АНУ, Вашингтон Ди Си, 2010 оны 2 сарын 23 (AFP) - Төвөдийн оюун санааны удирдагч Далай лам Твиттер хэмээх бичил блог хөтлөх үйлчилгээнд нэгдэж, ердөө хоёр хоногийн дотор 55,000 гаруй дагагчтай болжээ.
Далай ламын Твиттер хуудас @DalaiLama нь түүнийг Твиттерийн үүсгэн байгуулагчдын нэг Эван Уильямстай Лос Анжелес хотод уулзсаны маргааш буюу Даваа гарагт нээгдсэн байна.
Уулзалтын дараа Уильямс "Далай ламтай өнөөдөр Лос Анжелес хотод уулзлаа. Твиттерийг ашиглах санал тавихад тэр инээв." хэмээн "жиргэжээ".
Гэхдээ маргааш нь Төвөдийн оюун санааны удирдагч өөрийн хуудастай болж, Твиттерийн шинэ хэвлэлийн төлөөлөгч Шон Гарретаас "Тавтай морилно уу @DalaiLama" гэсэн мессеж хүлээн авчээ.
Далай ламын хуудас одоог хүртэл долоон жиргээ нийтэлсэн байгаа ч тэдгээр нь Дээрхийн гэгээний мэргэн үгс бус, харин түүний АНУ-д хийж буй айлчлалын үеэрх үйл ажиллагааны гэрэл зураг, нийтлэлүүдийн холбоосууд байгаа юм.
Далай лам Твиттер хаяг нээсэн нь хуурамч этгээдийн нээж, хэдэн арван мянган дагагчдыг татсан өөр нэгэн хуудсыг түдгэлзүүлснээс нэг жилийн дараа болж байна.
Далай ламын хуурамч хуудас болон бусдын нэрийг ашигласан өөр тохиолдлуудын дараа Твиттер олны танил хүмүүст зориулсан "баталгаажсан хаяг" (verified accounts) системийг нэвтрүүлжээ. Далай ламын шинэ хаяг нь "баталгаажсан хаяг" юм.
Орчуулсан Б.Одгэрэл