АНУ, Флорида муж, Бока Ратон хот. 2010 оны 2 дугаар сарын 24 (Лона О'Коннор, Саманта Фрэнк, Палм Бийч Пост) - Зарим зүйлсийн утга орчуулгын явцад гээгддэггүй аж. Өнөө өглөө цугласан 3000 гаруй сүсэгтэн 14-р Далай ламын нэлээд аялгатай англи хэлийг ойлгох гэж чамгүй хүчин чармайлт гаргаж байсан ч түүний хэлэх гэсэн ерөнхий санаа нь тодорхой, ойлгомжтой байлаа.
“Өөрийн дотоод амар амгаланг бий болгож, дэлхийн энх тайвныг бүтээ.”
Төвөдийн цөллөгт буй буддын шашны удирдагч Палм Бич тойрогт анх удаагаа айлчлахдаа Флорида Атлантик Их Сургуулийн (ФАИУ) танхимд зүү орох зайгүй цугласан олонд хандан "Дэлхийн энх тайвны төлөө та өөрийгөө өөрчил, тэгээд дэлхийг өөрчил. Санаачлага хувь хүнээс эхлэх хэрэгтэй. Тэгээд л болоо." хэмээжээ.
Зургийг Ричард Граулик, The Post
Нэг мөрөө гаргасан улаан хүрэн, шар өнгийн уламжлалт дээлээ өмссөн Далай лам цаг гарангийн хугацаанд энэрэл нигүүлслийн талаар ярьж, тэр ч байтугай Хятадад эзлэгдсэн эх орноосоо хөөгдсөн өөрийн түүхийг цөллөгт 50 жил болсон ч эерэг хандлагаа хадгалж үлдэхийн жишээ болгон ашиглажээ.
Тэрбээр орчуулагчтайгаа хэсэг зөвлөлдсөний дараа, "Төвөдөд зовлон бэрхшээлийг үнэ цэнэтэй боломж болгон хувиргах гэсэн хэлц үг байдаг. Нэг талаас нь харвал би орон гэргүй 50 жил болсон байна. Гэхдээ зөвхөн энэ өнцгөөс хараад байвал уур бухимдал, сэтгэлийн зовнил, уйтгар гуниг улам л ихэснэ. Төвөдөд байхдаа би хэтэрхий төвөгтэй албан дэг журамд нь дургүй байлаа. Харин дүрвэгч болсноосоо хойш түүнээс тодорхой хэмжээгээр чөлөөлөгдөж, илүү эрх чөлөөтэй болсон" гэв.
Өнөө өглөөний яриандаа тэрбээр өмнөх өдөр Дэви дэх Нова Зүүн Өмнөдийн Их Сургуульд үг хэлэх үеэрээ АНУ-ын дэлхий дахины өмнө хүлээсэн үүрэг хариуцлагын талаар сануулж байсантайгаа харьцуулахад улс төрийн өнгө аясаас эвтэйхэн зайлсхийв.
Тэрбээр Мягмар гарагт Новад цугларсан 3500 гаруй хүнд хандан "Америк бол ардчилал, эрх чөлөөний тэргүүлэгч. Та бүхэн эдгээр үнэт зүйлсээрээ бахархах хэрэгтэй" гэж хэлсэн билээ.
АНУ-д хийсэн айлчлалынхаа үеэр Далай лам урьдын адил улс төрийн асуудлын хурц ирэн дээгүүр алхаж байгаа юм. 1950 оноос хойш Төвөдийн асуудлыг хяналтандаа байлгаж буй Хятадын засгийн газар түүнийг эх орондоо бослого өдөөдөг тэрс үзэлтэн гэж үздэг.
Өнгөрсөн долоо хоногт түүний Нобелийн энх тайвны шагналт Ерөнхийлөгч Обаматай хийсэн олны анхаарлыг татсан уулзалтын өмнө болон дараа нь Хятадын албаныхан Далай ламыг дэлхийн удирдагчидтай уулзах бүрд эсэргүүцдэг шигээ хүчтэй эсэргүүцэл илэрхийлсэн юм. Тэрбээр 1959 онд Төвөдөөс дүрвэснээсээ хойш Энэтхэгийн хойд хэсэгт, Төвөдтэй хил залгаа нутагт амьдарч байна.
Далай лам ФАИУ-д буддын шашны үндсэн ойлголтуудаас хазайсангүй.
Тэрбээр азтай цөөн хэдэн хүндэт зочдын барьсан урт цагаан торгон хадгийг эргүүлэн зүүж өгөөд, цугласан олонд хандан гэрэл цацруулан инээмсэглэж, алга хавсран мэндчилэв. Ингээд гутлаа тайлж, хөлөө хумин зөөлөн сандал дээр тухаллаа.
Хүчирхийлэлд ямар нэгэн зөвтгөх шалтгаан байдаг эсэхийг асуухад Далай лам Хятадыг дурдалгүйгээр төвийг сахисан, прагматик байдлаар хариулав.
Тэрбээр "Хүчирхийлэл, үл хүчирхийлэл хоёулаа зүгээр л арга зам. Гэхдээ хүчирхийлэл нь мөн чанарынхаа үүднээс урьдчилан тааварлашгүй зүйл. Хүчирхийлэл нэгэнт эхлэхээрээ ихэвчлэн хяналтаас гардаг бөгөөд мөн сөрөг сэтгэл хөдлөлөөс үүдэлтэй байдаг" гэв.
Үзэгчид ФАИУ-ийн танхимыг пиг дүүргэж, бүр видео дэлгэц, бусад тоног төхөөрөмжийн ард харагдах орчин нь хаагдсан суудлууд ч эзэнтэй болсон байна. Илтгэлийн өмнө 3000 суудлын тасалбарыг худалдаж авахаар 6000 хүсэлт ирэн үймээн үүсч, онлайнаар дамлах асуудал үүссэн бөгөөд өглөө танхимын хаалгыг хаасны дараа ч хүмүүс оруулахыг гуйж байлаа.
Гэхдээ шууд дамжуулалт үзэх боломжтой ойролцоох оюутны холбооны танхимд тасалбар авах хүн төдийлөн байсангүй. 2400 суудалтай оюутны холбооны танхимд ердөө 150 орчим хүн ирсэн бөгөөд тэд харин “тийм ч хувийн бус” уулзалтандаа сэтгэл ханамжтай байлаа.
Далайн инженерингийн чиглэлээр суралцаж буй 24 настай магистрын оюутан Бекки Уикс зургаан жилийн өмнө Нью Жерси дэх Ратгерсийн Их сургуульд Далай ламтай биечлэн уулзаж байсан бөгөөд "Тэр урам зориг өгдөг болохоор би түүнийг дахин харахыг хүссэн" гэж хэлэв.
Оюутны холбооны танхимд суусан компьютерийн ухааны профессор Абхижит Пандягийн хувьд Далай ламын яриаг сонсох нь онцгой утга учиртай байжээ. 1959 онд Хятадаас Энэтхэгийн уулс руу зугтан гарсныхаа дараахан Далай лам тухайн үед нялх хүүхэд байсан Пандяг адислаж байсан байна.
"Тэр цагаас хойш би түүнийг харах боломж олдох болгонд очдог болсон" гэж Пандя ярив.
Энэхүү мэдээг Сан-Сентинелийн тусламжтайгаар бэлтгэв.