодсон сэтгэл, хандлагыг дэмжин, судалгаа шинжилгээгээр батлан таниулах ёстой юм. Энэ алхмыг байгаль хамгаалагчид, энх тайвны төлөө тэмцэгч бүлгүүд дэмжих болно. Боловсролын системийг сайжруулснаар хүүхэд багачуудыг ширүүн түрэмгий бус, харин ч илүү тайван дөлгөөн болоход анхаарах боломжтой болно. Ийм өөрчлөлт хийж чадвал дагаад цэрэг цагдаагийн байгууллагууд ч өөрчлөгдөх юм. Улмаар хүмүүс аажим аажмаар дөлгөөн сайхан сэтгэлтэй, бусдыг гэсэн хандлагаар, энэрэл хайрын сэтгэлээр бодож, үйлдэж эхлэх болно.
“Хүн бүрийн төсөөлөл: Мөнгө, улс төр болоод амьдрал бүхэлдээ ямар байх боломжтой тухай Далай ламтай хийсэн ярилцлага” номын хэсгээс...










