Зураг. Австралийн ерөнхий сайд Жон Ховард (баруун талд) 2007 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Сидней хотноо Дээрхийн Далай ламтай мэндчилж буй нь... Далай лам Австралид 11 хоногийн айлчлал хийж байгаа билээ. Бээжин 71 настай буддын шашны зүтгэлтнийг хятадын цэргийн хүчээр захирдаг Төвөдөд тусгаар тогтнолыг дэмжсэн үзэл санааны бэлгэ тэмдэг хэмээн үздэг. Харин Далай лам Төвөдөд зөвхөн өөртөө засах эрх олгохыг эрмэлзэж буйгаа удаа дараа мэдэгдэж ирсэн билээ. Зургийг Трэси Нэрми.
Австрали улс, Сидней хот. 2007 оны 6 дугаар сарын 15. Австралийн ерөнхий сайд Жон Ховард Хятад улсын хүчтэй эсэргүүцлийг үл харгалзан Сидней хотноо Дээрхийн гэгээн Далай ламтай уулзжээ.
71 насыг зооглон буй оюун санааны удирдагч Австралид 11 хоногийн айлчлал хийж байгаа бөгөөд энэхүү айлчлал нь Бээжин, Канберрагийн хоорондын харилцааг хүндрүүлсэн байна. Хятад улс уг уулзалтыг буруушааж, Далай ламыг Төвөдийн асуудлаар өөрсдийнх нь нэрлэснээр “салан бутаргах” үйл ажиллагаа явуулдаг “Улс төрийн цөлөгдөгч” хэмээн мэдэгдсэн бол Канберра “Австрали бол дэлхийн либерал ардчилсан орнуудын нэг” гэдгийг онцолжээ.
“Далай ламтай уулзахаар шийдсэнээрээ ерөнхий сайд Ховард БНХАУ-тай хийх худалдааны харилцаа урьд өмнөхөөсөө хамгийн ойр болсон энэ үед дипломат маргаан дэгдээлээ” хэмээн BBC-ийн Сидней дэх сурвалжлагч Ник Брайант мэдээлэв.
Австрали улс хятадын эдийн засгийн хөгжлөөс ашиг хүртэх хамгийн таатай байр суурьтай орнуудын нэг бөгөөд эдийн засгийн хүч нь өсөн нэмэгдэж буй тус улсын ашигт малтмал, ялангуяа нүүрсний өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангахад чухал үүрэг гүйцэтгэж чадна. Тиймээс уулзалтыг хийхээр шийдсэн нь хөнгөн хуумгай гаргасан шийдвэр биш байсан гэж манай сурвалжлагч нэмж тэмдэглэв.
Канберра Далай лам шиг нэр хүндтэй оюун санааны удирдагчийг Австрали улс хэзээд хүлээн авахад бэлэн гэдгээ мэдэгдсэн байна. Гэхдээ буддын шашны энэ зүтгэлтэн Австралийг Төвөдийн тусгаар тогтнолыг сурталчлах индэр болгон ашиглаагүй хэмээн мэдэгдэж, Бээжингийн санаа зовнилыг намжаахыг ч мөн хичээжээ.
Харин Далай лам төвөдийн ард түмэнд бодитой, утга учиртай өөртөө засах эрх олгохыг уриалж ирсэн байна. Тэрбээр ийм эрх олгохгүй бол төвөд нутаг соёл, уламжлалынхаа хамт ердөө 15 жилийн дотор мөхөх аюултайг анхааруулжээ.










