Энэтхэг улс, Химачал Прадеш муж, Дарамсала хот, Тэгчин Чойлин. Конгрессын гишүүн Майк Жонсонг АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын даргаар сонгогдсонтой холбогдуулан Дээрхийн гэгээн Далай лам түүнд баярын захидал илгээжээ.
Дээрхийн гэгээн захидалдаа, “АНУ бол дэлхийн тэргүүлэгч гүрэн. Таны улс ардчилал, эрх чөлөө, хүний эрх, түүн дундаа шашин шүтэх эрх чөлөөг тууштай хамгаалж ирсэн аргыг би олон жилийн туршид машид өндрөөр үнэлж ирсэн билээ.
Би бээр 1979 оноос хойш АНУ-д олон удаа айлчлах боломж олдож, тус улсын удирдлагуудтай, түүн дотор Төлөөлөгчдийн танхимын даргаар ажиллаж байсан зарим хүмүүстэй санал бодлоо хуваалцаж ирсэндээ машид баяртай байдаг. Өргөн хүрээний асуудлаарх өөрийн үзэл бодлыг тхуваалцахын зэрэгцээ төвөдийн ард түмний өвөрмөц соёл, хэл, уламжлалыг хамгаалах үйлсэд АНУ-ын хоёр нам өргөн дэмжлэг үзүүлж ирсэнд талархаж буйгаа илэрхийлэх боломж надад олдсон юм.
Төвөдийн ард түмэн бидний өвөрмөц онцлог мөн амар амгалан, хүч үл хэрэглэх, энэрэн нигүүлсэхүйд тулгуурладаг буддын шашны соёлын өвийг хамгаалж, хадгалан үлдээх хүчин чармайлтыг минь АНУ тууштай дэмжиж ирсэнд би бээр болон төвөдийн ард түмэн гүнээ талархаж байна. Энэхүү соёлын өв бүх хүн төрөлхтөнд тус хүргэж чадна гэдэгт чин сэтгэлээсээ итгэдэг юм.
Өнөөдөр дэлхий ертөнц олон бэрхшээлтэй цаг үеийг туулж байна. Гэсэн ч дэлхий даяар хүн төрөлхтөн харилцан хамааралтай бөгөөд нэгэн бүхэл гэдгийг ойлгох ойлголт улам бүр нэмэгдэж буй тул алсдаа нөхцөл байдал өөрчлөгдөнө гэдэгт би бээр итгэж байна” хэмээн бичжээ.
Дээрхийн гэгээн Далай лам Майк Жонсоныг америкийн ард түмний хүсэл эрмэлзэл, итгэл найдварыг биелүүлэх үйлсдээ өндөр амжилт гарган, илүү жаргалтай, амар амгалан дэлхийг цогцлооход хувь нэмрээ оруулахыг ерөөн, захидлаа төгсгөсөн байна.










