Энэтхэг, Бихар муж, Бодгаяа хот. 2010 оны 1-р сарын 6 (Налин Верма, Телеграф, Калькутта) - Далай лам алгаа хавсран Хятадад талархал илэрхийлсэн нь хятадуудыг уйлууллаа. Төвөдийн оюун санааны удирдагч өнөөдөр эрх чөлөөний тэмцлийг нь салан тусгаарлах хөдөлгөөн хэмээн үгүйсгэж буй улсад хандан "эгэл даруу" байдлаар "талархал" илэрхийлж, жил бүр явагддаг энх тайвны лекцийг дайсныхаа зүрх сэтгэлийг татах уриалга болгон хувиргав.
"Мао Зэдуны (коммунист Хятадын үүсгэн байгуулагч) ээж буддын шашинтан байсан. Мөн буддын шашин нь Хятадын үндсэн шашин байсаар ирсэн." хэмээн Далай лам тав хоног үргэлжлэх Дэлхийн энх тайвны лекцийн хоёр дахь өдөр түүнийг сонсохоор ирсэн 200 хүний бүрэлдэхүүнтэй Хятадын бүлэгт хандан хэлэв.
“Төвөдөөс гурван зууны өмнө буддизмыг өөрийн шашин, ёс зүйн хэм хэмжүүр болгон хүлээж авсан Хятад улс болон та бүхэнд даруухнаар талархал илэрхийлье.” хэмээн тэрбээр алгаа хавсран, нэмж хэллээ. Мэдэгдлийн үгийг нямбайлан сонгосон нь 74 настай ламтан улс төрийн өнгө аястай сонсогдохгүйгээр улс төрийн мессэж дамжуулж чадаж буйг илтгэнэ. Энэ нь мөн 50 шахам жилийн өмнө Хятадаас дүрвэн ирснийх нь дараа Энэтхэгийн зүгээс Төвөдийн хилийн чанад дахь засгийн газарт тавьсан Бээжингийн эсрэг ямар нэгэн улс төрийн мэдэгдэл хийхгүй гэдэг болзлыг зөрчсөнгүй. Эдгээр үгсийн хариуд хятад зочид алга ташиж, олон хүний нүдэнд нулимс гялтганаж байв.
Далай лам дараа нь буддын шашны "шинжлэх ухаанч" талыг ярилаа. "Эйнштейн болон бусад хэд хэдэн орчин үеийн эрдэмтэд буддын амьдралын хэв маягийг мөргөл, залбиралд автахаас илүүтэйгээр сэтгэг оюуныг эдгээж, цэвэршүүлэх дасгал учраас илүү шинжлэх ухаанч юм гэж үзсэн байдаг" гэж тэр хэлэв. "Хятадын ард түмэн амар амгалан амьдралын хэв маягаа хайхралгүй хаяхын оронд буддын шашныг өөрсдийн шашин, соёлын үнэт зүйл хэмээн нандигдах хэрэгтэй ..." хэмээн хятад дагалдагчиддаа хандан 20 орчим минут зарцуулсан Нобелийн энх тайвны шагналтан нэмж хэллээ. "Та бүхэн материаллаг хүсэл тачаал, эмх замбараагүй байдлаас үүдэлтэй стресс, дарамтын ерөндөг болох эх соёл, ёс зүйн хэм хэмжээг хэзээ ч мартаж болохгүй."
Эх газрын Хятадаас ийм олон хүн Бодгаяад хэрхэн ирснийг асуухад Химачал дахь Төвөдийн хилийн чанад дахь засгийн газрын дээд албан тушаалтан үүнийг илчлэх нь "ухаалаг" биш хэрэг болно гэж хариулжээ. "Тэд хязгаарлалтыг эсэргүүцэх арга зам олсон л гэж хэлж чадах байна." гэж Жигмэ Цэрэн Телеграфт ярьсан байна. "Та яагаад нарийн ширийнийг сонирхоод байна вэ? Би таны өмнө паспорт, жинхэнэ визтэйгээ байна." гэж Бээжингийн залуу Ли Пэн хэллээ. Бусад нь ярихаас татгалзав.
Өнөөдөр Далай ламтай уулзсан хүмүүсийн дунд Холливудын жүжигчин Ричард Гир байв. "Хөөрхөн хүүхэн" киноны од, буддын шашинтан тэрбээр номлолд "энгийн хүн шиг" оролцсон гэж албаны эх сурвалжууд мэдээллээ.
Бодгаяа дахь тав хоногийн чуулганд 30,000 орчим хүн, түүний дотор 1,000 шахам барууныхан цугларчээ. Гэхдээ Бурхан багшийн гэгээрэлд хүрсэн газар нь Бихар мужийн цагдаагийн бүртгэлд "Улаан бүс" гэж тэмдэглэгдсэн Барачатти, Гурару, Белаганж, Добигоор хүрээлэгдсэн байна. Харин ямар нэгэн маоист партизанууд харагдсангүй. Лам хувцастай мянга мянган хуврагууд холхилдох Бодгаяа бяцхан Лхас шиг харагдана.
Орчуулсан Б.Оджаргал