Энэтхэг улс, Шинэ Дели хот. 2010 оны 11 дүгээр сарын 19. Дээрхийн гэгээн Далай лам Хиндустан Таймс сониноос зохион байгуулж буй Манлайллын чуулганд "Хүнд хэцүү цаг үед аз жаргалыг буй болгох нь" сэдвээр айлдвар айлдахдаа “Энэ ертөнцөд бие махбодын болоод сэтгэлийн гэсэн хоёр төрлийн зовлон байдаг. Орчин цагт эдийн засгийн дэвшил, шинжлэх ухаан, техник технологийн хөгжлийн ачаар бие махбодын зовлон багассан ч сэтгэлийн зовлон гарч ирэн улмаар аз жааргалгүй болж байгаа үзэгдэл өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Өнөө үед сэтгэлийн зовлон буюу стресс нь өрсөлдөөнөөс болж улам ихсэж буй бөгөөд Калькутта, Дели тэргүүт томоохон хотуудад илүү хүчтэй илэрдэг. Харин хөдөө орон нутагт бие махбодын хүндрэл их, стресс харьцангуй бага байдаг билээ” хэмээжээ.

Нобелийн Энх тайвны шагналт Дээрхийн гэгээн “Тажийн ордон” зочид буудлын Дарбар танхимд цугларсан олонд айлдах айлдварын гол санаа нь энх тайван, аз жаргалыг цогцлоохын тулд дотоод жаргал болон энэрэн нигүүлсэх сэтгэлийг эрж олох тухай байв. Наландагийн их сургуулийн VIII зууны үеий бурхны шашны их багш, бодьсадва Шантидэва гэгээний айлдвараас эш татан “Дэлхийн бүхий л өргөсийг арьсаар бүрж чадахгүй. Харин өөрийн хөлийг бүрхэхэд л хангалттай. Үүний адил уур хилэнгээ номхотгосноор дайснуудаа ялан дийлж чадна” хэмээн айлдлаа.
Хятадын хорих газар 19 жил байсан нэгэн төвөд ламыг жишээ болгон, “Тэрээр Энэтхэгт ирээд, бид дахин золгон уулзалдахад би түүнээс “Та шоронд амь насаа алдах вий гэхээс айж байсан уу?” хэмээн асуухад тэрээр “Тийм ээ. Айж байсан. Гэхдээ амь насаа алдах вий гэхээс илүү хятадын ард түмэнд хандах энэрэн нигүүлсэх сэтгэлээ алдчих вий гэж айж байсан” хэмээн хариулсан юм. Энэ бол жинхэнэ төвөд зан заншил билээ. Залбирал нь итгэгчдэд энэрэн нигүүлслийн замд тогтвортой байхад тусалдаг. Өнөөгийн дэлхийн хүн амын дийлэнх хувийг бүрдүүлдэг шашин шүтдэггүй хүмүүсийн хувьд энэрэх сэтгэлд хүрэх шашнаас ангид зам нь дотоод эргэцүүлэл болон амьдралын туршлагаас бий болдог. Залбирал нь дангаараа бүхэл бүтэн нийгмийн амьдралыг сайжруулахад үр дүнгүй, үүний тулд хүчтэй үйл хөдлөл шаардлагатай. Би саяхан Бихар мужид Бурхан багшийн сэрэг дүрийн ёслолд очсон юм. Тэр мужийн ерөнхий сайд Бихар “Бурхан багшийн ерөөлөөр улам цэцэглэн хөгжлөө” гэж хэлэв. Миний ээлж ирэхэд би “Хэрэв Бурхан багшийн ерөөлөөс болсон бол тэр муж аль эрт цэцэглэн хөгжих байсан даа” гэсэн дээ” хэмээн Далай лам айлдав.

Энэтхэг, Төвөдийн харилцааны тухай Дээрхийн гэгээн “Энэтхэг, Төвөдийн харилцаа бол багш шавийн харилцаа билээ. Бид энэтхэгийн эрдэмтдээс маш их зүйл сурсан билээ. Би барууны үзэгчдэд өөрийгөө Энэтхэгийн сэтгэлгээний судлаач хэмээн үргэлж танилцуулдаг. Тиймээс бид бол шавь нар. Гэхдээ бид найдвартай шавь нар байсныг та бүхэн хүлээн зөвшөөрөх байх” хэмээн тэрбээр хошигнон айлдав.

Айлдварын төгсгөлд тавьсан асуултууд яриаг шинэ эрч хүчээр дүүргэлээ. Өглөөний хуралдааныг удирдсан Хиндустан Таймс сонины эрхлэгч Санжайнаран өнөөгийн залуучуудын дунд түгээмэл байгаа сэтгэл дундуур байдлыг хэрхэн шийдвэрлэх талаар Дээрхийн гэгээнээс зөвлөгөө хүсэв. 75 нас сүүдрийг зооглон буй Дээрхийн гэгээн “Бидний үе бол 200 гаруй сая хүн алтан амиа алдсан хүчирхийллийн зуун байлаа. ХХI зуун одоохондоо шинэхэн байна. Харин үүнийг хүчирхийллээр дүүрэн болгох эсэх нь өнөөгийн залуус та бүгдээс хамаарна. Хэрэв тэд өмнөх үеийн хоёр нүүр, зохиомол зүйлсээс татгалзаж, дотоод баялгаа арвижуулж чадвал шинэ зууныг бүтээх боломжтой” хэмээн хариулав.
“Икүүс” агентлагийн хамтран үүсгэн байгуулагч Сүхэл Сэт Дээрхийн гэгээнээс түүний суудал залгамжлагчийн талаар асуухад Дээрхийн гэгээн инээд алдан, “Энэ миний хувьд ноцтой асуулт биш ээ. Харин Коммунист засгийн газар үүнийг маш ноцтойгоор авч үзэж байгаа бөгөөд үүнийг шийдэх нь төвөдийн ард түмний хэрэг. Хэрэв би ойрын хэдэн өдрийн дотор жанч халбал тэд Далай ламын институцийг үргэлжлүүлэхийг хүсэж магадгүй юм. Харин 20-30 жилийн дараа бол хэн мэдэх билээ” хэмээсэн юм.










