Энэтхэг, Карнатака, Мундгод - Өнөө өглөө Дээрхийн гэгээн Далай лам Бэрээвэн Гоман хийдээс Бэрээвэн Лачи хийд рүү машинаар алгуурхан явахдаа түүнийг угтахаар зам дагуу эгнэн зогссон хэдэн зуун хүмүүс рүү инээмсэглэн даллаж явлаа. Түүнийг морилон ирснийг илтгэх бүрээ бишгүүр дуугарч, лам нар Бэрээвэн Лачи хийдийн хурлын танхимд Богд Зонховын "Мэгзэм" магтаалыг уншиж байв. Тэрбээр Бандида малгайгаа өмсөн танхимын голоор алхаж, хоёр талаар суусан лам нар руу инээмсэглэн даллаж байв. Гэлүгва уламжлалын шашны тэргүүн Гандан ширээт түүнийг угтан гарч ирэв. Дараа нь тэрбээр хийдийн сэнтийд заларлаа.

Бэрээвэн хийдийн үндэслэгч, анхны ширээт лам Жамьян Чойжэ Даши Балдангийн магтаал уншигдаж байх хооронд Бэрээвэн хийдийн одоогийн ширээт лам Догдан ринбүүчи Дээрхийн гэгээнд мандал болон Бурханы лагшин, зарлиг, тааллын шүтээнийг өргөн барив.
Дараа нь Богд Зонховын хоёрдугаар гол шавь болох Хайдав-жэгийн зохиосон “Брахмын дуу” (Балдан Ёндон) хэмээх яруу найргийн залбирал уншигдав. Энэхүү бүтээлийг Богд Зонховыг нирваан дүр үзүүлсний дараа Гялцаб-жэ ринбүүчи Гандан хийдийн ширээт ламаар залрах үед түүний эрдэмт шавь нарын хүсэлтээр туурвисан юм. Үүний дараа Дээрхийн гэгээнд Бэрээвэн хийдийн ширээт лам Догдан ринбүүчи Бэрээвэн хийдийн нийт лам хуврагуудын талархлын бэлгэдэл болгон Жамьян Чойжэгийн шүтээнийг өргөн барив. Рато хийдээс тус хийдийн хамба лам болон өмнөх үеийн 2 хамба лам нар Дээрхийн гэгээний 90 жилийн турш энэрэнгүй үйлсээрээ дэлхий дахинд ач тусаа үзүүлж байгааг нь хүндэтгэн түүнд Номын хүрд өргөлөө.

Оролцогчдод цай, ёслолын бэрээс тараав.
Бэрээвэн хийдийн ширээт лам Догдан ринбүүчи Бэрээвэн хийдээс Дээрхийн гэгээнийг Бэрээвэн хийдийн сэнтийг залгамжлагчаар зарлах шийдвэрийг уншиж танилцууллаа. Тэрээр Богд Зонхов Гандан хийдийг байгуулж байх үед цагаан дун гарч ирж байсныг дурсан ярив. Хожим тэрээр энэ дунгаа өөрийн шавь Жамьян Чойжэ Даши Балданд өгч, хийд байгуулахыг даалгасан байна. Үүнээс хойш Жамьян Чойжэгийн сэнтийд Бэрээвэн хийдийн хамба нар лам нар залран сууж иржээ.
1959 онд Дээрхийн гэгээн Далай лам Энэтхэгт цагаачлан ирж, Төвөдийн шашны төвүүдийг дахин байгуулан, Бурханы сургаалыг сэргээсэн билээ. Бэрээвэн хийдийг байгуулах үед Дээрхийн гэгээн өөрийгөө Жамьян Чойжэ байсан хэмээн айлдсан байдаг.

“Бид Дээрхийн гэгээнд түүнийг Жамьян Чойжэгийн алтан сэнтийд залахыг зөвшөөрөхийг хүссэн хүсэлтээ удаа дараа гаргаж байсан” хэмээн Догдан ринбүүчи үргэлжлүүлэв. “Бидний хүсэлтийг хүлээн авсанд Дээрхийн гэгээнд талархал илэрхийлье. Бид түүний өлмий бат оршихын тухайтад болон биднийг гэгээрэлд хүрэх хүртэл төрлөөс төрөлд авран хамгаалж байх болтугай хэмээн залбирч байна.”
Дээрхийн гэгээнд өргөх Бат оршил Бурханы сургаалыг хамгаалах тангарагтай 16 Архад буюу Ахмадуудыг урин дуудсанаар эхэллээ. Бэрээвэн хийдийн Ширээт лам Догдан ринбүүчи бэлтгэл мандал өргөсний дараа Гандангийн ширээт лам, Шарав Чойжэ, Бёнпо Менри Тризин, Гоман болон Лосалин дацангийн хамба лам нар, Бэрээвэн хийдийн өмнөх ширээт лам нар, Лосалин болон Гоман дацангийн өмнөх үеийн хамба лам нар, мөн зарим өглөгийн эзэд Дээрхийн гэгээнээс адис хүртэхээр ойртон очив.
Дараа нь гэгээрсэн хүмүүнийг ариун усаар угаах, хатаах, хувцас өргөх зэрэг зан үйлүүдийг үйлдэн Дээдийн ном түгэн дэлгэрэх, түүнийг баригчдын өлмий бат оршихын тухайтад ерөөл өргөлөө.
Найчүн Чойжин баруун гартаа сэлэм, зүүн гартаа нум барин танхимд залран орж ирэв. Тэрээр Дээрхийн гэгээнд мандал хийгээд Бурханы лагшин, зарлиг, тааллын шүтээнийг өргөж, элэгсэг дотноор хандав. Дараа нь тэрээр танхимын ар талд байрлах гэгээрлийн хутагт хүрсэн дээдсүүд болон шашны багш нарын хөрөг шүтээнд хүндэтгэл үзүүлэв. Тэрээр Бэрээвэн хийдийн ширээт лам Догдан ринбүүчид хадаг өргөөд, Дээрхийн гэгээний өөдөөс харсан суудалд заларлаа.

Tэрээр тэргүүн лам нарыг Дээрхийн гэгээнд Бат оршил өргөхөд оролцохыг урьсан бөгөөд олон өнгийн утсаар холбосон очирыг Дээрхийн гэгээнд, тэдэнд болон өөртөө барив. Түүнд цогчид өргөсөн бөгөөд Дээрхийн гэгээн түүнээс билэг дэмбэрэл болгон амсав.
Дараа нь Дээдийн ном, ялангуяа Богд Зонховын уламжлал дэлгэрэхийн төлөө залбирал өргөлөө. Дараа нь Жамьян Хэнцэ Чогий Лодойн зохиосон Дээрхийн гэгээний өлмий бататгах залбирал болох "Мөнхийн рашааны аялгуу" уншигдав. Үүний зэрэгцээ лам хуврагууд, ани нар болон өглөгийн эзэд өргөл өргөн, танхимаар цувран өнгөрөв.
Бэрээвэн хийдийн ширээт лам Дээрхийн гэгээнд хүндэтгэл үзүүлж, түүнийг өнө удаан залрахыг албан ёсоор хүссэн хүсэлтийг уншин айлтгалаа. Түүнд мандал, Бурханы лагшин, зарлиг, тааллын шүтээн, бумбатай рашаан сэлтийг өргөн барив. Дээрхийн гэгээн бумбатай рашаанаас дуслыг авч, насны үрэлнүүдээс нэгийг аван хүртэв. Дараа нь түүнд найман тахил, төрийн долоон эрдэнэ, өлзийт найман зай зэргийг цар тавганд өрөн өргөлөө.

Дээрхийн гэгээний хоёр багшийн зохиосон "Үхэшгүй мөнхийн дуу” хэмээх Дээрхийн гэгээн Далай ламын өлмийг бататгах дэлгэр залбирал" уншигдлаа. Өглөгийн эзэд Дээрхийн гэгээнээс адис хүртэхээр хүрч очив. Түүнчлэн 16 Архадыг дахин урин залав.
Ёслоын төгсгөлд Рато дацангийн хамба лам болон өмнөх үеийн 2 хамба лам Дээрхийн гэгээн хамаг амьтны тусын тулд сургаал ном дэлгэрүүлэхийн төлөө өнөд урт наслахыг хүссэн цугларагсдын хүсэлтийг хүлээн авсанд талархан, талархлын мандал өргөлөө.
Ёслол өндөрлөх үеийн залбиралд "Амитаба Бурханы залбирал", "Самандбадра Бурханы залбирал"-ын долоон шад, "Ерөөлийн хаан", " Үнэн үгсийн залбирал" болон олон сайхан билэг дэмбэрэлтэй ерөөлүүд багтсан байв.
Дээрхийн Гэгээнтэн сэнтийн өмнө болон эргэн тойронд сууж буй эрхэм хүндтэй лам нарт хүндэтгэл үзүүлснийхээ дараа танхимаас гарч явлаа. Тэрбээр хаалганы цаана тагтны захад очин хашаанд сууж буй хэдэн мянган лам хуврагуудтай мэндчилэв. Тэндээс тэрбээр өөрийн байрлаж байгаа Бэрээвэн Гоман дацан дахь өргөө рүүгээ мориллоо.










