Энэтхэг улс, Дарамсала хот. Өнөөдөр Дарамсала хотын Намжил дацангийн Зүлэгхан дуганд мянга мянган төвөд, энэтхэг, хятад сүсэгтэн болоод жуулчдаар дүүрэн байлаа. Тэд бүгд Дээрхийн гэгээн Далай ламд мэлмийн гийсэн 77 насны баярын мэндийг хүргэхээр цугларчээ.

Баярын үйл ажиллагаа өглөө эрт Дээрхийн гэгээнд урт удаан наслахыг ерөөсөн уншлагаар эхэлж, Лхажилд сан тавих уламжлалт ёслолоор үргэлжлэв. Төрийн ёслолын албан ёсны хэсэгт Дээрхийн гэгээнийг Жилван Кармапа ринбүүчи, Төвөдийн Дээд шүүхийн комиссарууд, Калон Трипа доктор Лувсансэнгэ, Парламентын дарга Бямбацэрэн тэргүүт төвөдийн шашин төрийн зүтгэлтнүүд халуун дотноор угтан авсан юм. Мөн Энэтхэгийн талаас Химачал Прадеш мужийн Хууль тогтоох хурлын гишүүн, Үйлдвэрлэлийн сайд Кишан Капур тэргүүтэй төлөөлөгчид хүрэлцэн ирж, хүндэтгэл үзүүлэв.
Төвөдийн дотоодод болоод хилийн чанадад амьдарч буй төвөдүүд мөн Төвөдийн Төв Засаг захиргааны нэрийн өмнөөс Калон Трипа доктор Лувсансэнгэ албан ёсны мэдэгдэл хийж, Дээрхийн гэгээнд хамгийн дээд хүндэтгэл, ерөөл залбиралаа өргөн дэвшүүлэв. Тэрээр “Өнөөдөр бол зөвхөн Цаст орны ард түмний хувьд төдийгүй, дэлхий дахины хувьд хамгийн өлзий ерөөлтэй өдөр билээ. Төвөдүүд бид түүхэндээ байгаагүй эмгэнэлт хувь тавилантай нүүр тулж байгаа хэдий ч Дээрхийн гэгээний алсын хараатай удирдлага дор үлгэр жишээ болохуйц дүрвэгсдийн нийгэмлэгийг байгуулж чадлаа" хэмээн онцлон хэлсэн юм.

Үүний зэрэгцээ Төвөдийн Засгийн газраас 8 дугаар сарын 8-ны өдөр дэлхий даяар Төвөдийн төлөөх эв нэгдлийн цуглаан зохион байгуулахыг уриалж, Төвөдийн төлөө амь насаа зориулсан эх орончдоо дурсахаа мэдэгдсэн юм.
Төвөдийн Цагаачлалын Парламентын дарга Бямбацэрэн Төвөдийн дотоод дахь нөхцөл байдал туйлын ноцтой түвшинд хүрч, Хятадын Засгийн газар Төвөдийн ард түмний эсрэг арьс өнгөөр гадуурхах, үндэстнийг нь устгах бодлогыг ил цагаан хэрэгжүүлж байгааг хатуу шүүмжлэв.

Харин Энэтхэгийн талыг төлөөлөн сайд Кишан Капур Дээрхийн гэгээнд урт наслахыг ерөөж, Энэтхэг орныг өөрийн хоёр дахь гэрээ болгон сонгосонд талархал илэрхийлээд, түүний адислалаар Дарамсала хот түүхэнд онцгой байр суурь эзлэх болсныг дурдлаа. Дээрхийн гэгээн Далай лам богино хэмжээний үг хэлэхдээ Төвөдийн дотоодод буй элэг нэгтнүүдийнхээ зориг тэвчээрийг өндрөөр үнэлэн, тэд сэтгэл зүрхээрээ түүний төрсөн өдрийг тэмдэглэж байгааг онцлов. Өнгөрсөн жил улс төрийн эрх мэдлээ шилжүүлсэн Далай лам мэндэлсэн өдрөө тийм ч чухалд тооцдоггүйгээ дурдаад, "Миний хувьд өдөр бүр шинэ бөгөөд өдөр бүр бусдад туслах боломж юм" хэмээн айлдсанаар баярын арга хэмжээ өндөрлөсөн юм.










