Намайг нас сүүдэр 90 хүрч буй өдрийг төвөдүүд, дэлхийн олон орны хүмүүс, найз нөхдөөрөө цуглан, ёслон тэмдэглэж, энэ үйл явдлыг тохиолдуулан энэрэл нигүүлсэл, халуун сэтгэл, бусдын сайн сайхны төлөөх үйл хэргийг чухалчлан хэрэгжүүлж байгаад би нэн их талархаж байна.
Би бол энгийн л нэг буддын хувраг тул төрсөн өдрийн баяр тэмдэглэдэггүй билээ. Хэдий тийм боловч та бүхэн миний мэндэлсэн өдрийг тэмдэглэх баярт үйл зохион байгуулж байгаа учир санаа бодлоо хуваалцъя.
Материаллаг хөгжлийн төлөө хичээн зүтгэх нь хэдий чухал боловч үүний зэрэгцээ гагц ойр дотнынхондоо гэлтгүй хэн бүрд энэрэнгүй, сайхан сэтгэлээр хандаж, сэтгэлийн амар амгаланг бий болгоход анхаарах нь машид чухал юм. Чингэж чадвал та бүхэн энэ дэлхийг илүү сайн сайхан болгоход хувь нэмрээ оруулж чадах билээ.
Хүмүүнлэг үнэт зүйлс, шашин хоорондын эв нэгдлийг дэмжих, хүний оюун ухаан, сэтгэл хөдлөлийн талаарх эртний Энэтхэгийн мэргэн ухаан, сэтгэлийн амар амгалан, энэрэнэл нигүүлслийг хөгжүүлэх замаар дэлхий дахинд чухал хувь нэмэр оруулах асар их боломж бүхий Төвөдийн өв, соёлыг хадгалж хамгаалах талаарх үүргээ би цаашид ч хичээн биелүүлсээр байх болно.
Өдөр тутмын амьдралдаа би Бурхан багш, Шантидева зэрэг эртний Энэтхэгийн билгүүн эрдэмт мэргэдийн сургаалыг санан, тууштай, зоригтой байхыг хичээдэг билээ. Шантидева гэгээний дараах залбирлыг би үргэлж санаж явдаг юм.
Сансар хорвоо хэдий удаан оршоод
Хамаг амьтан төдий удаан орших хүртэл
Би ч бас тэрчлэн ажраад
Амьтны зовлонг арилгах болтугай.
Миний хорвоод мэндэлсэн өдрийг тэмдэглэх завшаанд дулдуйдан сэтгэлийн амар амгалан, энэрэл нигүүлслийг хөгжүүлж байгаад тань талархан сууна.
Даши дэлэг. Өлзий хутаг орших болтугай.
Далай лам
2025 оны 7 дугаар сарын 5