Перу улс, Лима хот. 2006 оны 5 дугаар сарын 9. Дээрхийн гэгээн Далай лам өнөөдөр тус улсын Үндэсний номын сангийн танхимд оюуны салбарын төлөөлөгчид болон нөлөөлөгчдөд хандан үг хэлснээр Перуд хийсэн 3 өдрийн айлчлалаа амжилттай өндөрлүүллээ.
Уулзалтад 520 орчим сэхээтэн, нөлөөлөгчид оролцов. Дээрхийн гэгээн 5 дугаар сарын 7-ны өдөр Чили улсаас Перуд морилон ирсэн билээ. Дээрхийн гэгээн Перу улсын сэхээтнүүд, нөлөөлөгчидтэй уулзах сэтгэл хөдлөлөө хэрхэн зохицуулахтай холбоотой олон асуултад хариулжээ. Тэрбээр мөн бизнесийн салбарынхныг оролцуулан сэхээтнүүд, нөлөөлөгчдийн анхаарлыг нийгмийн эмзэг бүлгийн хүмүүс, түүн дундаа уугуул иргэд инкачуудын хүнд нөхцөл байдалд хандуулав. “Эдийн засгийн асар их ялгаа нь зөвхөн ёс суртахууны хувьд буруу зүйл төдийгүй нийгэмд асуудал, тогтворгүй байдал үүсгэх эх үүсвэр болдог. Чинээлэг давхарга, боломж илүүтэй хэсгийнхнийг өөрсдийн нөөцөөс тодорхой хэмжээгээр хуваалцан, боломж тааруу хүмүүсийн боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний нөхцөлийг сайжруулах явдал юм” хэмээн айлдлаа.
Дээрхийн гэгээн үүний өмнө арван өөр шашны урсгал, уламжлалын төлөөлөгчид оролцсон олон шашны уулзалтад оролцов. Энэ үеэр Дээрхийн гэгээн “Шашин шүтлэгт суурилсан мөргөлдөөн нь хамгийн харамсалтай зүйл бөгөөд бие биеийнхээ шашны уламжлалыг хүндэтгэж сурах, шашин хоорондын эв найрамдлыг бий болгох замаар ийм зөрчилдөөнөөс зайлсхийх ёстой. Шашны янз бүрийн уламжлалын хооронд эв найрамдал бий болгох дөрвөн арга зам буй. Үүнд, шашны өөр өөр уламжлалын нийтлэг болоод ялгаатай талуудыг тодруулах зорилгоор эрдэм шинжилгээний хэлэлцүүлэг зохион байгуулах, өөр өөр шашны оюун санааны удирдагчдын хооронд яриа хэлэлцээр өрнүүлэх, шашны ариун газруудад хамтарсан мөргөл зохион байгуулах, Италийн Ассизи хотод талийгч Пап лам II Иоанн Павелын хэдэн жилийн өмнө зохион байгуулсан уулзалтын нэгэн адил олон шашны хамтарсан цуглаан зохион байгуулах тэргүүт билээ” хэмээв.
Дээрхийн гэгээн өглөө эртлэн Перу улсын буддын шашинтнуудад зориулан “Оюун судлахуйн найман бадаг” сэдэвт айлдвар айлджээ. Энэ үеэрээ тэрбээр буддын шашны талаарх товч бөгөөд цэгцтэй ойлголтыг өгсөн юи.
5 дугаар сарын 8-ны өдөр буюу Перуд хийсэн айлчлалынхаа 2 дахь өдөр Далай лам Инкийн соёл иргэншлийн эртний домогт нийслэл Куско хотод морилон саатаж, Инкийн уугуул иргэдийн настнуудтай сэтгэл хөдөлгөм уулзалт хийжээ. Уулзалтыг далайн түвшнээс 3000 метрийн өндөрт орших Куско хотын төв дэх “Кориканча” буюу “Нарны ариун сүм”-д зохион байгуулав.
Инкийн соёл иргэншлийн нэгэн овог болох кечуачуудын удам хэмээн тооцогддог “Алтомисайокс Керос” бүлгийн төлөөлөгчидтэй хийсэн тусгай уулзалтын үеэр Далай лам уугуул иргэдийг орчин үеийн боловсролыг эзэмшихийн зэрэгцээ өөрсдийн уугуул соёл иргэншлээ хамгаалах, орчин үеийн нийгмээс тусгаарлагдахгүй байхыг зөвлөжээ. Уугуул иргэдийн төлөөлөгчид Далай ламд гараар нэхсэн Инкийн цүнх болон үрээр хийсэн бугуйвч өргөн барьсан бол Дээрхийн гэгээн ахмадуудад нөхөрлөл, харилцан хүндэтгэлийн бэлгэдэл болсон торгон хадгийг барьжээ.
Үдээс хойш Куско хотын захирагч Карлос Валенсиа хотын захиргааны байранд Дээрхийн гэгээнд хүндэтгэл үзүүлэн, хүлээн авалт зохион байгуулжээ. Уг уулзалтад хотын удирдах албан тушаалтнууд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон юм. Хотын захирагч Дээрхийн гэгээнд медаль болон “Куско хотын хүндэт зочин” хэмээн өргөмжилсөн тогтоолыг өргөн барьжээ.
Захирагчийн хүлээн авалтын дараа Дээрхийн гэгээн хотын захиргааны хурлын танхимд “Орчин үеийн нийгэм дэх эртний соёл” сэдвээр олон нийтэд зориулсан айлдвар айлдав. Уг арга хэмжээнд 1500 гаруй хүн оролцсон бөгөөд үндсэн танхимд 800 хүн, захиргааны нэмэлт танхимд 700 гаруй сонсогч шууд дамжуулан үзжээ. Далай лам айлдвартаа хүн төрөлхтний цорын ганц гэр болсон эх дэлхийгээ хэрхэн хайрлан хамгаалах талаар болон уугуул иргэдийн соёлоос суралцахыг уриалав. Мөн тэрбээр дэлхийн байгаль орчны хямралын асуудалд үзэгчдийн анхаарлыг хандуулж, “Дэлхийн дулаарал, Энэтхэгийн хойг, Хятадад ундны усны хомсдол үүсэж буй асуудал, дэлхийн олон бүс нутагт цөлжилт эрчимжиж байна. Уугуул иргэдийн боловсролын нөхцөлийг сайжруулах замаар тэдний олон зуун жилийн түүхт соёл иргэншлээ хамгаалахад нь дэмжлэг үзүүлж болох билээ” хэмээн уриалсан байна.
Дээрхийн гэгээн 5 дугаар сарын 7-ны өдөр Перугийн нийслэл Лима хотод морилон ирсэн даруйдаа “Мирафлорес Парк” зочид буудалд болсон хэвлэлийн бага хуралд оролцов. Хэвлэлийн бага хуралд орон нутгийн болон олон улсын хэвлэл мэдээллийн 100 орчим төлөөлөгч оролцжээ.
Орой нь Перугийн Католик Их Сургуулийн хурлын танхимд “Тэвчээрийн хүч” сэдвээр олон нийтэд зориулан айлдвар айлдсан бөгөөд уг арга хэмжээнд 3000 орчим хүн оролцжээ. Их сургуульд саатах үеэр сургуулийн захирал Луис Гузм...










