Амарвати, 2006 оны 1-р сарын 10 (www.tibet.net) – Өнөөдөр үд дунд 12:30 цагт Дээрхийн гэгээнтэн Далай лам Дүйнхорын авшигт суухаар БНХАУ-аас ирсэн 150 гаруй сүсэгтнийг хүлээн авч уулзав. Эх газрын Хятад сүсэгтнүүдтэй ярилцахдаа Дээрхийн гэгээнтэн, буддизм Төвөдөд нэвтрэхээс 400 жилийн өмнө тэдний нутагт шүтдэг байсан учраас эх газрын хятадууд "ууган шавь" гэж нэрлэгдэх эрхтэй гэв.
Гэсэн хэдий ч төвөдүүд буддизмыг ууган шавь нараас илүү сайн сурч, хадгалж ирсэн хэмээв. Мөн Дээрхийн гэгээнтэн бусад цагаачлан амьдарч буй төвөдүүдтэй эх нутагтаа эргэн очиж, хятадуудад туслахыг хүсэж буйгаа илэрхийлэв. Дараагаар нь Дээрхийн гэгээнтэн өөрийн дундад мөрийн зам хэмээх зарчмынхаа талаар болон БНХАУ-ын Үндсэн хуулийг дагаж, Төвөдийг тусгаар тогтнуулахыг шаардахгүй байх байр сууриа тайлбарлав. “Хятадын Засгийн газар намайг хагалан бутаргагч, салан тусгаарлагч гэж нэрлэдэг. Та нар намайг тэгж боддог уу?” гэж асуухад тэнд байгаа бүх хятад иргэн нэгэн дуугаар “Үгүй” гэж хариулжээ.
Үүний дараа Дээрхийн гэгээнтэн тэдэнд асуулт хариултын цаг өгсөн. Тэрээр өөрийн сургаалын энэрэл нигүүлсэл, энх тайвны ач холбогдол болон тэдгээр нь хүний амьдралыг үр өгөөжтэй, бүтээлч болгоход хэрхэн тусалдгийг онцолсон юм. Мөн Дээрхийн гэгээнтэн лам хуврагууд эд баялагт дурлаж, шунан татагдах нь зохимжгүй. Тэд амьдралаа аугаа багш нарын заасан буддын мэргэн ухаанд суралцахад зориулж, тэднээс үлгэр авах хэрэгтэй гэж захив. Айлдварын дараа Дээрхийн гэгээнтэн Далай лам орон нутгийн захиргааны 200 албан хаагчтай уулзсан бөгөөд дараа нь Монголын 300 гаруй хүнийг хүлээн авч уулзав.
Өнөөдрийн Дүйнхорын ванд Төвөдөөс ирсэн 8,000–9,000 хүн, Хималайн бүс нутгуудаас ирсэн 5,000 хүн, энгийн төвөд иргэд 40,000, Энэтхэгийн орон нутгийн иргэд 6,000–7,000, лам хуврагууд 16,000, 36 улс орноос ирсэн 4,000 гадаадын зочин зэрэг нийт 80,000–100,000 хүн оролцсон байна. Төвөдийн Төв Захиргааны тэргүүн, профессор Самдонг ринбүүчи өнөө орой Амарватид хүрэлцэн ирэх бөгөөд 2006 оны 1-р сарын 13-нд Төвөдөөсс шинээр дүрвэж ирсэн хүмүүст Төв Захиргааны бодлого болон үйл ажиллагааны талаар илтгэл тавих юм.