Зураг. Дээрхийн гэгээн Далай лам 2009 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Энэтхэгийн Гарох тосгонд байрлах Жамьянчойлин хүрээлэнгийн шинэ хурлын танхимыг адислах ёслолын үеэр ном уншиж буй нь... Зургийг Данзанчойжир (Дээрхийн гэгээн Далай ламын ажлын алба).
Энэтхэг улс, Химачал Прадеш муж, Дарамсала хот. 2009 оны 5 дугаар сарын 16. Дээрхийн гэгээн Төвөдийн буддын шашны уламжлал эх нутагт нь ирээдүй нь тун тодорхойгүй нөхцөл байдал тулгараад байгааг сануулан, Хималайн бүс нутгийн буддын шашинт гэлэнмаа нар уг уламжлалыг хадгалан хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэх ёстойг мэдэгдэв. “Дээд түвшинд хөгжсөн төвөдийн буддын шашны уламжлал төвөдөд ирээдүй нь тун тодорхойгүй нөхцөл байдалтай байна. Тиймээс Хималайн бүс нутгийн буддын шашинт гэлэнмаа нар энэхүү баялаг, хосгүй оюун санааны уламжлалыг хадгалан хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэх цаг болжээ. Тиймээс би Төвөд болоод Хималайн соёлд үндэслэсэн эртний, баялаг буддын шашны уламжлалыг хамгаалан хадгалах онцгой үүрэг хариуцлага Хималайн бүс нутгийн ард иргэдэд ноогдож буйг үргэлж онцлон хэлдэг билээ” хэмээн айлджээ.
Төвөдийн оюун санааны удирдагч Дарамсала хотын Гарох тосгонд байрлах Жамьянчойлин хүрээлэнд айлдвар айлдлаа. Тэрбээр Энэтхэг, Балба, Бутан улсын Хималайн бүс нутгаас голлон ирсэн буддын шашинт гэлэнмаа нарт зориулсан тус хүрээлэнгийн шинэ хурлын танхимыг адислан нээх шашны ёслолд оролцжээ. Ёслолд Төвөдийн дүрвэгсдийн Засгийн газрын Шашин, соёлын газрын сайд Цэрэнпунцаг, Аюулгүй байдлын газрын сайд Донжин-Ойдов, Төвөдийн дүрвэгсдийн Засгийн газрын дэд дарга Жавзандулам нар байв.
Далай лам Хималайн бүс нутгаас ирсэн Төвөдийн буддын шашинт гэлэнмаа нарт шашны боловсрол олгох чиглэлээр тус хүрээлэнгийн хэрэгжүүлж буй ажлыг машид сайшаан, шашны дадлага, бясалгалын чанарыг дээшлүүлэхийн төлөө тууштай ажиллахыг төвийн удирдлагуудад уриалжээ. Мөн буддын шашны хийд, гэлэнмаа нарын дацангууд үйл ажиллагаандаа лам нарын тоог нэмэгдүүлэхээс илүүтэй боловсролын чанар, шашны дадлага, бясалгалын түвшнийг эрхэмлэх ёстойг онцолсон байна. “Чанар нэн тэргүүнд байх ёстой. Тоо чухал бус шүү” хэмээн Дээрхийн гэгээн айлдсан юм.
Жамьянчойлин хүрээлэнгийн эрхэм зорилгын нэг нь “Хималайн алслагдсан бүс нутаг болон боломжит бусад газарт шашны оюун санааны удирдагч, багш, олон нийтэд үйлчлэгч, бусдад зөвлөгөө өгч чиглүүлэгчээр ажиллах гэлэнмаа нарыг бэлтгэх” явдал аж.
Дээрхийн гэгээн нээлтийн ёслолд оролцохоосоо өмнө Т...-д түр саатжээ.










