Иx Британи, Лондон, 2010 оны 3 дугаар сарын 4 (Рут Гледхилл, Шашны сэтгүүлч, The Times) - Далай лам нийгмийн сүлжээний Твиттер хуудсанд нэгдэж орсон хамгийн сүүлийн, хамгийн ахмад дэлхийн хэмжээний шашны тэргүүн боллоо.
Хятадын засгийн газрын аюултай салан тусгаарлагч гэж үздэг 75 настай Төвөдийн оюун санааны удирдагчийн жиргээнүүд одоогоор маргаантай асуудлуудаас зайлсхийж байна. Саяхны жишээ гэвэл тэрбээр Лос Анжелес хотод Ларри Кингийн шоунд оролцсон тухайгаа Твиттер дээр "Далай лам ‘дарангуйллыг’ үл хайхран Хятадыг хайрладаг хэмээлээ" хэмээн жиргэжээ.
Бусад жиргээнүүд нь түүний өөрийн албан ёсны вебсайт дээрхи Бурхан багшийн амьдралын талаар өгүүлсэн видео бичлэгүүдийн холбоосууд байгаа юм.
Түүнийг Хималай дахь эх орондоо автономит эрх олж авах кампанит ажилдаа Твиттерийг ашиглаж эхлэх эсэхийг Бээжин анхааралтай ажиглаж байгаа. Тэрбээр Хятадын дарангуйллын эсрэг бослого гарсны дараа 1959 онд Төвөдөөс дүрвэн гарснаасаа хойш хилийн чанадад амьдарч байна.
"Asia Times" сонинд мэдээлснээр Далай лам Цагаан ордонд Ерөнхийлөгч Обаматай уулзсаныхаа дараахнаас жиргэж эхэлжээ. Твиттерийн үүсгэн байгуулагч Эван Уильямс үүнийг түүнд өөрийн биеэр санал болгосон байна.
2 дугаар сарын 22-нд ноён Уильямс "Далай ламтай өнөөдөр Лос Анжелес хотод уулзлаа. Твиттерийг ашиглах санал тавихад тэр инээв." хэмээн жиргэжээ.
Тэр өдөр Далай лам Твиттерт профайлынхаа хажууд цэнхэр тэмдэгтэй "баталгаажсан хаяг"-тай болсон байна. Түүнээс хойш хоёр долоо хоногийн дотор тэрбээр 140,000 дагагчтай болсон ч өөрөө одоогийн байдлаар ганц ч хүнийг дагаагүй байна. Өмнө нь Далай ламын нэрийг барьсан Твиттер хаяг байсныг хуурамч гэдгийг нь тогтоосон тул хаажээ.
Твиттерт байдаг шашны бусад удирдагчдаас Йоркийн хамба лам доктор Жон Сэнтамуг дурдаж болно. Кантерберийн хамба лам болон түүний Ромын Католик шашны хамтран зүтгэгч болох Вестминстерийн хамба лам нар Твиттер ашигладаггүй ч Английн сүм хэд хэдэн хамба нар болон олон тооны санваартнуудаараа дамжуулан идэвхтэй байдаг.
Ирэх долоо хоногт Лхасын бослогын 51 жилийн ойг тэмдэглэхээр парламентыг лоббидохоор төлөвлөж буй Төвөдөд туслах сангийн гүйцэтгэх захирал Филиппа Каррикийн хэлж буйгаар Далай лам зөвхөн Төвөдийн улс төрөөр хязгаарлагдахгүй уриалга гаргаж байгаа тул богино хугацаанд ийм олон дагагчтай болжээ.
"Түүнийг маш олон хүн дагаж байна. Энэ нь түүний гайхалтай өргөн хүрээнд нөлөөлдгийн нотолгоо юм. Хүмүүс буддын шашинтай эсэхээс үл хамааран түүний гэгээлэг байдал, хүн чанарыг хүндэлдэг. Тэрээр дэлхий ертөнцийг илүү сайхан болгохын тулд хүн бүр хариуцлага хүлээх хэрэгтэй хэмээн бүх нийтийн хариуцлагын талаар байнга ярьдаг. Энэ бол түүнийгээ үйл хэргээрээ үзүүлж байгаа нэг хэлбэр юм" гэж хатагтай Каррик ярилаа.