Шинэ Дели, Энэтхэг – Америкийн хүмүүнлэгийн үйлстэн Бобби Сагер 19 жилийн өмнө Дээрхийн гэгээн Далай ламтай анх уулзахдаа сайн санааны төсөл хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа уламжлахад Дээрхийн гэгээнтэн Төвөдийн хийдүүдэд шинжлэх ухааны боловсролыг дэмжихэд туслахыг зөвлөж байжээ. Өнөө өглөө Дэлхийн залуу удирдагчдын хурлын 47 гишүүнийг дагалдан ирсэн Сагер Дээрхийн гэгээнтэнтэй дахин уулзлаа.
Дээрхийн гэгээнтэн хүндэт ахан дүүс нар минь хэмээн тэдэнд хандаад, хүн төрөлхтний аз жаргал хэмээх нийтлэг зорилгын төлөө чин сэтгэлээсээ зүтгэж буй хүмүүстэй уулзахдаа баяртай байгаагаа илэрхийлэв.
"Өчигдөр би юмс хувьсан өөрчлөгддөг гэж дурдсан. Энэ бол байгалийн нэг хэсэг. Муу зүйл мөнхөд муугаараа үлддэггүй, сайн зүйл ч мөн адил. Аливаа юмс өөрийг нь бий болгосон шалтгаан болон бусад хүчин зүйлсийн улмаас өөрчлөгдөж байдаг. Ямар ч ноцтой зүйл болсон бай, хэрэв бид оюун ухаанаа ашиглан, хортой сэтгэл хөдлөлийнхөө нөлөөлд авталгүйгээр зөв сэтгэж чадвал бидний оюун ухаан үнэн бодит байдлыг олж харах чадвартай. Сэтгэл хөдлөл давамгайлахад бид зөвхөн нэг талыг харж байдаг бол сэтгэл санаа тайван байхад бидний оюун ухаан бодит байдлыг бүхлээр нь харж чадна."
"Би өнөөдөр амьдарч буй 7 тэрбум хүний л нэг учраас бүх хүн төрөлхтөн нэгэн адил гэдэг ойлголтоор энэрэл нигүүлслийг дэвжээхийг хичээдэг. Энэхүү сэтгэлгээ надад асар их ач тустай. Би хэн нэгэнтэй уулзахдаа хоёр нүд, нэг хамартай гэх мэтээр тэднийг бие махбод, оюун санаа, сэтгэл хөдлөлийн хувьд надтай адилхан гэдгийг ойлгодог. Тэд надад эгч, эсвэл ах шиг минь санагддаг.”
"Буддын шашны хувраг хүний хувьд би шашин хоорондын эв найрамдлыг дэмжих үүрэгтэй гэж санадаг. Бидний харж байгаачлан өнөө үед шашны нэрээр бие биенээ хөнөөж байгаа нь үнэхээр санаанд багтамгүй зүйл. Бүхий л шашны уламжлалууд хайр энэрлийн тухай сургаалийг хүмүүсийн янз бүрийн араншинд тохируулан өөр өөр арга барилаар дамжуулдаг. Тэдний зорилго бол хүмүүсийг илүү шударга, үнэнч болгох явдал. Энэтхэгт цэцэглэн хөгжиж буй бүх шашны уламжлалуудын дунд эв найрамдал ноёрхож байгааг бид харж байна. Жишээ нь, би энэ улсад суннит болон шиитүүдийн хооронд зөрчилдөөн гарсан тухай хэзээ ч сонсож байгаагүй бөгөөд энэ зургадугаар сард Энэтхэгийн лалын шашинтнууд үүнийг тодорхой болгохоор хурал хийх гэж байна."
"Мөн би төвөд хүн, Төвөдийн ард түмний итгэл найдварыг тээсэн нэгэн. Гэхдээ улс төрийн хариуцлагын хувьд би 2001 оноос хойш чөлөөлөгдсөн. Аль хүүхэд байхаасаа л би бүх эрх мэдлийг хэн нэгэн засаг баригч, эсвэл Далай ламын гарт байлгах нь буруу гэдгийг мэддэг байсан. 1950 онд улс төрийн үүрэг хариуцлагыг хүлээж авсныхаа дараа би шинэчлэл хийх хороог байгуулсан боловч Хятадууд аливаа өөрчлөлтийг өөрсдийнхөөрөө хийхийг хүсч байсан тул амжилт олоогүй. 1960 онд Энэтхэгт ирснийхээ дараа бид ардчилсан тогтолцоог бий болгохоор ажиллаж эхэлснээр 2001 онд анх бүрэн бүрэлдэхүүнээрээ сонгуулийн журмаар шийдэгдсэн удирдлагатай болсон билээ."
"Үүний зэрэгцээгээр, Төвөдийн өндөрлөгөөс олон томоохон гол мөрөн эх авч урсдаг учраас Өмнөд болон Зүүн Өмнөд Азийн ард түмний хувьд чухал ач холбогдолтой тул би Төвөдийн байгаль орчныг хамгаалахын төлөө дуу хоолойгоо өргөсөөр байна. Гэвч намайг хамгийн ихээр зовоож буй зүйл бол Төвөдийн Тэсрин Дэнзин хааны зарлигаар 8-р зуунд тус улсад орж ирсэн Энэтхэгийн Наландагийн уламжлалыг үндсэндээ хадгалж үлдээд байгаа Төвөдийн соёлыг хадгалах явдал юм. Философи, сэтгэл судлал, логик төвтэй энэ уламжлалыг бид мянга гаруй жилийн турш уламжлан хадгалж ирсэн. Энэ бол Буддын шашинтай бусад улс орнуудад байдаггүй арга барил."
"13-р зууны Төвөдийн их багш Сажа Бандида логикийн тухай бүтээл туурвисан байдаг. Төвөдүүд бид түүнийг болон Ловон Дигнага, Дармагирти нарын бүтээлийг судалдаг. Оюун ухаан минь саруул хэвээрээ байгааг би логикийн сургалттайгаа холбож ойлгодог.”
"Эртний Энэтхэгийн мэдлэгийг орчин үеийн Энэтхэгт сэргээн дэлгэрүүлэхийг би чармайж ажилладаг. Учир нь энэ улс л энэ мэдлэгийг орчин үеийн боловсролтойгоо хослуулж чадна хэмээн би итгэдэг. Өмнөд Энэтхэгт дахин байгуулагдсан шашны их сургуулиудад хүний оюун санаа, сэтгэл хөдлөл хэрхэн ажилладаг талаарх энэхүү эртний мэдлэгээс суралцсан 10,000 орчим лам, 1000 орчим гэлэнмаа бий."
"Наландад өнөөгийн бидний мэддэг шинжлэх ухааныг судалж байгаагүй боловч түүнийг асар их ач холбогдолтой байсныг өнөөдөр мэддэг болсон. Шинжлэх ухааны эрдэмтэд болон Төвөдийн Буддын шашны эрдэмтэн судлаачдын уулзалтууд харилцан үр ашигтай болж байна. Будда янагуух болон чинагуух хэмээх хоёр үнэнийг заасан байдгийг эрдэмтэд хүлээн зөвшөөрдөг. Орчуулагдаад буй 300 гаруй боть Буддын шашны ном зохиол дотор эрдэмтдийн сонирхлыг татах олон зүйл бий."
Сонсогчдын нэг нь үйлийн үрийн талаар асуусанд Дээрхийн гэгээнтэн, тохиолдож байгаа асуудалд үйлийн үрийг буруутгаад, түүний талаар юу ч хийх боломжгүй мэтээр хандах нь тун залхуу хандлага шүү. Хэн энэ үйлийг үрийг бүтээгээд байна вэ гэж асуух хэрэгтэй, хариулт нь харин бид өөрсдөө юм хэмээн хариулав.
"Бид муу үйл хийсэн байлаа ч сайн үйл хийж түүний үрийг өөрчилж болно. Бид холыг хараагүйгээсээ болоод асуудал үүсгэх гээд байдаг. Хүн төрөлхтөн боловсролын үрээр өөрчлөгдөх чадамжтай гайхалтай оюун ухаантай. Бид алив зүйлсийг өөр өөр өнцгөөс харах хэрэгтэй. Бид юмс үзэгдлийг шинжлэх ухаанч хандлагаар судлан шинжилж ойлгож чадна. Хүмүүс өөр өөрийн зан авираас хамаарч философийн өөр өөр үзэл баримтлалыг баримталдаг. Буддын шашны дотор ч гэсэн олон янзын философийн урсгалууд бий."
"Өнөө үед ардчилсан нийгэмд хүмүүс ямар шашны уламжлалыг дагахаа сонгох эрхтэй. Буддын шашин буюу өөр ямар нэгэн уламжлалыг хамгийн сайн нь гэж хэлэх нь яг л тодорхой нэгэн эмийг бүх хүнд хамгийн сайн үйлчилнэ гэхтэй адил боломжгүй зүйл.”
Дээрхийн гэгээнтнээс хиймэл оюун ухааны талаар асуухад тэрээр хариулахдаа, хиймэл оюун олон салбарт маш их тустай гэдэг нь дамжиггүй. Гэсэн хэдий ч хиймэл оюун ухаан нь эцсийн дүндээ хүний оюун ухаанаар бүтээгдсэн тул зарим хүмүүсийн айдаг шиг хүн төрөлхтнийг бүрэн эзэлнэ гэж би төсөөлөхгүй байна. Ухамсар гэдэг зөвхөн мэдрэхүйн үйл ажиллагаануудаар хязгаарлагдахгүй. Оюун санааны ухамсар бол маш төвөгтэй, нарийн, хүчирхэг зүйл хэмээв. Эцэст нь Дээрхийн гэгээнтнээс энэрэнгүй, сайхан сэтгэлийг хэрхэн төлөвшүүлэх талаар асуулаа.
"Хүнд төрөлхөөсөө байдаг эдгээр чанаруудыг боловсрол, сургалтаар дамжуулан дэмжиж, сайжруулснаар эцсийн дүндээ бодисадвын энэрэнгүй, сэхээрсэн сэтгэлийг үүсгэх боломжтой. Шантидэва гэгээн "Бодисадвын явдалд орохуй" бүтээлдээ:
“Энэ ертөнцөд ямар баяр баясгалан байна
Бүгд бусдыг жаргалтай байгаасай гэсэн хүслээс үүснэ,
Энэ ертөнцөд ямар зовлон байна
Бүгд өөрийгөө жаргалтай байгаасай гэсэн хүслээс үүснэ.
Өөрийн жаргалыг
Бусдын зовлонгоор арилжихгүй бол,
Өнө холын гэгээрэл байтугай
Өнгөт орчлонгийн жаргалыг ч эс үзьюү.” хэмээн айлдсан байна.
“Энэрэнгүй сэтгэл бол аз жаргалын туйлын эх сурвалж. Өөрийгөө л бодох нь зөвхөн түгшүүр, стресс үүсгэнэ. Дайснуудаа өөрийн найзууд байж болох юм гэж бод. Дэлхийн 7 тэрбум хүн төрөлхтнийг нэгэн нийгмийн эд эс гэж бод."
Англи хэлнээс орчуулсан Б.Одгэрэл