АНУ, Миннесота муж, Рочестер хот. 2009 оны 4 дүгээр сарын 27. Дээрхийн гэгээн Далай лам эрүүл мэндийн үзлэг хийлгэхээр Майо клиникт хүрэлцэн ирээд байх үеэрээ Гэгээн Мэригийн эмнэлгийн сүмд төвөдүүдтэй болоод бусад хүмүүстэй уулзжээ.
2006 оноос хойш Рочестер хотод 3 дахь удаагаа айлчилж буй Төвөдийн оюун санааны болон улс төрийн тэргүүн Дээрхийн гэгээн Далай лам залуу үеийнхнийг төвөд хэлээр ярьж сургахад онцгой анхаарах хэрэгтэйг цугласан олонд хэлсэн байна. Энэ тухай Миннесота мужийн Эдина хотоос ирсэн Данзансамдан ярьжээ. Тэрээр Дээрхийн гэгээн Далай ламыг Рочестерт ирснийг мэдсэн даруйдаа өөр хотоос өглөө нь яаран ирсэн олон төвөд хүний нэг байлаа.
Миннесота муж нь төвөдүүдийн төвлөрлөөр Нью-Йоркийн дараа АНУ-д хоёрт буюу Нью-Йоркийн дараа ордог аж. Тус мужийн төвөдүүдийн ихэнх нь Миннеаполис, Сент-Пол хэмээх хотод амьдардаг юм.
Данзансамдан Дээрхийн гэгээний 40 гаруй минут үргэлжилсэн уулзалтын үеэр хэлсэн үгийг дамжуулжээ. Эмнэлгийн зүүн жигүүрт байрлах сүмд 400 орчим хүн багтаж ядан цугласан байв. Өдрийн эхээр Гэгээн Мэригийн эмнэлэгт хамгаалалтын албаныхан ажиллаж байхыг харжээ. Дээрхийн гэгээн өөрийгөө эрүүл мэндийн үзлэгт хамрагдахаар ирсэн гэдгээ хэлсэн юм. Тэрбээр 2006, 2008 онд Майо клиникт бие лагшнаа үзүүлэхээр Рочестерт ирж байж.
1989 онд Нобелийн Энх тайвны шагнал хүртсэн Дээрхийн гэгээн Далай лам Энэтхэгийн Дарамсала хотоос Дүрвэгсдийн Засгийн газраа тэргүүлж байна. Данзанжамц хэмээх алдраараа алдаршсан тэрбээр Далай ламын хэргэмийг хүртсэн 14 дэх гэгээн билээ.
Дээрхийн гэгээн уулзалтад оролцогчдод өөрийнх нь тусламжид найдахын оронд амьдарч буй энэ нийгэм, хамт олныхоо төлөө сайн үйлс хийх хэрэгтэй хэмээжээ. Дээрхийн гэгээн Далай лам Төвөд, Хятадын зөрчлийн талаар мөн дурдаад “Гэсэн ч түүх бол түүх шүү дээ. Төвөд, хятадууд энэ зөрчлийнхөө оронд боловсрол, мэдлэгээр дамжуулан хамтран ажиллаж, харилцаагаа сайжруулах боломжтой билээ” хэмээн айлдсан юм.
Дээрхийн гэгээн Пүрэв гарагт Бостон хотын Харвардын Их Сургууль, Массачусетсийн технологийн дээд сургуульд айлдвар айддахаар төлөвлөжээ. Тэрбээр Ням гарагт Сан-Франциско хотын орон гэргүй хүмүүст зориулсан нийтийн хоолны газарт зочилсон юм.










