Энэтхэг, Бихар муж, Бодгаяа — Өглөө эрт Дээрхийн гэгээнийг үдэхээр олон хүн Бодгаяагийн гудамжинд цугласан байв. Дээрхийн гэгээн Далай лам эхлээд Махабоди суваргын гол дуган дахь Бурханы сэрэг дүр болон Очирт сууринд мөргөлөө. Үүний дараа тэрбээр Гаяа нисэх буудал руу хөдөлж, Дели хот руу нисэн тэндээ эрүүл мэндийн үзлэгт орсны дараа 2-р сарын 1-нд Дармасалад буцаж ирэх юм.
Дээрхийн гэгээн өчигдөр Энэтхэгийн орон нутгийн захиргааны албан хаагчид болон тэдний гэр бүлийнхнээс гадна хэдхэн хоногийн өмнө нингма урсгалын тэргүүнээр сонгогдоод буй Катог Гэцэ ринбүүчиг хүлээн авч уулзсан юм. Ринбүүчи бээр Дээрхийн гэгээнд Бурхан багшийн лагшин, зарлиг, тааллыг бэлгэдсэн шүтээн, мандал өргөсөнд Дээрхийн гэгээн түүнд талархан сайн сайхныг ерөөж, Ловон Бадамжунай бурхны шүтээн дүрийг барив. Үүний дараа тэд хамтдаа цай уулаа.
Далай лам түүнтэй яриа өрнүүлэх зуураа ийн ерөөл тавилаа:
Бурхан багш энэ хорвоод заларснаар
Буян ном нарны гэрэл мэт гийж,
Эгнэгт түүнийг сахин дээдлэгч бүгд
Эв найр, энэрэнгүй сэтгэлээр орших болтугай.
Англи хэлнээс орчуулсан Т.Ялгуун