Дэлхийн байгаль орчин, түүн дотор төвөдийн хүрээлэн буй орчны асуудлуудад анхаарал хандуулж, өөрсдийн үйл ажиллагааг чиглүүлсэн бүлэг хүмүүсийн өмнө үг хэлэх боломж надад олдсонд машид баяртай байна. Миний хувьд нэр төрийн хэрэг билээ. Би Сенатор Боб Браунд ихэд талархаж буйгаа илэрхийлмээр байна.
Тэгэхээр байгаль орчны асуудлууд нь миний хувьд шинэ зүйлс гэж хэлж болно. Төвөд орондоо байхдаа бид байгаль дэлхийгээ ямагт цэвэр ариун гэж боддог байлаа. Төвөдүүд бидний хувьд тэндхийн аль ч гол горхи, урсгал ус уухад аюулгүй, ундны ус байжээ. Харин Энэтхэг болон бусад газар оронд ирээд, нөхцөл байдал өөр болохыг олж мэдсэн юм. Жишээлбэл, Швейцарь улс маш үзэсгэлэнтэй, сэтгэгдэл төрүүлэм боловч тэндхийн хүмүүс гол горхины ус нь бохирдсон учраас шууд ууж болохгүй гэж ярьцгаадаг.

Харин төвөд хүмүүс зарим зүйлс бохирдсон байдаг учраас шууд хэрэглэж болохгүйг аажим аажмаар таньж мэдэх болсон. Ойрын жишээ гэвэл бид өөрсдийн суурин газрыг Энэтхэгт барьж босгож байх үедээ олон төвөд хүн бохир ус хэрэглэсний улмаас ходоод гэдэсний өвчинд өртөж байлаа. Тиймээс бид өөрсдийн туршлага болоод эрдэмтэдтэй хийсэн уулзалтуудын үр дүнд байгаль орчны асуудлуудыг илүүтэй ойлгож мэдэх болсон юм.
Өөрийн эх орон төвөд нутгаа эргээд харахад их өндөрлөгт орших, хүйтэн ширүүн, хуурай уур амьсгалтай машид уужим нутагтай улс байжээ. Магадгүй энэ нөхцөл байдал нь төвөдийн байгалийг цэвэр, онгон байхад тусалдаг байгалийн өөрийн төрөлх хамгаалалт байсан байж болох юм. Хойд нутгууд нь хадархаг, ой модтой, гол мөрний хөндий нутгуудад маш олон төрлийн зэрлэг ан амьтад, засаг жараахай, шувууд амьдардаг байлаа. Бурхны шашинтай улсын хувьд төвөдөд загас барих, амьтдыг агнах үйлүүдийг бүрэн хориглосон уламжлалт дүрэм журмыг даган мөрддөг байв.
Намайг багад Лхасад хэсэг непаль хүн Төвөдийн хууль дүрмийг үл тоон, багахан загас барьж, ан хийснийг санаж байна. Түүнээс бусдаар зэрлэг ан амьтдад ямар нэгэн аюул огтоос үгүй байжээ.
Нэгэн хачирхалтай түүх буй. 1959 оноос хойш Төвөдөд ирсэн хятад тариачид, замын ажилчид мах идэх дуртай байжээ. Тэд хятад цэргийн эсвэл хятад уламжлалын хувцсаа өмсөн, нугас зэрэг шувуудыг агнахаар явахад шувууд этгээд хувцастай хүмүүсээс үргэн, үтэр түргэн нисэн оддог байсан тул энэ анчид ан хийхийн тулд төвөд хувцас өмсөх хэрэгтэй болсон ажээ. Энэ бол үнэн түүх юм шүү. Олон төрлийн шувуутай байсан 70, 80-аад онд ийм зүйлс их тохиолдож байжээ.
Саяхан нэлээд олон мянган төвөд хүн Энэтхэгээс өөрийн өсөж төрсөн нутагтаа очсон юм. Удалгүй иргэж ирээд, тэд бүгдээрээ адил түүхийг өгүүлж байлаа. 40-50 орчим жилийн өмнө тэдний нутаг ой модоор хучигдсан байсан бол одоо хуврагийн толгой мэт халзан уул толгодтой болсон ажээ. Огтоос өндөр модгүй болсноос гадна зарим тохиолдолд модыг үндсээр нь сугалж авч явсан байхтай таарчээ. Энэ бол одоогийн нөхцөл байдал. Урьдын цагт төвөдөд зэрлэг амьтад томоохон сүргээрээ элбэг үзэгддэг байсан бол өнөөдөр ийм зүйлийг олж харах боломжгүй болжээ. Тиймээс маш их зүйлс өөрчлөгдсөн байгаа юм.
Төвөдөд ой модыг ихээр устгасан нь маш харамсалтай. Энэ нь байгалийн үзэмжээ алдсан орон нутгийн хувьд ч, цаашдаа түлшний модоо ч сайтар бэлдэх боломжгүй болсон орон нутгийн иргэдэд маш хүнд, гунигтай нөхцөл байдал мөнөөс мөн. Энэ жижиг мэт санагдах асуудлуудын зэрэгцээ ой модгүй болсны өөр нэг том, ноцтой үр дагавар бол Төвөд өөрөө өндөрлөг бөгөөд хуурай газар учраас чийг, хур ихтэй нам дор газартай харьцуулахад байгаль эргээд сэргэх хугацаа нь хамаагүй удаан, тиймээс ч ийм өөрчлөлтийн үзүүлэх сөрөг нөлөө нь тэр хэмжээгээр их байх болно.
Хоёрдугаарт, Азийн дийлэнх хэсэг, Пакистан, Энэтхэг, Хятад, Вьетнам, Лаос, Камбожийн нутгаар урсдаг олон гол мөрөн, түүн дотроо Шар мөрөн, Брахмапутра, Янгцэ, Салвин, Меконг зэрэг их уст мөрнүүд бүгд Төвөдөөс эхтэй боловч эдгээр гол мөрний эх ундарга болсон газруудад ой модыг сүйтгэж, уул уурхайг ажиллуулж байгаа юм. Ундарга бохирдвол урсгал дагуу оршдог улс орнуудад гамшигт сөрөг үр дагаврыг авчрах нь ойлгомжтой.
Хятадын статистик мэдээллээр Төвөдөд 126 төрлийн байгалийн эрдэс бодис бий аж. Энэ баялгийг илрүүлснээс хойш байгаль орчны зохих хамгаалал, сэргээлт үгүйгээр уул уурхайн үйл ажиллагаануудыг явуулснаар төвөдийн байгалийг асар өргөн хэмжээнд сүйтгэн, хор хохирол учруулсан бөгөөд ой модыг нь тайрч, газрыг нь ухаж төнхөснөөр төвөдийн нам дор газар үерийн аюул байнга нүүрлэх болсон байна.
Мэргэжилтнүүдийн дүгнэж байгаагаар төвөдийн бүс нутгийн ой мод устсанаар цаснаас сансар луу ойх нарны туяаны хэмжээг өөрчилж (ой шугуйтай хэсэг нарны туяаг илүүтэй шингээдэг), дараа дараагийн жил салхи, бороотой улиралд нөлөөлөх бөгөөд энэ үйл явдал нь зөвхөн Төвөдөөр зогсохгүй эргэн тойрны улсуудыг хамрахаар байна. Тиймээс төвөдийн байгаль орчныг хадгалан хамгаалах нь нэн чухал.
Төвөдийн цаг агаарын өөрчлөлт нь Австрали улсад шууд нөлөөлөхгүй байх гэж бодож байна. Тиймээс та бүгд Төвөдийн төлөө санаа тавьж буй нь бусдын төлөө гэсэн жинхэнэ чин сэтгэлийн илрэл болох юм. Харин Хятад, Энэтхэгийн зүгээс тавьж буй анхаарал нь тэдний өөрсдийн ирээдүйгээ тооцоолсон үйлдэл учраас бусдыг бодсон чин сэтгэл гэж үзэхэд хэцүү аж.
Төвөдийн байгаль орчин маш эмзэг бас дэлхий нийтийн байгаль орчинд маш чухал үүрэгтэй билээ. Харамсалтай нь коммунист засаглалтай улсууд, тухайлбал хуучин ЗХУ, Польш болон хуучин зүүн Германд байгаль орчны хамгааллыг огт тооцож үзэлгүйгээр үйлдвэрүүдээ томруулж, үйлдвэрлэлээ өсгөхдөө хүрээлэн буй орчиндоо асар их хохирол учруулсан тохиолдлууд элбэг байсны адилаар БНХАУ-д ч ийм нөхцөл байдал түгээмэл байна. 1970, 80-аад оны үед бохирдлын тухай ойлголт огтоос байгаагүй бөгөөд саяхнаас л зарим нэг нөхцөл байдлыг ярьж эхэлж байна. Тиймээс төвөдийн байгаль орчны сүйтгэл нь эхэндээ энэ тухай ойлголт сул байсантай холбоотой байж мэдэх юм.
Зарим нэг мэдээллээр соёлын хувьсгалын жилүүдэд (1966-1976) Хятадын төв нутгууд дахь сүм хийдүүд бусад хэсгүүдтэй харьцуулахад бага эвдрэл сүйтгэлд өртсөн байдаг. Энэ нь Засгийн Газрын бодлого гэхээс илүүтэй орон нутгийн түшмэдийн ялгавартайгаар хандсан хандлагатай холбоотой бөгөөд үүнээс дүгнэхэд албан тушаалтнууд үндэстний цөөнхүүд оршин амьдардаг газруудын байгаль орчны асуудалд санаатайгаар бага анхаарал тавьсан нь тодорхой юм.
Өмнөд Төвөдийн Динги бүс нутгаас ирсэн өөр нэг түүх байна. Таван жилийн өмнө тэр нутгийн төвөд хүн тэндхийн тосгоны ард иргэд бүгдээр ундаалдаг нэгэн голын тухай надад ярьж билээ. Тэр хэсэгт бас Хятадын ардын чөлөөлөх армид харьялагддаг хүмүүс амьдарч байсан бөгөөд тэдэнд голын уснаас ууж болохгүйг тусгайлан анхааруулсан боловч төвөд иргэдэд энэ мэдээллийг огтоос хүргээгүй тул нутгийн иргэд голын уснаас уусаар байж гэнэ. Энэ бүгдээс харахад зарим нэг үл тоомсорлосон үйлдэл гарсаар байгааг сайтар анзаарвал эдгээрийн угт мэдээгүйтэй холбоотой бус харин өөр учир шалтгаанууд оршиж байгаа аж. Тиймээс бидний энэ хүнд хүчир амьдралын болон байгалийн орчин нөхцөлд дэлхийн өнцөг булан бүрд ахан дүүсийн сэтгэлээр анхаарал тавьж байгаад бид машид баярлаж бас үүнийг их чухал хэмээн үзэх байна.
Байгаль орчны тухай ерөнхийд нь яривал ирээдүйн нэг чухал хүчин зүйл нь хүн амын тоо, өсөлттэй холбоотой. Энэтхэг, Хятад улсыг харагтун. Асар олон хүнтэй учир амьжиргааны стандарт нь ихэд доогуур байдаг. Тиймээс хэрхэн амьдралаа залгуулахаа л анхаарч байгаа хүмүүст байгаль орчны тухай тайлбарлах мөн ийм боловсрол мэдлэгийг олгоно гэдэг маш хэцүү билээ.
Жишээлбэл, бидний хоёр дахь гэр болсон Кангра хөндийд (Химачел Прадеш, Энэтхэг) оршдог энэтхэг тосгоны хүмүүсийн хувьд гол амь зуух арга нь мод огтлох болоод занар чулууны орд байдаг. Дарамсалагийн зүүн талд занарын томоохон ордууд бий. Зарим энэтхэг найз минь энэ ордуудын байгаль орчинд үзүүлж буй асар их хор хохирлын тухай олон нийтэд хандан ярихыг надаас хүсдэг боловч энэ маш хэцүү зүйл шүү дээ. Хамгийн муугаар бодоход олон зуун өрх гэрийн амь амьдрал зөвхөн энэ уурхайгаас хамааралтай байна. Энэ хүмүүст орлого олох өөр шинэ арга замыг зааж өгөхгүй л бол тэднийг зогсоох бараг боломжгүй. Үүнээс үзэхэд хүн амын огцом өсөлт гэдэг маш ноцтой асуудал бөгөөд гэр бүлийн төлөвлөлт дэлхий даяар, түүн дотроо хөгжиж буй орнуудад маш чухал байна.
Үүнээс гадна бид мах бэлдэх, малын бойны үйлдвэрүүдийг ярих шаардлагатай. Амьтдыг бөөнөөр нядлах нь зэрлэг балмад үйлээр зогсохгүй байгаль орчинд ч маш сөрөг үр дагавартай. Басхүү элдэв машин, тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг салбаруудаас тодорхой хэсгийг нь зөвтгөх үндэслэлтэй ч эвдэн сүйтгэх, устгах зориулалттай зэр зэвсгийн үйлдвэрлэл нь машид хөнөөлтэй учраас эдгээрийг хүлээн зөвшөөрөх арга үгүй юм.
Ийм үйл ажиллагаануудаас ашиг олдог зарим нэг компани болоод улс орнууд өөрсдийн энэ үйлдлүүд нь эвдэн сүйтгэх шинж чанартайг ойлгох ёстой. Жишээлбэл, бууны сум гэхэд хүн, амьтныг хороох, устгах зориулалттай болохоос гоёл чимэглэлийн зүйлс биш шүү дээ. Дайны машин, зэр зэвсэг ихэд гоёмсог харагддаг нь үнэн. Намайг багад ийм зүйлс, түүн дотроо жижигхэн тоглоомон танк, цэргийн машин надад их сонирхолтой харагддаг байлаа. Ер нь хүүхдүүдэд тийм байдаг биз дээ? Надад бас цэргийн хуаран, тэдний дүрэмт хувцас бас дэг журам маш онцгой, сүртэй санагддаг байж билээ. Гэвч цэрэг зэвсгийн үндсэн зорилго нь эвдэн сүйтгэх, устгаж хорооход л оршиж байдаг. Тиймээс бид бүгдээрээ байгаль орчны асуудалд үнэн сэтгэлээсээ анхаарал хандуулж байгаа бол, зөвхөн энэ үеийнхэнд ч бус, ирээдүй үеийнхэндээ ч санаа тавьж байгаа бол эдгээр зүйлсийг заавал бодож үзэх шаардлагатай байна.
Минийхээр энэ бүх зүйл хоорондоо харилцан уялдаатай. Өмнө өгүүлсэнчлэн гэр бүл төлөвлөлтийг идэвхтэй дэмжих хэрэгтэй. Бурхны шашинтны хувьд хэлэхэд энэ нь ихээхэн хялбар юм. Хүн бүр машид нандин бөгөөд энэ үнэ цэнтэй төрлийг олсон олон тэрбум хүн байна. Бүгд машид нандин, ховор амь билээ. Тиймээс ховор нандин хүн төрөлхийтний цаашдын ирээдүйн сайн сайхныг хадгалан хамгаалахыг хүсэж байгаа бол гэр бүлийн төлөвлөлтөд машид нухацтай, ажил хэрэгчээр хандах хэрэгтэй. Энд тэгэхдээ ямар нэг үр хөндөж, амь таслах гэх мэт хүнд хүчир аргууд бус өөр бусад зөв зохист арга замыг ашиглах нь зүйтэй болно. Би олон гэлэн, гэлэнмаа нартай болбол энэ асуудал шийдэгдэнэ гэж хошигнох дуртай. Учир нь энэ бол өөр нэг илүү зохистой бас үр дүнтэй арга зам мөн. Тэгэхдээ дийлэнхийн хувьд лам хувраг болж чадахгүй учраас төрөлтийг хянаж, хязгаарлах өөр зөв арга замыг тодорхойлох хэрэгтэй болно.
Дараагийн нэг хурц асуудал бол цэрэг зэвсгийн байгууламжуудыг цөөлөх явдал. Үүний тулд уг үндэст нь хүч үл хэрэглэх үзэл санааг хөхиүлэн дэмжих шаардлагатай аж. Гэхдээ мэдээж дэлхий дээр маш олон зөрчил мөргөлдөөн гарч байгаа учраас энэ нь тийм ч хангалттай бус юм. Хүн төрөлхтөн оршин байсан цагт хоорондын зөрчилдөөн арилгахгүй л болов уу.
Дайн дажин, зэр зэвсгийн үйлдвэрлэлийн эсрэг хүч үл хэрэглэх зарчмыг дэмжин сурталчлах нэг арга зам бол яриа хэлэлцээр болоод харилцан буулт хийх, энх тайвны зарчим, эв зүйгээр зохицох хүсэл зорилготой байх явдал юм. Миний бодлоор энэ зарчмыг гэр бүл болоод нийгмийн бүлгийн хүрээнд дэмжин түгээх ёстой. Асуудлыг хагаралдан тэмцэх замаар бус харилцан ярилцах замаар шийдэх нь амьдралд нийцтэй үйл байх болно.
Тэгэхээр ярьж хэлэлцэж асуудлыг шийддэг зарчмыг гэр бүлийн түвшинд эхлэх нь зөв билээ. Хувь хүмүүсийн хувьд бид дотроо бодож эргэцүүлэн, сайтар шинжин судлаад, зөрчилтэй санаануудыг шийдэх арга замуудыг олдог байх шаардлагатай. Сэтгэлийг уймруулж бухимдуулсан асуудлуудтай тулахдаа итгэл найдвараа алдаж, сэтгэл санаагаар унахгүй байхыг хичээх хэрэгтэй бөгөөд байгаль орчны хийгээд өөр олон асуудлуудыг харилцан уялдаатай яриа хэлцлийн зарчмаар шийдэх боломжтой билээ.
Төгсгөлд нь өөртөө итгэх итгэл, өөдрөг урам зориг нь амьдралдаа, үйлс зорилгодоо амжилт бүтээл гаргахын гол түлхүүр гэдгийг та бүхэнд хэлэхийг хүсэж байна. Бид шийдмэг, өөдрөг санаа сэтгэлийг төлөвшүүлэх хэрэгтэй. Учир юу гэвээс ийм сэтгэлтэй бол амжилтад хүрээгүй нөхцөлд ч бидэнд харамсал төрөхгүй. Тэгвэл эсрэгээрээ шийдмэг бус оролдлого нь хоёронтоо харамсах нөхцөлд хүргэдэг. Учир нь нэгд зорилгодоо хүрч чадаагүйн төлөө, хоёрт нь амжилт гаргахын тулд өөрийн хүчин зүтгэлийг бүрэн дүүрэн дайчлаагүйн төлөө өөрийгөө буруутгадаг билээ.
Өөрийгөө бүрэн зориулан ажиллах эсэх нь тухайн хувь хүний сонголт боловч сэтгэлдээ нэгэнт шийдсэн бол элдэв саад тотгор, бэрхшээлүүдийг үл харгалзан нэгэн үзүүрт сэтгэлээр үйл хэрэгтээ хичээнгүйлэн зүтгэх нь хамгаас чухал юм.
Ярианыхаа эцэст энэ хуралд хүрэлцэн ирсэн болон зохион байгуулсан бүх хүнд чин зүрхнээсээ талархлаа илэрхийлье. Би бээр үнэн сэтгэлээсээ талархалтай байна. Мөн байгалийн бохирдлоос шалтгаалан амьдрал нь бүхэлдээ маш том эрсдэлд орсон байгаа зургаан сая төвөд хүний өмнөөс дахин талархлаа илэрхийлье. Тэнд агаарын бохирдлоос болоод зарим хүүхдүүд аль эрт хүнд өвчнөөр зовж шаналан байгаа. Төвөдийн нутагт маш их сэтгэлийн түгшүүр, хямрал, зовлон шаналал нүүрлэсэн хэдий ч тэнд буй ард иргэдийн дуу хоолой хязгаарлагдмал, зөвхөн өөрсдийн орон гэртээ л энэ шаналал бүгдээ илэрхийлэх төдий байгаа юм. Тиймээс гэм зэмгүй энэ эгэл хүмүүсийн дуу хоолойг хүргэх боломж олгосонд сэтгэлийн гүнээсээ та бүхэнд талархаж байна. Баярлалаа.
Австрали улсын Сидней хотод 1996 оны 9 дүгээр сарын 28-нд зохион байгуулагдсан “Аюулд өртсөн Төвөд орон” хурлын үеэр Дээрхийн гэгээн Далай ламын тавьсан илтгэл
Орчуулсан Г.Лутаа










