Энэтхэг, Дели хот - Дээрхийн гэгээн XIV Далай ламын энэрэх сэтгэл, харилцан хамаарлын талаарх сургаалд урамшин, дэлхийн өнцөг булан бүрээс цугласан хүмүүнлэгийн байгууллагуудын төлөөлөл болон орчим 75 хүн дэлхий нийтийн сайн сайхны төлөө хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх зорилготой “Делигийн хэлэлцүүлэг”-т оролцлоо. Энэ нь анхны удаагаа том, жижиг төрийн бус байгууллагуудыг нэг дор цуглуулсан бөгөөд хамтын ажиллагаа, харилцаа холбоо, бодит боломжуудыг нээх хийгээд давхраажилтаас зайлсхийх зорилготой байв.
Өдрийн турш үргэлжилсэн арга хэмжээний үеэр ядуурал, орон нутгийн хөгжил дэвшил, боловсрол, зөрчил маргааныг шийдвэрлэсэн байдал, шударга ёс, жендерийн тэгш бус байдал зэрэг дэлхий нийтэд тулгамдсан асуудлуудад төвлөрөн ажилладаг байгууллагуудын төлөөллүүд илтгэж, Дээрхийн гэгээн XIV Далай ламаас зөвлөгөө, санал хүсэлтээ харамгүй хайрлахыг хүслээ.
Дээрхийн гэгээн XIV Далай ядуу тарчиг, ялгаварлан гадуурхагдсан хүмүүс өөрсдийгөө бусдаас доогуур үзэх хандлагатай байдаг тухай дурдсан юм. Тэрээр Өмнөд Африкийн Соуэто хотын нэгэн айлд зочлох үеэр нутгийн багш тэндхийн хүмүүс өөрсдийгөө “дутуу” хэмээн үздэг талаар ярьсныг дурсан, “Ийм хандлага буруу. Хүн бүр ижил боломж, чадвартай” хэмээн хэлсэн тухайгаа хуваалцав. Тэгэхэд багш санаа алдаж, “Таны хэлсэн үгийг ойлгож байна аа” хэмээн шивнэсэн гэнэ. Үүнээс хойш Дээрхийн гэгээн XIV Далай лам тус айлын гурван хүүхдийн боловсролд хөрөнгө оруулж, ивээн тэтгэсэн бөгөөд хүүхдүүд нь одоо ч сурсаар байна.
Зураг. Дээрхийн гэгээн XIV Далай лам “Делигийн хэлэлцүүлэг”-ийн үеэр хэлэлцүүлгийн төлөөлөгчидтэй хамт буй агшин. Энэтхэг, Дели хот. 2011 оны 1 дүгээр сарын 8. Гэрэл зургийг Дэнзин Tахла.
“Хүндлэл үзүүлж, өөрсдийгөө хүн гэдгийг нь мэдрүүлэн, зовлонг даван туулах итгэл найдвар өгч байх хэрэгтэй” хэмээн Дээрхийн гэгээн XIV Далай лам уриалав.
Энэтхэгийн Ерөнхийлөгч асан доктор А.П.Ж.Абдул Калам Дээрхийн гэгээн XIV Далай ламын хамт хөдөө, орон нутгийн ядуурлын тухай хэлэлцүүлгийг ахлан удирдсан бөгөөд тэрээр орон нутгийн хөгжлийг дэмжих “Хөдөө орон нутгийг хотын хэмжээний тохилог орчин, үйлчилгээгээр хангах” буюу PURA (Providing Urban Amenities to Rural Areas) хөтөлбөрийн туршлагаасаа хуваалцсан юм. Энэтхэгийн 700 сая хүн 600,000 орчим тосгонд амьдардаг бөгөөд хөдөө, орон нутгийн хөгжил бол улсын ирээдүйн түлхүүр гэж тэр үздэг. Одоогоор 7,000 гаруй “Хөдөө орон нутгийг хотын хэмжээний тохилог орчин, үйлчилгээгээр хангах” буюу PURA төв байгуулагдсан бөгөөд тус бүр 20 тосгоныг хамарч байна.
Ричард Мур нэгэн британи цэргийг уучилж, түүнтэй нөхөрлөсөн ирланд эр өөрийн “Мөргөлдөөн дунд гацсан хүүхдүүд” буюу “Children in Crossfire” байгууллага нь Африк, Умард Ирланд дахь маргаантай бүс нутаг дахь үйл ажиллагааныхаа талаар танилцууллаа. Дээрхийн гэгээн XIV Далай лам түүнд “Миний баатар” хэмээн нэр хайрлаж байжээ. Мур инээмсэглэн, “Миний хот Деррид намайг “Дерри лам” хэмээн тоглоом шоглоом болгон дууддаг болсон” хэмээхэд танхим инээдээр бялхав.
Мөн Мур Дээрхийн гэгээн XIV Далай лам Умард Ирландын төр, цэргийн хүчний хүчирхийллийн золиос болсон иргэдтэй уулзах үеэр нэгэн эмэгтэй нөхрөө алдан зовж шаналж байсан ч “Та надад нөхрийн минь амийг хөнөөсөн хүмүүсийг уучлахад тус боллоо” хэмээн хэлсэн сэтгэл хөдлөм мөчийг дурсан ярилаа.
Оролцогчдын дунд нийтлэг хөндөгдсөн нэгэн асуудал бол төрийн бус олон байгууллага үр дүнтэй ажилладаг ч 10 хүрэхгүй жилийн хугацаанд хаалгаа барьдаг явдал байв. BRAC (Бангладеш)-ын Доктор Фазал Абдел энэ асуудлыг даван туулахын тулд хүний нөөц, санхүүгийн хяналтын тогтолцоог цаг тухайд шинэчлэх мөн шийдэмгий байдал, тэсвэр хатуужлыг үнэт зүйл болгон хадгалахыг санал болголоо.
Шинжлэх ухааны эрдэмтэн, лам Маттью Рикар нь Сычуань, Юүшү муж дахь газар хөдлөлтийн улмаас олон хүүхэд амиа алдсан бүс нутагт газар хөдлөлтөд тэсвэртэй сургууль барих амлалт өгсөн талаар дуулгав.
Жо Мадиатын “Gram Vikas” хөтөлбөр нь хөдөө орон нутгийн эмэгтэйчүүдийн ус зөөх, түлээ түүх зэрэг хүнд хөдөлмөрийг хөнгөвчилснөөр охидын сургуулийн хамрагдалтыг нэмэгдүүлсэн амжилтын талаар илтгэв. Төслийг эхлүүлэх үед сургуулийн насны охидын 10 хүрэхгүй хувь нь хичээлд явдаг байсан бол одоо энэ тоо 90%-иас давжээ. Тус төсөлд төвөд дүрвэгчид ч хамрагджээ.
Зураг. Дээрхийн гэгээн XIV Далай лам БНЭУ-ын ерөнхийлөгч асан доктор Агдул А.П.Ж.Каламд Хойд Ирландын Ричард Mурыг “Миний баатар” хэмээн танилцуулж буй нь. Энэтхэг, Дели хот. 2011 оны 1 дүгээр сарын 8. Гэрэл зургийг Дэнзин Tахла.
BRAC-аас Бангладешт ажиллуулж буй 200 гаруй сургууль өнгөрсөн жилийн шалгалтаар өндөр төлбөртэй, чинээлэг хувийн сургуулиудаас ч амжилттай дүн үзүүлжээ. BRAC нь голчлон охидын боловсролд төвлөрөн ажилладаг бөгөөд өөр тосгодын нийт 8 сая эмэгтэйг хамарсан байна.
“Prayas” байгууллага Энэтхэг даяар гудамжны 35,000 орчим хүүхдэд боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ болон орон байраар хангаж байна. Захирал Амот Кантийн хэлж буйгаар одоог хүртэл 60 сая хүүхэд сургуулийн боловсрол эзэмшиж чадахгүй байгаагаас 35 сая нь маш хүнд нөхцөлд, зарим нь хүний наймаа зэрэг шударга бус байдалд өртсөн байна. “Prayas” нь төвөд хүүхдүүдэд солилцооны хөтөлбөр ч хэрэгжүүлж байна.
Канадын “Хүүхдүүдийг чөлөөл” буюу “Free The Children” байгууллагын үүсгэн байгуулагч Крейг Килбургер нийт 650 сургууль босгосон бөгөөд Ванкуверт төвтэй Дээрхийн гэгээн XIV Далай ламын Энх тайван, Боловсролын төвтэй хамтран Ганьсу, Сычуань, Энэтхэг, Африкт төрөл бүрийн хөтөлбөрөөр дамжуулан хүүхдүүд өөрсдөө сургууль барих сан бүрдүүлсэн хөтөлбөрийг хэрэгжүүлжээ. Тэрээр Дээрхийн гэгээн XIV Далай ламаас эш татан хэлэхдээ, “Хамгийн том сорилт бол дэлхийн асуудлыг шийдэх бус, харин хүүхдүүдийг энэ асуудалд сэтгэл тавьдаг болгож хүмүүжүүлэхэд оршдог” хэмээв.
Банкер Ройгийн “Хөл нүцгэн коллеж” буюу “Barefoot College” нь бичиг үсэг тайлагдаагүй настнуудыг, тэр дундаа төвөдүүдийг нарны эрчим хүчний инженерээр сургаснаар тосгодыг цахилгаантай болгох өвөрмөц арга хэрэглэж байна. Энэ оны эхээр тэрээр Дээрхийн гэгээн XIV Далай ламыг хоёр настантай танилцуулсан бөгөөд тэд хожим инженер болсон юм. Тус ТББ нь Африк, Хималайн бүс нутгуудад үйл ажиллагаагаа явуулж байна.
Канадын “Өрөвч сэтгэлийн үндэс” буюу “Roots of Empathy” байгууллага нь хүүхдүүдэд сэтгэл хөдлөлийн ухаалаг байдлыг төлөвшүүлэх замаар “зүрхний цөлжилт”-ийг зогсоохыг зорьдог тухай үүсгэн байгуулагч Мэри Гордон ярилаа. Тэрээр өндөр хөгжилтэй орнууд орчин үеийн боловсрол, эдийн засгийн дэвшилттэй ч сэтгэл хөдлөлийн боловсролгүй болсныг онцлов. 2010 он гэхэд тус байгууллагын нөлөө Хойд Америк, Европ даяар 300,000 гаруй хүүхдэд хүрчээ.
Мөн Лейла Чирият Жанах (Samasource), Саураб Адхикари (Shiv Nadar Foundation), Жефф Уолкер (Millennium Promise), Хатагтай Мфо Туту (Tutu Institute for Prayer), Кэролин Майлз (Save The Children), Пегги Дулани (Synergos), Зайнаб Салби (Women for Women International), Барун Моханти (Michael and Susan Dell Foundation), UNICEF, Женнифер Баффетт (NoVo), Ражив Мехротра (Foundation for Universal Responsibility), Ручира Гупта (Apne Aap), Мохаммад Муса (CARE), Омидиар (Network) нар байгууллагаа төлөөлөн илтгэв.
Энэхүү арга хэмжээг Дээрхийн гэгээн XIV Далай ламын хамт “Уучлалын ухаан” номыг хамтран зохиосон хятад гаралтай канад зохиолч Виктор Чан хөтлөн явуулсан бөгөөд тэрээр мөн “Төвөдийн гарын авлага: Сүсэгтний аяллын хөтөч” номыг зохиосон билээ.
Англи хэлнээс орчуулсан T.Ялгуун