Бодгаяа, Бихар, Энэтхэг - Энэ өглөө Дээрхийн гэгээн Далай лам төвөдийн сүмээс Калачакрагийн талбай хүртэлх богинохон замыг туулж, тэнд цугласан олон түмнийг угтан, мандлын асарт суулаа. Тэрээр Арван гурван бурхан Важрабайравагийн авшиг олгоход бэлтгэхэд шаардлагатай зан үйл, бясалгалуудыг бүтэн цагийн туршид хийв. Энэ хооронд Жүд дацангийн уншлагын багш Манзушир бурхны магтаал буюу “Цогт билэг билгүүний сайн эрдэм” хэмээх магтаал, “Ум ара база на ди" тарнийн хамт давтан уншиж байв.
Дээрхийн гэгээн Далай лам Арван гурван нөхөрт Важрабайрава бурхны авшгийг эхлүүлэхийн өмнөх зэхэл үйл, бясалгалуудыг хийж буй нь. Бодгаяа, Бихар, Энэтхэг. 2018.01.18. Гэрэл зургийг: Мануэл Бауэр.
Дээрхийн гэгээн авшиг олгоход бэлэн болж, суудалдаа заларсны дараа адистидын шүлэг болох “Илт онохуйн чимэг судар”, “Билгүүний үндэс”, Богд Зонховын “Эрдэм бүгдийн суурь” судраас уншлаа.
“Өнөөдрийн номын үйлд оролцож буй гол хүмүүс бол Жүмэ, Жүд тарний дацангийн лам нар юм” хэмээн Дээрхийн гэгээн танилцуулав. “Ямандагийн олон дүрийн дотроос өнөөдөр би Арван гурван нөхөрт Важрабайрава бурхны авшгийн зэхэл, бэлтгэлийг хөтөлнө. Манзушир бурхны догшин дүрийг шинэ орчуулгын болон Нимава уламжлалууд аль аль нь хэрэглэдэг. Энэтхэгийн их багш Нагаржуна болон Төвөдийн бүх шашны урсгал багш нар ч Манзуширыг шүтдэг байв. Манзуширыг тантрын болон энгийнээр бясалгах уламжлал байдаг. Бидний өнөөдрийн зорьж буй дүр нь Ямантакагийн догшин хэлбэр бөгөөд энэхүү дадлагын онцлог нь амгалан болоод догшин бясалгалыг хослуулдагт оршино. Зарим тохиолдолд догшин хүч чадал нь амгалан дадлагын үр дүнд гардаг гэж айлддаг” хэмээсэн билээ.
Арван гурван бурхан Важрабайрава бурхны авшгийн бэлтгэлийн үеэр Дээрхийн гэгээн Далай лам сүсэгтэн түмэнд айлдаж буй нь. Бодгаяа, Бихар, Энэтхэг. 2018.01.18. Гэрэл зургийг: Мануэл Бауэр.
“Хамгийн дээд тантрын бүх дадлагын дундаас анх би Ямантакагийн авшгийг Тагдрак ринбүүчийгээс авч байлаа. Би багаасаа Манзуширын бясалгалыг хийж ирсэн бөгөөд энэ нь мэргэн ухааныг нэмэхэд үнэхээрийн үр дүнтэй гэдгийг баталж чадна".
Мэргэн ухааны гэрлээр гоёж,
Залуухан дүрээр илэрсэн
Гурван ертөнцийн харанхуйг арилгагч
Манзушир бурханд мэхийн ёсолъё.
“Манзуширыг ‘Ганданлхавжаа’ буюу ‘Баясгалант орны зуу зуун бурхан’ судартай хамт бясалгавал оюун бодлын хурд, тодорхой байдал, гүнзгий ойлголт нэмэгддэг”.
Дээрхийн гэгээн Далай ламын олгож буй Арван гурван нөхөрт Важрабайрава бурхны авшгийн бэлтгэлд оролцож буй хуврагууд. Бодгаяа, Бихар, Энэтхэг. 2018.01.18. Гэрэл зургийг: Мануэл Бауэр.
“Хоосон чанар, бодь сэтгэлийн бясалгалууд дангаараа төгс гэгээрэлд хүргэхгүй. Бурхны үнэний лагшин, дүрст лагшинг бүтээх бясалгалыг хэрэгжүүлэх шаардлагатай бөгөөд энэ нь тарнийн бясалгалын үр жимсийн нэг юм”.
“Дээрхийн гэгээн авшиг хүртэхэд сурагчдад тавих хамгийн чухал шалгуур бол багшид итгэх, номд сүжигтэй байх” хэмээн онцолсон билээ. Тэрээр шашны уламжлалууд хоорондоо эвтэй байх нь чухал хэмээн дурдав. Өмнөх I-V Далай лам нар бүгд шашны урсгалуудын талцал хуваагдлаас сэрэмжилдэг байсан бөгөөд II Далай лам Гэндунжамц Бэрээвэн хийдэд шавилж байсан ч “Шар малгайтны урсгалынх хэр нь урсгал хоорондын ялгаа үл гаргадаг лам” хэмээн алдаршсан байна. XIII Далай лам мөн адил энэ ёсыг хадгалан, Тэртөн Сожалаас ном сонссон байдаг юм. “Хэрэв бид бие биеэсээ суралцахгүй л бол энэ нь дэмий гарзтай зүйл болж бидэнд үлдэх юм” хэмээн Дээрхийн гэгээн айлдлаа.
Жүд, Жүмэ хийдийн хамба лам нар гол сурагчдыг төлөөлөн, мандал болон Бурхан багшийн лагшин, зарлиг, тааллыг бэлгэдсэн шүтээнийг өргөн барилаа. Тайзны төв хэсэгт аль болох олон ламыг байлгахыг хичээсэн байв.
Дээрхийн гэгээн Далай лам Арван гурван нөхөрт Важрабайрава бурхны авшгийн бэлтгэлийг хөтлөх үеэрх Калачакрагийн асар. Бодгаяа, Бихар, Энэтхэг. 2018.01.18. Гэрэл зургийг: Мануэл Бауэр.
Дээрхийн гэгээн мөн Хятад, Вьетнам, Солонгос, Япон зэрэг орны сүсэгтнүүдийг “Санскрит уламжлал нэгт нөхөд” хэмээн хүндэтгэлтэйгээр дурдав. “Америк, Европоос хүрэлцэн ирсэн сүсэгтнүүд хэдий уламжлалт буддистууд биш ч буддизмын сэтгэл оюуныг судалдаг ухааныг тун их сонирхдог” хэмээсэн билээ.
Тэрээр бүгдэд хандан ийн айлдав:
“Та бүхэн энэ авшгийг яагаад авах гэж байгаагаа сайн тунгаан бодоорой. Энэ насны саад бэрхшээлийг давах гэж биш харин эрх мэдэл, эд баялаг хуримтлуулахын тулд тантрыг ашиглах нь зохимжгүй. Авшгийг хүртэх эрхтэй хүн бол бусдын тусын төлөө сэтгэлээ шулуутгасан хүмүүс байдаг. Сэтгэлээ гэгээрэлд хүргэх зам болгон хувиргаж чадвал зорилгодоо хүрэх болно”.
Дээрхийн гэгээн Далай лам Арван гурван нөхөрт Важрабайрава бурхны авшгийн бэлтгэлийг хөтлөх үеэр оролцогчид тусгай уяаг бугуйндаа зүүж буй нь. Бодгаяа, Бихар, Энэтхэг. 2018.01.28. Гэрэл зургийг Мануэл Бауэр.
Мөн сүсэгтнүүдээ өнөө орой унтахдаа зүүдээ манахыг сануулж, унтахын өмнөх бодол санаа нойрны чанарт шууд нөлөөлдөг хэмээн тайлбарлав. Тэрбээр унтахынхаа өмнө дараах гурван залбирлын нэгийг уншиж дадсан гэв. Үүнд:
Эндүү үзэл бүгдээс хагацах хийгээд
Эгнэгт хүлээснээс гэтлэхүйн мөрийг заагч
Хутагтын номыг үзүүлсэн
Ханьцашгүй Бурхан багшид мөргөе...
Шүтэн барилдлагыг таньж
Сайтар номлосон нь
Билгүүний дээд, багш бүгдийн дээд нь буюу
Бүхий л орчлонг захирагч шүтэн барилдахуйг таньж, айлдсан
Бурхан багш танд мөргөе...
эсвэл:
Сансар хорвоо хэдий удаан оршоод
Хамаг амьтан төдий удаан орших хүртэл
Би ч бас тэрчлэн ажраад
Амьтны зовлонг арилгах болтугай.
Англи хэлнээс орчуулсан Т.Ялгуун