АНУ, Флорида муж, Майами хот. 2010 оны 2 сарын 23-ны Мягмар гараг (Жэймс Д. Дэвис, "СанСентинел") - Далай лам Америкийн үнэт зүйлсийг биширдэгээ илэрхийлээд, АНУ-ыг эрх чөлөөг бусад улс оронд түгээн дэлгэрүүлэхийг уриаллаа.
Цөллөгт буй Төвөдийн буддын шашны удирдагч яриаг нь сонсохоор Дэви дэх Нова Зүүн Өмнөдийн Их Сургуульд цугларсан 3,500 гаруй хүнд хандан "Америк бол ардчилал, эрх чөлөөний тэргүүлэгч. Та бүхэн эдгээр үнэт зүйлсээрээ бахархах хэрэгтэй. Бусад улс орнуудтай харилцахдаа эдгээр үнэт машид чухалчилж үзэх үзэх хэрэгтэй" хэмээн ярив.
Түүний "Бүх нийтийн хариуцлага" сэдэвт илтгэл нь Нова Их сургуулийн Дон Тафт төвд оюутнууд, ажилтнууд, багш нарт зориулагдан зохион байгуулагджээ. Энэ нь тус их сургуульд тавих хоёр илтгэлийнх нь эхнийх бөгөөд Брауард, Палм Бийчийн коллеж, их сургуулиудад тавих хоёр өдрийн лекцүүдийн эхлэл байлаа.
Зураг. Далай лам Нова Зүүн Өмнөдийн Их Сургуульд оюутнууд, багш нар, зочдод хандан үг хэлж байна. АНУ, Флорида муж, Дэви хот. 2010 оны 2 дугаар сарын 23, Мягмар гараг. (АП Фото)
Төвөдийн буддын шашинтнуудын энэрэл нигүүлслийн бодьсадва Жанрайсигийн хувилгаан хэмээн үздэг Далай лам боловсрол, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд олон хүнийг зөрчилдөөнөөс илүүтэйгээр хүндэтгэл, хамтын ажиллагааны талаар бодож эхлэхэд хүргэсэн хэмээлээ.
Нова Их Сургууль болон Брауард коллежийн хамтран зохион байгуулсан уг цуглаан дээр тэрбээр "XXI зуун эхлээд 10 шахам жил л өнгөрч байгаа ч аль хэдийн маш их зүйл өөрчлөгдөөд байна. Одоо бид энэ дэлхийн хэсэг нэг бүр миний ч нэг хэсэг гэж үзэх хэрэгтэй. Бидий эрх ашиг бусдын эрх ашгаас хамаардаг гэдгийг хүмүүст зааж ойлгуулах хэрэгтэй хэвээр байна" гэсэн байна.
Илтгэлийн өмнө цэнгэлдэх хүрээлэн шиг хурлын танхимд дорно дахины хэв маяг бүхий хөгжим эгшиглэж, тус их сургуулийн дууны хамтлаг амьд тоглолтоо сонирхууллаа. Брауард коллежийн ерөнхийлөгч Ж. Дэвид Армстронг тус коллеж багшийн боловсролын чиглэлээр анхны бакалаврын зэргээ Далай ламд гардуулсныг мэдэгдэв.
Илтгэлээ тавихаар тайзан дээр гарч ирсэн Далай лам зөөлөн сандал дээр завилан суухаар нилээд хүчин чармайлт гаргахыг хараад хүмүүс инээлдлээ. Түүнийг ярьж эхлэхэд цугласан хүмүүс чимээгүй болов.
Нэгдүгээрт тэрбээр сургуулиудыг зөвхөн баримт бус, харин энэрэн нигүүлсэл, үүрэг хариуцлагын талаар зааж сургахыг уриаллаа.
Тэрбээр "Хэт их боловсролын үр дүнд гялалзсан ухаантай хүн ч буруу замаар орж, сүйрэлд хүргэж болно. Эцсийн эцэст дотоод үнэт зүйлс бидэнд зайлшгүй чухал" хэмээв.
Тэрбээр улс үндэстнүүдийн харилцааг гэр бүл, нийгэм дэх хүмүүсийн харилцаатай харьцуулж, "Гэр бүлд хүн бүр тодорхой үүрэг хариуцлага үүрдэг. Хүн гэдэг үндсэндээ нийгмийн амьтан. Хүн бүр нийгмээсээ хамаардаг" хэмээжээ.
Тэрбээр цааш нь саяхан болсон Копенгагены дээд хэмжээний уулзалт ядуучуудын төлөө хангалттай ихийг хийж чадаагүйн улмаас олон ажиглагчдыг гонсойлголоо. Үүний шалтгаан нь "үндэсний ашиг сонирхол дэлхий нийтийн ашиг сонирхлоос илүү чухал байсанд" байгаа юм хэмээсэн байна.
Тэрбээр "бид болон тэд хэмээх хатуу заагнаас" эхэлдэг дайны "харамсалтай бодит байдлыг" буруушаав. Гэвч Европын Холбоо байгуулагдаж, улс үндэстнүүдийн хамтын нийгэмлэг үүссэн явдалд урамшиж байгаа бөгөөд "Энэ бол жинхэнэ оюун санааны гэгээрэл биш ч гэсэн эерэг зүйл юм" хэмээлээ.
Далай лам Хятад улс эдийн засгаа сайжруулж, илүү хүчирхэг үндэстнүүдийн дунд байр суурь эзлэх эрхтэй гээд цааш үргэлжлүүлэн, Хятадын удирдагч асан Мао Зэдуныг эхэн үедээ биширдэг байсан боловч хожим Хятад, Төвөдөд хийсэн түрэмгий үйлдлүүдэд нь гайхаж, эргэлзэх болсноо ярив.
Асуулт хариултын хэсэгт тэрбээр улаан хүрэн дээлтэйгээ ижил өнгийн саравч зүүсэн нь хүмүүсийг дахин инээлгэв. Цааш нь асуултад хариулахдаа тэрбээр өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгч Обаматай уулзах үеэрээ Төвөдийн асуудал болон төвөд залуучуудад боловсрол олгох шаардлагатай байгаа талаар ярилцсан хэмээн ярьсан байна.
Тэрбээр Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг ардчиллыг сахин хамгаалж байгааг нь сайшаан магтаж, сэтгүүлчид "заан шиг урт хамартай байх ёстой" гэсэн ч хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр нэвтрүүлж буй “сөрөг” мэдээллийн хэмжээ хэт их байгааг буруушааж, түүнийг эерэг агуулгатай тэнцвэржүүлэх хэрэгтэй хэмээн зөвлөв.
Буддын шашны тэргүүн мөн хүмүүсийг 70 нас хүртлээ хөнгөн авч үр бүтээлтэй ажил хийх хэрэгтэй хэмээгээд, ахмад настнуудын асрамжийн газрууд ахмадуудад хүүхдүүдтэй илүү их харилцах боломж олговол үр өгөөжтэй байж болох юм гэсэн санал дэвшүүллээ.
"Урам зориг өгөхүйц" байлаа гэж эм зүйн аспирант Райун Маккензи Далай ламын яриаг дүгнэсэн бөгөөд ялангуяа хүмүүс хүнийг хүндэтгэх, хийсэн үйлдлийг хүндэтгэх хоёрыг ялгаж салгах хэрэгтэй гэсэн сургаалыг онцолсон байна.
35 настай Маккензи: "Тэр бид бүгдийн сэтгэлийн гүндээ мэддэг зүйлсийг ярьж байна. Ийм нөлөө бүхий хүний яриаг сонсоход сайхан байлаа" гэлээ.