Энэтхэг, Бихар муж, Бодгаяа хот. 2010 оны 1 сарын 4 - Дээрхийн гэгээн Далай лам буддын шашны сургаал ном айлдаж, Махабоди Махавихарад долоо хоногийн турш үргэлжлэх Гэлүгвийн их ерөөлд оролцохоор өнөөдөр Бодгаяад хүрэлцэн ирлээ.
Төвөдийн оюун санааны удирдагч маргаашнаас эхлэн тав хоногийн турш Калачакра талбайд айлдвар айлдахаар захиалгат нислэгээр Бодгаяад ирсэн байна.
Зураг. Төвөдийн оюун санааны удирдагч Далай лам 2010 оны 1-р сарын 4-ний Даваа гарагт Энэтхэгийн Патнагаас өмнө зүгт 130 км (81 миль) зайд орших Бодгаяа хот дахь Махабоди хийдэд хүрэлцэн ирлээ. Бодгаяа бол хунтайж Сиддхарта Гаутама эрчимтэй бясалгал хийсний эцэст гэгээрэлд хүрч, Бурхан багш болсон газар юм. Далай лам 1-р сарын 5-наас 9-ний хооронд Бодгаяад зочилж, шашны цуврал сургаалиуд айлдана. (АП Фото/Ражеш Кумар Сингх)
PTI агентлагаас мэдээлснээр Далай лам ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн Махабоди хийдэд очиж мөргөл үйлдэнэ гэж Бодгаяагийн хийдийн менежментийн хорооны гишүүн Арвинд Кумар Сингх мэдэгджээ.
Далай лам мөн мультимедиа музейн нээлтэд оролцож, Махавихара дахь Бурхан багшийн амьдралын тухай шинэ чулуун сийлбэрүүдийг үзэж танилцах юм.
Дээрхийн гэгээн Далай ламын сургаалыг сонсохоор дэлхийн өнцөг булан бүрээс 50,000 гаруй сүсэгтэн Бодгаяад цугларсан талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна.
Далай лам хутагт Нагаржунайн "Ертөнцөөс нөгчигсний магтаал" (Жигдэнлай дайвар додба), Адиша гэгээний "Бодь мөрийн зул" (Жанчүв ламдон), Лончен ринбүүчийн "Оюуныг язгуур мөн чанарт нь амарлиулахуй" (Сэмнид нгалсо), Богд Зонховын "Бодь мөрийн зэргийн хураангуй утга" (Ламрим дүйдон) бүтээлүүдийг тайлбарлах юм.
Далай ламын аюулгүй байдалд заналхийлж болзошгүй тул хатуу чанд хамгаалалтын арга хэмжээ авч байгаа гэж албаны хүмүүс мэдэгдсэнийг PTI агентлаг уламжиллаа.
Бихарын Дотоод хэргийн сайд Аамир Субхани Далай ламд протоколын дагуу хамгаалалт үзүүлнэ гэж мэдэгдсэн байна. Оюун санааны удирдагч Дээрхийн гэгээнтэн Z-нэмэх зэрэглэлийн хамгаалалттай юм.
Орчуулсан Б.Одгэрэл