(Төвөд эх сурвалжаас орчуулсан нь)
2011 оны 9 дүгээр сарын 24-нд би Төвөдийн буддын шашны уламжлалуудын тэргүүдтэй уулзахдаа Далай ламын институци цаашид үргэлжлэх эсэх асуудлаар эх орондоо болон хилийн чанадад амьдарч буй төвөд иргэд, Төвөдийн буддын шашныг шүтдэг, Төвөд орон хийгээд төвөдүүдтэй холбоотой бүх хүнд хандан нэгэн чухал мэдэгдэл хийсэн билээ. Тэгэхэд би "Аль тэртээ 1969 онд Далай ламын хойд дүрийг ирээдүйд үргэлжлүүлэн тодруулах эсэхийг холбогдох хүмүүс шийдэх ёстой гэдгийг тодорхой илэрхийлсэн" хэмээн онцлон тэмдэглэсэн билээ.
Мөн "Нас сүүдэр ер хүрээд Төвөдийн буддын шашны дээд хэргэмт лам нар, Төвөдийн ард түмэн, Төвөдийн буддын шашныг дагадаг хүмүүстэй зөвлөлдөн, Далай ламын институцийг үргэлжлүүлэх эсэх асуудлыг нягталж үзэх болно" хэмээн мэдэгдсэн юм.
Хэдий Далай ламын институцийн асуудлаар олон нийтийн дунд хэлэлцүүлэг өрнүүлээгүй боловч өнгөрсөн 14 жилийн хугацаанд Төвөдийн шашны уламжлалуудын тэргүүд, хилийн чанад дахь Төвөдийн дүрвэгсдийн парламентын гишүүд, Ерөнхий чуулганд оролцогчид, хилийн чанад дахь Төвөдийн Төв Захиргааны гишүүд, төрийн бус байгууллагууд, Хималайн бүс нутаг, Монгол, ОХУ-ын буддын шашинт бүгд найрамдах улсууд мөн Хятад зэрэг Азийн бусад орнуудын сүсэгтнүүдээс надад Далай ламын институцийг үргэлжлүүлэхийг хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн чин сэтгэлийн бичиг, захидал ирүүлсээр байна. Ялангуяа Төвөдөд байгаа үндэс нэгтнүүдээс минь янз бүрийн сувгаар мөн ийм утгатай хүсэлт ирсээр буй. Энэ бүхнийг үндэслэн би Далай ламын институци цаашид үргэлжлэн оршин тогтнох болно гэдгийг батлан мэдэгдэж байна.
Дараагийн Далай ламын хойд дүрийг тодруулах явцын талаар 2011 оны 9 дүгээр сарын 24-ний мэдэгдэлд "Зөвхөн Гандан Повран сан буюу Далай ламын Тамгын газрын гишүүд дээрх үйл ажиллагааг хэрэгжүүлэх үүргийг хүлээнэ" хэмээн тодорхой заасан бөгөөд тус сан энэ үүргийнхээ дагуу Төвөдийн буддын шашны уламжлалуудын тэргүүд, Далай ламын дамжлагатай гүн бат барилдлага бүхий итгэлтэй, тангараг дамцагт номын сахиуснуудтай зөвлөлдөх учиртай. Ийн тэд эртнээс баримталж ирсэн уламжлалын дагуу хойд дүрийг хайх, танин тодруулах ёсыг гүйцэтгэх юм.
Үүгээр би гагцхүү Гандан Повран сан Далай ламын хойд дүрийг тодруулах эрх бүхий тул өөр хэн ч энэ асуудалд хөндлөнгөөс оролцох эрхгүй гэдгийг баталж байна.
Далай лам
Дарамсала, 2025 оны 5 дугаар сарын 21