АНУ, Колорадо муж, Аспен хот. 2008 оны 7 дугаар сарын 27. Аспен хотынхон дэлхийн хамгийн алдартай “бурхны шашны эгэл нэгэн хувраг”-тай уулзав.
Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох арга замын талаар айлдсан Дээрхийн гэгээн Далай лам Аспений хүрээлэнгийн Төвөдийн тухай эрдэм шинжилгээний хурлын гол илтгэгчээр “Бенедикт” хөгжмийн асарт морилоход 2000 хүн суудлаасаа босон, алга ташиж хүндэтгэл үзүүлэв. Мөн 1700 орчим хүн бусад газраас шууд дамжуулалтаар үзжээ.
Дээрхийн гэгээн өөрийгөө амьд бурхан ч биш, хятадын хэвлэлд дүрсэлдэг “чөтгөр” ч биш, харин “бурхны шашны эгэл нэгэн хувраг” хэмээн тодорхойлов. Улаан дээл өмсөж, сурагчдын энх тайвны тэмдэг, нарны цацрагийн дүрсээр чимсэн торгон ороолт зүүсэн Дээрхийн гэгээн “Хүүхдүүд арьс өнгө, шашин шүтлэг, улс орны ялгаагаар бие биеэ ялгаж үздэггүй. Тэдний сэтгэл хараахан хиртээгүй байна. Ядаж энэ асарт байгаа бид өөр хоорондын ялгаатай байдлаа мартах хэрэгтэй” хэмээн Дээрхийн гэгээн айлдав.
Англиар төдийлөн чөлөөтэй ярьдаггүй бөгөөд ярихдаа орчуулагчийн тусламж авдаг Дээрхийн гэгээн “forget” гэдэг үгийг “f--- it” хэмээх бүдүүлэг хэллэгтэй төстэй сонсогдохоор дуудсанд танхимд инээд нижигнэв. “Юу нь болохгүй байна?” хэмээн асуугаад “forget” гэдэг үгийг дахин хэлэх тусам хүмүүс улам чанга инээлджээ. Энэ нь Аспены олон нийтийн радио, “GrassRoots TV 12” телевиз болон Аспены хүрээлэнгийн цахим хуудсаар шууд дамжуулсан Далай ламын 90 минутын ярианы үеэр инээд баясал төрүүлсэн олон хөгжилтэй агшны нэг байлаа.
Арслант ширээнд завилан суусан Далай лам дэлхийн 6 тэрбум хүн хоорондоо харилцан хамааралтай болохыг онцолж, сэтгэлийн амар амгаланг олохын ач холбогдлыг айлдав.
Дээрхийн гэгээн ярианыхаа өмнө хятадын хэсэг профессортой уулзсан бөгөөд ярианыхаа нэлээд хэсгийг тэдэнд зориулж, төвөдийн асуудлаар илэн далангүй ярилцах, хятадын хэвлэл мэдээллийг нээлттэй болгохыг уриалжээ.
50 шахам жил хилийн чанадад амьдарч буй Дээрхийн гэгээн “Төвөдийн соёл, шашин чөлөөтэй хөгжин цэцэглэх боломжийг олгосон нөхцөлд Төвөд Хятадын бүрэлдэхүүнд хэвээр байж болно. Мөн би бээр Бээжингийн зуны олимпын наадмыг машид дэмжиж байна” хэмээн илэрхийлжээ.
Дээрхийн гэгээний хэлснээр эдгээр баримтыг мушгин гуйвуулж, Хятадад түүнийг чөтгөр мэтээр дүрслэн иржээ. “Хятадын зарим удирдагч намайг ламын хувцас нөмөрсөн чөтгөр гэдэг. Үнэн хэрэгтээ би эгэл жирийн буддын хувраг хүн. Намайг чөтгөр мэтээр харагдуулах оролдлого нь төвөдийн ард түмэнд тулгарч буй хүнд нөхцөлөөс олон нийтийн анхаарлыг сарниулдаг” хэмээн тайлбарлав.
Далай лам өөрийгөө марксист хэмээн тодорхойлж, “Энэхүү үзэл санаа нь эмзэг бүлгийн хүмүүсийг эрх мэдэл, давуу байр суурь бүхий цөөнхийн мөлжлөгөөс хамгаалахад чиглэдэг. Миний тархи хятадын удирдагчдынхаас ч илүү улаан байж мэднэ” хэмээн хошигнон айлдаад, Хятадыг коммунист үзэл санааг баримтлалгүйгээр удирдаж буй коммунист дэглэм хэмээн тодорхойлжээ.
“Одоо бидэнд дэлхий нийтийн өмнө хүлээх хариуцлага, ухамсар үнэхээр хэрэгтэй байна. Дайны тухай ойлголт өөрөө “цаг үеэ өнгөрөөсөн” бөгөөд арьс өнгө, шашин шүтлэг, төрийн тогтолцоогоороо бид бие биеэсээ тусгаарлагдсан гэх ойлголт утгагүй. Дэлхий ертөнцийг бүхэлд нь өөрийн нэг хэсэг хэмээн харах ёстой. Хөршөө сүйрүүлэх нь өөрийгөө сүйрүүлж буй хэрэг” хэмээн Дээрхийн гэгээн айлджээ.










