Энэтхэг, ХП, Дарамсала. Энэ өглөө шөнөжин үргэлжилсэн бороо зогсож, тэнгэр цэлмэх үеэр Дээрхийн гэгээн Далай лам Зүглэгхан дуган руу алхаж явахдаа замдаа тааралдсан хүмүүсийн инээмсэглэл, мэндчилгээнд хариу барьж байв. Тэрбээр сэнтийдээ заларч, Хутагт Нагаржунагийн "Төв үзлийн билгүүний үндэс” номын төгсгөлийн шүлгийг уншив.
Бүх үзэл баримтлалаас ангижрах замд хөтлөн
Дээдийн номыг энэрэл нигүүлслээр айлдсан
Гаутама танд би мөргөмүй.

Чандракиртигийн “Төвд орохуй” номын төгсгөл хэсэгт Дээрхийн гэгээн Далай лам айлдварынхаа эхэнд “Бид V бүлгийг дуусгасан. Харин өнөөдөр “Төв үзлийн шим” номын энэ удаагийн айлдвар өндөрлөнө. Бурхан багш хэрхэн хоосон чанарын тухай судалж, эргэцүүлэн бясалгасны дүнд гэгээрлийн замаар замнасан тухай өгүүлдэг билээ” хэмээв.
Ердийн болон үнэмлэхүй үнэний далавчаа дэлгэн
Эгэл бодгалууд хэмээх хун шувуудыг дагуулан яваа энэхүү Хунгийн хаан
Буяны хүчит салхиар урагш дүүлэн нисэж
Ялагчийн эрдэм чадлын дээд хязгаарын эрэгт хүрнэм.
“Гүнтан ринбүүчигийн айлдсанчлан, та бүхэн энэхүү эрхэм нандин хүний төрлийг олж, Бурхан багшийн сургаал, ялангуяа Төвөдөд хадгалагдан үлдсэн Ганжуурын 100 (108) боть, Данжуурын 225 ботид асан Наландагийн уламжлалын сургаалтай учирсан хэдий ч үүнээс ямар ч бодит ач тусыг хүртэлгүй энэ ховор боломжийг гарын салаагаар урсгах ус мэт алдах эрсдэл буй. Иймээс дараагийн төрлөө утга учиртай болгохын тулд энэ амьдралаа аль болох утга төгөлдөр болгохын төлөө өөрийн чадах бүхнээ хийх хэрэгтэй. “Зүрхэн судар”-ын тарнид өгүүлсэн гэгээрлийн таван зам мөрийг дагаж мөрдөх чадвартай байхын тулд багшдаа залбирч даатгаарай. Та бүхэн 18 чөлөө, учрал бүрдсэн энэ амьдралаа утга учиртай болгоорой.
Би бээр багадаа ном сурах төдийлөн сонирхолгүй байсан ч 10 наснаас хойш энэ байдал өөрчлөгдөж эхэлсэн юм. Анх 13 настайдаа томоохон хийдүүдээр очиж үзсэн үеэс эхлэн би номд жинхэнэ утгаараа сонирхолтой болсон билээ. Төв үзэл буюу Мадхьямакагийн үзлийг ойлгох чин хүсэл эрмэлзэлтэй байсан миний мэтгэлцээний багш Ойдов Цогнигийн ачаар би ч мөн энэ сургаалыг илүү гүнзгий сонирхох болсон. Ийнхүү би 70 жилийн турш Төв үзлийн талаар гүнзгий судалж, бясалган тунгаасаар ирлээ. Хилийн чанадад ирснээс хойш энэ үзлийн талаар өдөр бүр эргэцүүлэн бясалгаж байна.

“Эхэндээ би бээр бодь сэтгэлийг үнэхээр гайхалтай зүйл гэж боддог байсан ч өөрөө түүнийг бодитоор төлөвшүүлэн хөгжүүлэх нь хэтэрхий бэрх мэт санагддаг байлаа. Энэ тухайгаа Тагдраг ринбүүчид хэлэхэд тэрбээр өөрөө бодь сэтгэлийг хөгжүүлж чадсан бөгөөд зохих бясалгалыг тууштай хийвэл намайг ч мөн адил хөгжүүлж чадна гэдэгт итгэлтэй буйгаа хэлсэн юм. “Нууц тарнийн их тайлбар”-ыг айлдах үеэрээ би бодь сэтгэлийг жинхэнэ утгаар нь төрүүлнэ гэхэд сүрдмээр санагддаг тухайгаа дурдаж байлаа. Гэхдээ би 1967 онд Хүнү ринбүүчи Данзанжалцангаас “Бодьсадвын явдалд орохуй” номын тайлбарыг сонссоныхоо дараахан үүнийг бодитоор хэрэгжүүлэх боломжтойг ойлгож эхэлсэн юм. Тухайн үед Хүнү ринбүүчи намайг “Бодьсадвын явдалд орохуй” номыг аль болох олон удаа айлдаж байхыг зөвлөсөн бөгөөд миний хувьд тэр зөвлөгөөг дагахыг хичээсээр ирсэн билээ.
Үүний дүнд сүүлийн 40 жилийн хугацаанд би бодь сэтгэлд улам бүр ойртсоор ирсэн гэж боддог. Намайг зүгээр суусаар ирсэн гэж бүү бодоорой. Би анхандаа нэлээд залхуу сурагч байсан ч намайг хичээлд идэвхжүүлэхийн тулд Кябжэ Лин ринбүүчи хоёр ташуур бэлдсэн байдаг байв. Нэг нь шар өнгөтэй. Түүнийг "ариун" шавьд хэрэглэх зориулалттай байлаа. Гэвч тэрхүү ташуураар цохиулахад мэдрэгдэх "ариун өвдөлт" ямар нэгэн ялгаатай байна гэж би огтхон ч эндүүрч байгаагүй билээ” хэмээн айлдав.
Дээрхийн гэгээн сонсогч олонд хандан өдөр шөнийг алгасалгүй сонсох, санах, бясалгах замаар дээдийн номын дадал туршлагыг хөгжүүлэхийг уриалав.
“Хэрэв та өдрийн турш эдгээрт анхаарлаа маш сайн төвлөрүүлбэл шөнө унтахдаа эдгээрийн талаар зүүдлэх болно. Зүүдний төлөвт байхдаа эдгээр зүйлийн талаар гүн гүнзгий ойлголттой болох нь онцгой үр дүнтэй гэж үздэг. Миний хэлж чадах зүйл бол хэрэв та хичээвэл эдгээр дадал туршлагыг өөртөө хөгжүүлж чадах болно”.

“Бэлтгэлийн зам мөрд заасны дагуу хоосон чанарын төлөв байдалд төвлөрөн бясалгах гүн гүнзгий ойлголт надад хараахан үгүй байна. Гэхдээ та бүхэн хичээл зүтгэлээ үргэлжлүүлснээр ийм туршлага хуримтлуулах боломжтой. Харин бодь сэтгэлийн тухайд гэвэл таны эргэн тойронд зөвхөн найз нөхөд л байхаас бус, яг жинхэнэ утгаараа дайсан гэж байхгүйг та ухаарах болно.
Бид бүгд Ямандаг тэргүүт Ядам бурхдын бясалгалын хөтөлбөрүүдийг хийдэг. Би Сажа ёсны Лам Дрэ уламжлалыг хүртсэн учраас Хэ-Очир бурхны бясалгалыг ч мөн хийдэг. Хоосон чанар болоод бодь сэтгэлийн талаар баттай, зөв ойлголттой бол тарнийн бясалгал тань үр дүнтэй байна. Хэрэв тийм ойлголт үгүй бол таны бясалгал төдийлөн үр дүнд хүрэхгүй. Судрын мөрийн талаарх туршлага, ойлголт гүнзгий байх тусам тарнийн бясалгал тань төдий чинээ гүн гүнзгий байх болно. Нёнгон Сунрабын тэмдэглэснээр, сударт заасан зүйлс нь зам мөрийн ерөнхий бүтцийг гаргасан байдаг бол тарнийн сургаал нь тусгайлан заасан номлол юм. Бурхан багш тарнийн номлолын заримыг нь хуврагийн дүрээр, ихэнхийг нь бурхны дүрийг үзүүлэн айлдсан байдаг. Хэрэв та сургаалын ерөнхий бүтцийн талаар баттай суурь мэдлэгтэй болбол тарнийн тусгай бясалгалын ач холбогдлыг илүү сайн ойлгож, үнэлж чадах болно. Тиймээс бурхны сургаалын ерөнхий бүтцийн талаар баттай суурь мэдлэгтэй болж чадвал тарнийн онцгой, нарийн бясалгалуудын үнэ цэн, ач холбогдлыг илүү сайн ойлгож, үнэлж чадах болно” хэмээн айлджээ.
Дээрхийн гэгээн айлдвараа үргэлжлүүлэхээр бэлтгэхийн сацуу Хэнбогунгааванчигтай уулзсан тухайгаа дурсан ярив. “Төвөдөд, төрөлх нутагтаа олон жилийн турш шоронд хоригдож байсан нэгэн байв. Түүнд “Төвд орохуй” сургаалын өөрийн тайлбар болоод “Шалгадал зүйн хураангуй” зохиолын дамжлага хадгалагдан ирсэн тухай сонсоод, эдгээр дамжлагыг зайлшгүй түүнээс хүртэх хэрэгтэй гэж бодсон юм.
Мөн Хэнбо Санж Данзан Самъяа хийдэд нэгэн хамба ламаас хүртсэн Камалашилагийн “Бясалгалын үе шат” зохиолын дамжлагыг эзэмшиж байгааг олж мэдсэн. Ийм төрлийн дамжлага хүртэхийн өмнө би ихэвчлэн Кябжэ Лин ринбүүчитэй зөвлөлддөг байлаа. Гэвч энэ удаад тийм боломж, цаг зав байсангүй. Хожим нь Ёнзон Лин ринбүүчи надад Гунапрабагийн “Винайн судар”-г дамжуулж өгөөд, өөрт хадгалагдаж ирсэн бүх дамжлагыг надад бүрэн уламжилсан гэдгээ хэлсэн билээ”.

Дээрхийн гэгээн "Төв үзлийн шим" номын Самхьягийн сургаалын зарчмуудыг хэлэлцсэн VI бүлгийг уншиж эхлэв. Тэрбээр Вайшешикагийн сургаалын зарчмуудыг хэлэлцсэн долоодугаар бүлэг, Ведантагийн сургаалын зарчмыг хэлэлцсэн VIII бүлэг, Мимамсагийн сургаалын зарчмуудыг хэлэлцсэн IX бүлгийг үргэлжлүүлэн уншив. Тэрбээр түр завсарлан, тухайн өдрийн уншлагыг өндөрлөх талаар дурдсан ч цөөн хэдэн хуудас үлдсэн тул номыг бүхэлд нь дуусгахаар шийдэв. Х бүлэгт бурхны бүхнийг айлдагч билиг ухааны тухай өгүүлсэн бол ХI бүлэгт магтаал болон уг номын нэрийн утга учрын талаар тайлбарласан юм.
Дээрхийн гэгээн "Ингээд бид “Төв үзлийн шим” номыг уншиж дууслаа. Энэхүү ном нь Энэтхэгт дэлгэрч байсан өрсөлдөгч үзэл баримтлалуудыг маш тодорхой тайлбарласан байдаг учраас үнэ цэнтэй бүтээл билээ. Би бээр энэхүү номыг Бодьгаяад авч очин, дамжлагыг нь өгөхөөр төлөвлөж байсан ч биеийн байдлаас шалтгаалан чадаагүй билээ. Харин энд бидний хүчин чармайлт ийнхүү биеллээ олсонд би бээр машид баяртай байна. Маргааш би Манзушир бурханы лүнг хүртээх болно" хэмээн айлдвараа өндөрлөсөн юм.










