Энэтхэг, Карнатака, Мундгод – Өнөө өглөө Дээрхийн Гэгээн Далай лам Бэрээвэн Гоман хийдээс ойрхон зайнд орших Гандан хийд рүү мориллоо. Түүний эхний зогсоол нь Жанцэ коллеж байсан бөгөөд тэнд түүнээс Богд Зонхов болон Дээрхийн гэгээний хөшөөгөөр чимэглэгдсэн шинэ хичээлийн танхимын барилга болон номын санг адислаж өгөхийг хүссэн юм.

Дээрхийн гэгээн нүүрэндээ инээмсэглэл тодруулан морилон орж ирэхэд бүрээ бишгүүр дуугарч байв. Түүнийг Гандан ширээт лам угтан авлаа. Дээрхийн гэгээн ёслолыг нээж зул асаав. Түүнд мандал болон Бурханы лагшин, зарлиг, тааллын бэлгэдлийг өргөн барилаа. Өглөгийн эзэд цуваагаар явж өргөл өргөж байв. Энэ үеэр оролцогчдыг цай, амтат бэрээсээр дайлав.
Дээрхийн гэгээний сэнтий хоёр хөшөөний зүг харсан байв. Түүний заларсан сэнтийнээс хөшөөнүүд рүү утас татан холбож, Дээрхийн гэгээнтэй бодит холбоо үүсгэжээ. Тэрээр адислалын ном уншсаны дараа түүнд барилгын зориулалт болон түүнийг адисласан тухай төвөд болон англи хэлээр бичсэн дурсгалын самбаруудыг танилцуулав.
Шри Ланкийн тэргүүн лам шинэ хоёр барилгын дунд тарих бодь модны суулгацыг адислуулахаар түүнд өргөн барив.
Дараа нь Дээрхийн гэгээн шинээр баригдсан Гандан Сэрдон Хан буюу өөрийн адисласан урьдын Гандан ширээт лам нарыг хүндэтгэн дурсах Алтан бунхан руу машинаар морилов. Энэхүү шинэ барилга Гандан Лачи хийдийн хажууд байрлаж байна.
Түүнийг Гандан Лачи хийдэд морилон ирэхэд зам нь цэцгийн дэлбээгээр хучигдсан байлаа. Дээрхийн гэгээнийг Даши Шолпагийн бүжигчид болон Төвөдийн янз бүрийн бүс нутгийг төлөөлсөн бүжигчид хүндэтгэлтэйгээр угтан авав. Тэрбээр тагтан дээрээс Цасан арслангийн бүжигчидтэй хөгжилтэйгээр наргиан хийхэд тэд тааламжтайгаар мушгиран хариу мэндчилэв. Тэрбээр бат оршил өргөх ёслолыг эхлүүлэн зул асаасан бөгөөд түүнийг Гандан Лачи хийдийн чуулганы танхимд байрлах сэнтийд нь алтан шаргал өнгийн ёслолын том шүхэр дор Гандан ширээт лам, Гандан Шарцэ болон Жанцэ хийдийн хамба лам нар, Мундгод дахь Төвөдийн суурьшлын төлөөлөгч, мөн Гандан хийдийн гэсгүй лам нар хүргэж өгөв.

Дээрхийн гэгээнийг сэнтийдээ заларсны дараа Гандан ширээт лам түүнд цагаан торгон хадгийг өргөн бариад түүний өөдөөс харан залран сууж, Шарцэ Чойжэ болон Шарцэ, Жанцэ хийдийн хамба нарын хамт өнөөдрийн ёслолыг удирдан явууллаа. Сүүлийн өдрүүдэд ширээт лам өнөөдрийн Бат оршил өргөх ёслолд зориулсан бэлтгэл болох цэ-друбыг удирдаж байсан юм. Өнөөдрийн "Үхэшгүй мөнхийн балт бумба" хэмээх зан үйлийг Жэ Цэзинма хэмээн нэрлэдэг бөгөөд насны бурхадын нэг болох Аюуш бурханы дүрээр Богд Зонхов дээр төвлөрөн залбирдаг зан үйл юм. Богд Зонхов мөнхийн балны ваарыг барьж барьж буйгаар бясалгана. Мигзэм магтаалын гурав дахь мөрөнд “Цаг бусын үхлийг ялан дийлэгч Аюуш бурхан” гэж дурдсан байдаг. Энэхүү зан үйлийг анх Бэрээвэн Гоман хийдийн их багш Гүнру хувилгаан Ганжуур лам Тэнпа Чопэлийн хүсэлтээр тухайн үеийн Шарцэ Чойжэ, Ёнзон Лин хувилгаан, Лувсан Лунтог Тэнзин Тринлей нар зохиожээ.
Ёслол нь Дээрхийн гэгээнийг Богд Зонховын дүрээр инээмсэглэсэн, цагаан царайтай, ламын шар нөмрөг, бандида малгай өмссөн дүрд хувилган төсөөлснөөр эхэллээ. Тэрбээр баруун гартаа мэргэн ухааны илд бүхий утпала цэцгийн ишийг барьсан байна. Зүүн гартаа үхэшгүй мөнхийн бал агуулсан ваар, хүслийг биелүүлэгч модны мөчир, судар барьсан байв. Тэрбээр гэрэл цацруулан Ламын бие дээр гарч ирэх Буддагийн оронг гэрэлтүүлнэ. Түүний биений гурван хэсэгт цагаан Ом, улаан А, хөх Хум үсэг тэмдэглэглэгдсэн байна.
Дараа нь түүнд “Ялагч танд магтаал өргөе; олон зууны турш боловсрон, энэрэн нигүүлсэх сэтгэлд суралцан, бүх ерөөл залбирлыг биелүүлсэн та өнөөдөр хамаг амьтдын төлөө гэгээрлийн үйлсийг бүтээгээрэй. Хамаг амьтдыг чөлөөлөхийн тулд бүхий л гайхамшгийг бүтээгээрэй” хэмээн магтаал, хүсэлтийг өргөлөө.
Мэргэдүүд Ламд шингэв. Түүнд найман тахил болох ундны ус ба бусад өргөлүүдийг өргөлөө. Мөн түүнд зориулан ‘Долоон гишүүнт залбирал’ уншигдав.
Ламд цогчид өргөж, тэрбээр түүнээс амсав. Энэ ёслолд Важра-ачарьягийн үүргийг гүйцэтгэж буй Гандан Ширээт лам, Шарпа Чожэ, Гандан Шарцэ болон Жанцэ хийдийн одоо ба өмнөх үеийн хамба нар, Нингма хийдийн хамба, Гандан хийдийн захиргааны тэргүүнүүд болон өглөгийн эзэд Дээрхийн гэгээнээс адис авахаар түүнд ойртон очив. Гандан ширээт лам ном уншиж, Урт насны сумыг Дээрхийн гэгээнд өргөн барьсныг тэрбээр хүлээн авлаа. Цогчидийг цугларагсдад тарааж байх хооронд сэнтийн эргэн тойрон дахь тэргүүн лам нар зүрхэндээ жижиг очир барьж, өнгөт утсаар холбогдон, Ламыг өнөд удаан наслахын төлөө залбирал үйлдэв.

Гандан Ширээт лам Гандан Шарцэ, Жанцэ хийдийн хамба лам нар болон суурьшлын албаны ажилтан нар хамтран мандал, Бурханы лагшин, зарлиг, тааллын бэлгэдлийг өргөн барьж, Дээрхийн гэгээнийг өнө удаан наслах хүсэлт айлтгав. Үүнээс гадна тэд мөнхийн рашааны балтай бумба, насны рашаан, насны үрэл, ламын хувцас, сэнтийн олбог, бадар аяга, карсил буюу ламын таяг, язгуурын таван Бурханы бэлгэдэл, төрийн долоон эрдэнэ, найман тахил, өлзийт найман зай сэлтийг өргөн барилаа.
Ламыг бүх Бурхдын бодит биелэл хэмээн төсөөлөн түүнд өргөлийн зүйлсийг өргөн барьж, Богд Зонховын сургаалыг хамаг амьтанд түгээхийн тулд энэ ертөнцөд өнө удаан оршихыг айлтгалаа. Ламын оюун ухаанд Арьяабалын долоон эрдэнэ багтсан хэмээн төсөөлөв.
Дээрхийн гэгээнийг өнөд удаан наслах залбирал болон түүний урт тарни болох Ум Ах Гуру Важрадхара Бхаттарака Манзушри Вагиндра Сумати Жнана Шасана Дара Самудра Шри Бадра Сарва Сиди Хум Хум тарни уншигдах үеэр өргөл өргөсөн хүмүүсийн жагсаал хийдээр дүүрэн байв.
Төвөд иргэдийн суурьшлын албаны ажилтан хатагтай Ринчэн Ванмо Дээрхийн гэгээнийг Жанрайсиг Бурханы хувилгаан хэмээн хүндэтгэн түүнд хүсэлт өргөв. “Бид бүгд таныг гүн бат итгэлээр шүтэн биширдэг билээ. Та Бурханы сургаал болон Төвөдийн ард түмний хувьд чухал үед 90 нас хүрлээ. Та биднийг удирдан чиглүүлэхийн тулд ихээхэн чармайлт гаргасан бөгөөд Дөгүлингийн Төвөд суурингийнхан бид танд нэг үзүүрт сүсэг бишрэлээ илэрхийлж, таны 90 насны ойг тохиолдуулан алт, мөнгөн Номын хүрдийг өргөж байна. Таны амьдралд тулгарч болох бүх саад бэрхшээл арилгах болтугай. Таны амьдрал амар амгалан, саадгүй байх болтугай.”

Дээрхийн Гэгээнтэн энэхүү хүсэлтийг хүлээн авсан бөгөөд, түүнд зориулан талархлын мандал өргөв.
Үүний дараа Гүнтхан Тэнпай Дрөнмэгийн зохиосон “Богд Зонховын сургаал дэлгэрэхийн ерөөл” уншигдаж, мөн “Аюуш бурханы магтаал”, “Гурван эрдэнэтэй холбоотой ерөөлийн шүлгүүд” болон “Үнэн үгс” залбиралууд уншигдав.
Ёслол өндөрлөхөд Дээрхийн гэгээн сэнтийнээсээ босон, хурлын танхимаар тогтуун алхахдаа инээмсэглэн, цуглаграгсдыг хүндэтгэн мэндчилж байлаа. Гандан ширээт лам түүнийг үдэн мордуулахаар хүрч ирэв. Дээрхийн гэгээн хурлын танхимын үүднээс хүлээж байсан автомашин хүртэл гольфын тэргээр явж, дараа нь Бэрээвэн Гоман хийд рүү буцан мориллоо.
Орчуулсан Ц.Ариунаа










