Зураг. Дээрхийн гэгээн Далай лам 2008 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Нарита хотын олон улсын нисэх буудалд морилон ирж буй нь... Тэрбээр Японд айлчлал хийж, олон нийтэд зориулсан хэд хэдэн айлдвар айлдах юм. Зүүн гар талд нь Дээрхийн гэгээний Япон дахь төлөөлөгч Лхагвацог. Зургийг AP.
Дарамсала. 2008 оны 10 дугаар сарын 31. Төвөдийн удирдагч Дээрхийн гэгээн Далай лам баасан гарагт Японд хийх долоо хоногийн айлчлалаа эхлүүллээ. Тэрбээр 11 дүгээр сарын 7 хүртэл тус улсад саатаж, оюун санааны амьдралын талаар олон нийтэд айлдвар айлдах төлөвтэй байна.
Шинэ Делид цөсний чулуу авахуулах мэс засал хийлгэсний дараа эмч нар ажил, үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийг зөвшөөрснөөс хойш Дээрхийн гэгээн анх удаа хилийн чанадад айлчилж байгаа нь энэ юм. Лагшин чилээрхсэний улмаас тэрбээр сүүлийн саруудад Европ, Мексик болон Бүгд Найрамдах Доминикан Улсад хийхээр төлөвлөсөн айлчлалуудаа цуцлахад хүрсэн билээ.
Франс Пресс (AFP) агентлагийн мэдээлснээр, Дээрхийн гэгээнийг Токиогийн ойролцоох Нарита нисэх буудалд гадаадад амьдардаг олон арван төвөд иргэн, түүнийг хүндэтгэгч япончууд болон бурхны шашны лам хуврагууд угтан авчээ. Тэрбээр цугласан хүмүүст инээмсэглэн, гараа даллан мэндчилж байв.
Японд хүрэлцэн ирсэн Нобелийн Энх тайвны шагналт Далай лам “Энэ улсад дахин ирж, бүх анд нөхөдтэйгөө уулзах боломж олдсонд би маш их баяртай байна” хэмээн айлдсан тухай мэдээлжээ. Төвөд иргэд “Төвөдийг эрх чөлөөтэй болгоё!” хэмээн уриалж байх үеэр энгийн хувцастай 50 орчим цагдаа хамгаалалтад гарч, Дээрхийн гэгээнийг хүлээж байсан автомашинд нь хүргэж өгсөн гэж мэдээлсэн байна.
Айлчлалынхаа үеэр Далай лам Японы бурхны шашны нэгэн байгууллага болон Төвөдийг дэмжигчдийн зохион байгуулсан арга хэмжээнүүдэд айлдвар айлдахаар төлөвлөжээ. Мөн хүүхдүүд, лам хуврагуудтай уулзах юм.
Тэрбээр 11 дүгээр сарын 3-нд Токио хот дахь Японы гадаадын сурвалжлагчдын клубд үг хэлнэ. Дараа нь Японы баруун өмнөд хэсгийн Фүкүока хотыг зорьж, 11 дүгээр сарын 4-нд Китакюүшү хотын “Медиа Дом” ордонд “Энэрэнгүй сэтгэл - аз жаргалтай амьдралын түлхүүр” сэдвээр олон нийтэд айлдвар айлдах юм. Харин 11 дүгээр сарын 6-нд Токиод сэтгэлийн мөн чанарын талаар айлдана.
Далай лам хамгийн сүүлд 2007 оны 11 дүгээр сард Японд айлчилжээ. Мөн 2008 оны 4 дүгээр сард АНУ-ыг зорих замдаа Японд түр саатаж, тус улсын консерватив үзэлтэй Ерөнхий сайд асан Шинзо Абэгийн гэргий Акиэ Абэтэй уулзсан байна. Тухайн үед нэг сарын өмнө Төвөдөд эхэлсэн үймээн самуунтай холбогдуулан Хятадын эрх баригчдын авч хэрэгжүүлсэн арга хэмжээг эсэргүүцсэн жагсаалууд дэлхий даяар өрнөж байв.
Зураг. Төвөдийн шашны тэргүүн Далай ламыг Нарита нисэх буудалд хүрэлцэн ирэхэд түүнийг хүндэтгэгчид угтан авч буй нь... Дээрхийн гэгээний эргэн тойронд хамгаалалтын цагдаа нар байлаа. Тэрбээр 10 дугаар сард мэс засал хийлгэснийхээ дараа Японд 7 хоногийн айлчлал хийхээр иржээ. Зургийг Ёшиказү Цүно.
Дээрхийн гэгээн Японд олонтаа айлчилж ирсэн бөгөөд тус улсад түүнийг хүндэтгэн дэмжигчид олон бий. Гэвч Хятадтай харилцах харилцаандаа хүндрэлтэй асуудлуудтай Япон улс Өрнөдийн олон орноос ялгаатай нь Далай ламтай төрийн өндөр түвшинд албан ёсны уулзалт хийхээс бараг үргэлж татгалзаж иржээ. Энэ удаагийн айлчлалын үеэр ч Японы төрийн албан тушаалтнууд түүнтэй уулзахаар төлөвлөөгүй байна.
Японоос буцаж морилсныхоо дараа Дээрхийн гэгээн 11 дүгээр сарын хоёр дахь долоо хоногт Энэтхэгийн Пуна, Меерут, Шинэ Дели хотуудад ном айлдахаар төлөвлөжээ.
Дээрхийн гэгээн Төвөдөөс дүрвэн гарснаасаа хойш Энэтхэгийн хойд хэсгийн Дарамсала хотод амьдарч байгаа юм. Тэрбээр дэлхийн олон орноор өргөн хүрээнд айлчилж, хүмүүнлэг үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх, бурхны шашны сургаал ном айлдах, төвөдүүдийн эрхийг хамгаалах, илүү эрх чөлөөтэй болохын төлөөх тэмцлийг нь дэмжих үйл ажиллагаа явуулдаг. Мөн Төвөдийн асуудлыг дэлхийн улс орнуудын удирдагчдад танилцуулахын тулд тэдэнтэй тогтмол уулздаг.
Бээжингийн эрх баригчид Далай ламыг Төвөдийг Хятадаас салгахыг оролдож байна хэмээн буруутгадаг. Мөн түүний айлчлалыг зөвшөөрсөн улс орнуудад тогтмол эсэргүүцэл илэрхийлж иржээ. Тус мэдээнд Хятад улс 1949 онд цэрэг оруулж, хүн амынх нь дийлэнх нь бурхны шашин шүтдэг Гималайн бүсийн Төвөдийг эзэлсэн хэмээн дурдсан байна.
Харин Далай лам Хятадын бүрэлдэхүүнд төвөд ард түмэн “бодитой, утга учиртай” өөртөө засах эрх эдлэхийг л эрмэлзэж байгаагаа илэрхийлдэг. Тэрбээр хүчирхийлэл хэрэглэхийг мөн эсэргүүцдэг юм.
Гэвч өнгөрсөн амралтын өдрүүдэд Далай ламын элч төлөөлөгчид болон Хятадын Засгийн газрын албан тушаалтнуудын хооронд одоо үргэлжилж буй хэлэлцээ эхлэхээс өмнө тэрбээр Төвөдийн асуудлыг Хятадын удирдлагатай хэлэлцэн шийдвэрлэж чадна гэх “итгэл найдвар, итгэлцэл” нь алдарч байгааг илэрхийлжээ.
Хятадын удирдлагаас түүний баримталж буй “Төв үзэл”-ийн бодлогод ямар ч нааштай хариу өгөөгүй тул цаашдын хэлэлцээг хэрхэн үргэлжлүүлэхийг төвөд ард түмэнтэй зөвлөлдөн шийдэхийг Хилийн чанад дахь Төвөдийн төв захиргаанаас хүсэхээс өөр аргагүй болж байгаагаа Дээрхийн гэгээн мэдэгдсэн байна.
Далай лам 10 дугаар сарын 25-нд Дарамсалад олон хүн цугласан арга хэмжээний үеэр “Хэрэв Хятадын удирдлага хэлэлцээнд үнэнч шударгаар оролцвол би энэ үүрэг хариуцлагыг дахин хүлээх боломжтой болж магадгүй. Тэгвэл би ч тэдэнтэй чин сэтгэлээсээ хэлэлцэх болно” хэмээн айлджээ.










