Энэтхэг, Карнатака, Былакүппэ, Дашлхүнбэ хийд - 2025 оны 1-р сарын 3-ны Баасан гарагт Дээрхийн гэгээнтэн Далай лам бээр өвлийн амралтаа дулаан газар өнгөрүүлэхээр Дарамсалагаас Өмнөд Энэтхэгийг зорин хөдөллөө. Замын хажуугаар эгнэн зогссон төвөд болон бусад үндэстнүүд Дээрхийн гэгээнтнийг аян замдаа сайн явахыг ерөөв.
Тэрбээр замдаа Шинэ Делид нэг өдөр саатаж, өчигдөр Бенгалуру руу нисэж, тэндээ дахин нэг өдрийг өнгөрөөжээ. Өнөө өглөө нисдэг тэргээр Былакүппэ дахь төвөд сууринд хүрэлцэн ирэв. Түүний нисдэг тэрэг Дики Ларсо хөлбөмбөгийн талбайд газардлаа.
Дээрхийн гэгээнтнийг Майсур дүүргийн захиргааны төлөөлөгч, Дашлхүнбэ хийдийн хамба лам, төвөдүүдийн өмнөд суурингийн тэргүүн, мөн Өмнөд Энэтхэгт байрлах таван төвөд суурингийн төлөөлөгч нар угтан авч уулзав.
Дашлхүнбэ хийд хүртэл 5.5 км зам дагуу төвөд үндэстэн, лам хувраг, өндөр настан, тэргэнцэртэй, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдээс бүрдсэн сүсэгтэн олон эгнэн зогсож, гартаа хадаг, хүж барин угтлаа Шар малгайтай лам нар бүрээ, бөмбөр, цан хөгжим тоглож байв. Былакүппэ дуурийн хамтлагийнхан дуулж бүжиглэсээр угтав.
Дашлхүнбэ хийдийнхэн Дээрхийн гэгээнтнийг хийдийнхээ өмнө гарч ирэн угтлаа. Хийдийн үүд хүртэлх замыг өнгө өнгийн өлзийт найман тахилаар чимэглэсэн байв. Ариун дашгин хийдийн үүдийн өмнөх замыг цэцгийн дэлбээгээр хулджээ. Дээрхийн гэгээнтний сууж явсан машин хийдийн гол хаалганд ойртон зогслоо. Түүнийг Дашлхүнбэ хийдийн саяхан шинээр томилогдсон хамба лам Гандан Три Ринбүүчи болон өмнөх хамба лам Гандан Три Ринбочи нар угтан авлаа.
Дээрхийн гэгээнтэн хийд рүү залбирсаар заларлаа. Тэрбээр сэнтийд залармагцаа өлзий ерөөлийг бэлгэдэн зул асаав. Хамба лам мандал өргөж, бурханы таалал, зарлиг, лагшин зэргийг бэлгэдсэн өргөл өргөлөө. Дээрхийн гэгээнтний хоёр багшийн зохиосон “Далай ламын өлмий бататгах залбирал”-ыг уншин, манз, бэрээсээр цайлав. Дараа нь Дээрхийн гэгээнтэн цугларсан олонд хандан ийн айлдав.
“Өнөөдөр би анхдугаар Далай лам Гэндэндүв гэгээнтний үүсгэн байгуулсан Дашлхүнбэ хийдэд хүрэлцэн ирлээ. Тус хийд нь лам нарын буддын гүн ухаан, нотлохуйн ухааны сургалтаараа Төвөдөд алдартай байв. Мөн Гялва Энсепа нь номын шимийг заах арга барилаараа алдаршсан байсан юм.
“Төвөдөд болсон үймээн самууны дараа Дашлхүнбэ хэмээх энэхүү ном эрдмийн төвийг Энэтхэгт дахин байгуулсан юм. Энэ бол Төвөдийн хамгийн чухал сүм хийдүүдийн нэг юм. Гэндэндүв гэгээнтэн энэхүү хийдийг байгуулжээ. Түүний залгамжлагчийн хувиар өнөөдөр энд ирсэн маань нэр төрийн хэрэг тул би их баяртай байна.
“Хийдийн гол зорилго бол миний үргэлж зөвлөдөгчлөн, шашин номын сургалтын хөтөлбөрт шамдан сургалцаж, боловсрон мэдсэн зүйлсээ амьдралд хэрэгжүүлэх боломжийг лам хуврагуудад олгох эрдэм судлалын төв байх явдал юм.
“Өнөөдөр буддын шашингүй хүмүүс хүртэл Бурханы сургаалыг сонирхож байна. Тэдний дунд олон эрдэмтэн манай уламжлалын учир шалтгааны ухаанд ихэд татагддаг. Энэ бол бидний олон зууны турш хадгалж ирсэн уламжлалт ухаан юм."
Дээрхийн гэгээнтэн тун саяхан Бодтгаяа дахь Тайландын үзэсгэлэнт сүмд болсон Гурван сургаал болон буддын гурван аймаг савыг судлах хуврагуудын нэгдсэн чуулганд оролцсон тухайгаа дурсав. Чуулганы үеэр тэрээр цугларсан олны дунд байхдаа Бурхан багшийн дүрийг сэтгэлдээ буулгасан байна. Гэгээрсэн Бурхан түүн рүү дохиж, хажуудаа суухыг урив. Бурхан багш бээр Дээрхийн гэгээнтний номын төлөөх чин үнэнч зүтгэлд нэн таалалтай байгаа нь тодорхой байсан ажээ.
“Энд байгаа сүм хийдийн лам хуврагууд Бурхан багшийн сургаалыг хадгалан үргэлжлүүлэхийн тулд, ялангуяа цаг доройтсон өнөө үед илүү их чармайн ажиллах хэрэгтэй байна. Бурхан багшийн сургаалыг Хятадад болон уламжлалаараа буддын шашин шүтдэггүй байсан орнуудад сонирхож эхэлж байна. Энд цугларсан бидний дагаж мөрддөг уламжлал бол учир шалтгаан, учир зүйг чухалчилдаг. Учир зүйн ухаанаар бол сахилга баттай байх юм бол бид сөрөг сэтгэл хөдлөлөө хянаж сурдаг. Энэ бол зүгээр нэг итгэл үнэмшлийн асуудал биш, харин оюун ухаан, сахилга батыг ашиглан дотоод сэтгэлийн амар амгаланг бий болгож болдог явдал юм. Энэ арга нь Бурхан багшийн сургаалын онцлог билээ.
“Бид гэгээрлийн хутгыг олох талаар ярьдаг, гэхдээ бид үүнийг зөвхөн итгэл үнэмшлийн үндсэн дээр биш, харин учир шалтгаан, учир зүйн ухаан дээр тулгуурлан олох боломжтой. Бурхан багшийн сургаалын чин үнэнч дагагч хувраг хүний хувьд би өглөө сэрмэгцээ бодь сэтгэл, хоосон чанарын тухай бясалгадаг. Үүнийг өдөр бүр хийдэг бөгөөд энэ нь надад итгэлийг өгдөг билээ. Та бүхэндээ баярлалаа."
Цугласан лам хуврагууд “Үнэн айлдвар” залбирал, V Далай ламын "Нууцын үзэгдлүүд"-ээс уншин, Гурван эрдэнийн хүчээр бүх түйтгэр, саад тотгорыг арилгах ерөөл тавилаа. Энэ үед Дээрхийн гэгээнтэн хийд дэх байр руугаа гадаалав.
Орчуулсан Д.Халиун