Энэтхэг улс, Химачал Прадеш муж, Дарамсала хот. Өнөөдөр Төвөдийн билгийн тооллын 4 дүгээр сар болох Сага Дава сарын тэргүүн, тэргэл сарын өдөр тохиож байна. Энэ өдөр төвөдүүд Шагжамуни Бурхан багшийн их гэгээрлийн хутгыг олсон Их дүйчин өдрийг тэмдэглэдэг билээ. Дээрхийн гэгээн Далай лам энэхүү тэмдэглэлт өдрийг тохиолдуулан дээдийн номыг айлдахаар өргөөнөөсөө Зүглэгхан дуган руу мордлоо. Дуганы гадна талбайд явах байхдаа цугларсан олонтой гар даллан мэндчилж байв.

Дээрхийн гэгээн дуганд морилон ирээд, арслант сэнтийн баруун талд, хуврагуудын эгнээний өмнө сууж байсан Тэравада ёсны лам нартай мэндчилэв. Сэнтий өөд шатаар өгсөхдөө алгаа хавсран, Бурхан багшид мөргөл үйлдэж, хэсэг зуур чимээгүй залбирав. Түүнийг сэнтийдээ заларсны дараа төвөдөөр “Зүрхэн судар”-ыг уншиж, мандал өргөв. Үүний дараа манз барьжээ. Дээрхийн гэгээн айлдвараа эхлүүлэн, “Номын ахан дүүс, эгч дүүс минь ээ, өнөөдөр бид, Бурхан багшийн шавь нар. Бурхан багш их гэгээрлийн хутгыг олсон өдрийг дурсъя.
Чадагч бодисадва нар нүглийг усаар угаадаггүй
Амьтны зовлонг мутраараа арилгадаггүй
Өөрийн тааллыг бусдад шилжүүлдэггүй
Үнэн мөрийн амгаланг үзүүлж чөлөөлнө.
Бурхан багш энэрэн нигүүлсэхүйн сэтгэлээр хөтлөгдөн, хамаг амьтныг зовлонгоос гэтэлгэхийн тулд ном сургаалаа айлдахыг зорьсон юм. Тэрбээр тоолж баршгүй олон галвын турш хамаг амьтанд туслахын тухай бодож, эцэст нь гэгээрэлд хүрчээ. Тэрбээр зовлон нь шалтгаан, нөхцөлийн улмаас үүсдэг хэмээн сургасан билээ. Эдгээр шалтгаан, нөхцөл нь бүтээгч бурхан гэх мэт гаднын хүчин зүйлтэй холбоогүй, харин хамаг амьтны номхроогүй сэтгэлээс үүдэлтэй. Бид хүсэл шунал, уур хилэн, үзэн ядалтад автах хандлагатай байдаг тул муу үйл үйлдэж, үйлийн үрийг бий болгодог бөгөөд тэрхүү үйлийн үр нь зовлонг төрүүлдэг байна. Хэдийгээр юмс үзэгдэл зөвхөн нэр томьёогоор тогтоогддог бөгөөд бодитой, бие даасан оршихуйгүй ч өөрийн талаасаа бие даан оршиж байгаа мэт үзэгддэг. Бид тэдгээрийг бие даасан оршихуйтай хэмээн ойлголттой байдаг. Өөрөөр хэлбэл, бид юмсыг гажуудсан байдлаар үздэг гэсэн үг. Амьтдад энэхүү гажуудсан үзлийг залруулахад нь туслахын тулд Бурхан багш “Хутагтын дөрвөн үнэн”-ийг айлдсан бөгөөд зовлон үнэн, зовлонгийн шалтгаан үнэн, зовлонг гэтлэх нь үнэн, зовлонг гэтэлгэх зам мөрийн үнэнг бясалган дадуулах учиртай. Тэрбээр мөн зовлон өөр өөр түвшинд илэрдгийг сургасан. Үүнд зовлонгийн зовлон, хувирал өөрчлөлтийн зовлон, оршихуйн зовлон багтана. Зовлонгийн шууд шалтгаан, нөхцөл нь бидний үйл хөдлөл болон сэтгэлийн нисваанис юм. Юмс үзэгдэл бодитой, бие даасан оршихуйтай гэсэн бидний гажуудсан үзэл сэтгэлийн нисваанисын үндэс болдог. Үүний эсрэгээр, бүх юмс үзэгдэлд мөн чанар бүхий цөм, уг чанар гэж үгүй, өөрөөр хэлбэл, тэдгээр нь өөрийн мөн чанараар оршихуйн хоосон чанартай хэмээн Бурхан багш сургасан. Үүнийг ойлгох нь сэтгэлийн нисваанисыг сөрөн дарах хүч болдог бөгөөд хоосон чанарыг хэдий чинээ сайн ойлгоно, төдий чинээ сэтгэлийн нисваанис багасна” хэмээн айлдсан байдаг.

Дараа нь Дээрхийн гэгээн “Оюун судлахуйн найман шад шүлэг”-ийн тухай айлдав. Тэрбээр бидний ихэнх нь бардамнал, ихэрхэлд автдаг бөгөөд энэхүү сургаал бусдаас өөрийгөө илүү, дээгүүр гэж үзэхгүй байхыг зөвлөдөг хэмээн онцоллоо. “Хоёрдугаар бадагт “Хаа одож хэнтэй нөхөрлөвч xэзээд өөрийг хамгаас дорд барьж xүрэн зүрхний угаас хэнийг ч болов xүндлэн дээдэлж үйлдэх болтугай” хэмээн өгүүлдэг. Бусад хүмүүс ч мөн бидэнтэй адил, тэдэнд ч алдаа дутагдал бий. Гэвч энэ нь тэднийг үл тоомсорлох, басамжлан үзэх шалтгаан болох ёсгүй. Өөрийгөө хүн бүрээс дорд үзэж чадвал илүү эрхэм чанаруудын үрийг тарина. Даруу зан эрхэм дээд байр сууринд хүргэдэг билээ. Дараагийн шүлэгт “Явдал үйлийн үест сэтгэлийн урсгалыг шинжиж ямар боловч муу сэтгэл төрөх сацуу өөрийг хийгээд өрөөлийг доройтуулах учир даруй түүнийг хүчлэн буцаах болтугай” хэмээн зөвлөдөг. Бурхан багш болон түүний дараа залгамжилсан их багш нар сөрөг сэтгэл хөдлөлийг хэрхэн даван туулахыг бидэнд харуулсан юм. Буддын шашин Төвөдөд дэлгэрсний дараа Сажа, Нинма, Кагью зэрэг олон урсгал бий болов. Мөн Энэтхэгийн их багш Атишаг дагасан Кадам ёс дэлгэрсэн билээ. Кадам ёсны багш нар даруу зангаараа алдартай байв. Энэхүү “Оюун судлахуйн найман шад шүлэг”-ийг зохиосон багшийн нэг гэвш Лангри Тангпа гонзгой царайтайгаараа “Гонзгой царайт Лангтан” хэмээн алдаршжээ. Тэрбээр хамаг амьтны зовлонг хараад уйлдаг байв. Бодь сэтгэл буюу гэгээрэлд хүрэх сэтгэлийг бясалгасанаараа бусдад туслахын төлөө өөрийгөө бүрэн зориулахаар шийдсэн байлаа. Би түүний энэ шүлгүүдийг өдөр бүр уншдаг. Гуравдугаар бадагт өгүүлснээр, юу хийж, хаана байхаас үл хамааран сөрөг сэтгэл хөдлөл, нисваанис төрөх үед түүнийг сөрөн дарах хэрэгтэй. Бусад хүн биднийг шүүмжилж, доромжилсон ч хариу өшөө авахыг бодолгүй, ялалтыг тэдэнд өгөх учиртай. Зургаадугаар бадагт өөрт нь ихэд хор хүргэсэн хүнийг ч эрхэм номын нөхөр хэмээн үзэхийг зөвлөдөг. Энэ нь тухайн хүнд уурлахын оронд энэрэн нигүүлсэх сэтгэлийг төрүүлэх гэсэн утгатай юм. Хятадад намайг шүүмжилж, төвөдийн соёлыг буруушаадаг коммунист удирдагчид бий. Гэвч тэд мунхаглал, алсын хараагүй байдал, явцуу үзлээсээ болж ийн үйлддэг. Тиймээс би тэднийг энэрэн нигүүлсэх сэтгэлээр өрөвдөн хардаг юм. Долоодугаар бадгын “Товчилбоос, эх болсон бүгдэд тус амгаланг бодитой хийгээд дам алинаар өргөе тэдэнд учирсан хамаг зовлон шаналлыг өөрт би нууцаар авах болтугай” гэсэн мөр нь бусдад өгөх, бусдын зовлонг өөртөө авах бясалгалыг дотроо чимээгүй үйлдэхийг хэлж буй юм. Сүүлийн наймдугаар бадагт “Аль тэр бүгдийг ертөнцийн найман номын атгаг хирээр үл бохирлож, оногдохуун юмсыг илбэ мэт хэмээн оносон оюунаар онц шунал үгүйгээр орчлонгийн хүлээснээс гэтлэх болтугай” хэмээн төгсдөг билээ”.

Дээрхийн гэгээн “Бурхны хутагт хүрэхийн гол шалтгаан юу вэ? Энэ бол бодь сэтгэл буюу гэгээрэлд хүрэхийг зорьсон бусдын тусын төлөөх сэтгэл юм. Ийм сэтгэлийн үндсэн дээр Бурхан багш гурван тоолж баршгүй галавын турш буян хурааж, билгүүний чуулганыг бүрдүүлсэн. Бодь сэтгэлийн ачаар тэрбээр гэгээрэлд хүрсэн билээ. Бид ч мөн бодь сэтгэлийг үндсэн бясалгалаа болгох хэрэгтэй. Би өглөө сэрмэгцээ бодь сэтгэлийг бясалгадаг. Заримдаа үүнээс болж нүдэнд минь нулимс цийлэгнэдэг. Бурхан багшийн гол захиас бол бодь сэтгэлийг хөгжүүлэх явдал юм. Зөвхөн сэтгэлийн нисваанисыг даван туулах нь зорилго биш, харин зам мөрийн төгсгөлд хүрч, гэгээрэлд хүрэх нь чухал. Бодь сэтгэлтэй бол сэтгэл амар амгалан байдаг. Уур хилэн, үзэн ядалт, атаа жөтөө намжиж, улмаар тайван байж, амар нойрсож чадна. Жанрайсиг бурханд итгэл бишрэлтэй хүмүүс түүнийг толгойн орой дээрээ залран буйгаар төсөөлж, өөрсдөө ч түүнтэй адил чанаруудыг хөгжүүлэхийг зорин залбираад амар амгалан нойрсож болно. Бурхан багш “Хутагтын дөрвөн үнэн”, “Билгүүний чинадад хүрэхүй” буюу “Билиг Барамид” сэтгэлийн мөн чанарыг сургасан байдаг. Гэвч түүний бүх сургаалын мөн чанар нь бусдын тусын төлөөх бодь сэтгэл юм. Хэрэв Бурхан багш өнөөдөр бидний дунд заларвал мөн л адилхан зүйл бодь сэтгэлийг төрүүл гэж зөвлөх байсан болов уу. Бид бүгд аз жаргалтай байхыг хүсэж, зовлонгоос зайлсхийх буюу зовлонгоо гэтлэхийг эрмэлздэг. Үүнд хүрэх зам бол бодь сэтгэлийг хөгжүүлэх явдал юм. Огторгуйн хязгааргүй уудамд орших хамаг амьтныг санаж, тэдний тусын тулд бурхны хутагт хүрэхийг тэмүүлье” хэмээн айлдав.
Дээрхийн гэгээн бодь сэтгэлийг ёс журмын дагуу төрүүлэхийн тулд цугласан олныг дагуулан дараах шадыг гурвантаа уншив.
Бурхан, ном хийгээд хуврагийн чуулганд
Би гэгээрэлд хүртэл авралыг одуулмуй
Алин миний хийсэн өглөг буян үүгээр
Амьтны тусын тулд бурхны хутагийг олох болтугай.
“Бурхан багш бол бидний багш. Тэрбээр бурхны мөн чанартай байсан учраас зам мөрд суралцаж, бүрэн төгс гэгээрсэн оршихуй болж чадсан юм. Бид ч мөн бурхны мөн чанартай. Иймээс суралцаж, дадлага бясалгал хийснээр Бурхан багшийн адил бүх саад тотгорыг даван туулж, гэгээрэлд хүрч чадна. Бодь сэтгэлийг тууштай хөгжүүлбэл бидний амьдрал үнэ цэнтэй, утга учиртай болж, сэтгэл амар амгалан байна. Өнөөдрийн айлдвараа үүгээр өндөрлөе” хэмээжээ.

Дараа нь унзад лам талархлын мандал өргөх, номын сахиуст залбирах, ном дэлгэрэн мандахын ерөөл болон “Үнэн үгсийн ерөөл” зэрэг хэд хэдэн залбирлыг удирдан уншуулав.
Дээрхийн гэгээн сэнтийнээсээ бууж, индрийн захад ирээд, Богд Зонховын “Бодь мөрийн зэрэг” дээдийн номын төгсгөлийн бадгийг олныг дагуулан гурвантаа уншив.
Бурхны сургаал дэлгэрээгүй газар бүхэнд
Бурхан номын дэлгэрэн буурсан газар бүхэнд
Бүгдэд тустай амгалангийн эрдэнэ энэхүү номыг
Буянт их нигүүлслийн сэтгэлээр хөтлөгдөн
Би тодруулан дэлгэрүүлэх болтугай.
Үүний дараа “Үнэн үгсийн ерөөл”-ийн сүүлийн хоёр бадгийг уншив.
Ялангуяа Цастын орны амьтан олон
Ядуу зүдүү, харгис хэрцгий дарлагчдын гарт нэрвэгдэж
Яах ч аргагүй зовлонгийн галд шатаж буйг
Яаравчлан нигүүлсэхүй сэтгэлээрээ өршөөн тэтгэ.
Хоосон чанар хийгээд шүтэн барилдлагын гүн гүнзгий чанараар
Гурван эрдэнийн агуу энэрэл болон тэдний үнэн үгсийн хүчээр
Алдаршгүй үйлийн үрийн үнэнч хуулийн хүчээр
Ариун сэтгэлийн энэхүү ерөөл минь саадгүй түргэн бүтэх болтугай.
Дээрхийн гэгээн цугласан олон руу инээмсэглэн, гар даллан мэндчилсээр өргөө рүүгээ мордох замдаа сүүлийн бадгийг дахин дахин уншсаар байлаа.










